| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0343/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/349 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч М.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Үад холбогдох эрүүгийн 1838007090384 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Ү нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М.Гтой согтуугаар маргалдаж улмаар зүүн нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ү нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М.Гтой согтуугаар маргалдаж улмаар зүүн нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Үын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн үед Батка архинаас гарах эмчилгээнд явна гэхээр нь чи эмчилгээнд яваад хэрэггүй гэсэн чинь М.Гчи явсан дээр гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд даамжраад зодоон болсон юм. Би М.Гыг газар дээр нь дарж байгаад нүүр рүү нь гараараа цохичихсон юм...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Гмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Баткаг архины эмчилгээнд явах явахгүй асуудлаар маргалдаж Д.Үтай үг сөргөлдсөн. Тэгээд Д.Ү бид хоёр гадаа гараад хоорондоо зууралдсан. Тэгтэл Д.Ү түрүүлж миний нүдрүү эхэлж маш хүчтэй цохисон. Тэгээд би доошоо хараад унасан...Одоо надад гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед Д.Ү, М.Г, Батка нар харуулын байранд архи ууж байхаар очоод М.Гыг явъя гээд дагуулаад гарч явахад Д.Ү араас нь гарч ирээд М.Гтой зодолдсон. Тэр үед би М.Гын дүүг дуудах гэж яваад 10 минут болоод ирэхэд М.Гдоошоо хараад суучихсан гарных нь салаагаар цус гоожиж байсан. Тэгээд гэрэлтэй байранд очоод нүдийг гэрэлд харахад нүд нь хагарчихсан урсаад байсан. Тэр үед машинаар Мөрөн орж ирээд эмчид үзүүлэхэд нүд нь сохорсон байна гээд Улаанбаатар хот орж мэс засалд ороод хиймэл нүд хийлгэсэн юм. Энэ үед Д.Ү бид нартай хамт явж мэс засалд ороход нь бид нартай хамт байж бид нарын хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11013 тоот дүгнэлтэнд:
1. М.Гбиед зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдсан шарх, зүүн нүдний доторхи агуулагдахууныг авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/,
Хохирогч М.Гнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 34 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838007090384 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.
Эрүүгийн 1838007090384 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ү хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838007090384 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү-ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР