Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 00150

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгч П.МЭэ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.МЭэд холбогдох 1832000000158 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар төмөр замын мод боловсуруулах үйлдвэрт хөрөөчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн № 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвхүүгийн МЭэ. /РД: */

 

           Шүүгдэгч П.МЭэ нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн № 09 тоот хашааны гадна иргэн Г.Бдтой маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.МЭийн өгсөн…. ... 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ гараад ахындаа оччихоод буцаад явж байгаад Аб, Д.Бд, Г.Бд нартай таарч айлд очиж хөрөө авахаар болсон. Замдаа явж байхдаа тэр гурав архи авсан байсныг нь хувааж уусан. Айлд очиж хөрөө авчихаад Абынх луу явсан. Замдаа нэг шил архи аваад Абын гэрт очиж уусан. Би Батнямтай юм яриад зогсож байхад Г.Бд намайг дуудахаар нь эргээд хартал миний нүүр лүү өвдөглөсөн. Бас 2-3 удаа цохисрн. Тэгэхээр нь би Г.Бдийн нүүр лүү нь 2-3 удаа цохиж үртсэн хавтангаар нуруу луу нь нэг удаа, архины шилээр мөр орчимд нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг  болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогч Г.Бдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... П.МЭэ гараараа нэг удаа миний хамар луу цохиж дахиж үртсэн хавтан аваад толгой руу нэг удаа цохиж, хагарсан архины шилээр миний зүүн мөрөн тус газарт нэг удаа зүссэн. Би зөрүүлээд МЭийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод нүүр лүү нь нэг удаа өвдөглөсөн.... Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэх мэдүүлэг /Хх-н 21-22 дугаар хуудас/

Гэрч Б.Абын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Бид нар хөрөөдсөн модоо манай амбаар луу зөөж оруулсан. Бд, МЭэ, Батням нар модоо зөөхөө болиод манай гэрийн урд юм яриад сууж байсан. Би Бдтой хамт модоо зөөж байхад манай хашааны урд Бд цамцаа тайлчихсан цээж нүцгэн МЭэтэй хэрэлдээд муудалцаад байхаар нь би очиж тэр хоёрыг болиулаад хашаандаа оруулж ирээд МЭийн цусыг угааж өгөөд бид нар байшинд сууж байхад МЭийн хоёр эгч орж ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 18-19 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 185 ...... Дүгнэлт:

1.Г.Бдийн биед зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх, зүүн далны дээд хэсэгт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн гарын бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн далны дээд хэсэгт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 24 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 33 дугаар хуудас/

П.МЭийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 32 дугаар хуудас/

Хохирогч Г.Бдийн Цагдаагийн хэлтэст гаргасан нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 42 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч П.МЭэ нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн № 09 тоот хашааны гадна иргэн Г.Бдтой маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч П.МЭийн хохирогч Г.Бдийг цохисон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч П.МЭийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Г.Бд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвхүүгийн МЭийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.МЭийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.МЭэ нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.МЭэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, П.МЭэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.МЭэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН