| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/01404/И |
| Дугаар | 210/МА2022/01995 |
| Огноо | 2022-11-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/01995
| 2022 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2022/01995 |
2022 11 16 210/МА2022/01995
А- хоршооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/03780 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: А- хоршооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Л-, О.П- нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 141,803,843 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Л-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Г.Л-ын өмгөөлөгч П.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А- хоршоо нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт 130,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч зээлдэгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн, талууд харилцан тохиролцож 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үндсэн гэрээг 12 сарын хугацаатайгаар сунгаж, нэмэлтээр гэрээ байгуулсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Г.Л-ын өмчлөлийн 00000000 дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны гудамж, 17/21 байрны 3 дугаар давхарт байршилтай 545.73 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацааг удаа дараа хэтрүүлж эргэн төлөлт хийхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 99,000,000 төгрөг, зээлийн хүүд 35,669,869 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,7133,974 төгрөг, нийт 141,803,843 төгрөгийг гаргуулах, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүрийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Л-ын тайлбар, татгалзлын агуулга: О.П- 99,000,000 төгрөгийн зээл гэж хэлж байсан. Нэхэмжилж байгаа мөнгийг ямар тооцооллоор гаргасан талаар О.П-тай уулзаж ярилцмаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би зээлийн гэрээний мөнгийг авч ашиглаагүй. О.П- авч хэрэглэсэн. Хэдэн төгрөгийн төлбөр төлсөн талаар мэдэхгүй байна. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсанд маргахгүй гэжээ.
3. Хариуцагч О.П- тайлбар гаргаагүй болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.П-, Г.Л- нараас зээлийн гэрээний үүрэгт 137,398,118 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- хоршоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,405,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.Л-ын өмчлөлийн 11111111 байршилтай, 545.73 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202027042 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 937,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.П-, Г.Л- нараас 915,141 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А- хоршоонд олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Г.Л-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.а. Анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагч талын мэтгэлцэх эрхийг удаа дараалан хангалгүйгээр хэргийн оролцогчийн тайлбар татгалзлаа нотлох эрхийг үгүйсгэж, процессын алдаа гаргасан гэж үзэж гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэл гаргахад хүлээж аваагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй. Хариуцагч талаас эхний шүүх хуралдаан дээр шүүгчээс татгалзсан боловч Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй, өөрөө шийдэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Эхний шүүх хуралдаан дээр хариуцагч талаас нотлох баримтууд гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүйгээр, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн атлаа хариуцагч тал хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байхад шүүхийн шийдвэр гаргалгүйгээр шүүгч өөрийн санаачилгаар нэхэмжлэгч тал өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй байхад нэхэмжлэгч талаас нэмэлт баримтууд гаргуулахаар захирамж гаргаж, нэхэмжлэгч талд илтэд боломж олгосон нэг талыг барьсан гэж үзэж байна. Зээл олгосон нөхцөл байдалтай салшгүй холбоотой нөхцөл байдал болох нэхэмжлэгч нь зээл олгохдоо анхны 130,000,000 төгрөгийн зээл олгосон бүртгэлийг Монгол банкны санд бүртгэсэн эсэх нь эргэлзээтэй, үндсэн зээлдэгч О.П-ын нэрийг Монгол банкны мэдээллийн санд бүртгэлгүйгээр хамтран зээлдэгч Г.Л-ад 99,000,000 төгрөгийн зээл олгосон мэтээр бүртгэл хийлгэсэн зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгохоор хариуцагч нарын Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Анхны шүүх хуралдааны шатанд хариуцагч Г.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, түүний өмгөөлөгч П.Г- нарын гаргаж, мэтгэлцэж байсан тайлбар, хариуцагчийн татгалзлыг сүүлийн шүүх хуралдааны шатанд огт авч хэлэлцээгүй, анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч талыг төлөөлөн гэрээ байгуулсан гэх гүйцэтгэх захирал н.Х-гэх этгээдийн хадгаламж зээлийн хоршоог төлөөлж гэрээ байгуулах эрх олгогдоогүй байхад гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж гомдолтой байна. Хариуцагч Г.Л-, хариуцагч О.П- нар нь харилцан эсрэг ашиг сонирхолтой байсан учраас Г.Л- нь О.П-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Хариуцагч Г.Л- нь хууль, эрх зүйн мэдлэггүй учраас өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцох хүсэлтээ шүүх хурлын явцад удаа дараа илэрхийлсэн боловч хүлээн авч, шүүх хуралдааны явцад мэтгэлцэх, тайлбар гаргах эрхээр хангаагүй.
5.б. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч Г.Л-ын гаргасан тайлбарыг огт хайхрахгүйгээр илт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Жишээлбэл, хариуцагч О.П- л зээлийн мөнгийг авч хэрэглэсэн байхад зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч, үүргийн гүйцэтгэл хангуулах үүрэг бүхий этгээд байж болох Г.Л-ын зээл авч, тухайн мөнгөнөөс хэрэглэсэн мэтээр дүгнэж, хариуцагч Г.Л-аас хамтран төлүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус, үндэслэл бүхий бус дүгнэлт гаргасан гэж үзэж гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч талыг мэтгэлцэх эрхээр хангаж, хэргийг бүх талаас нь бодитойгоор шийдвэрлэх боломжоор хангаж анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхой бус байсан. Барьцааны гэрээ дангаараа хууль зүйн факт болохгүй. Зээлийн маргаан шийдвэрлүүлэхийн төлөө 2016 оноос хойш хуулийн этгээдийн дотоод удирдлагатай холбоотой баримтуудыг хавсаргаж өгөх боломжгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдаагүй тул н.Халиуныг гүйцэтгэх захирал биш гэж үзэж болохгүй. Тэрээр 2016 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Г.Л-ын хувьд хадгаламж зээлийн хоршооны хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн бичиг баримттай танилцах бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Шүүх хуралдаан эхлэх явцад шүүгчээс татгалзал байгаа эсэхийг тодруулахад татгалзал байхгүй гэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгчээс татгалзсан. Шүүх хуралдааны явцад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул нэмэлт нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Манай зүгээс холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 39 дүгээр зүйлд гүйцэтгэх захирал иргэний эрх зүйн харилцаанд хоршоог төлөөлж оролцохоор зохицуулсан. Зээлийн мэдээллийн санд үндсэн зээлийн үлдэгдлийг бичсэн байгаа, уг хэлцлийн маргаанд ач холбогдолтой биш бөгөөд өөрөө нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой баримт юм. Анхан шатны шүүх хуралдааны явцад зээл олгосонтой холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгчийг 30 минут хүлээсэн боловч ирээгүй тул шүүх хуралдаан эхэлсэн. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд процессын алдаа гарах тул хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдааны танхимд оруулах боломжгүй гэж байр сууриа илэрхийлж, шүүх хуралдаан үргэлжилсэн. Мөн өөрөө хүсэлт гаргаж зээлийн гэрээг сунгаж байсан атлаа гэрээ байгуулагдаж байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч А- хоршоо нь хариуцагч Г.Л-, О.П- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141,803,843 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Л- эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1903/07 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А- хоршоо нь 130,000,000 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар О.П-, Г.Л- нарт зээлдүүлж, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Л-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Жуулчны гудамж 17/21 байр 3 дугаар давхар тоот хаягт байршилтай, 545.73 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /хх 14-16/.
Улмаар зээлдэгч нар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргаж, 1903/07 тоот зээлийн гэрээний сунгалтыг 2003/07 тоот гэрээгээр 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгажээ. /хх-144/
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэсэн.
4. Хэрэгт зээлдүүлэгч буюу А- хоршоо нь зээлдэгч Г.Л-, О.П- нарт 130,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх баримт байхгүй байна. Энэ тохиолдолд гэрээ байгуулагдсан эсэх талаар дүгнэх, үүргийн гүйцэтгэлийн талаар тооцоолол хийх боломжгүй.
5. Анхан шатны шүүх хариуцагч Г.Л-ын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох тул хамтад нь шийдвэрлэж, талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй болно.
6. Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/03780 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч Г.Л-ын 866,970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР