Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 75

 

Ц.Бат-Оргилын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэртэй, Ховд аймгийн Цэцэг сум, Хөшөөт багт орших Цэнд-Ашийн Бат-Оргилын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт орших “Шинжиан Лю Ди Ван” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Шинжиан Лю Ди Ван” ХХК-ний захирлын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15-102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан уурхайн хянагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай

           

Нэхэмжлэлийн агуулга: “Ц.Бат-Оргил нь 2014 оны 09 дүгээр сараас Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Шинжиан Лю Ди Ван” ХХК-д уурхайн хянагчийн ажилд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан юм.

 

 Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгүй, үнэнч шударгаар хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн гэж өөрийгөө үздэг. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 05 өдрийн 15-102 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан.

 

 Ажил олгогч Ц.Бат-Оргилыг хариуцсан ажлаа санаатайгаар хийгээгүй, шаардлага тавьсан хариуцагчийг хэл амаар доромжилсон гэсэн боловч ажилтны хувьд ийм зөрчил гаргаагүй болно. Хүнийг хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан эсэхийг ажил олгогч этгээд бус хуулийн байгууллага шалган тогтоох учиртай.

 

Иймд ажилтныг хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Шинжиан Лю Ди Ван” ХХК-ны захирлын 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 15-102 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй. Ц.Бат-Оргил нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сахилгын арга хэмжээ авагдаж байсан мөн зөрчлөө давтан гаргасан гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээнд зөрчлийн талаар тодорхой заасан байгаа. Байгууллагын дотоод журмын 5.8-ын D-д заасан ажлаас халах үндэслэл болж байна.

 Нэхэмжлэгч Ц.Бат-Оргил нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ц.Бат-Оргилыг Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах “Шин Жин Лю Ди Ван” ХХК-ны уурхайн хянагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 6480246 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах “Шинжиан Лю Ди Ван” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бат-Оргилд олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Шинжиан Лю Ди Ван” ХХК-иас 118633 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай” гэж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн мөн хуулиар тогтоосон хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дугаар заалтуудыг зөрчсөн.

 

 Захирал Х.Хувьсгалт нь ажилтан Ц.Бат-Оргилтой 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болоод ажлын байрны тодорхойлолтуудыг хийсэнийг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж  өгсөн байхад шүүх үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Ажилтан Ц.Бат-Оргил нь өмнө нь сахилгын шийтгэл авагдсан бөгөөд түүнийгээ биеэр эдлээд дууссан байхад анхан шатны шүүхээс сахилгын шийтгэл оногдож байснаар дүгнээгүй хэргийг шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

                                                                       

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч   Ц.Бат-Оргил нь хариуцагч  “Шинжиан Лю Ди Ван” ХХК-д  холбогдуулан   “Шинжиан Лю Ди Ван” ХХК-ийн  захирлын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15-102 дугаар  тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан уурхайн хянагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гомдлын  шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Шинжиан Лю Ди Ван” ХХК-иас ажилтан Ц.Бат-Оргилтой 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 70.2.3-ийн 3 дахь хэсэгт”...ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаахыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан байна. /хэргийн 46 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 

“Шинжиан Лю Ди Ван” ХХК-ийн  захирлын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15-102 дугаар  тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг баримтлан Ц.Бат-Оргилыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас халсан байна.

Хариуцагч тал Ц.Бат-Оргилыг хөдөлмөрийн гэрээнд зааснаар удаа дараа сахилгын ноцтой зөрчил гаргаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажлаас халсан нь үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцох талаар харилцан тохиролцож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх хуулийн шаардлагыг тусгаагүй гэж маргасан байна.

 

Ажил олгогчийн дээрх тушаалынхаа үндэслэлд Ц.Бат-Оргилыг хөдөлмөрийн дотоод журмын 5.8.д, хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн байна.Тухайн байгууллагын дотоод журам хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 54-58 дугаар талд байгаа хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т “ноцтой зөрчил”-д тооцох зөрчлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд ажилтан аль нэг зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгажээ.

 

Ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэл нь хариуцсан ажлаа санаатайгаар хийгээгүй, шаардлага тавьсан хариуцагчдыг хэл амаар доромжилсон нь сахилгын зөрчил гэж үзэхээр байгаа боловч энэ зөрчил нь ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж тусгагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтныг хариуцсан ажлаа санаатайгаар хийгээгүй, шаардлага тавьсан хариуцагчдыг хэл амаар доромжилж сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан талаар хэзээ хаана ямар зөрчил гаргасныг шалгаж тогтоогоогүй, уурхайн хянагчийн ажил үүрэгтэй холбоотой ямар ажил үүргээ санаатайгаар хийгээгүй, хэзээ хэний тавьсан ямар шаардлагыг биелүүлээгүй, хэнийг юу гэж хэл амаар доромжилсон талаарх үйл баримтыг нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдлын шаардлагын “Шинжиан Лю Ди Ван” ХХК-ийн  захирлын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15-102 дугаар  тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг  шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч “Шинжиан Лю Ди Ван” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 188833 төгрөг гаргуулах байтал улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг дутуу тооцож шийдвэрлэжээ.

 Шүүхийн энэ алдаа нь хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Шинжиан Лю Ди Ван” ХХК-иас ажилтан Ц.Бат-Оргилтой 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 70.2.3-ийн 3 дахь хэсэгт”...ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаахыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаа давж заалдах шатны  шүүх хуралдаан дээр татан авсан болно.

 

Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118633 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар” гэсний дараа “...“Шинжиан Лю Ди Ван” ХХК-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15-102 дугаар тушаалыг хүчингүй болгож, ...” гэсэн нэмэлт оруулж, 2 дахь заалтын “...олгосугай.” гэснийг “...олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасныг баримтлан ажилтан Ц.Бат-Оргилын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Шинжиан Лю Ди Ван” ХХК-д үүрэг болгосугай.” гэж нэмж өөрчилж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч “Шинжиан Лю Ди Ван” ХХК-аас 188833 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т зааснаар иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Шинжиан “Лю Ди Ван” ХХК болон ажилтан Ц.Бат-Оргил нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 7.2.3.-ийн 3 дахь хэсгийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг татан авсныг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118633 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА