Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

         Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн  Дэлгэр сумын иргэн Г.Сувдаагийн   нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Тус аймгийн Дэлгэр сумын Засаг даргад холбогдуулан Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06,  Б07 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж,  дээрх 2 захирамжууд  гарсантай холбоотой үүссэн харилцаануудыг зохицуулсан Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны Б/09, Б/10 дугаар захирамжуудын үйлчлэлийг Б/06, Б/07 дугаар захирамжуудийг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай шийдвэрийг гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч С.Уранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жигжидбавуу, гуравдагч этгээд Г.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Г.Сувдаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Сувдаа нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ий өдрийн Б/03 дугаар захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл Дэлгэр сумын засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б/06 дугаар захирамжаар намайг үүрэгт ажлаас чөлөөлж, мөн Б/07 дугаар иргэн Ц.Долсүрэнг уг албан тушаалд томилсон байна. Тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ц.Долсүрэнг Говь-Алтай аймгийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дугаар тогтоолын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 04-ий өдрийн Б/01 дугаар захирамжаар Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байна. Иргэн Ц.Долсүрэн нь тухайн үед Хөдөлмөрийн хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул сумын Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж уг захирамжаар холбогдох хууль журмын дагуу тэтгэмж олгох тухай шийдвэр байдаг. Энэ шийдвэр нь ямар  нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй шүүхийн шийдвэрийг хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн иргэнийг ажлаас нь чөлөөлсөн  утга агуулга бүхий хууль ёсны шийдвэр гэдгийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэн Ц.Долсүрэн нь тэтгэвэрт гарах үед Дэлгэр сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 04-ий өдрийн Б/03 дугаар захирамж гаргаж намайг тус сумын Эрүүл мэндийн даргаар томилсон. Гэтэл Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн байна. Ингэхдээ ажлаас чөлөөлсөн захирамжийн удирдлага болгосон заалтад Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалтуудыг үндэслэн гэж дурдан захирамж гаргажээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр тогтоолыг Дэлгэр сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 04-ий өдрийн 01 дугаар захирамжаараа бүрэн биелүүлж, Ц.Долсүрэнг хуучин ажилд нь эгүүлэн томилсон захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн томилсноор шийдвэр биелэгдсэнд тооцно гэснээс үзэхэд иргэн Ц.Долсүрэнг ажилд нь томилсон захирамж гаргаснаар шүүхийн шийдвэр зохих ёсоор, бүрэн биелэгдсэн байна. Гэтэл Дэлгэр сумын засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б/07 дугаар захирамжууд нь шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Ц.Долсүрэнг ажилд нь эгүүлэн томилох зорилгыг илэрхийлж, нэг асуудлыг 2 удаа шийдвэрлэснээр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх заасан шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нөгөө талаас энэ захирамж нь төрийн үйлчилгээний албан хаагч Г.Сувдаа миний  хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иймд Дэлгэр сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06,  Б07 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж,  дээрх 2 захирамжууд  гарсантай холбоотой үүссэн харилцаануудыг зохицуулсан Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны Б/09, Б/10 дугаар захирамжуудын үйлчлэлийг Б/06, Б/07 дугаар захирамжуудийг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай шийдвэрийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/06, Б/07 захирамжуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай давхардуулан зохион байгуулсан. Иргэн төрийн үйлчилгээний албанд ажилласан хөдөлмөрөө үнэлүүлэх түүнд тохирсон цалин хөлс авах эрхийг нь зөрчсөн гэх үндэслэлээр захирамжуудыг хүчингүй болгуулах ойлголтуудыг хамааруулсан байгаа. Хоёр захирамж гарсантай холбоотой үүсэх харилцаануудыг зохицуулсан Дэлгэр сумын Засаг даргын 2016 оны Б/09, Б/10 тоот захирамжуудыг Б/06, Б/07 захирамжуудыг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоох тухай шийдвэр гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн  Б/10 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа Б/08, Б/09 захирамжуудыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дээд шүүхийн тогтоолоор  Ц.Долсүрэн ажилдаа томилогдсон байгаа. Шүүхийн тогтоолыг биелүүлэх хууль зүйн дагуу биелүүлсэн байгаа. Ц.Долсүрэн 2016 оны Б/08 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байгаа, чөлөөлөх болсон шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулиар тэтгэвэрт гаргах 60-н нас хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Өвчтэй байсан гэж ярьж байгаа хэргийн материалтай танилцахад 05 дугаар сарын 23-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн байгаа сторын хуулбар дээр 05 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэгт албан ёсоор хэвтэж эмчлүүлсэн сторын хуулбар байгаа. Тэгээр энэ хүний 05 дугаар сарын 23-ны өдөр өвчтэй байхад нь ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл болохгүй. Эмэнлэгийн стор нээлгээд өвчний түүх өгүүлэмжээр нь хэзээ хэвтсэн албан ёсны эмнэлгийн магадлагаар нотолно.  Ц.Долсүрэн гуайг өвчтэй байх үед  нь ажлаас чөлөөлсөн гэж захирамжыг хүчингүй болгосон нь хууль зөрчиж байна. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б/14 тоот Засаг даргын ажилд томилох захирамж гаргасан байгаа. Г.Сувдааг ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөн Болдбаатарыг ажилд томилсон Б/14 тоот захирамж нь үндэслэлгүй байна.             

     Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарах 60-н насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ямар нэгэн алдаа дутагдал гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй юм. А.Жигжидбавуу нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг баримталсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дах хэсэгт зааснаар эмчийн магадлагаагаар гэж байгаа 05 дугаар сарын 25-нд эмчийн магадлагаа байгаа энэ нь сторын хуулбарт бичигдснээр нотлогдож байгаа.

 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Б/10 дугаартай захирамжыг яагаад хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бэ гэхээр Засаг дарга захирамжынхаа үндэслэх хэсэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсгийг баримталж Б/08, Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгох талаар захирамж гаргасан байгаа. Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт зааснаар хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө захирамжийг хүчингүй болгох эрх нь байдаг энэ эрхээ эдэлсэн боловч Б/08, Б/09 захирамж ямар үндэслэлээр хуульд нийцээгүй юм бэ гэдэг гаргалгаа үндэслэлээ захирамжид тодорхой тусгаагүй байгаа нь 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгуулж өгнө үү. Б/10 захирамж гарсантай уялдуулж Б/14 захирамжийг хүчингүй болгохыг Засаг даргад даалгаж өгнө үү.  Иймд миний үйлчлүүлэгчийг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

 Хариуцагч Дэлгэр сумын Засаг дарга  С.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Г.Сувдааг чөлөөлөхдөө Ц.Долсүрэн эмчийг өвчтэй байх үед нь чөлөөлсөн учраас  захирамжийг Засаг дарга А.Жигжидбавуу хүчингүй болгоод Ц.Долсүрэн эмчийг ажилд нь аваад 2 сарын дараа Болдбаатар эмчийг аймгийн Эрүүл мэндийн газартай зөвшилцөн томилсон. Г.Сувдаа мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн төвөөс 2 удаа энэ хүн лицензгүй, архи дарс их уудаг энэ ажилд тэнцэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гараад байхад тухайн үед ажиллаж байсан Засаг дарга нь тэр бичгүүдийг нуугаад шийдвэрт нь оруулаагүй юм байна лээ. Би тэрийг нь Тамгын газрын дарга заавал шүүх хуралд орох шаардлагатай гэхээр нь Тамгын газрын даргаас материалуудыг нь авч үзээд тэр хоёр бичиг ирээд тэрийг нь авч хэлэлцээгүй юм байна лээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жигжидбавуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд очиж Ц.Долсүрэн эмчийг шүүхийн 3 шатны шийдвэрийг биелүүлж ажилд нь томилуулсан. Тухай үед гарсан захирамж нь бол Б/06 тоот захирамжаар Г.Сувдааг чөлөөлж, Б/07 тоот захирамжаар Ц.Долсүрэнг ажилд нь томилсон байна. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/08, Б/09 тоот захирамжуудыг гаргаж Ц.Долсүрэнг чөлөөлж Сувдааг томилсон байгаа. Мөн 05 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх ажиллагаа явуулж намайг сумын Засаг даргын  ажилд томилуулсан байгаа. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлаа авахад 2016 оны  05 дугаар сарын 30-ны өдөр Ц.Долсүрэн эмч надад хүсэлт гаргасан. Хүсэлтийг хэргийн материалд хавсаргасан байгаа. Хүсэлтэд намайг хууль бусаар чөлөөлсөн учраас ажилд эргүүлэн томилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Өмнөх даргын гаргасан захирамжыг судлаад үзэхэд үндсэндээ Г.Сувдаа, Ц.Долсүрэнтэй холбоотой 6-н захирамж гаргасан байсан. 01 дүгээр сарын 04-ний өдөр гурван захирамж, 05 дугаар сарын 18-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх ажиллагаа явуулах үед хоёр захирамж дахиад нэмээд Б/08, Б/09 тоот захирамжуудыг гаргасан байсан. Б/08 тоот захирамжаар Ц.Долсүрэнг чөлөөлсөн. Энэхүү захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дах хэсэгт заасан үндэслэлийг зөрчсөн гэж үзэж байгаа. Ц.Долсүрэн бол 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт шинжилгээ хийлгээд биеэ үзүүлээд явж байсан. Тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн  байсан. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр очихдоо эмнэлэгээс гараад очсон. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн баримт материалыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Иймд Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дах үндэслэлээр хүчингүй болгосон. Б/09 дугаартай захирамжийн үндэслэл нь буруу  байсан. Төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тухай заалтыг үндэслэсэн байсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх төрийн албан хаагчид хамаарах  заалтыг мөн Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх зохицуулах журам зэргийг үндэслэсэн байсан. Мөн үндэслэлүүдээр Б/09 тоот захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгож 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Б/10 тоот захирамжийг гаргасан. Б/10 дугаартай захирамжийг  би Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дах хэсэгт заасныг үндэслэж мөн сумын Засаг даргын захирамж гаргах эрх болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийг үндэслэж гаргасан байгаа.  2016 оны 08 дугаар сарын  05-ны өдөр гаргасан Болдбаатарыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэнтэй холбогдуулж тайлбар хийе. Ц.Долсүрэн хүсэлт гаргасан. Энэ хүн тэтгэвэрийн насанд хүрсэн учир би тэтгэвэртэй гарна. Намайг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтэй гаргасан. Энэ үндэслэлээр сумын Эрүүл мэндийн газрын эмчлэгч эмч буюу Болдбаатарыг Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж хариуг нь авсны үндсэн дээр сумын Эрүүл мэндийн газрын даргаар 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б/14 тоот захирамжаар томилсон байгаа. Б/06, Б/07 дэх захирамжын Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хоёр дахин гүйцэтгэсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1,2,3 тоот захирамжууд гаргасан байгаа энэ захирамжууд нь тэр үедээ биелээгүй Наянбуу гэдэг хүн өөрөө гаргасан. Б/06, Б/07 дугаар захирамжуудыг бас энэ хүн гаргасан байгаа. Сумын Засаг даргын хүлээх үүрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч Цэгмэд, Мөнхзул нар 2016 оны 05 дугаар сарын 18-нд өөрсдөө очиж шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан. Сумын Засаг даргаар захирамжыг нь гаргуулж томилуулаад тамга тэмдгийг нь хүлээлгэн өгсөн. Энэ нь сумын Засаг даргатай хамааралгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн 3-н шатны шийдвэрийг биелүүлсэн. Тиймээс би Б/06, Б/07 захирамжуудыг хүчинтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дах заалтад эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед албан тушаалыг хэвээр хадгална гэж байгаа 2016 оны 05 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд шинжилгээгээ өгсөн учраас энэ хугацаанаас орж байгаа. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дах хэсэгт хамаарч байгаа гэж үзэж би захирамж гаргасан. Г.Сувдаатай холбоотой 05 дугаар сарын 25-наас намайг ажил авснаас хойш нилээн гомдол, санал гарч байсан. Эрүүл мэндийн газрын лицензгүй тухай тоот, Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүн зэргийг үндэслэж энэ хүний чөлөөлөх хангалттай үндэслэл байсан. Наянбуу өөрөө хууль бусаар ажиллаж байсан хүн. Лицензгүй байдал, архи уудаг, ажлын хариуцлага алдсан гээд олон үндэслэл байсан. Энийг гүйцэтгээгүй байсан. Тиймээс би төрийн албаны залгамж чанараараа 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Ц.Долсүрэнг ажлаас нь чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож тэр хүнийг ажилд нь томилсон байгаа. Сумын Засаг даргын өөрийн хариуцах ажлын хүрээнд төсвийн байгууллагын үйл ажиллагаа жигдрүүлэх арга хэмжээ авсан байгаа. Болдбаатарыг томилохдоо энэ хүнийг томилох саналыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцсөн. Сумын Эрүүл мэндийн төвд хоёр эх эмч байдаг нэг нь эмчилгээгээ хийж нэг нь  Эрүүл мэндийн газрын даргын үүргийг гүйцэтгэдэг Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэх боломжтой хүн нь энэ хүн байсан. Даргаар ажиллах өөр ямар нэгэн санал, хүсэлт ирээгүй байсан. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилсон захирамж гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд Т.Болдбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Лицензгүй хугацаа гэдэг бол тухайн эмч хүн жилд 6 цагийн кредит цагийг биелүүлж байх ёстой. Миний хувьд кредит цагаа биелүүлсэн миний лицензийн хугацаа 10 дугаар сарын 11-нд дууссан,  дууссахаас нь 2 сарын өмнө би материалаа бүрдүүлээд Эрүүл мэндийн газар өгсөн байсан. Намайг лицензээ авах эрх чинь хангагдсан байна гээд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн. Тиймээс надад лицензгүй хугацаа байгаагүй.

 Г.Сувдаа эмч өмнө нь лицензгүй байж байгаад сая  оны өмнө авсан. Лицензгүй эмчилгээ хийж байсан.

ҮНДЭСЛЭХ нь:

  Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт шүүх болон шүүх хуралд хэргийн оролцогч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багын Хөгжил 2-19 тоотод оршин суугч Г.Сувдаагийн нэхэмжлэлтэй  Дэлгэр сумын Засаг даргад   холбогдох тус сумын Засаг даргын  2015 оны 05-р сарын 28-ны өдрийн Б/06,07 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, дээрх захирамжтай уялдуулан гарсан тус сумын 30, 2016 оны Б/09, Б/10 захирамжуудын үйлчлэлийн Б/06, Б/07 захирамжуудыг хүчингүй болгосон өдрөөр тасалбар болгон зогсоох шийдвэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  Говь-Алтай  аймгийн Дэлгэр сумын засаг даргын:  2016 оны 01 дугаар сарын 24-ны өдрийн  Б/01 дугаартай захирамжаар иргэн Ц.Долсүрэнг сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилж тухайн  өдрийн Б/02 дугаар  захирамжаар Ц.Долсүрэнг уг ажлаас нь чөлөөлжээ. Мөн тухайн өдрөө Дэлгэр сумын Б/03 захирамжаараа нэхэмжлэгч Г.Сувдааг тус сумын эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байна.   Мөн 2016 оны 05 дугаар сарын 18-ны Б/06 захирамжаар нэхэмжлэгчийг тус ажлаас нь чөлөөлсөн байна.Тус өдрийн  Б/07 захирамжаар Ц.Долсүрэнг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилоод 2016 оны 05 дугаар сарын 23-ны Б/08 захирамжаар Ц.Долсүрэнг чөлөөлсөн.

 2016 оны 05 дугаар сарын 23-ны Б/09 захирамжаар нэхэмжлэгч Г.Сувдааг сумын эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамжаар томилсон. 2016 оны 05 дугаар сарын 23-ны Б/10 захирамжаар Б/08 Ц.Долсүрэн, Б/09 Г.Сувдаад гаргасан захирамжуудаа хүчингүйд тооцсон.

          Говь-Алтай аймгийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шийдвэрээр Ц.Долсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж Дэлгэр сумын Баянсан багын иргэн Ц.Долсүрэнг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр буцаан томилсон нь  хавтаст хэрэгт авагдсан  хэдий ч өөрөө 60 нас хүрсэн тэтгэвэртээ гарья гэсэн хүсэлт өгч байсан тухай шүүх хурал хэлэлцэх явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэжлэгчийн өмгөөлөгч нар ярьж байсан нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан болно. 

 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ц.Долсүрэн нь тус аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор эмчлүүлж байсан ба нэгдсэн эмнэлгийн эмч  яаралтайгаар хэвтүүлж өвчний түүх нээж эмчилсэн ба эмнэлэгт үзүүлэн эмнэлэгт хэвтэж байх үед нь ажлаас нь чөлөөлсөн нь  Хөдөлмөрийн тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар  “эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байхад”  ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэж заасныг хариуцагч зөрчин захирамж гаргажээ.  Тухайн захирамжийг Ц.Долсүрэнг эмнэлэгээс гарсаны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт болон өөрийнх нь хүсэлтийг үндэслэн гаргах бүрэн боломжтой байсан.  Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсанчлан Ц.Долсүрэн нь өндөр насны тэтгэвэртээ гарсан учир тухайн захирамж хуулийн хүчин төгөлдөр гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтаар няцаагдаж байна.

 Ц.Долсүрэн нь тухайн сумын Засаг даргад 2016 оны 05 дугаар сарын 30-нд өвчтэй,  эмнэлэгт хэвтэж байх үед ажлаас чөлөөлсөн  тул намайг эгүүлэн ажилд томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсныг мөн дурдах нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Г.Сувдаа нь 2013 онд Дугаар Д201306293 дугаартай гэрчилгээгээр МУ-ын “Этүгэн” дээд сургуулийг бакалаврын дипломтойгоор хүний их мэргэжлээр төгссөн ба мөн эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг  0018292 дугаараар 2021 онд 5 жилийн хугацаатайгаар авсан, тус эмнэлэгт 2014 оноос 2015 он хүртэл их эмч, эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажилласан.

Сумын эрүүл мэндийн газрын дарга нь төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч ба энэ нь хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах юм.

Сумын Засаг дарга Н.Наянбуу нь тус сумын эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Сувдаагийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны үр дүнгийн гэрээг  “В” буюу “Сайн” дүнтэйгээр дүгнэсэн байна.       

         Тус сумын иргэдээс бичгээр болон амаар ирсэн гомдлын дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр  Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвд шалгалт хийж ажил төрлөө сайжруулах талаар зөвлөмж өгч байсан. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Г.Сувдааг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан  талаар дүгнэлт гаргаж, ажлаас нь чөлөөлөх улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байсан зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар “ажил мэргэжил, ур чадвараараа  тэнцэхгүй болсон  гэх заалтад  нийцэж байна.

         

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тухайн үед ажиллаж байсан Засаг дарга А.Жигжидбавуу сумын эрүүл мэндийн газрын даргаар Г.Болдбаатарыг томилжээ.  Гуравдагч этгэээд Г.Болдбаатар нь эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны коллеж 2009 онд №Д 200931472 хүний их эмчээр БАКАЛАВР-ын зэрэг хамгаалж 2014 онд хүүхдийн их мэргэжлээр, эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг 2016-2021 он хүртэл 5 жилийн хугацаагаар тус сумын эмнэлэгт их эмч болон дарга эрхлэгчээр ажиллаж байсан ба Дэлгэр сумын засаг дарга нь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболдтой зөвшилцөж  Г.Болдбаатарыг сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг дэмжсэн албан бичиг нь хэрэгт авагджээ. Тус эмнэлэгт 2002-2016 он хүртэл их эмч, эрхлэгчээр ажилласан.

  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, хуулийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багын иргэн Г.Сувдаагийн нэхэмжлэлтэй  Дэлгэр сумын Засаг даргад   холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.САРАНЧИМЭГ