Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00240

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00240

 

Д.Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02548 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Жгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Т.Г-т холбогдох 28,094,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунтунгалаг, З.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Д.Ж 1991 оноос төрийн өмчит үйлдвэрийн газар, шинжлэх ухааны болон төрийн тусгай албаны байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн. А.Т.Г-т ажилтан, ахлах ажилтнаар 2007 оны 08 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл нийт 15 гаруй жил ажилласан. Төрийн албаны тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт А.Т.Г-т 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тушаалыг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан.

1.2.Нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг бодохдоо Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын дагуу тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцсоныг буруу. Засгийн газрын тогтоолоор баталсан журмын 2.1 дэх хэсгийг үндэслэн тооцсон тэтгэмжийн зөрүү болох 28,094,768 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Д.Жд Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Засгийн газрын 2019 оны 3 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын Хөдөлмөрийн дотоод журмын 12.1.2-т заасныг баримтлан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 68,644,504 төгрөгийн тусламж олгосон. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт ... өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. ... Буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.

2.2.Д.Жд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолыг баримтлах үндэслэлтэй.

2.3.Журмын дагуу үндсэн цалингийн 3 жилийн дунджаар тооцсон. Энэ дунджаар тооцож гаргахад 1,906,792 төгрөг байгаа Бид хууль журмын дагуу нийцүүлэн гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасныг баримтлан хариуцагч Авлигатай тэмцэх газраас 28,094,768 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Авлигатай тэмцэх газраас 298,424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Шийдвэрт Засгийн газраас тогтоосон журмыг баримтлах нь ямар үндэслэлээр буруу болж байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

4.2.Шүүхээс нотлох баримтыг үнэлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг тогтоолгүй, Д.Жд буцалтгүй тусламжийн хэмжээг тогтооход 26 сараар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгох байсан ч Авлигатай тэмцэх газраас 36 сараар тооцон эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн олгосон баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй.

4.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагч болохын хувьд тухайн хуульд заасан нийтлэг баталгаагаар, түүнчлэн авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт заасан тусгай баталгаагаар мөн адил хангагдана. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид нэмж бус харин тухайн албан хаагч сонгох эрхтэй байхаар хуульчилсан. Д.Ж хүсэлтдээ Авлигын эсрэг хуульд зааснаар буцалтгүй тусламж авах тухайгаа тухайлан заасан тул Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт заасан сонгох эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Шүүхийн шийдвэрт Авлигын эсрэг хуулийн дагуу эсхүл Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу буцалтгүй тусламж авах эсэхийг албан хаагч сонгох мэтээр тайлбарлаж, сонголтыг хийлгээгүй байна гэж дүгнэж байгаа нь Авлигын эсрэг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр Д.Жд Авлигатай тэмцэх газраас 28,094,768 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв, бодит, өнөөгийн мөрдөгдөж байгаа эрх зүйн хүрээнд зөв гарсан. Засгийн газрын тогтоолыг А.Т.Г- баримтлах эсэх нь надад хамааралгүй. А.Т.Г- хэрхэн ашиглах эсэх нь эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Би Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасан 10 буюу түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг хангасан. А.Т.Г- тайлбартаа миний нэхэмжлэлийн үндэслэлийг 2 янзаар бодож өгсөн. Би 36 сарын тухайд маргаагүй, надад 36 сарыг өгнө. Үржүүлж буй тоонд маргасан. Засгийн газрын тогтоолд заасан 3 сарын дундаж цалин байх уу, эсхүл Улсын Их хурлын тогтоолоор баталсан миний ахлах ажилтны албан тушаалын цалин байх уу гэдэгт маргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч А.Т.Г-т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгогддог нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 28,094,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг үндэслэн 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1 дэх хэсгийг баримтлан сүүлийн 3 жилийн дунджаар тооцсон нь үндэслэлгүй, албан тушаалын цалингаар тооцох ёстой гэж тайлбарласан.

 

3.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь А.Т.Г- буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Авлигын тухай хуулийг үндэслэн маргасан байна. Талуудын хооронд хувийн эрх зүйн маргаан иргэний хууль тогтоомжийн хүрээнд үүсээгүй, харин захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон нэхэмжлэгчийн субъектив эрх нь зөрчигдсөн гэж үзжээ.

 

4.Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн харьяаллын маргаанд хамаарахгүй байхад анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасныг зөрчсөн байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн ... 65.1.1, ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тус маргаан нь иргэний хэргийн харьяаллынх биш тул давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй. Харин нэхэмжлэгчээс тухайн асуудлаар зохих журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Жгийн нэхэмжлэлтэй, А.Т.Г-т холбогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 28,094,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Т.Г- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА