Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 110/2019/0049/з |
Дугаар | 001/ХТ2020/0222 |
Огноо | 2020-06-10 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2020/0222
“Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын
Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Өлгий сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжуудын М.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0075 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-ийг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0075 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б х” ХХК-ийн “Өлгий сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжуудын М.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг зөрчсөн тухайд:
...Хавтаст хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө баталсан тухай баримт болон маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар бусдад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах талаар Өлгий сумын Засаг даргаас санал авсан тухай ямар нэгэн баримт байхгүй юм. Гэтэл шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж, хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг үнэлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай хуралдааны тогтоол авагдсан боловч Өлгий сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө авагдаагүй. Тийм төлөвлөгөө байгаа эсэх нь эргэлзээтэй.
5. Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан тухайд: ...Бид хууль тогтоомж, норм, нормативын дагуу ажилладаг. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа уг хууль журамд заасан норм, нормативыг болон бусад холбогдох хуулийг зөрчсөн. Ингэснээр манай компанийн эрх дараах байдлаар зөрчигдсөн. Үүнд: Гол усны харагдах байдлыг хаасан, хил залгаа өөр жуулчны бааз бууснаар дуу чимээ гарах нөхцөлийг бүрдүүлж манай жуулчны баазад амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдуулах нөхцөл бүрдүүлсэн. Тодруулбал, гадаадын жуулчид ихэнхдээ гол усны хажууд байрлалтай жуулчны баазаар үйлчлүүлэх сонирхолтой байдаг, үүнээс гадна маргаан бүхий актаар олгогдсон газар буюу газар дээрх жуулчны баазаас болж цаашид бидний бусад эрх зөрчигдөж болзошгүй байна. Хууль журамд заасны дагуу маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх ёсгүй байсан, шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ хууль тогтоомжид заасан бусад, эрх зэргийг анхаараагүй явдалд гомдолтой байна.
6. Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газар нь усны сан бүхий газарт хамаарч байна. ...Маргаан бүхий акт нь уг стандартын 5.4 дэх заалтын 5.4.7, 5.4.8, 5.4.9, 5.6 дахь заалтын 5.6.6-д заасныг зөрчиж гарсан байсан тул нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар хуралдааны тогтоол гарсан учраас маргаан бүхий актуудыг гаргасан гэж нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Уг тогтоол нь анхнаасаа холбогдох хуулиудыг зөрчсөн учраас илт хууль бус захиргааны акт юм. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн хүчингүй тул ийм захиргааны актыг ямар ч захиргааны байгууллага, шүүх, иргэн биелүүлэх үүрэггүй.
7. Гэтэл шүүх нийтийн эрх ашгийн эсрэг буюу Усны тухай хуулийг илт зөрчиж гаргасан маргаан бүхий актуудыг зөвтгөж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04-04-029/107 дугаар дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02/261 дүгээр албан бичиг, фото зураг, гэрч Б.Ж-ий мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, газрын үзлэгийн үеийн схем зураг зэргээр нотлогдон тогтоогдсон байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
8. Захиргааны ерөнхий хуулийг тайлбарлан хэрэглээгүй тухайд: ...Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг татан оролцуулаагүй, мөн сонсох ажиллагаа явуулаагүй. Ингэснээр Өлгий сумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Захиргааны ерөнхий хуулийн 14-51 дүгээр зүйлийн талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар хамтран баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг анхааралгүй орхисон.
9. Бусад этгээдээс уг маргаан бүхий газрыг эзэмшилдээ авахаар удаа дараа хөөцөлдөж байсан бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс уг газрыг усны сав газар хэмээн зөвшөөрөөгүй байсан. Гэтэл иргэн М.Ж гэгчид уг газрыг давуу байдлаар олгосон явдалд гомдолтой. Шүүх эдгээр байдлыг анхааралдаа авалгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0075 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Нэхэмжлэгч “Б х” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжуудын М.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүхүүд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр маргаан бүхий 2019 оны А/50 дугаар захирамжаар Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 28 дугаар тогтоолоор баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн /хэрэгт авагдсан/ дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй талаар, мөн 2019 оны А/123 дугаар захирамжийн М.Ж-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг зөв дүгнэжээ.
12. Хэргийн үйл баримтаас үзвэл, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн маргаан бүхий газар нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт хамаарахгүй байх тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2. “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэсэн хуулийн зохицуулалт нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй, иймд “...маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар бусдад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах талаар Өлгий сумын Засаг даргаас санал авсан тухай ямар нэгэн баримт байхгүй. Гэтэл шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж, хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг үнэлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
13. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий акт болох гуравдагч этгээд М.Ж-д дуудлага худалдаагаар газар эзэмшүүлсэн 2019 оны А/123 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ…” гэж заасан журмын дагуу гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй маргаагүй тул хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн, мөн “...хавтаст хэрэгт Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай хуралдааны тогтоол авагдсан боловч Өлгий сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө авагдаагүй. Тийм төлөвлөгөө байгаа эсэх нь эргэлзээтэй” гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна.
14. Түүнчлэн, “хариуцагч сумын Засаг дарга хуульд заасан хориглосон газарт газар эзэмшүүлсэн гэж үзэхгүй, мөн М.Ж-д маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн боловч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа тул аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах стандартыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй, иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэсэн шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй тул “...манай жуулчны баазад амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдуулах нөхцөл бүрдүүлсэн, ...маргаан бүхий актаар олгогдсон газар дээрх жуулчны баазаас болж цаашид бидний бусад эрх зөрчигдөж болзошгүй байна, хууль журамд заасны дагуу маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх ёсгүй байсан, шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ хууль тогтоомжид заасан бусад эрх зэргийг анхаараагүй явдалд гомдолтой байна...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 7-д заасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.
15. Дээр дурдсанчлан, нэхэмжлэгчээс сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолтой маргаагүй тул “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар хуралдааны тогтоол нь анхнаасаа холбогдох хуулиудыг зөрчсөн учраас илт хууль бус захиргааны акт юм, илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн хүчингүй тул ийм захиргааны актыг ямар ч захиргааны байгууллага, шүүх, иргэн биелүүлэх үүрэггүй...” /Тодорхойлох хэсгийн 6/ гэх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй юм.
16. Маргаан бүхий актууд нь нэхэмжлэгчид шууд чиглээгүй, мөн нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших хүсэл сонирхлоо илэрхийлж байгаагүй /хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй/, дуудлага худалдаанд оролцоогүй тул “... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, ингэснээр хариуцагч холбогдох хуулийг ноцтой зөрчсөн, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой, нэхэмжлэгчийн зүгээс уг маргаан бүхий газрыг эзэмшилдээ авахаар удаа дараа хөөцөлдөж байсан боловч эрх бүхий этгээдээс уг газрыг усны сав газар хэмээн зөвшөөрөөгүй байсан, гэтэл иргэн М.Ж гэгчид уг газрыг давуу байдлаар олгосон явдалд гомдолтой, шүүх эдгээр байдлыг анхааралдаа авалгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, ...иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн /Тодорхойлох хэсгийн 8-9/ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
17. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0075 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ