Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00206

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00206

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02508 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.В.Р ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Билгүүн, Ц.Азбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Э.В.Р " ХХК-ийн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн ажлын байр хасагдсан шалтгаанаар гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй.

1.2.2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халах тухай мэдэгдэл өгч, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шуудангаар ажлаас халах тушаал ирсэн. Ирүүлсэн баримтаас үзвэл орон тоо хасагдсан эсхүл цөөрсөн байдал тогтоогдохгүй байна. Тухайн албан тушаалд өөр хүн томилон ажиллуулж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор 179 ажилтантайгаар компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахдаа уурхайн хувьд орон тоо хасаагүй, харин зарим орон тоог нэмсэн. Өмнөх 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор 179 орон тоо баталсан, орон тооны хувьд хэвээр байгаа. Тус тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Бүтцийн нэгжийн ажил, мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай А/33 дугаар тушаалаар нийт 179 орон тоог батлахдаа нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах инженерийг Захиргааны хэсэгт оруулан ажлын байрны нэршлийг өөрчилж, М.З-ыг томилсон гэж үзэж байна.

1.3.Иймд Э.В.Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/33 дугаар тушаалын миний ажлын байрыг байхгүй болгосон хэсгийг, мөн ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/78 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан хүртэл хугацаанд нэг сард 3,100,000 төгрөгөөр тооцож, 17,500,000 төгрөгийг олговорт гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Харин урамшуулал, хоол, унааны зардлыг гаргуулах шаардлагаа жич шийдвэрлүүлэх хүсэлтэй тул татгалзаж байна. Одоогийнхоор Захиргааны хэсэгт ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалт, бүтэц орон тоог шинэчлэн нийт 179 орон тоотой байхаар батлаж, гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Бүтцийн нэгжийн ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/63 дугаар тушаалын дагуу Б.Б- Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Уул, геологийн хэсэгт ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерээр гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/309 дугаар тушаалаар томилогдон ажилласан.

2.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалт, бүтэц орон тоог шинэчлэн нийт 179 орон тоотой байхаар батлаж, гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Бүтцийн нэгжийн ажил, мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай А/33 дугаар тушаалаар Уул, геологийн хэсэгт ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн орон тоо хасагдсан. Иймд Б.Б-д 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн орон тоо хасагдаж, ил уурхайн төлөвлөлтийн инженерийн 2 орон тоо хэвээр үлдсэн бөгөөд өмнө нь ажиллаж байсан ил уурхайн төлөвлөлтийн инженерүүд одоог хүртэл ажиллаж байгаа тул Б.Б-гийн нэхэмжлэлд дурдсан өмнөх ажилд эгүүлэн тавих боломжгүй.

2.3.Иймд нэхэмжлэлд ажиллаж байсан албан тушаал хасагдаагүй, өөр хүн шилжин ажиллаж байгаа гэдэг нь үндэслэлгүй. Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн оронд өөр хүн аваагүй ба Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 25 дугаар тогтоолын 3-т гүйцэтгэх захиралд төсвийн хэмнэлтийн горимд ажиллахыг үүрэг болгосон, Төсвийн хэмнэлтийн хууль батлагдсан зэрэгтэй холбогдуулан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, ил уурхайн төлөвлөлтийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод ахлах инженерийн эрхлэх ажлыг хариуцуулан шинэчлэн баталсан.

2.4.Э.В.Р " ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/33 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгааг үндэслэл бүхий тайлбарлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг хангаагүй. Нэхэмжлэгчид 2 сарын тэтгэмж 6,200,000 төгрөг олгосон. М.З-ын ажилд томилсон тушаалд маргаж, уг албан тушаалд томилуулахаар шаардлагаа тодруулж байх тул М.З-ын эрх ашиг хөндөгдөнө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-г Э.В.Р ХХК-д урьд эрхэлж байсан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,161,576 төгрөг гаргуулж, Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,338,424 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөн төлөөгүй болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 228,757 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ажлын байр санал болгох боломжтой байсан, шинээр бий болсон орон тоог санал болгоогүй шууд М.З-ыг урьдчилан томилсон байсан тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээс гадна тус байгууллагад бодитоор хасагдсан үйл баримт тогтоогдохгүй байна гэх байдлаар илт үндэслэлгүй дүгнэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 дүгээр тогтоол, гүйцэтгэх захирлын А/33 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хуулийн дагуу хийсэн, хариуцагчийн нотлох баримт, тайлбарыг шүүх огт үнэлээгүй. Шүүхээс компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож шинээр бий болгосон орон тоонд нэхэмжлэгчийг томилох байсан, эсхүл нэхэмжлэгчид өөр ажил санал болгох ёстой байсан гэж үзсэн.

4.2.Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, А/33 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Уулын баяжуулах үйлдвэрийн Захиргааны хэсэгт шинээр бий болсон ахлах инженерийн ажлын байранд томилуулах болгон өөрчилсөн. Үүнийг хариуцагч гардан авч тайлбар, нотлох баримт гаргах, гэрч оролцуулах хүсэлтийг гаргасан, гэтэл шүүх хүлээж аваагүй. Энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй орон тоонд ажиллаж буй М.З-ын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэрийг шүүх гаргасан, ингэхдээ тухайн этгээдийг шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх нөхцөлийг хангаагүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1.Орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход өөр ажил санал болгох үүрэгтэй гэж хэлээгүй, тухайн ажилтны эрх ашиг сонирхолд нийцүүлж, өөр ажил санал болгох боломжтой гэж шүүх тайлбарласан. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаалыг харьцуулан үзэхэд орон тооны дээд хязгаарт хүрээгүй, 179 орон тооноос 108 орон тоонд томилсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд Б.Б-гийн ажил, албан тушаалыг хасах талаар яриагүй ба эсрэгээрээ инженерүүдээ тогтвортой ажиллуулахын тулд цалин нэмэх шийдвэр гарсан.

5.2.Б.Б-гийн ажлын байрыг нь хасаж ажлаас халах санаа зорилготой байсан нь харагддаг. Ажил олгогчоос ажилтны албан тушаалын тодорхойлолтод заагаагүй чиг үүрэг гүйцэтгэх шаардахыг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон.

5.3.Компани ил уурхайн ажлыг дуусгасан гэж худлаа тайлбар гаргаж байна. Ил уурхайн бүтэц орон тоог баталж, далд уурхайн ажил эхэлсэн гэдэг. Салхитын уурхай ил уурхай, одоо ч гэсэн уурхайн олборлолт явагдаж байгаа.

5.4.Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж байна. Хариуцагчийн өмгөөлөгч өмнөх хуралд оролцоогүй болохоор зарим зүйлийг дутуу ойлгосон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Э.В.Р ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/33 дугаар тушаалын өөрийн ажлын байрыг хассан хэсгийг, мөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/78 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 17,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

3.1.Нэхэмжлэгч Б.Б-гаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гар бичмэлд ... Э.В.Р ХХК-ийн Захиргааны хэлтэст ахлах инженерийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй... гэжээ. Тус баримтыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч нь Захиргааны хэлтсийн ахлах инженер-ийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд анх гаргасан Уул, геологийн хэлтсийн ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй гэж дүгнэхээр байна. (хэргийн 144 дэх тал)

3.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар Шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад ... Уулын баяжуулах үйлдвэрийн Захиргааны хэсэгт шинээр бий болж М.З-ыг томилсон ахлах инженерийн албан тушаалд томилуулах ...-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэж тусгасан байх боловч тогтоох хэсэгт ил уурхайн ахлах инженерийн албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосон нь агуулгын хувьд зөрчилтэй болжээ.

 

4.Дээр дурдсанаас үзэхэд, анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-г нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзсэн эсэх нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчилсөн гэх шаардлагыг тусгасан атлаа тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй. Хэрэв нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж шүүх үзвэл тухайн шаардлагыг хариуцагчид гардуулж, тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, нэхэмжлэгч ямар ажил, албан тушаалд тогтоолгохыг хүсэж байгааг тодруулсны үндсэн дээр маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.

 

5.Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

6.Мөн давж заалдах шатны шүүхээс зохигчдын маргааны үйл баримтыг дүгнээгүй тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, нотлох баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.В.Р ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА