| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0178/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/179 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Д.Дуламжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн 1836001730172 дугаартай, 178/2018/0177/Э/ индекстэй хэргийг 2018 оны 11 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын *******-******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******байгийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны үед ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн Хээрэм гэх газраас иргэн Х.ын 19 тооны ямаа хулгайлж 950000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийж учруулсан хохирлоо төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.
Хэргийн газрын нөхөн үзлэгийн: ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн Хээрэм гэх газарт Х.ийн мал байсан гэх газрыг Х.ээр заалгуулж авсан тэмдэглэл, Х. шар алаг ямаагаа зааж байгаа гэрэл зураг / хх-4-6-р хуудас/
Хохирогч Х.ын // мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манайх анх 26 тооны ямаа дутсан гэж буруу тоо гаргасан.Манай хүүгийн малтай нийлээд 1000 гаруй ямаа байснаас буруу тоолсон байсан.Хүү бид хоёр тооцоолоход өнгөрсөн жил 19 тооны ямаа хулгайд алдагдсан байсан.Манай мал хүү Е.ийн малтай хамт байдаг байсан. Манай алга болсон 19 тооны ямаа дандаа том ямаа байсан болохоор малаас тасарч үлдэнэ гэж байхгүй... гэх мэдүүлэг /хх-15-16-р хуудас/
Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын 15-20-ны хооронд манайх ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн гэх газар намаржиж байсан.Нэг өдөр М.Солтанбек бид хоёр хонио хариулаад явж байтал цэнхэр өнгийн пронтер машин ирээд Х.******* гэх залуугийн малнаас мал ачих гэж байсан.М.Солтанбек бид хоёр очоод малыг нь хашиж өгөөд “мал зарж байгаа юм уу” гэхэд “ энэ хүнээс тугалтай үнээ худалдаж аваад оронд нь 18 ямаа өгч байгаа юм” гэсэн. Мал ачиж байх үед содон тэмдэгтэй 3 ямааг таниад “ энэ 3 ямаа ийн им тамгатай ямаанууд байх шиг байна” гэхэд Х.******* “ би малжуулах төсөлд хамрагдсан, тэр төслөөр ирсэн ямаанууд “ гэж хэлсэн.Е.ийн мал шоргоолж имтэй,хамар дээрээ давхар хайруул тамгатай байдаг .. гэх мэдүүлэг / хх-20-р хуудас/
Гэрч М.Солтанбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын 15-ны үеэр У. бид хоёр мал хариулаад байж байтал цэнхэр өнгийн пронтер машин ирээд зогссон. Тэр машинд манай багийн Х.******* гэх залуу мал авчирч ачих гэж байсан.Бид хоёр очиж малыг нь хашиж өгөөд “мал зарах гэж байгаа юм уу” гэхэд Х.******* “ энэ хүнээс тугалтай үхэр авсан, оронд нь 18 тооны ямаа өгч байгаа юм” гэж хэлсэн.Мал хашиж байхдаа Е.ийн им тамгатай 3 ямааг таниад асуухад Х.******* “ би малжуулах төслөөр мал авахад ирсэн ямаанууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм л юм байх гэж бодсон ...гэх мэдүүлэг /хх-21-р хуудас/
Гэрч Ш.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2017оны 09 дүгээр сард манай баз Ганбаа тугалтай үхрээ ******* сумын Х.******* гэдэг хүнд зараад оронд нь 18 тооны ямаа аваад тэр ямаагаа манай маланд тавьсан.2017 оны 11 дүгээр сарын эхээр ямаагаа авч ченжүүдэд өгсөн.Би тэр 18 ямаанаас нь 5 ямааг өөрийнхөө ямаагаар сольж өгсөн.Одоо тэр ямаанаас 4 ямаа нь байгаа, 1 ямаа нь үхчихсэн.Тэр 4 ямаа нь шар алаг, цагаан сугатай харлаг,хар зэрэг бүгд эм ямаа байсан ... гэх мэдүүлэг /хх 22-р хуудас/
Гэрч С.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын эхээр байх манай баз Ш.Мөнхтөрөөс ******* аймгийн ******* сумын нэг хүн үхэр худалдаж авна, ямаагаар солино гээд манай найз Одгаригийн вонго пронтер маркийн машинд үхрээ ачаад өөрөө бариад явсан. Тэгээд ******* сумын Улаан харгана гэх газраас 18 толгой ямаа ачаад үхрээ буулгаж өгчихөөд, замдаа Мөнхтөрийнд ямаагаа үлдээгээд ирсэн... гэх мэдүүлэг /хх 23-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайланд ... эм ямаа нэг бүрийн үнэ 50000 төгрөг, 19 толгой ямаа 950000 төгрөг гэх / хх-27-р хуудас/
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн өгсөн... 2017 оны 09 дүгээр сард манайх ******* аймгийн ******* сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Улаан харгана гэх газарт намаржиж байхад манай малд 19 тооны ямаа ирж нийлсэн. 20-иод хоног сурагласан эзэнгүй байхаар нь би нэг айлаас тугалтай үнээ яваад оронд тарган мал өгөөрэй гэхээр нь нөгөө 19 ямааны 18-ыг нь өгчихсөн. Намайг мал ачуулж байхад М.Солтанбек, У. нар ирж үзээд “энэ ямаанууд Х.ын им тамгатай ямаанууд байна “гэхээр нь би төслийн мал байгаа юм гэж худлаа хэлсэн. Би үлдсэн нэг ямааг эзэнд нь өгсөн.Тухайн үед би нэг ямааг 30000 төгрөгөөр тооцоод 18 ямааг 540000 төгрөгөнд бодож тугалтай үхрээр сольсон... гэх мэдүүлэг /хх-37-38-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Х.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үед ******* аймгийн ******* сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэр Улаан харгана гэх газарт өөрийн малд ирж нийлсэн 19 тооны ямааг Х.ын ямаа болохыг гэрч нар им тамгаар нь танихад Х.******* төслийн мал хэмээн худлаа хэлж бусдад үхрээр сольсон нь нотлогдож бусдын мал хулгайлах гэмт хэргийн санаатай, шунахайн сэдэлтийн шинжийг бүрэн агуулж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-42/ , хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Х.ын “Х.******* хийсэн хэргээ үнэнчээр хүлээж, намайг хохиролгүй болгож ямааны үнийг төлж өгсөн” /хх-57/ гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Х.Еркегүлийн өгсөн...Х.******* манай ах юм. Бид нар эхээс наймуулаа,ах маань дунд сургуулиа төгсөөд коллежид сурч гагнуурчин мэргэжилтэй болсон.2014 онд Б.Айнагүлтэй гэр бүл болж одоо 2-3 насны 2 хүүхэдтэй 4-лээ амьдардаг.Манай ах даруу төлөв зантай, хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй,архи тамхи хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг / хх- 24-р хуудас/
Гэрч Б.Айнагүлийн өгсөн... би Х.*******тай 2014 онд гэр бүл болсон,одоо 2-3 насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг.Манай нөхөр тусгай дунд боловсролтой, архи тамхи хэрэглэдэггүй, даруу төлөв зантай,хүнд тусархуу хүн юм.Манайх 100-аад бог мал, 2 адуу, 1 мотоциклийн хөрөнгөтэй.../хх-27-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Дээрхи гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал болон мал маллах, хамгаалахад малчин хүний тогтсон ёс заншлыг үл хайхарсан байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн улсын дугааргүй, Ажнай гэх нэртэй мотоцикль битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/126 дугаартай Прокурорын тогтоолыг цуцлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******байгийн *******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******байгийн *******ыг 06 / зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******байгийн *******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******т тайлбарласугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохын тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн улсын дугааргүй, “Ажнай” нэртэй мотоцикль битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/126 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form