Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 08

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Улаан хас” ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох

2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.Одхүүд холбогдох 754м2 талбайтай газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Улаан хас” ХХК-ий захирал Б.Бадралт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Улаан хас” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Архангай аймгийн Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр "Төв гуанз"-ыг барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний хамт худалдан авч, газар эзэмших эрхийг баталгаажуулсан билээ. Гэвч тус барилга байгууламжийн дагалдах газраас 754м2 газрыг Г.Одхүүгийн нэр дээр дамжуулан эзэмшүүлсэн байна. Учир нь энэ 754м2 газар доор "Төв гуанз"-ны өмч болох бохир усны шугам болон байгууламж байгаа юм. Монгол Улсын Хот суурины ус хангамж, ариутган татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7 дахь хэсгүүдэд зааснаар инженерийн шугам сүлжээтэй хамгаалалтын бүсэд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байхаар заасан байдаг.

Би 2002 оноос 2012 онд Архангай аймагт байгаагүй, өөрийн дүүдээ үйл ажиллгааг явуулах эрхийг олгосон. Манай дүү Насанбаатар гэдэг хүнд 754м2 газрыг  шилжүүлсэн байдаг. Намайг ирээд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би ирээд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурж гэрээ хийж газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж байхад бохирын цооног байгааг мэдээгүй шилжүүлсэн.

2014 онд Архангай аймагт “Гудамж” төсөл хэрэгжиж эхэлсэн. Яг энэ маргаантай газар дээр замын трасс таараад газрыг ухаж эхлэхэд бидны өмч болох бохирын цооног гарч ирсэн. Иймд би уг өмчөө хууль ёсны дагуу өмчилж ашиглах бүрэн эрхтэй хүн гэж боддог. Маргаантай байгаа бохир усны цооног болон газарт бид 19 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, төлбөр тооцоогоо төлж өдийг болтол ирсэн. Маргаантай байгаа газарт барилга байгууламж барих ямар ч боломжгүй. Үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй зүйл байхгүй ашиглаж байгаа, цааашдаа ч ашиглана. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.Одхүүтэй холбоотой 754м2 талбайтай газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлага нь Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжийн хавсралтаар Г.Одхүүд шилжсэн 754м2  газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага байгаа.

Бадралтын аав болох Балдансамбуу гэдэг хүн 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бидны маргаж байгаа Төв гуанзыг  дуудлага худалдаанаас  ялагчаас тодроод худалдаж авсан байдаг. Төв гуанзыг инженерийн шугам сүлжээ, тод станцын хамт 2255,5 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсан. Худалдаж авч байгаа эд хөрөнгийн жагсаалт нь байдаг. Үүнийг баталгаажуулах үүднээс төрийн өмчийн өмч хувьчлалын комиссын дарга н.Даваадорж, нарийн бичгийн дарга н.Пүрэвсүрэн нарын 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өмчлөх эрхийн 38 дугаар гэрчилгээг өгсөн. Балдансамбуу 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 10 цагт болсон дуудлага худалдаанаас Төв гуанзыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн тасалбарын төлбөрийг бүрэн төлсөн учир уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэй. Уг эд хөрөнгө гэдэг дотор юу орж байгаа вэ гэхээр барилга байгууламж, бид нарын маргаад байгаа газрын доор байгаа инженерийн шугам сүлжээ, тод станц орж байгаа.

1992 онд “Баян бэрх” хувиараа эрхлэх аж ахуй нь компани болж байгуулагдсан байдаг. 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хувиараа эрхлэх аж ахуй, компанийн зарим нь татан буугдсан байдаг. “Баян бэрх” хувиараа эрхлэх аж ахуй татан буугдаад “Ар Баян бэрх” хувьцаат компани болж өөрчлөгдөж дүрмийн сангаа баталсан. Захиралаар нь Б.Бадралтыг томилсон. Тухай дүрмийн санд нь бид нарын маргаж байгаа газар доор байгаа инженерийн шугам сүлжээ орсон байдаг. 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2130 м2 газраас 754 м2 газрыг Ц.Насанбаатарт газар шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Газрыг шилжүүлэхдээ газрын доор инженерийн шугам сүлжээ байсныг Б.Бадралт болон Г.Гэрэлмаа нар мэдээгүй, гарын үсгээ зурж шилжүүлсэн байдаг. Б.Бадралт ирээд компаний үйл ажиллагааг явуулах гээд өөрийнхөө Ц.Насанбаатарт шилжүүлсэн 754м2  газар доор өөрийнх нь өмчлөлийн  инженерийн шугам бохирын цооног байгааг мэдсэн. Тухайн шугам сүлжээ байсныг замын трасс таархад мэдсэн байсан. Ингээд Ц.Насанбаатартай байгуулсан гэрээгээ цуцлах асуудал гарч, уулзаж ярилцсан байдаг. Ц.Насанбаатар тухайн газрыг 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г.Одхүү гэдэг хүнд шилжүүлсэн гэж хэлсэн. Энэ асуудлаар Засаг даргын 2011 оны 05 сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжийн Г.Одхүүтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан. 

Инженерийн шугам сүлжээ, цооног байгаа газар барилга байгууламж барих ашиглах боломжгүй болсон. Үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчилж байгаа зүйлээ хэн хэрхэн яаж зарцуулах нь өмчлөгчийн хувь заяанаас хамаардаг. Засаг дарга болон Газрын алба бохироо өөр газар руу цутга гэж тулгаж болохгүй.  Цооногоо ашиглах эрх нь  өмчлөгчийн эрхийн асуудал.

Өмчлөх эрхийн асуудлыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасан байдаг. Мөн Иргэний хуулийн эд хөрөнгийг бүртгэлд хуульд заасан хугацаанд өмчилж болно гэж заасан. Үүний дагуу өмчлөлдөө бүртгүүлсэн байгаа. Салгаж болохгүй эд юмс гэж иргэний хуулинд байдаг. Үүнтэй ялгаа байхгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бид нар өгсөн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрх, ашиглах эрх, эзэмших эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна.

Хот, суурины усан хамгамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.10, 17.8.4, 17.14, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35 дахь хэсэгт инженерийн шугам сүлжээ гэдэгт ус хангамж, цахилгаан дулаан, ариутгал цэвэрлэх байгууламжийг инженерийн шугам сүлжээнд хамаарна гэж заасан байна. Цэвэрлэх байгууламж байгаа газар барилга байгууламж барих болон бусдад ашиглуулж  болдог талаар харах ёстой. Бохир ус татах шугамын тэнхлэгээр 2 тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж шугам сүлжээ барихыг хориглодог. Тэгэхээр Г.Одхүү гэдэг хүн барилга байгууламж барих зориулалтаар авсан бол мянга хүсээд ч маргаж байгаа энэ газар дээр барилга барьж чадахгүй. Энэ цооног байгаагаа мэдэхгүйгээр төөрөгдөлд ороод шилжүүлсэн асуудал гарсан. Тийм учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгож “Улаан хас” ХХК-ий нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг “Баянбэрх” ХХК-ий хойд талд байршилтай 6513001430 дугаар нэгж талбарын дугаар бүхий 754 м2 газрыг иргэн, аж ахуй нэгжийн хүсэлт нотариатын батлуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ бусад холбогдох баримтыг үндэслэн “Баянбэрх” ХХК-иас иргэн Ц.Насанбаатарт Аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр захирамжаар, иргэн Ц.Насанбаатараас иргэн Г.Одхүүд Аймгийн Засаг даргын 2011 оны 05 сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжаар шилжүүлсэн байна.

Иргэн Ц.Насанбаатар нь 2009 оноос 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртлэх хугацаанд тус газрыг эзэмшиж байсан ба тухайн хугацаанд газрын төлбөрт 60.320 төгрөгийг 3 хуваан төлсөн байна. Иргэн Г.Одхүү нь 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд газар эзэмшиж байгаа бөгөөд 80.000 төгрөгийг 2011 оны 05 дугаар сарын 16-нд төлсөн байна.

Иргэн Б.Бадралт нь Г.Одхүүгийн 6513001430 дугаар нэгж талбарын дугаар бүхий газрыг төрийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргасан. Тус хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлж тус газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 634 дүгээр албан бичгээр хариуг хүргүүлсэн. Уг албан бичигт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг тайлбарласан.

“Гудамж” төсөл Монгол улсын Засгийн газрын 2014 оны 96 дугаар тогтоолын дагуу Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод хэрэгжсэн. Анх төлөвлөж байсан зургийн дагуу газар дээр нь аймгийн удирдлага, ходбогдох мэргэжилтнүүд болон Улаанбаатар хотоос ирсэн гудамж төслийн ахлагч болон мэргэжилтэн нар үзэж 10, 16, 14, 15, 20 дугаар замуудын шаардлагагүй гэж үзсэн тул тавигдаагүй. 14 дүгээр зам нь иргэн Г.Одхүү, “Баянбэрх” ХХК, Ач дэлгүүрийг дайран өнгөрөхөөр төлөвлөсөн зам юм. “Баянбэрх” ХХК болон иргэн Г.Одхүү нарын газрын баруун талаар тавигдсан авто замын трассын дагуу бохир усны шугам хоолой байгаагүй. Шугам сүлжээ нь 1987 он хүртэл ашиглагдаж байсан бохир усны цооног юм. Түүнээс хойш албан ёсоор ашиглагдаагүй. “Баянбэрх” ХХК, иргэн Ё. Бямбаахүү нарын объект /хуучнаар 100 хүний гуанз/-ын урдуур 2013 онд шинээр бохир усны шугам сүлжээ тавигдсан. Тус шугам сүлжээг ашиглах бүрэн боломжтой юм. Монгол улсын Хот суурин, ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль гэж ярьж байна. Төвлөрсөн ус хангамж ариутгал цэвэрлэх байгууламж гэдэг нь доош ухсан шингэдэг байгууламжийг хэлэхгүй, энэ бол төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль юм гэдгийг хэлье .

Иймд аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжийн хавсралтаар Г.Одхүүд шилжсэн 754 м2 талбайтай газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Иргэн Г.Одхүү би “Баянбэрх” үйлчилгээний төвийн ард байрлах 756м2 талбайтай газарын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Ц.Насанбаатартай байгуулсан бөгөөд уг гэрээ аймгийн засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжаар баталгаажиж газрын албатай газар эзэмших тухай гэрээ байгуулан газар эзэмших гэрчилгээ авсан билээ.

Миний эзэмшлийн 756м2 талбайтай газар нь “Баянбэрх үйлчилгээний төвийн хашаан дотор байсан бөгөөд хашааг буулгаж өөрийн хашааг барих талаар санал гаргахад танайх хашаагаар тусгаарлахгүй байвал зүгээр байна. Танай газар дээр манай бие засах газар байдаг. Үйлчлүүлэгчид бие засах газаргүй болчихвол хэцүү байна. Одоохондоо юм барихгүй бол ингэсхийгээд байж байвал яасан юм бэ гэхээр нь нээрээ ч нойлгүй болчихвол хэцүү байх өнөө маргаашгүй юм барихгүйгээс хойш гэж бодоод үгэнд нь ороод тусгаарлаагүй юм. Хожим ийм асуудал үүснэ гэж бодоогүй тэдэнд итгэсэн.

Харин газар эзэмших гэрчилгээ гаргуулахаар очиход газрын албанаас айлын хашаан дотор юм барилаа гээд маргаан гардаг юм шүү. Юм хийж эхлэхэд хаалгаар саадгүй нэвтрүүлж байна гэсэн бичиг үйлдүүлж аваарай гэж анхааруулсан болохоор тухайн үед “Баянбэрх” ХХК-ийг эрх зүйн хувьд төлөөлж байсан Гэрэлмаа, Уранчимэг нараар газар дээр үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй нэвтрүүлж байна гэсэн бичиг хийлгэж гарын үсэг зуруулж авсныг нотлох баримтанд хавсаргасан.

Удалгүй 2011 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газраас зуун мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гарч Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорациас /цаашид ТОССК гэх/ тендер зарлагдсан. Зарлагдсан тендерт оролцож өөрийн эзэмшлийн талбай дээр 20 айлын орон сууц барихаар шалгарсан. 20 айлын орон сууц ТОССК-ийн санхүүжилтээр барихаар болж орон нутгийн удирдлагуудад танилцуулсан. Энэ тухай Б.Бадралтын дүү Г.Гэрэлмаа, ээж Уранчимэг нарт хэлсэн.Тэд баригдах байрнаас 3 өрөө байр захиалах талаар санал хэлж амаар зөвшөөрч байсан. Энэ үед одоогийн маргаан үүсч буй газар дээр Б.Бадралттай уулзахад манай хэд танайхаас 3 өрөө байр авах захилга өгнө гэж байна лээ, харин энэ газар доор хоёрдугаар сургуулийн ажиллаж байсан цооног байж магадгүй. Та бодолцохгүй юу, гүн ухаж таарах байх гэж сануулж байсан. Би юу ч бодолгүй за ойлголоо гээд л өнгөрсөн.

Төрөөс хийгдэх хөрөнгө оруулалт санхүүжилтын асуудал шийдэгдээгүй байж байтал 2014 онд миний эзэмшлийн газрыг “Гудамж” төслийн трасс дайрч тавигдах болсноор тухайн газарт ажил явуулах боломжгүй болж саатан энэ байдал удаан үргэлжилсэн. Зам дагаж хөгжил гэгчээр хувь хүмүүс өөрсдийн хөрөнгөөр орон сууц барьж эхлэхээр орон сууц барилгын бизнес тухайн аймагт эхэлсэн. Яг энэ үеэр зам ч баригдаж дууссан. Бадралт надтай манай найз барилгын инеженер, танай газар дээр орон сууц баримаар байна. Та барилгынхаа зурагтай 40 сая төгрөг өгчихөөч. Тэгвэл би энэ компанид ажиллаад цалин авчихна. Мөн барилгынхаа пассат, дээврийг янзлуулаад авчих гэсэн юм” гэсэн хүсэлт тавьсныг нь би хүлээж аваагүй  болохоор миний газрыг авахын тулд 2015 оны 09 дүгээр сараас эхэлж  иргэний хэргийн шүүх болон захиргааны шүүхэд газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаж эхэлсэн.

Засгийн газраас хэрэгжүүлсэн зуун мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдаж тендерт орохдоо холбогдох газруудаар техникийн нөхцөл гаргуулсан ба “Ундарга” ХХК орон сууц барихад манай байгууллагаас шалтгаалан хориглох зүйл байхгүй болохыг нотлов гэсний баталгаа болгож техникийн нөхцөлийг  зөвшөөрч тамга тэмдэг дарж гарын үсэг зурсан байдаг тул тухайн газарт инженерийн шугам сүлжээ байхгүй болохыг нотолж байна.

 “Улаан хас” ХХК-ий захирал Б.Бадралт шунахайн сэдэлтээр газрын маргаан үүсгэж надад асар их хэмжээний санхүүгийн болоод сэтгэл санааны хохирол учруулж байгаа тул тухайн маргааныг үнэн зөв, шударгаар шийдэж өгнө гэдэгт найдаж байна гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 “Улаан хас” ХХК –иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.Одхүүд холбогдох 754м2 талбайтай газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /х.х-н 1-2/

Үйл баримтаас дурдвал: Архангай аймгийн Өмч хувьчлалын комиссын 1991 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулах тухай” 07 дугаар тогтоолын хавсралтын 44 дүгээрт “Төв гуанз”-ыг дуудлага худалдаагаар худалдах болжээ. Үүний дагуу Содномдаржаагийн Балдансамбуу нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн 2255,5 ширхэг  яагаан тасалбараар худалдан авч үйл ажиллагаа явуулахаар болжээ. / 2-р х.х 35-39, 55- 56, 60/

Газрын тухай хуулийн /1994 оны/ 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйлд заасны дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 1996 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжийн хавсралтаар “Баянбэрх” ХЭАА-д 2,3 м2 газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар  эзэмшүүлж, гэрээг байгуулжээ. / 2-р х.х 57-58/

2001 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Аж ахуй нэгж шинээр байгуулах тухай хурлын тэмдэглэлд “....Монгол Улсын Компанийн тухай хуулийн үндэслэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа “Баян бэрх” ХЭАА-н үйл ажиллагааг өргөтгөж хувь нийлүүлэн олон гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох тухай саналыг оруулж, С.Балдансамбуу 11.120.0 сая төгрөгийн Б.Бадралт 10.000.0 сая төгрөгийн хөрөнгийг нийт 21.120.0 сая төгрөгийн дүрмийн сангаар компанийг байгуулахаар санал гаргаж, тус компанийн нэрийг “Ар Баянбэрх” ХХКомпани болгож захирлаар Б.Бадралтыг баталжээ.  /2-р х.х-н 59/

Улмаар “Ар баянбэрх” ХХК нь 2005 оны 10 дугаар сары 25-ны өдөр Монгол Улсын улсын бүртгэлийн 111001056 дугаар бүхий гэрчилгээ авч, Галбадрах овогтой Гэрэлмааг захирлаар томилсныг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн байна. /1-р х.х.-н 9/

Архангай аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 112 дугаар захирамжид “...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 2003 онд газрын кадастрын зураглал хийснээс хойшхи хугацаанд газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй, сумын засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газрын зориулалт, байршил, хэмжээ, хугацааг хавсралт ёсоор баталгаажуулсугай...” гээд тус захирамжийн хавсралтаар “Баян бэрх” ХХК-д 2130м2 үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшүүлэхээр болжээ. Үүний дагуу “Баянбэрх” ХХК-д Архангай аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаар захирамжийг үндэслэн 021801304 дугаар бүхий 2130м2 газрыг 20 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 0105418 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна./1-р х.х-н 108-128/

Улмаар “Ар Баянбэрх” ХХК-ий нэрийг “Улаан хас” ХХК болгож өөрчилсөнийг 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бүртгэжээ. /1-р х.х-н 9/

Шүүх нэхэмжлэгч “Улаан хас” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсэгт заасны дагуу Нэхэмжлэгч “Улаан хас” ХХК-ий /хуучин Ар Баянбэрх ХХК/ захирал Б.Бадралт Архангай аймгийн Газрын албанд гаргасан 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар шилжүүлэх тухай” 08 дугаар хүсэлтэнд “...Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн “Ар Баян бэрх” ХХК-ий 2130 м2 газраас 754м2 газрыг Дархан-Уул аймгийн харъяат иргэн Цэдэндамбын Насанбаатарын эзэмшилд шилжүүлж өгнө үү...” иргэн Ц.Насанбаатар Архангай аймгийн газрын албанд гаргасан хүсэлтэндээ “...Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн “Ар баянбэрх” ХХК-ий эзэмшил 2130м2 газраас 754м2 газрыг үйлчилгээ орон сууцны зориулалтаар Дархан-Уул аймгийн иргэн Цэдэндамба овогтой Насанбаатар миний эзэмшилд шилжүүлэн өгөхийг хүсье...” гэжээ. 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “Улаан хас” ХХК-ий захирал Б.Бадралт болон иргэн Ц.Насанбаатар нар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан байна. /1-р х.х-н 187-188/

Дээрх хүсэлтийн дагуу Архангай аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 39 дүгээр захирамж хавсралтын 3-т Ц.Насанбаатарт 2 дугаар арван жилийн зүүн урд талд байрлах үйлчилгээний зориулалттай 754 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Газар эзэмших эрхийн 0174981 дүгээр гэрчилгээг авч, газар эзэмших гэрээг тухай бүр байгуулж байжээ. /1-р х.х-н 144, 167-172 /

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын мэдүүлэг, гэрчийн тайлбар зэргээс дүгнэхэд иргэн Ц.Насанбаатар 754м2 газрын газар эзэмших эрх шилжүүлэн авах ажиллагаа хуульд заасан нөхцөл журмын дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч талаас анх тус газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 39 дүгээр захирамжинд өргөдөл, гомдол гаргаж байгаагүй байна. ./1-р х.х-н 232-234, 243-245/

Маргаан бүхий  /а/209 дүгээр захирамж/ актыг дүгнэхэд:  иргэн Ц.Насанбаатар өөрийн эзэмшлийн 754м2 газрыг 2011 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу гуравдагч этгээд Г.Одхүүгийн эзэмшилд шилжүүлэхээр болжээ. /х.х-н 183/

Гуравдагч этгээд Г.Одхүү 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан өргөдөлдөө “... Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн иргэн Г.Одхүү би иргэн Ц.Насанбаатарын эзэмшилд байх Эрдэнэбулган сумын  нэгдүгээр багийн нутаг зуун хүний гуанзны хойд талд байрлах 754м2 талбай бүхий газрыг өөрийн эзэмшилд авч байгаа тул газрыг эзэмших эрхийн бичгийг иргэн Гантулга овогтой Одхүү миний нэр дээр гаргаж өгнө үү...” гэжээ. Үүний дагуу Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтын 5 дугаарт Г.Одхүүд үйлчилгээний зориулалттай 754м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. /х.х-н 159, 182, 183/

Улмаар  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар Архангай аймгийн Газрын албанаас Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжийг үндэслэн Г.Одхүүтэй газар эзэмших гэрээ байгуулж, нэгж талбарын 021801430 дугаар бүхий 754м2 газрыг 15 жилийн хугацаатай, газар эзэмших эрхийн 0298010 дугаар гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй байна. /1-р х.х-н 154-160/

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар иргэн Ц.Насанбаатар өөрийн эрхийн дагуу эзэмшлийн 754м2 газрыг 2011 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу гуравдагч этгээд Г.Одхүүд шилжүүлсний дагуу Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжийн хавсралтын 5-д Г.Одхүү нь маргаан бүхий 754м2 газрын эзэмшигч бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31  дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч Б.Бадралтын газар нь гуравдагч этгээд Г.Одхүүгийн газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. /1-р х.х-н 192, 193/

Түүнчлэн  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Баянбэрх” ХХК –ий 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2130 м2 газрын 0105418 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь иргэн Ц.Насанбаатарт 754 м2 газрыг шилжүүлсэнээр дуусгавар болгож шинээр 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1376м2  газрын 0174982 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авчээ. Өөрөөр хэлбэл /2130м2/ газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд тухайн /754м2/ газар эзэмшигчийн газар эзэмших эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай.

Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “...Эзэмшигч эзэмшлээсээ бүрмөсөн татгалзсан ..  бол эзэмшил дуусгавар болно...” гэж зааснаар “Улаан хас” ХХК буюу хуучнаар “Ар баянбэрх” ХХК-ий эзэмшилд байсан 754м2 талбай бүхий газрыг иргэн Ц.Насанбаатарт шилжүүлснээр  газар эзэмших эрх дуусгавар болох бүрэн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хот, суурины усан хамгамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.10, 17.8.4, 17.6, 17.7, 17.17, Барилгын тухай хуулийн 4.1.35-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь уг маргаан бүхий хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалт юм.

Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/147 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Одхүүгийн эзэмшлийн 754м2 газраас тус аймгийн “Гудамж төсөл” 2014 онд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан авто замын трасст орсон 196м2 газрыг Г.Одхүүд эзэмшүүлж, 000610687 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, газар эзэмших гэрээ байгуулжээ.

Үүний улмаас гуравдагч этгээд Г.Одхүүгийн эзэмшлийн 754м2 газраас 196м2 газар хасагдаж 558м2 газарт нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000647500 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөрөө тухай бүр төлж байсан байна. Хэргийн оролцогч болон нэхэмжлэгч талаас газрын метр квадрат өөрчлөгдсөн талаар маргаагүй болно. /1-р х.х-н 130-153, 204-218/

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Улаан хас” ХХК нь газрын мэдээллийн санд газар эзэмшигчээр бүртгэгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, газар эзэмших гэрээ болон төлбөрөө төлөөгүй болохыг тэмдэглэв. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас: “Ц.Насанбаатарт шилжүүлсэн 754м2  газар доор өөрийнх нь өмчлөлийн  инженерийн шугам бохирын цооног байгааг мэдсэн, бохир усны цооногоо ашиглаж байгаа” гэж ;

Хариуцагч талаас:  “1987 он хүртэл ашиглагдаж байсан бохир усны цооног юм. Түүнээс хойш албан ёсоор ашиглагдаагүй. “Баянбэрх” ХХК, иргэн Ё. Бямбаахүү нарын объект /хуучнаар 100 хүний гуанз/-ын урдуур 2013 онд шинээр бохир усны шугам сүлжээ тавигдсан. Тус шугам сүлжээг ашиглах бүрэн боломжтой юм”  гэж  мэтгэлцэж байна.

            Уг маргаан бүхий газарт бохирын цооног ажиллаж байгаа эсэхэд шүүх үзлэг хийж тухайн газарт бохирын цооногын зураг болон хэргийн оролцогч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэгээр бохирын цооног ажилладаггүй болох нь нотлогдсон болно. /1-н х.х-н 13-16, 219, 221-222, 238-242, 2-р х.х-н 9, 77-78/

 

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн  Г.Одхүүд холбогдох 754м2 талбайтай газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.Одхүүд холбогдох 754м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ОДОНТУЯА