Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 76

 

******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

холбогдох иргэний хэргийн тухай

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2016/00136 дугаар шийдвэртэй, ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-ний захирал ажилтай ******* бургууд овогт ******* *******ид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* өр 94.802.291 төгрөг гаргуулах тухай.

           

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн ******* ******* нь ******* ерөнхий хууль болон бусад хуулийн дагуу албан татварыг төсөвт төвлөрүүлэх, татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт тавих ажил үүргийн дагуу 2010-2014 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг тус хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нар хийж 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160010956 дугаартай татварын улсын байцаагчийн актаар ******* ХХК-д 7394699 төгрөгийн нөхөн татвар, 6283655 төгрөгийн алданги, 11168818 төгрөгийн торгууль, нийт 24847183 төгрөгийн нөхөн татвар, алданги, торгууль нөхөн ногдуулсан боловч татварын өрийг төлөөгүй байна.

 

Мөн ******* ХХК нь 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татварт 3315180 төгрөг төлөхөөр тайлагнаж 2014 онд 274000 төгрөг, 2015 онд 997000 төгрөг төлж үлдэгдэл 2044180 төгрөгийн татварын өр, нэмэгдсэн өртгийн албан татварын 2014 оны тайлангаар 88714999 төгрөг төлөхөөр тайлагнаж 19700 төгрөг төлж үлдэгдэл 88695299 төгрөгийн татварын өр, үл хөдлөх хөрөнгийн татварын 2014 оны тайлангаар 6686711 төгрөг төлөхөөр тайлагнаж, 1878900 төгрөг төлж үлдэгдэл 4062811 төгрөгийн татварын өр төлөгдөөгүй байна.

Иймд ******* ХХК нь хяналт шалгалтын актын төлбөр болон татварын тайлангаар гаргасан өр нийт 94802291 төгрөг төлөгдөөгүй байна. ******* Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн боловч тус компани нь актаар тогтоогдсон төлбөр болон татварын өрийг барагдуулахгүй байгаа тул 94802291 төгрөгийг гаргуулна уу.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Манай байгууллага 2016 оны 01 дүгээр сарын 18-ны байдлаар Аймгийн ******* *******т 614389476 төгрөгийн өртэй байгаагаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу өршөөлд хамрагдаж байгаа тул, Аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160010956 тоот актаар тавигдсан 6283665 төгрөгийн татварын алданги, 11168818 төгрөгийн торгуулийн төлбөр нийт 17452483 төгрөгийг татварын өрнөөс хасалт хийн суутган тооцогдоно. Мөн НӨАТ-н татвар 264100575 төгрөг нь 1, 2 дугаар сарын байгууллага хоорондын НӨАТ-ын тайлангаар суутган тооцогдоно.

 

Үлдэгдэл төлбөр 17576406 төгрөгийг төрийн сангийн санхүүжилт эхлэхээр төрийн болон олон нийтийн байгууллагуудаас мөнгөө авч, татварын албанд шилжүүлэн татварын албатай тооцоо хийж дуусгахаа мэдэгдэж тайлбар гаргаж байна.”  гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2016/00136 дугаар шийдвэрээр: “1.******* Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Оюу мандал ХХК-иас татварын өр төлбөр 94802291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******т олгож,

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631961 төгрөгийг улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Манай компани шүүх хурал болох өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр татварын албаны тодорхойлолтоор 52886285 төгрөгийн татварын үлдэгдэлтэй байгааг шүүхийн байцаан шийтгэх ажиллагааны явцад болон шүүх хурал дээр нотолж, ярьж тайлбарласан боловч шалгаж, нягталж, дүгнэж үзээгүй байна.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар 17451000 төгрөгийн татварын үлдэгдэл төлбөрөөс хасагдах ёстой байсныг хасаагүй, нэг талын ашиг сонирхлыг хамгаалж, илтэд буруу шийдвэр гаргаж, манай компанийг хохироож байгаа тул хэргийг хянаж, бодит байдалд дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргаж өгнө үү ” гэжээ.

                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Ховд аймгийн татварын ******* нь “*******” ХХК-д холбогдуулан татварын хяналт шалгалтын актын төлбөр болон татварын тайлангаар гаргасан татварын өр нийт 94.802.291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гаргсан давж заалдах гомдолдоо 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр  татварын албан тодорхойлолтоор 52.886.285 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д зааснаар 17.451.000 төгрөгийн татвар хасагдах тул хэргийг хянаж зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь 2014 онд “*******” ХХК-нь татварт 94.802.291 төгрөгийн өртэй байсан тул хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Харин одоогийн байдлаар нэмэгдсэн өртгийн татварт 19.700.000 төгрөгийг төлсөн, 5.000.000 төгрөгийг татварт төлөхөд эдийн засгийн өршөөлийн хуулиар 17.451.000 төгрөг өршөөгдөж хасагдаж, 52.886.285 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-нь нэмэгдсэн өртгийн татварт 19.700 төгрөг төлсөн татварын хяналт шалгалтын актын төлбөр болон тайлангаар төлөх татварыг төлсөн баримтаар авч ирж тооцоогоо хийвэл эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдах эрх нь нээлттэй байгаа гэж тайлбарлаж байна.

 

Анхан шатны шүүх улсын байцаагчийн акт /хэргийн 4-7 дугаар тал/,“*******” ХХК-нийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо /хэргийн 9-16 дугаар тал/,“*******” ХХК-ний 2014 оны 4 дүгээр улирлын тайлан /хэргийн 35-37 дугаар тал/ зэргийг харьцуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тухайн баримтуудын эх сурвалжийг магадлаагүй, тэдгээрийн агуулгыг нягтлаагүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан эдгээр баримтуудыг харьцуулж дүгнэхдээ талуудын хоорондох  татварын хяналт шалгалтын актын төлбөр, тайлант хугацааны төлбөрийн талаар  тооцоо нийлсэн эсэх зэрэг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх журмыг зөрчжээ. Талуудын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тогтоох боломжгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  118 дугаар зүйлийн  118.4-т заасан 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байхаас гадна шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан журмыг зөрчжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон өөрийн гаргасан актын үндэслэлээ хуульд нийцэж байгаа байдлын талаар шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. 

Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагын 94.802.291 төгрөгт  цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос төлөх албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, тайлангаар төлөх татварын өр тус бүр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд татварын хяналт шалгалтын актын төлбөр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй энэ тухай нэхэмжлэл гаргаагүй байна. 

 

Нэхэмжлэгч нь улсын байцаагчийн акт эсхүл “*******” ХХК-ийн тайланг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд ямар нэгэн тооцоо хийгээгүй, хэргийн 4-7 дугаар талд  байгаа татварын улсын байцаагчийн актаар хариуцагч “*******” ХХК-д холбогдуулж хэдэн төгрөгийн акт тогтоосон нийт дүн тодорхойгүй байхад   хэрэгт ач холбогдол бүхий  нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлгүй болжээ.

  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар  хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн  үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.

 

Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 692000 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2016/00136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 692000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, “*******” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА