Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 00151

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гэд холбогдох 1832001720153 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1974 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Таван богд группэд жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Дашбалдангийн Г. /РД: */

 

           Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг Хараа голын эрэг дээр байрлах гэр амралтан дээр иргэн Б.Бхгийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гийн өгсөн…. ... 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаанбаатараас Сэлэнгэ аймаг Баянгол суманд ирээд Хараа голын эрэг дээр байрлах гэр амралтан дээр эхнэр болон найзуудын хамт хоносон юм. Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө хохирогч Б.Бх нь төрсөн өдөр гээд бидний амарч байсан гэрт орж ирэхээр нь би нэг шил 0.5 граммын Экс нэртэй архи өгсөн юм. Тэгээд бид нар архиа хувааж уусан. Архи ууж байх явцад Бх нь морь мал ярьсан. Тэгээд надад хандаж намайг намайг нэг цохиодох чадахгүй бол би нэг цохиё гэж хэлсэн. Тэгтэл Хж Бхд хандаж чи нутгийн ахаа зүгээр амраа яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Бх надад хандаж та намайг бага байхад дээрэлхэж адуу маланд явуулдаг байсан биз дээ гээд агсраад байсан. Тэгэхээр нь би ахын журмаар баруун шанаа орчимд нь цохиход бөгжтэй гар таарч бөгжөөрөө урчихсан юм. Тэгээд зүүн шанаанаас нь цус гарсан чинь Бх гараад явчихсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогч Б.Бхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....  Миний төрсөн өдөр болоод өнгөрсөн байсан чинь манай гэр амралтан дээр Хж, Г нар эхнэрүүдийнхээ хамт ирж хонож байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Г надад төрсөн өдрийн бэлэг гээд нэг шил экс архи авч өгөөд уг архийг Хж, Г тэдний эхнэрүүдийн хамт хувааж уусан. Тэгээд Г бид хоёр хүүхэд байсан үеийнхээ тухай ярилцаад тоглож байгаад гэнэт Г уурлаад миний зүүн талын чамархай орчим руу баруун гарынхаа бөгжтэй гараар цохисон юм. Тэгсэн миний толгойноос цус олгойдож гараад би эмнэлэг явж анхан шатны тусламж авсан юм. Эмнлэг дээр ирээд оёдол тавиулсан. Толгойдоо оёдол тавиулчаад эргээд очтол Г машинаа унаад алга болсон байсан.   Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/

Гэрч Ч.Хжын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Г, Бр хоёр морь мал ярьж байгаад маргалдаад Бр нь Гийгээ цохичих хаана цохих юм бэ энд цохих уу тэнд цохих уу гэх шиг юм яриад л байсан. Тэгсэн чинь гэнэт цохичихлоо гээд Бр нь толгойгоо дараад гэрээс гараад явчихсан юм. Харин Г Бргийнхаа араас гараад явсан юм. Тэгээд эмнэлэг энэ тэр лүү явсан байх. Би эхнэртэйгээ хамт гэр лүүгээ явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 149 ...... Дүгнэлт:

1.Б.Бхгийн биед зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 17 дугаар хуудас/

Д.Гийн оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 25-26 дугаар хуудас/

Д.Г нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 30 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг Хараа голын эрэг дээр байрлах гэр амралтан дээр иргэн Б.Бхгийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Гийн хохирогч Б.Бхгийн толгой орчимд гараараа  цохисон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 166666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Бх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Шарнууд овогт Дашбалдангийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй,Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН