Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 528

 

Б.Ж-, М.Я- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Баярмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, иргэний хариуцагч Г.Батцогт, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар магадлалтай, Б.Ж-, М.Я- нарт холбогдох хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-, Н.М-, шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ж овогт М-н Я-,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, С овогт Б-н Ж-.

Б.Ж- нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “**” ресторанд ахуйн хүрээний хийн халаагуурыг зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж,

М.Я- нь хэлэлцээрээр биелүүлсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас дээрх “**” ресторанд ахуйн хүрээний хийн халаагуурыг нийлүүлэхдээ шаардлага нийцээгүй газарт буюу зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн Н.М-, С.Г- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Л.Б-н амь насыг хохироож, рестораны ажилтан Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Я-, Б.Ж- нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Я-г 1 жил 2 сар хорих ял, шүүгдэгч Б.Ж-ийг 1 жил хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Ж-с 10,395,190 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М-н 151,209,620 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч С.Г-, Н.М- нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Я-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тус тус хорих ялаас чөлөөлж, шүүгдэгч Б.Ж-, М.Я- нарыг тус тус хоёр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ж-, М.Я- нар нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

хохирогч Б.М-, шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч М.Я-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч М.Я-, Б.Ж- нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч М.Я-, Б.Ж- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г- гаргасан гомдолдоо “...Иргэн С. Гансүх би энэ хэргийн улмаас өөрийн найзаа алдаж санаа сэтгэлээр хохирсон хүн. Мөн би өөрийн бие махбодиор хохирч үүний улмаас тодорхой зардал гарган эмчлүүлсэн билээ. Үүнтэй холбоотой хохирлын баримтаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн байсан. Тэгтэл баримтаа бүрдүүлж шүүхээр нэхэмжил гэж хэлэлцэхгүй орхисныг эс зөвшөөрч байна. Мөн ажил, орлогогүй байсан хугацаа буюу олох ёстой байсан орлогоо нотолж иргэний нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн байсан. Тэгтэл хохирол болон иргэний нэхэмжпэлийг эс ялгаж орхигдуулсан.

Шүүхийн тогтоолд С.Г- намайг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн хохирогч биш гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч гэдгийг гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх... зэргээр хохирсон хүний хэлнэ гэж хуульд зааснаас биш тухай зүйл ангид заасан гэмт хэргийн улмаас хохирсон бол хохирсонд тооцно гэсэн үг утга байхгүй байна. Тэгээд ч намайг хохирогчоор тогтоосон, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол хүчин төгөлдөр байгаа болно. Иймээс хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хохирогч намайг хохироосон гэж үзэж гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М- гаргасан гомдолдоо “...Иргэн Н.М- би энэ хэргийн улмаас өөрийн бие махбодь эрүүл мэндээрээ ноцтой хохирч, үүний улмаас тодорхой зардал гарган Улаанбаатар болон Баянхонгор аймагт эмчлүүлсэн билээ. Одоо ч Өвөрхангай аймагт эмчилгээ хийлгэсээр байна. Үүнтэй холбоотой хохирлын баримт болон эмчилгээ хийлгэж байх үеийн аваагүй цалингийн тодорхойлолтыг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байсан. Тэгтэл баримтаа бүрдүүлж иргэний шүүхээр нэхэмжил гэж хэлэлцэхгүй орхисныг зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн тогтоолд Н.М- намайг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн хохирогч биш гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч гэдгийг гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх... зэргээр хохирсон хүнийг хэлнэ гэж хуульд зааснаас биш тухайн зүйл ангид заасан гэмт хэргийн улмаас хохирсон бол хохирсонд тооцно гэсэн үг утга байхгүй байна. Тэгээд ч намайг хохирогчоор тогтоосон, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол хүчин төгөлдөр байгаа болно.

Иймээс хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хохирогч намайг хохироосон гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Г.Нацагдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл /Хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй/-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. “**” нэртэй хуулийн этгээд огт байхгүй тул шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

2. Хуулиар хулээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн дүгнэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-ийг эш татсан байх боловч уг зүйл, заалт нь иргэн Б.Ж-т огт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл уг хуулийн 18 дугаар зүйл нь 3 дугаар бүлэгт хамаарч байх бөгөөд уг бүлэг нь “Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг”-т холбогдох харилцааг, 18 дугаар зүйл нь “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг”-ийг зохицуулж байна.

Тэгэхээр иргэн Б.Ж-ын хөдөлмөрийн аятай нөхцлийг хангах, ажилтан нь ажиллах нөхцөлийг сайжруулахтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

Б.Ж- 18.2.1-т заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх” үүргээ зөрчсөн гэвэл ажилтанд нь хохирол учирсан байх ёстой ч хохирол учраагүй. Түүнчлэн уг хууль нь “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах” зорилготой байх бөгөөд иргэн Б.Ж-т хамаарахгүй гэдэг нь эндээс харагдана.

3. Захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ зөрчөөгүй тухайд.

3.1 “Хийн хангамж”-ийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй: “Хийн хангамж”-аар “ ... шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийгээр ... хэрэглэгчдийг хангах зориулалтаар шинээр барих болон өргөтгөх, шинэчлэн өөрчлөх хий хангамжийн системийн зураг төсөл зохиох” харилцааг зохицуулдаг байна.

Тэгэхээр хий хангамжийн системийн зураг төсөл зохиох, системийг барьж байгуулахад хэрэглэдэг, дагаж мөрддөг журмыг нийтийн хоолны газар ажиллуулж байгаа Б.Ж- зөрчих ямар ч боломжгүй юм.

3.2 “Хийн хангамжийн угсралт”-ын холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй.

“Хийн хангамжийн угсралт”-аар “Хийн хангамжийн системийг барьж байгуулахад ажлын зураг төслийн шаардлагаас гадна энэхүү дүрэм...-ын заалтууыг мөрдөх” харилцааг зохицуулдаг байна.

“Хийн хангамжийн угсралт”-ын 9.52 /Дараах газарт баллон байрлуулахыг хориглоно: нийтийн хоолны газрын хооллох танхим.../-ыг зөрчсөн гэж байгаа ч 9 дүгээр зүйлийн гарчиг нь “Сав болон баллонт төхөөрөмжөөс шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийгээр хангах зүйл” гэсэн байх бөгөөд 9.48-9.55-ын гарчиг нь  “Ганцаарчилсан баллонт төхөөрөмж” нэртэй байна.

“Ганцаарчилсан баллонт төхөөрөмж гэж 2 болон түүнээс доош тооны баллон бүрэлдэхүүнд нь орсон шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий хангамжийн төхөөрөмжийг нэрлэдэг /9.48/” юм байна.

Баллоны багтаамжийн талаар уг журмын 9.36-д "600, 1000, 1500 литр” хэмээн заажээ. Тэгэхээр 10 литрийн багтаамжтай баллонд холбогдох харилцааг 9.52 огт зохицуулахгүй бөгөөд түүнийг дангаар салган хэрэглэх салган хэрэглэх нь хууль хэрэглээний алдаа юм. Өөрөөр хэлбэл 9.52-ыг хэрэглэхийн тулд 9.48, 9.36-д заасан өгүүлбэрийн логик уялдааг харгалзан үзэхийн хамт уг 9 дүгээр бүлэг ямар харилцаанд хамаарах, тэр байтугай энэ журам ямар харилцааг зохицуулах тал дээр заавал дүгнэлт өгөх ёстой юм.

Тэгэхээр 600, 1000, 1500 литрийн багтаамжтай баллоноос шингэрүүлсэн нүурс-устөрөгчийн хийгээр хэрэглэгчийг хангахад агаарт хий алдагдах тул хооллох танхимд уг баллоныг байрлуулахыг хориглох нь нийтэд ойлгомжтой.

Иймд огт хамааралгүй дүрмээс заалтыг нь тасдан авч Б.Ж-ыг буруутгах нь хуульд нийцэхгүй.

3.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 206 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хоолны газрын нийтлэг журмын 3.1.-ийг зөрчсөн гэж байх боловч Гурав нь “Хоолны газрын барилга, тоног төхөөрөмжинд тавигдах шаардлагыг тогтоосон байх бөгөөд шаардлага хангаж байгаа талаар Мэргэжлийн хяналтын газраас 2020.01.10-нд “тухайн өрөө нь барилгын норм стандартыг зөрчөөгүй“ хэмээн дүгнэсэн ба уг дүгнэлт нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

Уг журмын 3.1.-т “Хоолны газар нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлагыг хангасан байна” гэсэн бол 3.2.-т “Хоолны газрын агаар сэлгэлтийн системийг гал тогоонд ялгаруулж буй хоолны үнэр, утаа, уурыг үйлчилгээний танхинд тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, бусад өрөө, тасалгааны талбайн хэмжээ онцлогоос хамаарч агаар сэлгэлтийн системийн хүчин чадлыг тооцож суурилуулсан байна” гэжээ. Энэ нь гал тогооны өрөөнөөс үнэрийг тархаахгүй байхад хэрэглэгдэх зохицуулалт байна. Түүнчлэн уг журам нь “хоол үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, түүнтэй холбогдон төр, иргэн хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулдаг” байх бөгөөд хийн зуухтай холбоотой нэг ч заалт уг журамд байхгүй байна.

3.4 Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрмийн 31.1-ийг иш татаж, түүнийг зөрчсөн гэж байгаа ч уг дүрэм нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасан /Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж... дагаж мөрдүүлнэ./-ы дагуу бүртгэгдээгүй ба хүчин төгөлдөр болоогүй тул Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://www.legalinfo.mn/-д байршуулаагүй байна.

Тэгэхээр мөн хуулийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээннй акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг үндэслэн холбогдох хариуцлагаас чөлөөлөх нь хуульд нийцнэ.

Мөн яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд эш татаад байгаа Хийн аж ахуйн техник ашиглагтын дүрэм ч нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна.

3.5. Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011.03.21-ний өдрийн 84 дүгээр тушаалаар батлагдсан “Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер” БНбД 41-01-11-ийн 7.1.2-т “Зохиомол өдөөлттэй агаар сэлгэлтийг “Ердийн агаар сэлгэлт нь бичил цаг агаарын нөхцөл болон агаарын цэвэр байдлыг хангаж чадахгүй байгаа бол” хийж өгөх шаардлагатай гэжээ.

Тухайн өрөө нь ердийн агаар сэлгэлттэй буюу салхивчтай бөгөөд агаар хангалттай нэвтэрдэг өрөө тул заавал агаар сэлгэлтийн систем байрлуулах шаардлагагүй байсан байна. Тэгэхээр тухайн өрөөнд “агаар сэлгэлтийн систем заавал байрлуулах шаардлагатай” гэсэн заалтыг аль нэг захиргааны хэм хэмжээннй актаас улсын яллагч болон аль ч шүүх эш татаж чадаагүй нь захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ Б.Ж- биелүүлээгүй буюу зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

4. Шинжээчийн дүгнэлт тусгай мэдлэгийн хүрээнд гараагүй, үндэслэл бүхий болж чадаагүйг тэрээр шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хүлээн зөвшөөрсөн ба Б.Ж нь тухайн үед Баянхонгор аймагт байгаагүй, хохирогч нарыг тухайн өрөөндөө албадан болон хуурч мэхлэн оруулаагүй, амь хохирогч нь тухайн халаагуураар оролдож байсан зэрэг үйл баримтад шүүхээс ямар нэг дүгнэлт өгсөнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа хэлсэн саналдаа “М.Я- хийн баллоныг байрлуулахдаа зураглал хийх, зааварчилгаа өгөх үүргийг хүлээх бөгөөд Б.Ж-ийн хувьд дээрх нөхцөл байдлыг мэдэх боломжгүй юм. Г.Нацагдорж өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад тохирсон, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Аливаа үйл ажиллагаа явуулж буй байгууллага аж ахуйн нэгжийн захирал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан үүргийг хүлээнэ. Мөн ажил олгогч нь гарч болзошгүй осол, бэртлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авсан байх ёстой. Б.Ж- дээрх үүргийг хүлээх хүн юм. Мөн М.Я- хийн баллоныг байрлуулахдаа зураглал хийж, зааварчилгаа өгөөгүйгээс миний үйлчлүүлэгчийн нөхөр нас барж, 4 хүүхэд өнчирч үлдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй холбогдуулж ямар нэгэн гомдол гаргаагүй. Хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөнөөс нэг хүний амь нас хохироосон, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин заалдах шатны шүүх хохирол бүрэн төлөгдөөгүй, амь хохирогчийн ар гэр гомдолтой байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-, Н.М-, шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Ж-, М.Я- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ж- нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “**” рестораны үйл ажиллагааг эрхлэн явуулах явцдаа, шүүгдэгч М.Я- нь дээрх ресторанд ахуйн зориулалтын хийн халаагуурыг нийлүүлж, цэнэглэх үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ тухайн хийн халаагуурыг зориулалтын бус газарт байршуулах, аюулгүй ажиллагааны зааврыг зөрчиж ажиллуулах зэргээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тус тус зохих ёсоор биелүүлж ажиллаагүйн улмаас хий алдагдаж, улмаар тус ресторанд үйлчлүүлж байсан 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн түүнчлэн 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Ж-, М.Я- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ж-, М.Я- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон хэр хэмжээ, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийг баримтласан нь үндэслэл муутай болсон байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийж буй дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь баримтлах нь зүйтэй болно.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинжийг хянан дүгнэж, шүүгдэгчийн зүгээс хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байх тул уг шийдвэрийг буруутган дүгнэх, эсхүл хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хууль хэрэглээний талаарх зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-, Н.М- нарын гаргасан “...гэм хорын хохиролтой холбогдох хэсгийг шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”, шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан “...амь хохирогчийн нас барсан үйл баримттай Б.Ж-ийн үйлдэл шалтгаант холбоогүй, гэмт хэргийн шинжгүй байхад шүүхээс ял оногдуулсан тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, түүнийг цагаатгуулах” агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар магадлалд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Я-д оногдуулсан 1 жил 2 сар хугацаагаар, шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан  1 жилийн хугацаагаар тус тус хорих ялаас чөлөөлж, шүүгдэгч Б.Ж-, М.Я- нарыг тус тус хоёр /2/ жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Я-,  Б.Ж- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй...”  гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-, Н.М-, шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР 

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН