Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 208

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Л.Батжаргал, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,  
Иргэдийн төлөөлөгч З.Энхтуяа,                 
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох 1830000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 2 дугаар багийн “Ц”-ны задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  Б.Э.

Холбогдсон хэргийн талаар / прокурорын яллах дүгнэлтээр/:
 
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газарт А.Нг зодож, алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 07 сарын 19-ний өдөр 1 цагийн үед гэртээ гагнуур хийдэг газраа байсан. Манай найз С, Б, талийгаач  нар манайд ирэхдээ 1 шил 0.75 литрийн архи авчирсан. Тэр архийг ууж байхдаа талийгаач Бо 2 маргалдаж байсан. Би Стай юм яриад сууж байсан. Тэр 2 архинаас нэг нэг удаа уусан, их уугаагүй. Цонхоор харахад талийгаач Бо 2 гадаа зууралдаад дээр доороо ороод байж байсан. Намайг гарахад С араас дагаад гарч ирсэн. Би гадаа Боыг юу гэж та 2 муудаад байгаа юм бэ гэсэн. Бо манай найзын дүү юм. Тэгээд би талийгаачтай муудсан. Талийгаач нэг удаа ял шийтгүүлж, шоронд орж байсан. Талийгаачтай муудлаа гээд Боыг би нэг алгадсан. Тэгээд эргээд хартал талийгаач надруу дайрсан. Талийгаач бид 2 барьцалдаж аваад, би талийгаачийг цохих гэсэн боловч оноогүй. Талийгаач миний эрүү рүү өшиглөхөд би ард байсан блоконд бүдрээд доошоо харахад газар нэг төмөр байсан. Би тэр төмрийг шүүрч аваад талийгаачийг унаж байхад 2 удаа цохисон. Тэгээд ухаан алдсан байхаар нь байшингийн үүдэнд байсан шар савтай усаар толгойг нь шавшаад,  фудволкоо ураад толгойг нь боосон. С бид 2 түргэн дуудах уу гэхэд талийгаач зүгээр зүгээр гэж хэлсэн. Байшин руу ороод талийгаачийг орон дээр хэвтүүлсэн. Талийгаач 00 оръё гээд гадаа гарахад газар хэвтээд өгсөн. Тэгээд С явсан. Манай хүргэн дүү нар Дорнод аймгаас ирэх гээд, мөн аав Улиастай явсан байсныг би хүлээгээд байж байсан. Гэрийхэн ирэх гээд хүргэн бид 2 талийгаачийг зүлгэн дээр аваачиж хэвтүүлсэн. Манай гэрийхэн ирээд, дүү хоол идмээр байна гээд би хүргэнтэйгээ хоолонд явсан. Тэр үед манай гэрт хүн байхгүй, эхнэр хүүхдүүд хөдөө явсан байсан. Би хоолны газар 30-40 минут хүлээж байгаад хоолоо аваад гэртээ ирэхэд талийгаачийн хамаатан Шарка манайд ирчихсэн, юу болсныг асуухад бид хоёр жаахан маргалдаад би толгойг нь хагалсан юм гэж хэлсэн.  Шарка ах гараад буцаад орж ирэхдээ талийгаач сонин болчихсон байна гэсэн. Тэгээд очтол талийгаач нас барсан байсан. Шарка ах цагдаа дуудсан. Би аавдаа хүү нь хүн алчихлаа гэж хэлсэн/уйлав/. Ийм л зүйл болсон. Би хийсэн хэрэгтээ маш  их гэмшиж байна... гэв.

- Яллагдагч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: Надад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 2 дугаар багийн нутаг Цгийн задгайд байх гэртээ байж байхад 14 цагийн үед С, талийгаач Н, Бо нар манай гэрт ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Ерөөл” архи гаргаж ирэхээр нь тэрийг нь бид дөрөв хувааж уусан. Тухайн үед Бо, талийгаач хоёр манай гэрийн гадаа барилдаад байхаар нь би зодолдож байна гэж бодоод гэрээс гараад Боыг алгадаад “та хоёр яагаад байгаа юм бэ” гэж хэлээд, эргэж хараад Нг “чи үхсэндээ маргалдаад байгаа юм бэ” гээд талийгаачийг би цохих гэтэл бултангуутаа миний эрүү рүү өшиглөхөөр нь би арагш болж байхад миний хөлөнд чулуу тээглэхээр нь доошоо хартал улаан хүрэн өнгийн угольник төмөр харагдахаар нь барьж авсан.Тэгэхэд С талийгаачийн наад талд, талийгаач над руу хараад зогсож байхаар нь төмрөөрөө талийгаачийн толгой руу цохиход талийгаач газар унаад босч байхаар би цээж рүү нь төмрөөрөө хоёр удаа цохиход талийгаач ухаан алдсан байдалтай газар унаад өгсөн. Тэгээд би эргэж байшин руугаа ороод 20 литрийн шар савтай ус гаргаж ирээд цээж толгойг нь норгоод сэрээсэн. Тэгээд газар босгож суулгаад талийгаачийн толгойг өөрийнхөө өмсөж байсан цамцаа тайлж толгойг нь боож орхиод “эмч дуудах уу” гэхэд талийгаач надад хэлэхдээ “зүгээрээ, би чамд гай болохгүй” гээд буцаад хэвтээд өгсөн. Тухайн үед Бо нь гэртээ харьсан байсан. Харин С бид хоёр талийгаачийг гэртээ оруулж орон дээрээ хэвтүүлэхэд гарч бие засмаар байна гээд байсан болохоор нь эргэж гэрээсээ гаргаад гадаа гаргахад мөн газар хэвтээд өгсөн. Тэр үед С “гэртээ харилаа” гээд яваад өгсөн. Тэгэхэд хөдөөнөөс Бямбасүх ирээд “хөдөө гадаанаас хүмүүс ирэх гэж байна” гэхээр нь талийгаачийг Бямбасүхийн хамт гэрээс зүүн тийш сугадаж өвсөн дээр аваачиж хэвтүүлсэн. Тэгээд манай гэрийнхэн ирцгээж, би хоол унданд яваад гэртээ ирээд байж байхад манай гэрт Б ах ирээд талийгаачийг асуухаар нь “бид хоёр маргалдаж зодолдсон, одоо манай гэрийн зүүн талд байгаа” гэхэд Б ах талийгаач руу очиж ирээд “өнгөрчихсөн байна” гэж хэлэхээр нь би Б ахтай талийгаач руу очиход өнгөрчихсөн, харин Б ах эмнэлэг, цагдаа дуудахаар явж би эргээд гэр лүүгээ уйлаад гүйсэн. Тийм л юм болсон. Тухайн үед талийгаач манай гэрт ирэхдээ биед нь бол ямар нэгэн шарх сорви харагдаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ухамсарлаж байн... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын: Би Сүхбаатар аймгийн Эцагаан сумын төвөөс урагшаа 25 километрт буюу Х гэх газар төрсөн хүү Н, талийгаач Н нарын хамт амьдардаг юм. Би өөрөө бие муутай болохоор цаашид мэдүүлэг өгч чадахгүй учир Г.Нийг төлөөлүүлж мэдүүлэг өгүүлнэ. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн дүү Н хөдөө гэрт маань 21 цагийн үед ирээд хүүг маань хүнд зодуулаад бие нь муу байна гэж надад хэлсэн. Тэгээд би, дүү Нийн хамт машинтай Эцагаан сумын төв дээр маргааш өдөр нь буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сумын эмнэлэг дээр ирж мэдсэн. Ер нь бол яг юу болсон талаар мэдээгүй байж байгаад сүүлд Э гэх хүнд зодуулж нас барсан гэдгийг нь мэдсэн. Манай талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Манай талийгаач маань ер нь архи дарс уухаараа агсан согтуу тавьдаг. Эрүүл дээрээ ажилсаг үг дуу цөөнтэй хүн байсан. Эцагаан сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийг дүүргээд сургуулиас гарсан. Талийгаач өөрөө малд сонирхолтой, сургуульд сурах дургүй байсан учир өөрийн хүсэлтээр сургуулиас гарсан. Урьд өмнө нь архи дарс уугаад хүнтэй маргалдаж, хүн зодсон хэргээр Багануурын хорих ангид ял эдэлж дуусаад, дахин хүн зодож танхайраад Хэнтий аймгийн хорих ангид 3 жил ял эдэлж дуусаад 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гэртээ ирчихээд байсан юм. Хэнтий аймаг руу урьд хийсэн хэргийнхээ хохирол барагдуулна гэж яваад 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан сумандаа ирчихээд байж байгаад өнгөрчихлөө. Миний хүүг эмнэлэгт аваачиж үзүүлсэн бол амьд байх боломж байсан ч юм билүү гэж бодож байна. ...Манай хүүгийн амь насыг хохироосон Эын ар гэрийнхэн эд материал болон сэтгэл санааны тал дээр их тусалж дэмжиж байгаа. Тийм болохоор миний бие Эт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 22/,

- Хохирогч Г.Нийн: Би Сүхбаатар аймгийн Эцагаан сумын төвөөс урагшаа 25 километрт буюу Х гэх газар эхнэр Я, хүү Н, охин У нарын хамт амьдардаг бөгөөд манай гэрийн хажууд миний төрсөн эгч Г.А нь хоёр хүүхэд болох Н, талийгаач Н нарын хамт амьдардаг юм. Манай төрсөн эгч Г.А нь бичиг үсэг мэдэхгүй бас бие муутай болохоор мэдүүлэг өгөх чадваргүй байгаа, мөн талийгаачийн төрсөн дүү Н нь сургуульд яваагүй бичиг үсэг мэдэхгүй учир би өөрийн төрсөн эгчийн хүүхэд болох талийгаач Нгийн хохирогчоор оролцож мэдүүлэг өгнө. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай хамаатны залуу болох Шарка буюу Д.Б 16 цагийн үед манай гэрт ирж “талийгаачийг хүнд зодуулаад өнгөрчихсөн байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Ягийн хамт талийгаачийн байгаа гэх газар руу нь яваад очиход талийгаач маань толгойны оройн хэсэг дээр нь хагарчихсан цус нөжгүй угаачихсан байдалтай байхаар нь тэндээсээ шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай талийгаач маань ээж Г.А, дүү Н нарын хамт манай гэрийн хажууд амьдардаг байсан. Манай талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Талийгаач маань ер нь архи дарс уухаараа агсан согтуу тавьдаг, эрүүл дээрээ ажилсаг, үг дуу цөөнтэй хүн байсан. Эцагаан сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийг дүүргээд сургуулиас гарсан. Талийгаач өөрөө малд сонирхолтой сургуульд сурах дургүй байсан учир өөрийн хүсэлтээр сургуулиас гарсан. Урьд өмнө нь архи дарс уугаад хүнтэй маргалдаж, хүн зодсон хэргээр Багануурын хорих ангид ял эдэлж дуусаад дахин хүн зодож танхайраад Хэнтий аймгийн хорих ангид 3 жил ял эдэлж дуусаад 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гэртээ ирчихээд байсан юм. Хэнтий аймаг руу урьд хийсэн хэргийнхээ хохирол барагдуулна гэж яваад 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эцагаан сумандаа ирчихээд байж байгаад өнгөрчихлөө. Ер нь бол талийгаачийн ар гэр болох манай төрсөн эгч Г.А болон дүү Н нарыг би авч явж тэжээн тэтгэдэг. Талийгаачийн ч буруу байгаа байх. Тийм учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Адилхан архи ууж, архи уугаагүй хүний гэрт архи аваачиж ууцгааж ийм хэрэг гарсан болохоор гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Эын ар гэр нь ядуу амьдралтай учир энэ хүнээс юу нэхэмжлэхэв дээ. Өөрсдөө сэтгэлээрээ мэдэх байлгүй дээ гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

    - Гэрч Б.Бийн: 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед С, Н, Бо, Э нар нь Э ахын гэрт 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд миний төрсөн охин 2 настай Ял уйлаад байхаар нь байшингийн ард талын сүүдэрт охинтойгоо сууж байхад байшингийн урд хүмүүс шуугилдаад байхаар нь байшин тойроод очиход Э ах нь гартаа төмөр барьчихсан Нг цохиод унагаачихсан. Тэгээд төмрөөрөө цээж рүү нь 2 удаа цохихоор нь би төмрийг нь булааж аваад Э ахыг тэвэрч аваад цаашаа салгаж аваад 10 минут орчим гэрт нь байлгаж байгаад эргээд Э ахын хамт байшингаас гарч ирэхэд Н газар хэвтсэн чигээрээ байсан. Э ах ч тайвшраад Нг сэрээх гээд ус цацаж сэрээгээд өндийлгөөд газар суулгаж байхаар нь би эхнэр О, охин Ял, хүү 1 настай Яла нарынхаа хамт хөдөө мал эзэнгүй байсан болохоор хөдөө гэр рүүгээ явсан. Тухайн үед бид нарыг хөдөө гэр рүүгээ явах үед С, Бо нар нь явцгааж, гэрт Э, Н хоёр үлдсэн. Намайг хамгийн сүүлд харахад Н газар хэвтээд босохгүй байсан. Тэгэхээр нь Э ахын хамт талийгаачийг байшингаас зүүн тийш, зүүн айлын хашааны наана өвсөн дээр хэвтүүлээд явахад юм ярихгүй газар өнхөрөөд байсан. Би тухайн үед “түргэн дуудъя” гэхэд Э ах “хэрэггүй, зүгээр” гээд байхаар нь би орхиод эхнэр хүүхэдтэйгээ хөдөө явсан. Нгийн толгой нь орой хэсэгтээ зүсэгдсэн шархтай тэрнээс нь цус гараагүй, цээж хэсэг дээр нь хөхөрч няцарч улайсан байсан. Э, Н хоёр ямар шалтгааны улмаас зодолдож цохилцсон талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаач хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан мөн зодолдож цохилцсон асуудал гаргаагүй. Харин Э ахад л зодуулсан. Өөр хэн нэгэнд зодуулж цохиулаагүй. Э, Н хоёрыг зодолдож байх үед хажууд нь С, Бо, манай эхнэр О, миний хүүхдүүд болох Яла, Ял бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Намайг байшингийн ард сууж байхад хүмүүс шуугилдахаар нь байшин тойроод очиход Э ах Нгийн толгойг нь хагалчихсан байсан. Харин намайг харж байхад цээж рүү төмрөөр 2 удаа цохиж байхаар нь би гүйж очиж салгасан. Харин өөр хаана нь зодож цохисон талаар мэдэхгүй байна. Талийгаач А.Н, Э, С, Бо нар нь нилээн согтуу байсан. Ерөнхийдөө юм санахааргүй согтсон юм шиг харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

- Гэрч Д.Сы : 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Э ахындаа унтаж байхад танил дүү болох Бо ирээд бид хоёр “О” дэлгүүр орж 0.5 литрийн “Ерөөл” архи аваад буцаж Э ахынд ирэхэд талийгаач А.Н, Ц хоёр ирчихсэн байхаар нь дөрвүүлээ архиа хувааж уугаад дахин нэг шил архи авч ууя гээд би “Э” дэлгүүр орж 0.75 литрийн “Ерөөл” архи аваад тэрийг Ч голын эрэг дээр очиж мөн дөрвүүлээ хувааж уугаад дуусах үед Ц согтохоор нь жишиг хороололд байх Х /албан ёсны нэрийг мэдэхгүй/ гэх айлынд хүргэж өгчихөөд талийгаач Н, Бо бид гурав “Э” дэлгүүрээс дахин нэг шил 0.75 литрийн “Ерөөл” архи авч Ч голын урд байх Эынд очиход Э гэрийнхээ амбаартаа сууж байхаар нь архиа бид нар гаргаж ирээд гэрт нь орж дөрвүүлээ хувааж ууж байхад өдөр 13 цаг болж байх шиг байсан. Тухайн үед Бо, талийгаач А.Н хоёр хоорондоо “дараа жил сумынхаа наадмаар начин болно” гэх зэргээр бөх ярилцаж байгаад гэрээс гараад тэр хоёр барилдаж байх үед Э бид хоёр гэртээ үлдчихсэн архиа ууж байтал Э гадаа барилдаж байгаа хоёрыгоо ороод ирээ гээд хашгирахад гэрт орж ирэхгүй болохоор нь Э гэрээс гарахаар нь би араас нь 5 алхмын зайтай дагаад гарахад Э талийгаачтай шууд үгийн зөрөө байхгүй барьцалдаж авахаар нь би Эын араас нь тэврээд салгаж байхад талийгаачийн толгойг нь хагалчихсан. Тухайн үед би Эыг төмөр барьсныг нь хараагүй юм. Тэгтэл мөн Бо тухайн үед хэлэхдээ “Э ах яагаад намайг цохиж байгаа юм бол” гээд гайхаад надаас асууж байсан. Тэгээд тэр хоёрыг салгачихаад талийгаачийн толгойг нь харахад нилээн хагарсан байхаар нь Э цагаан цамц гаргаж тэрийгээ урж талийгаачийн толгойг боосон. Мөн шар 20 литрийн савтай ус гаргаж ирээд усаар угааж арчаад талийгаачийг гэрт Эын хамт оруулж орон дээр хэвтүүлэхэд ёолоод байсан. Тэгээд Э надад хэлэхдээ “Манай дүү ирж байгаа, чи сумын төв дээгүүр явж байгаад оройхон хүрээд ир” гэхээр нь “за тэгье” гэж хэлчихээд гэрээс гарахад Бо явчихсан байхаар нь сумын төв рүү ортол Б, Э гээд хоёр өвгөн ах таараад тэр хоёртой явж байгаад гэртээ харьсан. Талийгаач хамгийн сүүлд Эт толгойгоо хагалуулчихаад юм ярихгүй гэрт оруулахад ганц хоёр удаа ёолоод өөр юм юу ч яриагүй. Талийгаач 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед надтай уулзсанаас хойш хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан мөн зодолдож цохилцсон асуудал гаргаагүй. Харин Эынд очиж архи ууж байхдаа Эт төмрөөр цохиулсан. Өөр хэн нэгэнд зодуулж цохиулаагүй. Би тухайн үед байшингийн цонхоор нэг харахад талийгаач А.Н, Бо хоёр хоорондоо барилдаж байсан. Харин хэн нэгнийгээ унагаахыг нь хараагүй. Бид нар бүгдээрээ нилээн согтуу байсан. Талийгаач А.Н ч гэсэн нилээн согтуу гэхдээ хөл дээрээ алхаж чадаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

- Гэрч О.Боын: 2018 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед С ахтай утсаар яриад Э гэх айлд би очиж бид хоёр “Э” дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” архи аваад буцаж Э ахын гэр рүү очиход талийгаач А.Н, Ц ах хоёр ирчихсэн байхаар нь авчирсан архиа дөрвүүлээ уугаад дахин 0.75 литрийн “Ерөөл” архины мөнгө Ц ах өгөхөөр нь би талийгаачтай хамт дэлгүүр орж аваад Ч голын эрэг дээр очиж дөрвүүлээ мөн архиа хувааж уугаад Ц ахыг жишиг хороололд байх танихгүй айлд хүргэж өгөөд талийгаач, С ах нарын хамт голын урд байх Э ахын гэр рүү нь очихоор болж замаараа дэлгүүр орж 0.75 литрийн “Ерөөл” архи аваад Э ахынд очиход Э ах гэртээ эмэгтэй дүү О, хүргэн Бямбаа нар байсан. Тэгээд талийгаач А.Н, С, Э нарын хамт дөрвүүлээ авчирсан “Ерөөл” архиа ууж байхад талийгаачтай бөх барилдаан ярьж байсан чинь талийгаач надад хэлэхдээ “Хоёулаа нэг барилдъя” гэхээр нь бид хоёр гэрээс гараад гэрийн урд барилдахад талийгаач миний хөлийг аваад өргөж намайг унагаад намайг татаж босгоод хоёулаа гэр рүү орж байтал өөдөөс Э ах гарч ирээд шууд талийгаач руу дайраад гараараа цээж рүү нь хэд хэд цохиход талийгаач мөн Э ахын нүүр рүү нь цохисон. Тухайн үед С Э ахын араас нь гарч ирээд тэврээд авахад дийлдэхгүй дайраад, харин би мөн салгах гэхэд над руу мөн Э ах дайраад байхаар нь би гэр рүү орж малгайгаа аваад гараад ирэхэд Э ах гартаа төмөр барьчихсан, талийгаачийн толгой руу нь цохиж толгойноос нь цус гараад харин С ах Эыг салгах гээд тэврээд байж байхад байшингийн баруун талын айлаас Э ахын хүргэн Бямбаа нь мөн гарч ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд би С ахад “дүү нь хөдөө явлаа, ажилтай болчихлоо” гээд сумын төвд байх гэртээ ирэхэд 15 цаг болж байсан. Тухайн үед Э ах мөн над руу “бацаан минь, чамайг ална шүү” гэх зэргээр дайраад байсан болохоор би гэртээ харьсан. Тухайн үед би гэртээ явах гэж байхад талийгаачийн толгойг нь Э С ах хоёр усаар угааж байхад би явсан. Надтай барилдаж байх үед бол зүв зүгээр инээгээд юм ярилцаж байсан. Би Э ахаас “талийгаачийг гайгүй юу” гэж асуухад надад хэлэхдээ “би мэдэж байна, гайгүй ээ” гэж хэлж байсан. Талийгаач 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр надтай уулзсанаас хойш хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан мөн зодолдож цохилцсон асуудал гаргаагүй. Харин Э ахынд очиж архи ууж байхдаа Э ахад зодуулсан. Өөр хэн нэгэнд зодуулж цохиулаагүй. Талийгаач бид хоёр гэр рүү орж байхад Э ах гарч ирээд талийгаачийн нүүр рүү мөргөж, гараараа баруун шанаа руу нь, хөлөөрөө цээж рүү нь жийж өшиглөж байхад нь С ах Э ахыг тэвэрч аваад салгасан. Харин би салгах гэхэд Э ах над руу дайраад байсан болохоор зайнаас харж байгаад ер нь явъя гэж бодоод гэр рүү орж малгайгаа аваад гараад ирэхэд Э ах төмөр барьчихсан толгой руу нь яг цохиж байсан тэгээд дахин цээж рүү нь нөгөө төмрөөрөө дахин цохиход нь цаанаас Э ахын хүргэн Бямбаа ирээд С ахтай нийлж байгаад салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

-    Гэрч Д.Бын: 2018 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед талийгаач Н нь манай хөдөө гэрт ирээд “ахаа мотоциклио өгчих сум орчихоод ирье” гээд аваад явсан. Тэгээд орой 17 цагийн үед талийгаачийг ирэхгүй болохоор нь гар утас руу нь залгахад холбогдохгүй байхаар нь 17 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төв ирж талийгаачийг хайгаад хэд хэдэн айлаар яваад олдохгүй байхаар нь Ч голын урд талын хорооллоор хайгаад явж байтал миний мотоцикл харагдахаар нь яваад очтол Б.Эын гэрийн гадна байхаар нь гэр рүү ороход талийгаач байхгүй Эын аав Батсайхан, Эын эмэгтэй дүү нар нь байхаар нь би Батсайхан ахаас талийгаачийг асуухад мэдэхгүй байсан. Тэгээд гэрийнх нь гадаа суугаад Эыг хүлээгээд сууж байхад хойноос мотоциклтой ирэхээр нь Эаас талийгаачийг асуухад “манай байшингаас зүүн тийшээ хашааны наана баруун талд өвсөн дээр хэвтэж байгаа” гэхээр нь би талийгаач руу очиход талийгаач дээшээ хараад хэвтчихсэн, ам нь хагас ангайсан нас барчихсан харагдахаар нь эргэж Эын гэр рүү орж Эт “Н өнгөрчихсөн байна ш дээ” гэхэд Э “аан юу яриад байгаа юм бэ, дөнгөж саяхан хөдөлж байсан ш дээ” гээд надтай хамт талийгаач дээр очиж хараад Э уйлаад гэр рүүгээ гүйгээд явахаар нь би ах Нид утсаар Нг өнгөрсөн талаар хэлээд цагдаа эмнэлэгт мэдэгдсэн. Талийгаач А.Н тэр өдөр манай гэрт ирэхэд ямар нэгэн бэртэл гэмтэлгүй зүв зүгээр явж байсан. Тухайн үед Э нь надад хэлэхдээ “Талийгаачтай муудалцаж толгойг нь хагалсан гэж надад ярьж байсан. Талийгаачийг харахад толгой нь хагарсан, цээж нь юмаар цохиулж зулгарсан юм шиг харагдсан. Б.Э архи согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.Эийн: 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед би гэртээ байж байхад манай гэрийн баруун талын хөрш болох Эын гэрийн гадна хүмүүс бөөгнөрчихөөд гэрээсээ гарч ороод байх шиг байсан. Би илүү гэрээсээ гараад баруун талын гэр рүүгээ орох гэж байхад нэг хүн ус өгөөч гэж орилж байх шиг байсан. Тухайн үед ойролцоогоор 14 цагийн орчимд манай хашааны баруун талд нэг хүн цаашаа хараад цээж нүцгэн хөдөлгөөнгүй хэвтэж байхыг нь харсан...” гэх мэдүүлэг,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг / хх 2-11/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол.2018.07.19. / хх 12/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. 2018.07.20. /хх-13-14/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 41-45/,
    - “ Э ЭХТА –ийн 10.1.1 “ гэсэн бичвэртэй 4 минут 59 секундийн дуу-дүрсний бичлэг бүхий цагаан өнгийн сиди
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний актанд: Талийгаач А.Нгийн цогцост гавлын зулай ясны дотор ханын цуурсан хугарал, зулайн хуйхны язарсан урагдал, цус хуралт, зүрхний урд ханын цэгэн цус хуралт, /зүрх доргилт/, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цус алдалт /хэвлийд 3000 мл орчим сул шингэн/ элэгний урд гадаргуугийн няцрал, ходоод орчмын сэмжний цус хуралт, нойр булчирхайн цус хуралт, өвчүүний гадна доод хэсэгт, зүүн хөх махны дор хөндлөн байрлалтай, хэвлийн зүүн хэсэгт, зүүн мөрөнд, цээжний зүүн талд 12-р хавирга орчим, зүүн шууны дотор дунд хэсэгт, зүүн бөөр орчимд, баруун зүүн өвдгөнд, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралтууд, цээжний гол хэсэгт, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Талийгаач А.Нгийн  цогцост үүссэн гэмтлүүд нь амьд үедээ үүсгэгджээ. Талийгаач А.Н нь хэвлийн битүү гэмтлүүдийн улмаас зүрхэнд доргилт үүсч, дэлүү задарч хэвлийн дотуур цус алдаж нас баржээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин байхгүй байна. Талийгаач А.Н нь нас барахдаа хүнд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,

- Шүүхийн шинжилгээний албаны шүүх химийн шинжилгээний 108 дугаартай: Б.Эаас авсан гэх цусанд 0.9 промилль этилийн спирт илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 58/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадалгааны 13 тоот дүгнэлтэнд: Б.Э нь сэтгэцийн хурц эмгэггүй. Б.Э нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Э нь одоогоор хэрэг хариуцах чадвартай... гэжээ. /хх-ийн 63/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааны акт №13 /хх-60-63/
    - Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018.07.23-ны өдрийн 02/165 дугаартай тодорхойлолт /хх-92/
    -Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2018.07.24-ний өдрийн 65 дугаартай тодорхойлолт /хх-93/
-   Б.Эын иргэний үнэмлэхийн хуулбар / хх-94/,

- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-107/

-    Б.Эын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх- 108/

-    Сүхбаатар аймгийн Эцагаан сумын иргэдийн хүсэлт. 2018.10.03.

-  Нас барсан тухай гэрчилгээ. /хх-109/
- Шүүхийн шинжилгээний албаны шүүх химийн шинжилгээний 94 дугаартай: Талийгаач А.Нгээс авсан гэх цусанд 3.1 промилль этилийн спирт илэрлээ. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 48/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Эцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Ц” задгайд байх өөрийн гэрийн гадна  А.Нгийн цээжин тус газар өшиглөх, төмрөөр зохих зэргээр зодож ” гавлын зулай ясны дотор ханын цуурсан хугарал, зулайн хуйхны язарсан урагдал, цус хуралт, зүрхний урд ханын цэгэн цус хуралт, /зүрх доргилт/, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цус алдалт /хэвлийд 3000 мл орчим сул шингэн/ элэгний урд гадаргуугийн няцрал, ходоод орчмын сэмжний цус хуралт, нойр булчирхайн цус хуралт, өвчүүний гадна доод хэсэгт, зүүн хөх махны дор хөндлөн байрлалтай, хэвлийн зүүн хэсэгт, зүүн мөрөнд, цээжний зүүн талд 12-р хавирга орчим, зүүн шууны дотор дунд хэсэгт, зүүн бөөр орчимд, баруун зүүн өвдгөнд, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралтууд, цээжний гол хэсэгт, баруун өвдгөнд цус хуралт “ бүхий гэмтэл учруулан, алсан болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А, Г.Н, гэрч Б.Б, Д.С, О.Бо, Д.Б, Ц.Эчимэг нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт,Шинжээчийн 38, 94,108 тоотдүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын  магадалгааны 13 тоот акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг /хх- 3-9/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-41-44/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Тухайн хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ, ямар нэгэн шалтгаангүйгээр А.Нг цээжин тус газар өшиглөх, төмрөөр зохих зэргээр зодож, түүний учруулсан хэвлийн битүү гэмтлүүдийн улмаас талийгаач А.Нгийн зүрхэнд доргилт үүсч, дэлүү задарч хэвлийн дотуур цус алдаж амь нас нь хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ нь гэрч Б.Бийн “Э ах нь гартаа төмөр барьчихсан Нг цохиод унагаачихсан, төмрөөрөө цээж рүү нь 2 удаа цохихоор нь би төмрийг нь булааж авсан. Нгийн толгой нь орой хэсэгтээ зүсэгдсэн шархтай тэрнээс нь цус гараагүй, цээж хэсэг дээр нь хөхөрч няцарч улайсан байсан ” гэх,
гэрч О.Боын “ талийгаач А.Н бид хоёулаа гэр рүү орж байтал өөдөөс Э ах гарч ирээд шууд талийгаач руу дайраад гараараа цээж рүү нь хэд хэд цохиход, талийгаач мөн Э ахын нүүр рүү нь цохисон. Э ах төмөр барьчихсан толгой руу нь яг цохиж байсан. Тэгээд дахин цээж рүү нь нөгөө төмрөөрөө дахин цохисон” гэх,
гэрч Д.Сы “ Э гэрээс гарахаар нь би дагаад гарахад Э талийгаачтай шууд үгийн зөрөө байхгүй барьцалдаж авахаар нь би Эын араас тэврээд салгаж байхад талийгаачийн толгойг хагалчихсан. Тухайн үед би Эыг төмөр барьсныг нь хараагүй юм” гэх мэдүүлэг гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдсон байна.

    Б.Э гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг төмрөөр цохиж амь насыг хохироожээ.

    Шүүгдэгч Б.Эын А.Нг төмрөөр цохиж амь насыг хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Б.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зардалд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н“ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэснийг дурдъя.

Б.Эын амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал  болох ба харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн “ Миний үйлчлүүлэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж тусгай ангид заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү ”  хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Б.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 -т зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайлбал, шүүгдэгч нь гэмт хэргийг ямар ч шалтгаангүйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний биед гэмтэл учруулах нь тодорхой эд зүйлийг мэдсээр байж угольник төмрийг зэвсэг болгон хэрэглэсэн, мөн амь хохирогч А.Нг төмрөөр толгойд цохисны дараа дахин цээжинд нь 2 удаа цохьсон, амь хохирогчийн зүрхэнд доргилт үүсч, дэлүү задарч хэвлийн дотуур цус алдсан нь маш хүчтэй цохилт, хүчний үйлчлэлээр үүссэн зэргийг үндэслэвэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлөх боломжгүй юм.
Харин түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа, амь хохирогчийн оршуулгын зардлыг тодорхой хэмжээгээр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нийн “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Б.Эын энэ хэргийн улмаас 106 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдъя.

Б.Э нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу хэрэг гарах үед өөрийн өмсөж явсан гэх цагаан өнгийн фудболкны 4 ширхэг тасархай, 49 см урттай угольник төмөр, шар өнгийн 20 литрийн усны сав зэргийг буцаан авахгүй гэсэн тул хуульд заасны дагуу устгах нь зүйтэй ба харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ Э ЭХТА –ийн 10.1.1 “ гэсэн бичвэртэй 4 минут 59 секундийн дуу-дүрсний бичлэг бүхий цагаан өнгийн сиди-г хэрэгт хадгалж, талийгаач А.Нгийн  цагаан өнгийн оосор нь тасарсан металл цаг, өмсөж явсан “ California “  гэсэн хар өнгийн бичигтэй саарал фудболка 1 ширхэг, хар өнгийн задгай энгэртэй цахилгаантай хүрэм 1 ширхэг, хүрэн өнгийн малгай 1 ширхэг, хөлний саарал өнгийн ороолт 2 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал/хос/, Нокиа маркийн шар өнгийн гадартай шар утас зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нид олгохоор шийдвэрлэлээ.


     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг  8 / найм / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Эт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан ялтан Б.Эын цагдан хоригдсон 106 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ Э ЭХТА –ийн 10.1.1 “ гэсэн бичвэртэй 4 минут 59 секундийн дуу-дүрсний бичлэг бүхий цагаан өнгийн сиди-г хэрэгт хадгалж, талийгаач А.Нгийн  цагаан өнгийн оосор нь тасарсан металл цаг, өмсөж явсан “ California “  гэсэн хар өнгийн бичигтэй саарал фудболка 1 ширхэг, хар өнгийн задгай энгэртэй цахилгаантай хүрэм 1 ширхэг, хүрэн өнгийн малгай 1 ширхэг, хөлний саарал өнгийн ороолт 2 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал/хос/, Нокиа маркийн шар өнгийн гадартай шар утас зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нид олгож, шүүгдэгч Б.Эын өмсөж явсан гэх цагаан өнгийн фудболкны 4 ширхэг тасархай, 49 см урттай угольник төмөр, шар өнгийн 20 литрийн усны сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдсугай.
    
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.



 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН

                                                ШҮҮГЧИД                            Д.ГАНЗОРИГ  

                                                                                      Л.БАТЖАРГАЛ