Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01891

 

 

 

 

 

 

 

     2022           10           14                                       210/МА2022/1891

 

 

А.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02329 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00106 дугаар шүүгчийн захирамжаар А.У-аас 350,574,712 төгрөгийг гаргуулж “П- ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Б.Өлзийбуянгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 333333333 байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Итгэлт-Эстимэйт” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 333333333 байрлах, 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 394,485,400 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг НШШГГ-т 2021 оны 05 дугаар сард хүргүүлсэн. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Гантуяа нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор барьцаа эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч А.У-т ирүүлсэн. Барьцаа эд хөрөнгийн зах зээлийн ханш үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 186,514,000 төгрөгөөр өсөж үнийн дүнд өөрчлөлт орсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг асуудлаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу гомдлын хариуг хүлээн аваад хуулийн хугацаанд гомдол гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Төлбөр төлөгч А.У-т холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 333333333 байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20290849/137 дугаар бүхий битүүмжлэх актаар битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20290849/03 дугаар бүхий эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Түүнчлэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-137/10158, 4-137/10157 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр А.У-ыг дуудахад утсаа аваагүй тул түүний оршин суугаа хаягаар баталгаат шуудан хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр авагч “П- ББСБ” ХХК-аас барьцаа үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн тул “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 394,485,400 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч А.У- нь шүүхийн шийдвэрийн төлбөрийг 2020 оноос хойш төлөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирдэггүй атлаа хугацаа хожих зорилгоор шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00292 дугаар тогтоолоор А.У-ын албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Өлзийбуянгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэлтэй, Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, 333333333 байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон.

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийсэн “Итгэлт-Эстимэйт” ХХК нь барьцаа эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 333333333 байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнийг 394,485,400 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг НШШГГ-т 2021 оны 05 дугаар сард хүргүүлсэн. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Гантуяа нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор барьцаа эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгчид ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасан дараах нөхцөл үүссэн.

а. Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш 11 сарын хугацаа өнгөрсөн байна.

б. Барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 186,514,000 төгрөгөөр зах зээлийн ханш өсөж үнийн дүнд өөрчлөлт орсон. /Үнийн өөрчлөлт орсон нөхцөлийг хавсралт хуудас буюу баримтаар үзүүлэв./

в. Төлбөр төлөгч бид үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа сайтуудаас үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд өөрчлөлт орсон эх сурвалжийг хавсаргав.

г. Барьцаа эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. /Тайланг хавсралтаар хүргүүлэв./

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн 6 хувийн зээл, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй бизнесийн зээл, төрөөс хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрлэлийн жилийн 3 хувийн хөнгөлөлттэй зээл хэрэгжиж эхэлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө зах зээл дээр эрэлт их байна.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах, үнийн өсөлтийн талаар албаны хүний мэдээллийг иш татаж үзвэл Ипотекийн зээл гурван эх үүсвэрээр олгож байгаа гэж Х.Баделхан сайд хэллээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 айлд 114 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үед 708 айлд 54 тэрбумын зээл олгож байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа гэж тэрбээр тайлбарласан юм.

Үнэлгээ хийсэн “Итгэлт-Эстимэйт” ХХК нь 2021 оны 05 дугаар сард улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 333333333 байрлах 166 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 394,485,400 төгрөг, буюу 1 м.кв талбайг 2,376,782 төгрөгөөр тогтоосон. Дээрх эд хөрөнгө нь өнөөгийн байдлаар 1 м.кв талбай 3,500,000 төгрөг буюу 186,514,600 төгрөгийн өөрчлөлт орсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А.У- нь НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-3, 21/

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00106 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч А.У-аас 350,574,712 төгрөгийг гаргуулан “П- ББСБ” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө буюу  Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил 17012, Зайсангийн гудамж, Үйлдвэр ХД, 74/1 дүгээр байр, 166 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /хх26-27/

4. НШШГГ- нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 00653 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, А.У-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, А.У-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна. /хх 29, 35-36, 52-53/

5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний талаар харилцан тохиолцоогүй тул хариуцагч байгууллагаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/105 дугаар тогтоолоор шинжээчээр “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг 394,485,400 төгрөг гэж үнэлж, улмаар хариуцагч байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 394,485,400 төгрөгийн 70 хувь буюу 276,139,780 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаа явуулахыг тогтоолыг төлбөр төлөгч А.У- эс зөвшөөрч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/15 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02662 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 58, 62-82, 87, 108-110/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох шаардлага үндэслэлгүй.

7.а. Хариуцагч байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/7 дугаар тогтоолоор шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 394,485,400 төгрөгийн 50 хувь буюу 197,242,700 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг товлож, төлбөр төлөгч А.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ган-Одод мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3,177.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ. /хх 98, 100/

7.б. Хоёрдахь албадан дуудлага худалдаанд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил 17012, Зайсангийн гудамж, Үйлдвэр ХД, 74/1 дүгээр байр, 166 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 199,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон болох нь тогтоогдож байна. /хх. 104, 107/

Хариуцагч байгууллагаас явуулсан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

8. Дахин үнэлгээ тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон, мөн талууд дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Дахин үнэлгээ тогтооход анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан, хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь тогтоогдсон зэрэг нөхцөлүүд хамт бүрдсэн тохиолдолд хариуцагч байгууллага дахин үнэлгээ тогтоох ба дээрх дахин үнэлгээ тогтоох нөхцөлүүдээс нэг нөхцөл нь үгүйсгэгдвэл дахин үнэлгээ тогтоох боломжгүй. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                                ШҮҮГЧИД                                Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

             С.ЭНХБАЯР