Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 207

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Х.Санжидмаа, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч С.Сугар,
Иргэдийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох 1830000840045 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр  сарын 05-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.



Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн харьяат, 1972 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Наран сумын 3 дугаар багийн Чулуутын ... тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Б нь  2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, Чулуутын ... тоотод буюу гэртээ Н.Птой маргалдаж, түүнийг авч гаран гэрийн гадаа дээш өргөж, хүзүүгээр нь газар унаган зодож эрүүл мэндэд нь “хүзүүний 6.7 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны эдийн бүрэн дарагдал, 4 мөчдийн саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал бүхий хүнд хохирол учруулсны улмаас  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх гэмтлийн хүндрэл болох 2 талын уушгины хатгалгааны улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нэг айлын хүргэн. Энэ хэрэг архинаас болсон. Өмнө нь архи уусан үедээ талийгаачтай муудалцаж байгаагүй. Ар гэрийнхэнтэй уулзаж, гэрт нь очиж байсан. Оршуулгын зардлыг төлсөн...гэв.

- Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манайд эхнэрийн эгч А, нөхөр Пын хамт хөдөөнөөс цагаан сараар хэрэглэх зүйлээ авна гээд ирсэн. Тэгээд дэлгүүрээр явж юмаа авчихаад манайд ирээд П  нэг шил Улаанбаатар архи задлахаар нь манай эхнэр О, А, П нар хувааж уусан. Ою манайд байсан. Би үнсээ асгачихаад эргээд ирэхэд дахиад архи гаргачихсан задлаад уугаад сууж байсан. Хэн архи авсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 3 шил Улаанбаатар архи уугаад, дахиад 2 сав хоёр литрийн пиво уусан. Ууж дуусгаад 14 цагийн орчимд манай эхнэр О гэртээ шинээр авсан хулдаасаа дэвсэх гэж байхаар нь би түүнд “Ямар удаан хийдэг юм, хурдал” гэж хэлсэн чинь П манай хойд орон дээр хэвтэж байснаа надад хандан “чи эхнэрээ загналаа, боль” гэхээр нь би “чамд хамаагүй” гэж хэлээд маргалдсан. Тэгээд маргалдаж байхдаа намайг “гуйлгачин” гэхээр нь “би гаръя” гээд заамнаас нь чирээд гэрээс гаргаад гэрийн урд талд аваачаад түүнийг өргөөд газар хүзүүгээр нь унагаад дээрээс нь дарсан. Энэ үед араас эхнэр А нь гарч ирээд намайг модоор цохиод хөмсөгнөөс цус гаргасан. Хашаан дотор Г болон Хонгор нар мориндоо тэжээл өгөөд зогсож байсан. Тэгээд Пыг босож чадахгүй болохоор нь эмнэлэг, цагдаа дуудсан. Эмч ирээд үзчихээд явсан. Эргээд эмчийг дуудсан чинь эмч ирээд Пыг аваад эмнэлэг явсан. Тухайн үед би Пыг намайг эхнэртэйгээ маргалдаж байхад дундуур ороод байхаар нь уурлаад маргалдсан. П бол намайг хэл амаар өдөөд байснаас биш зодож цохиогүй. Гэрээс чирээд гаргасан чинь миний нүүр рүү нэг удаа гараараа цохихоор нь зүүн талаараа тонгорч унагаасан чинь унахдаа эвгүй унасан. Ингээд босгох гэсэн чинь босохгүй байхаар нь Оютай дамнаж гэр рүү оруулж баруун орон дээр хэвтүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Чгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 10-даар байх цагаан сар болохын өмнөхөн манай төрсөн ах Пыг сумын төв дээр баз Бод зодуулчихаад гэмтээд сумын эмч аймаг руу аваад явсан гэдгийг сонссон. Ингээд аймагт эмчлэгдэж байгаад хүзүүний хагалгаанд орно гээд Улаанбаатар руу гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орчихоод 10 гаруй хоночихоод эмнэлгээс гараад 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийн эмнэлэгт хэвтсэн. Талийгаач зодуулснаасаа болоод доод мөч нь сул, гар нь сул болчихсон байсан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 00 цаг 40 минутын үед нас барсан. Талийгаачийн эхнэр А нь бичиг үсэг мэдэхгүй учраас бид ярилцаад намайг хохирогчоор оролцуулахаар болсон. Тэгээд ч талийгаачийн эхнэр А нь талийгаачийг зодсон Бын эхнэрийнх нь төрсөн эгч нь юм. Талийгаач Н.П анх биедээ гэмтэл авснаас хойш нас барах хүртлээ эмчилгээ хийлгэхэд 2.5 сая төгрөгийн зардал гарсан, нас бараад оршуулганд 5.8 сая төгрөгийн зардал гарсан, нийтдээ 8 300 000  төгрөгийн зардал гарсан учир нэхэмжилж байна... гэх  мэдүүлэг /хх- 07-12/
    
- Гэрч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Наран сумын төвд Бын гэрт Б түүний эхнэр О, манай нөхөр П болон Ою бид тав 0.5 литрийн 3 шил Улаанбаатар архи хувааж уусан. Тэгээд архи ууж дуусгаад 14 цагийн орчимд Б нь эхнэр Оийг хулдаас дэвсэж байхад гэнэтхэн хулдаасыг нь хуу татаад уурлаад загнаад байсан. Тэгэхээр нь талийгаач түүнийг боль гэсэн чинь уурлаад маргалдсан. Ингээд талийгаачийг хойд орон дээр хэвтэж байхад Б татаад аваад гарсан. Араас нь гарсан чинь гэрийнх нь урд талд хашаан дотор талийгаачийг унагачихсан Б дээр нь сууж байсан. Энэ үед гэрт О байсан. Би гарч очоод талийгаачийг босгох гэсэн чинь босохгүй байсан. Тэр үед Б над руу дайраад байсан. Тэгсэн чинь сумын цагдаа ирээд Быг гэрт нь оруулсан. Энэ үед талийгаач босож чадахгүй гадаа хэвтээд байхаар нь эмч дуудсан. Эмч ирээд талийгаачийг гудсан дээр өргөөд машиндаа аваад явсан. Талийгаач эмнэлэгт ирээд босож чадахгүй нэг хоноод маргааш нь эмч аймгийн эмнэлэг рүү авч явсан. Талийгаачийн хүзүү хугарсан гэмтэлтэй гээд Улаанбаатар руу явж хагалгаанд ороод 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймагт ирээд эмнэлэгт хэвтэж байгаад 03 дугаар сарын 13-ны шөнө нас барсан...” гэх мэдүүлэг /хх- 13-16/

- Гэрч Г.Оийн мөрдөн байцаалтанд  өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай эгч А, түүний нөхөр талийгаач П нар нь цагаан сарынхаа юмыг бэлдэнэ гээд хөдөөнөөс сумын төв дээр ирсэн. Тэгээд цагаан сарынхаа юмыг дэлгүүрээс аваад манайд авч ирээд талийгаач авсан архинаасаа нэг шил Улаанбаатар нэртэй архи гаргаад задлаад ууцгаасан. Энэ үед манай нөхөр Б, Ою, манай эгч А, талийгаач бид тав байсан. П ах дахин дэлгүүрээс 2 литрийн пиво аваад задлаад ууцгаасан. Гэрт А эгч, Б, Ою, талийгаач нар уугаад л суугаад байсан. Би гарч орж байхдаа ганц нэг аягыг уусан. Би гарч ороод байсан болохоор тэд яг хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна. Өдөр 14 цагийн орчимд гэрт орж ирэхэд тэд нэлээн согтоцгоосон байсан. Би гэрт ороод шинээр авсан хулдаасаа дэвсэж байсан чинь Б надад хандан “Чи ямар удаан дэвсдэг юм, хурдал” гэж хэлснээс бид хоёр маргалдсан. Энэ үед талийгаач П ах манай хойд орон дээр хэвтэж байсан бөгөөд Бод хандан “чи хүүхэд дээрэлхлээ, боль” гэсэн чинь Б “Чамд хамаагүй, хуцаад бай” гэж хэлээд Б талийгаачийг гаръя гээд чирээд шахуу аваад гарсан. Араас нь А эгч гарсан. Би хаалгаар шагайсан чинь гэрийн урд талд Б талийгаач П ахыг газар унагаачихсан дээрээс нь дарчихсан байсан. А эгч Быг салгах гээд модоор цохиж байгаа харагдсан. Энэ үед Ою гадаа байсан бөгөөд Х, Г гэдэг залуучууд ирчихсэн мориныхоо тэжээлийг өгч байсан. Удалгүй сумын төлөөлөгч Ба ирэхэд талийгаач гадаа унасан газраа ёолоод хэвтэж байсан. Төлөөлөгч “та нар энэ хүнээ гэртээ оруул, эмч дууд” гэж хэлсэн. Талийгаачийг Б болон эхнэр А нар нь өргөөд гэрт оруулаад эмч дуудсан. Ууганцэцэг эмч ирээд тариа хийчихээд босгох гэсэн чинь босож чадахгүй “Боо чи яагаад миний хүзүүн дээр дарчихваа” гээд ёолоод байсан. Тэгээд талийгаачийг гудсан дээр нь өргөөд эмнэлэг рүү авч явсан. Маргааш нь аймаг руу аваад явсан гэж сонсогдсон ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 27-28/

- Гэрч С.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэр өдөр 17 цагийн орчимд согтуу хүн хүнтэй зодолдоод босохгүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Б гэдэг айлын гадаа ирсэн чинь гэрийнх нь урд талд П гэдэг хүн согтуу байдалтай, газар ёолоод хэвтэж байсан. Дэргэд нь Б болон өөр хэд хэдэн хүн байсан. П нь нэлээн согтуу байсан учир зовууриа хэлэхгүй “сайхан байнаа” гээд байсан.Тэгэхээр нь гэрт нь оруулаад үзэх гэсэн чинь зовууриа хэлэхгүй согтуурхаад байхаар нь бие нь эвгүй болбол дахиад дуудаарай гэж хэлчихээд явсан. Эргээд дуудахаар очсон чинь амин үзүүлэлт нь хэвийн, доод мөч хөдөлгөөнгүй болохоор нь хүзүүний гэмтэлтэй байна гэж үзээд эмнэлэг дээр авч ирээд аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчээс зөвлөгөө авч 2018 оны 02 дугаар сарын 07-ны орой аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх- 19-20/
              
-Гэрч Л.Гын: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед хашаандаа ирээд морио харчихаад Бын руу ороход талийгаач П, түүний эхнэр А, Б, түүний эхнэр О нар архи уугаад сууж байсан. Би орчихоод л гарсан. 14 цагийн орчимд буцаад Хгийн хамт ирээд мориндоо тэжээл өгөх гэж байхад гэрт мууцалцаад байгаа бололтой чимээ гараад байсан. Бид хоёр айл руу явчихаад эргээд ирсэн чинь гэрийн гадаа урд талд  Б ах талийгаачийг газар унагачихсан дээрээс нь дарж байсан. Дэргэд нь талийгаачийн эхнэр байсан.Талийгаач бол ёолоод хэвтээд байсан... гэх мэдүүлэг /хх-21-23/,
           
- Гэрч А.Хын: Бын гэрт П, А, Ою, Бя ах, Бын эхнэр Т нар том савтай пиво ууцгааж байсан. Хөдөө яваад үдийн хойно ирэхэд Б, П ах 2 гэрийнхээ гадаа муудаад хэрэлдээд зогсож байсан. П ах гэрээс урагш хашааны хаалганы ойролцоо дээшээ хараад хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх- 38/,
            
- Гэрч С.Багийн: Бын хашаан дотор гэрээс нь урд зүгт Н.П нь дээшээ харчихсан, толгой нь хойд зүгт чигтэй согтуу хэвтэж байсан, гар хөл нь хөдлөөд байсан. Пыг гэр рүү нь өргөөд оруулж эмч үзээд “ хүн чинь согтуу байна” гэсэн. Биед нь ил харагдах гэмтэл байхгүй байсан. Хүмүүс Бтой муудаад гарсан, гэрийн гадна Б нь Пыг зодсон гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-39/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай: 1.Талийгаачийн биед хүзүүний 6.7 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны эдийн бүрэн дарагдал, 4 мөчдийн саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай зааврын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 5.Талийгаач дээрх гэмтлийн хүндрэл болох 2 талын уушгины хатгалгааны улмаас нас баржээ. 6.талийгаачийн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. 7.Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 8. Талийгаачид эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн байх ба амь насыг аврах боломжгүй байна ” гэх дүгнэлт/хх- 67- 70/,

- 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааны актанд: 1.Б.Б нь сэтгэцийн хурц ямар нэг өвчингүй.  2. Б.Б нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Б.Б нь хэрэг хариуцах чадвартай ” гэжээ /хх-ийн 74- 76/

-  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-05/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. /хх- 40/

-  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-р хуудас/

-  Хохирогч Н.Пын эмчлүүлэгчийн карт /хх-ийн 45-53/

- Хохирогч Н.Пын Өвчний түүх /хх-ийн 54-66/

- Хохирогч Н.Пын 0000202070 дугаартай нас барсны гэрчилгээ /хх- 104/
- Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт  /хх-ийн 101-р хуудас/

- Б.Б, Г.О нарын 0184174 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх- 100/

-Б.Бын хүү Б.Уийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 107/

-Б.Бын охин Б.Нийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 108/
- Б.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/

-  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэсэн огноотой 2018 оны 11 сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт...зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, Чулуутын ... тоот дахь өөрийн гэртээ Н.Птой маргалдаж, түүнийг гэрээс авч гаран гэрийн гадна тонгорч, толгойгоор нь газар унаган эрүүл мэндэд нь “ хүзүүний 6.7 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны эдийн бүрэн дарагдал, 4 мөчдийн саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал” бүхий хүнд хохирол учруулсны улмаас Н.П нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх гэмтлийн хүндрэл болох 2 талын уушгины хатгалгааны улмаас нас барсан болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч, гэрч Г.А, Г.О, С.У,  Л.Г, А.Х, С.Ба нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааны акт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Тухайн хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ, үл ялих зүйлээр буюу Н.Пын “ эхнэрээ дээрлэхлээ “ гэж хэлснээс шалтаглан маргаан эхлүүлж, улмаар Н.Пыг гэрээс авч гаран тонгорч, толгойгоор нь газар унаган зодсоны улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч, уг гэмтлээс шалтгаалан хохирогч нас барсан нөхцөл байдал тогтоогдоно.
Үүнээс дүгнэвэл, Б.Б нь хохирогч Н.Пт хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан буюу гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүйг, түүний үйлдлээс бусдын биед гэмтэл, хохирол учрах боломжтойг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн тонгорч унаган эрүүл мэндэд нь зориуд хохирол, хор уршиг учруулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн амь хохирогчийн нас барсан шалтгааны талаар “Н.П тухайн гэмтлийн хүндрэл болох хоёр талын уушигны хатгалгаанаас болж нас барсан гэж шинжээч эмчийн дүгнэлт гарсан байдаг. Тухайн хүний амь насыг аврах боломжгүй гэдэг нь уушигны хатгалгаа юм уу, хүзүүний гэмтлийн алинаас болсныг нарийн тогтоосон зүйл шинжээчийн дүгнэлтэнд байдаггүй “гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.
Учир нь энэ хэрэгт шинжээч өөрийн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд дүгнэлт гарган “ амь хохирогч Н.П  хүзүүний 6.7 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны эдийн бүрэн дарагдал, 4 мөчдийн саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал  бүхий хүнд гэмтэл авч, уг гэмтлийн хүндрэл болох 2 талын уушгины хатгалгааны улмаас нас барсан “ болохыг тогтоож, мөн талийгаачид эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн, амь насыг аврах боломжгүй талаар дүгнэсэн хийгээд энэ үүнийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий нотлох баримтаар няцааж, үгүйсгээгүй байна.
Мөн тодруулахад, хохирогч Н.П нас барсан нь шүүгдэгч Б.Бын түүнд хүнд гэмтэл учруулсан үйлдэл, уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүссэнтэй шууд шалтгаант холбоотой байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Бын, хохирогч Н.Пыг зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулан, уг гэмтлээс шалтгаалан хохирогч нас барсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол буюу амь хохирогчийн эмчилгээ, оршуулгын зардалд 5.000.000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Н.Пын хууль ёсны төлөөлөгч Н.Ч би Боос хохирол болох оршуулга, замын зардал, эмчилгээний төлбөр болон бусад зардлуудыг бүрэн барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Түүнд холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү ” гэсний дурдъя.

Шүүгдэгч Б.Бын гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн эмчилгээний төлбөр, оршуулгын зардал зэрэг бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч “ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хөнгөн шийдвэрлэнэ үү” гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Бын энэ хэргийн улмаас 31 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч  Б.Быг  хүний  эрүүл  мэндэд   хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Быг 4 /дөрөв / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бод оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан ялтан Б.Бын цагдан хоригдсон 31 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бод шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Б.Бод холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан эдийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.