Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00223

 

 

И- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03322 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И- ХХК-ийн хариуцагч У- ХХК-д холбогдуулан гаргасан барьцаа 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, учирсан хохиролд 2,433,586 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаяр, түүний өмгөөлөгч О.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

И- ХХК нь У- ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр рестораны зориулалттай нийт 252 м.кв талбайг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг 1 сарын 8,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээслүүлэгч У- ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болон мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлүүдийг хүргүүлж 04 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн. Түрээсийн гэрээний 9.3-т гэрээг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гэрээ цуцлах талаар 3 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл У- ХХК нь нэг сар хүрэхгүй хугацаанд түрээсийн талбайг чөлөөлүүлэх мэдэгдэл талбайг гэрээг цуцалсан. Түрээсийн гэрээ дуусгавар болсон тул барьцаа төлбөр 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

У- ХХК нь И- ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Барьцаа төлбөр 8,000,000 төгрөг авсан. И- ХХК нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул гэрээг цуцалсан. И- ХХК түрээсийн зүйлийг эвдэж 10,433,586 төгрөгийн хохирол учруулсан тул барьцаа 8,000,000 төгрөгийг суутгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

И- ХХК нь түрээсийн талбайг хүлээлгэн өгч акт үйлдээгүй. У- ХХК түрээсийн талбайг хүлээн авахдаа бичлэг хийж баримтжуулсан. У- ХХК-аас дараах зардал гарсан. Үүнд: рестораны В1 давхарт 3,833,500 төгрөг, 2 дугаар давхрын зааланд 3,156,400 төгрөг, нийт 6,989,900 төгрөгийн хохирол учирсан байсан. Цэвэрлэгээний ажлын хөлсийг 1 удаа 30,000 төгрөг, нийт 4 удаагийн төлбөр 120,000 төгрөг, гал тогооны цэвэрлэгээний төлбөр 300,000 төгрөг, жигнүүр шатаасны төлбөр 850,000 төгрөг, гурилын машины төлбөр 800,000 төгрөг, газны мэдрэгчийн дохиолол гэмтээсэн төлбөр 260,000 төгрөг, бэлтгэлийн өрөөний хөргөгчийн доод хэсгийг шатаасны төлбөр 350,000 төгрөг, аяга таваг дутаасан тул түүний үнэ 348,000 төгрөг, материалын үнэ 227,500 төгрөг, нийт 3,833,500 төгрөг. 2 давхарт хийсэн заслын ажлын хөлс 720,000 төгрөг, цахилгааны засвар 300,000 төгрөг, хивс угаалга 150,000 төгрөг, их цэвэрлэгээний ажлын хөлс 120,000 төгрөг, эвдэрсэн сандлын үнэ 225,000 төгрөг, эвдэрсэн хөшигний үнэ 120,000 төгрөг, шилэн хаалганы цоож 190,000 төгрөг, гэрлийн үнэ 60,000 төгрөг, эвдэрсэн холигчийн үнэ 35,000 төгрөг, тек хийлгэсний ажлын хөлс 490,000 төгрөг, текний чулуу 50,000 төгрөг, тэжээлийн блокт 100,000 төгрөг, сандлын бүрээсний хими цэвэрлэгээ 101,200 төгрөг, ширээний скачерт 150,000 төгрөг, материалын үнэ 365,200 төгрөгийн зардал гарсан. И- ХХК нь плитка шатаасны улмаас хана хар болсон байсан.

Мөн И- ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх 25 хоногийн түрээсийн төлбөр, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны ашиглалтын зардал 870,874 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх ашиглалтын зардалд 680,712 төгрөг, ариутгалын зардал 37,800 төгрөг, нийт 5,943,686 төгрөг төлөхөөс 2,500,000 төгрөг төлж үлдэгдэл 3,443,686 төгрөгийг төлөөгүй.У- ХХК нь нийт 10,433,586 төгрөгийн зардал гаргасан бөгөөд барьцаа 8,000,000 төгрөгийг хасаж тооцсон. Үлдэгдэл 2,433,586 төгрөгийг И- ХХК -аас гаргуулна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Түрээсийн гэрээний 5.3, 5.4-т тооцоо нийлэх талаар зохицуулсан. У- ХХК нь түрээсийн гэрээг цуцалж, талбайг хүлээлгэн өгөх боломж олгоогүй буюу 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүчээр гаргасан тул тооцоо нийлэх боломж олгоогүй. И- ХХК нь рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан учир техник, тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд тухай бүр засварладаг байсан. Түрээсийн талбайгаас гарахад ямар нэгэн техник, тоног төхөөрөмжийн эвдрээгүй байсан. У- ХХК-ийн нотлох баримтаар өгсөн мөнгө шилжүүлсэн баримтыг үзэхэд нэг ажлыг 2 газраар хийлгэсэн байна. Засварын ажлын болон жигнүүр, гурил зуурагчийн төлбөрт төлсөн гэх 2,345,000 төгрөгийн баримт нь 2022 он гэсэн огноотой байна. У- ХХК нь түрээсийн зүйлийн өнгө, үзэмжийг сайжруулж түрээслэх зорилгоор засвар хийсэн байна. Хариуцагчийн гаргасан гэх зардал нь нэхэмжлэгчид хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч У- ХХК-аас 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чилхуус лус ХХК-д олгож,

5.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заанаар нэхэмжлэгч И- ХХК-аас 2,433,586 төгрөгийг гаргуулж хариуцагч У- ХХК-д олгож,

5.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И- ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөг, хариуцагч У- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 53,887 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У- ХХК-аас 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И- ХХК-д, нэхэмжлэгч И- ХХК-аас 53,887 төгрөгийг гаргуулж хариуцагч У- ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

И- ХХК нь түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа түрээслүүлэгч У- ХХК-д 6,989,900 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан тухай хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл шүүх хуралдаанд дурдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх У- ХХК нь 6,989,900 төгрөгийг И- ХХК-аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж зөрчилтэй дүгнэсэн.

И-" ХХК нь түрээсийн гэрээний дагуу гэрээ цуцлагдах хүртэл 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 25 хоногийн түрээс, ашиглалтын зардалд нийт 5,943,686 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2,500,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 3,443,686 төгрөгийг У- ХХК-д төлөөгүй, төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх 3,443,686 төгрөг хариуцагчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа 3,443,686 төгрөгөөс 1,010,100 төгрөгийг хасаж И- ХХК-аас 2,433,586 төгрөг гаргуулж, тус компанийг 1,010,100 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн.

Түрээслэгч И- ХХК түрээсийн талбайг чөлөөлсний дараа түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон ашиглалтын зардал 3,443,686 төгрөг, засварын зардал 6,989,900 төгрөг, нийт 10,433,586 төгрөгийн хохирол У- ХХК-д учирсан тул барьцаа 8,000,000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 2,433,586 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. И- ХХК түрээсийн талбайг түрээслэхээс өмнөх байдалд бүрэн оруулж хэвийн байдлаар засаж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

У- ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай нотлоогүй. Гаргаж өгсөн нотлох баримтууд нь цаг хугацааны хувь зөрчилтэй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлж, буруу шүүхэд гаргасан учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хангах үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа 6 дугаар дууссан. У- ХХК өөрт учирсан хохирлыг нотолж нэхэмжлэл гаргаж боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүрээнд хянаж, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн тооцооны алдаа гаргасан тул зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч И- ХХК хариуцагч У- ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн талбайн засварын зардал буюу хохирол, ашиглалтын зардал, түрээсийн үлдэгдэл төлбөр 2,433,586 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч У- ХХК нь UB INN hotel & gallery зочид буудлын В1 давхарт байрлах нийт 72 м.кв талбай бүхий гал тогоо, 2 давхарт байрлах нийт 180 м.кв талбай бүхий Хадаг рестораныг түрээслэх, түрээслэгч нь И- ХХК 1 сарын түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийг тухайн сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (хх-ийн 5-6)

 

Түрээслэгч И- ХХК нь түрээсийн гэрээгээр тохиролцсон хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр түрээслүүлэгч У- ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцалсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

1.2. Талууд гэрээний Тав. Түрээсийн барьцаа гэсэн хэсгийн 5.1-т Түрээсийн баталгаа болгож түрээслэгч нь 1 (нэг) сарын төлбөртэй тэнцэх (8,000,000 төгрөг) хэмжээний барьцааг түрээслүүлэгчид шилжүүлсэн болно гэж заасан. Нэхэмжлэгч И- ХХК нь барьцаа төлбөр 8,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Талууд дээрх байдлаар түрээсийн гэрээнд барьцаа, барьцаа төлбөр гэсэн агуулгаар тохиролцсон боловч барьцааны зүйлийн талаар Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасантай нийцээгүй, мөнгөн хөрөнгө нь барьцааны зүйл болохгүй.

 

Харин Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ гэж заасантай дээрх түрээсийн гэрээний 5.1-д заасан талуудын тохиролцсон гэрээний агуулга нийцэхээр байна.

 

Нэхэмжлэгч гэрээг цуцалснаар гэрээ дуусгавар болсон тул мөн хуулийн 233.2 дахь хэсэгт Гэрээг цуцалсан, .... бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцаа 8,000,000 гаргуулахаар шаардах эрхтэй.

 

1.3. Хариуцагч У- ХХК нь нэхэмжлэгч И- ХХК-ийг түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон ашиглалтын зардал нийт 3,443,686 төгрөг төлөөгүй тул барьцаа төлбөр 8,000,000 төгрөгөөс суутгасан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж маргасныг нэхэмжлэгч үгүйсгэж баримтаар няцаагүй байх тул дээрх төлбөрийг хариуцагчид төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч И- ХХК нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй гэж үндэслэлтэй дүгнэсэн атлаа хариуцагч У- ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээс болон ашиглалтын зардал 3,443,686 төгрөг, засварын зардал 6,989,900 төгрөг, нийт 10,433,586 төгрөг болсноос барьцаа 8,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 2,433,586 төгрөг гэж тодорхойлсон байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс 2,433,586 төгрөг гаргуулахаар дүгнэсэн нь үндэслэлгүй байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилж зөвтгөх нь зүйтэй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хэвээр үлдээж, харин нэхэмжлэгч И- ХХК-ийн төлсөн барьцаа төлбөр 8,000,000 төгрөгөөс түрээс болон ашиглалтын зардлын үлдэгдлийн анхан шатны шүүхийн хасч тооцсон зөрүү 1,010,100 төгрөгийг хасаж, үлдэгдэл 6,989,900 төгрөгийг хариуцагч У- ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

 

1.4. Хариуцагч У- ХХК нь түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээсийн зүйлийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч И- ХХК-аас шаардаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээ дуусгавар болсон 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу 2 жил, 5 сарын дараа түрээсийн зүйлийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр сөрөг шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасан 6 сарын дотор нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн, Түрээсийн гэрээний 6.1, 6.3-т тус тус зааснаар түрээслэгчид түрээсийн талбайг хүлээлгэн өгөхдөө болон буцааж авахдаа хүлээлцэх акт үйлдээгүй, гэрээний заалтыг хэрэгжүүлээгүй тул түрээсийн зүйлийг анх хүлээлгэн өгөхөд ямар байдалтай байсан, буцаан авахад ямар байдалтай хүлээж авсан болохыг дүгнэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд заасан засварын зардал 6,989,900 төгрөгийг дэнчингийн 8,000,000 төгрөгөөс хасаж тооцоогүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

1.5. Нэхэмжлэгч И- ХХК түрээсийн гэрээний дэнчинд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүйгээс хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03322 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У- ХХК-аас 6,989,900 төгрөг гаргуулж хариуцагч У- ХХК-д олгосугай гэж,

3 дахь заалтын 53,887 гэснийг 70,049 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 145,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ