| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00134/Э |
| Дугаар | 00143 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 00143
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.С-д холбогдох 18320022000152 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Өгөөж хараа ХХК-д жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хосбаярын С. /РД: */
Шүүгдэгч Х.С нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн гудамжинд иргэн Ж.Ндийг татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Сын өгсөн…. ... Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ж.Ндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тэгээд би Эбийнд ороод та Аргийн цалин мөнгийг өгчихгүй яасан юм гэж хэлснээс болж бид хоёр жаахан маргасан. Би зарим болсон асуудлыг согтчихоод сайн санахгүй байна. Миний ухаан орж гараад байсан. Тэгээд гэр лүүгээ харих гээд алхаад явж байтал миний араас Эбийн дагавар хүү С Нямаа ахаа нааш ир гээд намайг дуудсан. Би яасан гэтл С ирээд та яагаад манай ээжийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэсэн. Би яасан гэтэл Сын гар миний хажуугаар зөрөх шиг болсон. Тэгээд би газар духаараа уначихсан. С миний хүзүүнээс гараа авч байгаа нь мэдрэгдсэн. Би чи яаж байнаа гэтэл С намайг босгоод Нямаа ахаа дух чинь аймар болчихож гэрт оръё гэсэн. Тэгээд гэртээ дагуулж ороод миний духыг боож өгсөн. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн байсан. С намайг зодоогүй болохоор надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 14-15 дугаар хуудас/
Гэрч Г.Аггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... С Нямаа ахаа та согтуу байна одоо ингээд явчих гэж хэлээд явуулсан. Тэгтэл хашааны гаднаас Сыг чи муу чаддаг юм бол гараад ир хоёулаа үзье чи намайг барахгүй ээ гээд хашгираад байсан. Тэгснээ хосбаяр эгчийг чи муу янхан биз дээ би чамайг янхан байсныг чинь мэдэх юм байна гээд орилоод байсан. Тэгтэл С хашаанаас гараад та одоо явчих л даа гээд очтол Нд ах газраас атгасан гарын чинээ чулуу аваад Сын гар луу цохисон. С тэгтэл Нямаа ахын мөрнөөс татаад газар унагасан. С Нямаа ахыг татаад босготол духных нь арьс хууларчихсан байсан. Би тэрнийг нь харсан чинь зүрх өвдөөд гэр лүү орж эм уусан. Намайг хэсэг сууж байгаад гараад ирсэн чинь тэр хэд машинд суугаад эмнэлэг явж байсан гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 221 ...... Дүгнэлт:
1.Ж.Ндийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 21 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 30 дугаар хуудас/
Х.Сын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 31 дүгээр хуудас/
Х.С нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 35 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.С нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 34 тоотод байрлах гэрийнхээ гадна гудамжинд иргэн Ж.Ндийг татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Х.Сын хохирогч Ж.Ндийг мөрнөөс нь татаж унагаасан үйлдэл нь ээжийг яагаад доромжлоод байгаа юм бэ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.Сын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 125000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ж.Нд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Хосбаярын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.С нь 500000 төгрөгийн торгох ялыг 04 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН