Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00241

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 25 210/МА2023/00241

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/04923 дугаар шийдвэртэй,

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б, Б.Яа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34,319,587 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн, Г.Оюун-Эрдэнэ, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Яа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Б.Б, Б.Яа нар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 29,046,358 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

1.2.Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 315 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 28,523,366.18 төгрөг, хүү 5,632,006.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 164,214.89 төгрөг, нийт 34,319,587.86 төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргасан.

1.3.Хариуцагч Б.Бийн эхнэр Г.Оийн 15,000,000 төгрөгийн картын зээлийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж хэрэглээний зээл авсан, зээлийг бид олгосон тул шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагч нараас 34,319,587.86 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Бид Г.Б ХХК-аас ямар ч зээл аваагүй. Б.Бийн эхнэр Г.О Г.Б ХХК-аас 2019 онд 10,000,000 төгрөгийн картын зээл аваад 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Г.Б ХХК-аас зээлээ төл гэж шаардаж, төлөх боломжгүй байгаа бол хүү багатай хэрэглээний зээл рүү шилжүүлж өгье гээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Кредит картын төлбөрийг хэрэглээний зээл рүү шилжүүлэх боломжтой гэсэн тул гарын үсэг зурсан. Гол нь зээлийн өндөр хүүг төлж чадахгүй байна.

2.2.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5 дахь хэсэгт зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр зээлдэгчид зээлийн данс нээж, зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор заасныг зөрчсөн.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б.Яа нараас 34,319,587.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,548 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.2 дэх хэсэгт тус тус заасны дагуу талууд хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлэн, гарын үсэг зурсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр гэрээг байгуулсан, хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй бөгөөд Б.Б, Б.Яа нар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай.

4.2.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч талын хүсэлтийг үндэслэн хууль, дүрэм журамд заасан шаардлагын дагуу судлан, зээлийг зээлдэгчийн дансанд олгосон ажиллагааг үнэлээгүй.

4.3.Шүүх хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна гэх боловч үндэслэлээ тайлбарлаагүй буюу дээрх хуулийн шаардлагыг хэрхэн зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Б, Б.Яа нараас шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдол үндэслэлгүй. Би тэр мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Гэрээнд гарын үсэг зурсан нь миний буруу. Г.Б ХХК энэ хүн нас барсан тул гарын үсэг зурахаас өөр арга байхгүй гэж хэлсэн тул би гарын үсэг зурсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Б.Б, Б.Яа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,319,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээл аваагүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчдын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлдүүлэгч нь 29,046,358 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэгч нарт зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

4.Анхан шатны шүүх хариуцагч Б.Б, Б.Яа нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 34,319,587.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

4.1.Гэрээний 2.1.6-д зээлийн зориулалтыг 550160******5880 тоот кредит картын өр төлбөрийг төлөх гэж тусгаж, зээлдэгч Б.Бийн, Г.Б ХХК дахь 2209293407 тоот дансны хуулга гэх баримтад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 29,046,358 төгрөгийн дүнгээр зээл олгов, Оюунцэцэг Галсандорж карт хаав гэх бичилтүүд хийгдсэнийг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд талууд хариуцагч Б.Бийн эхнэр талийгаач Г.Оийн зээлийн төлбөрийг хаах зорилгоор зээлийн гэрээг байгуулжээ.

4.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны хуулийн (1995 оны) 20 дугаар зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар банкнаас олгох зээл нь нийтэд мэдээлсэн тодорхой зориулалтын дагуу олгогддог журамтай. Гэвч дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч талд зээл ашиглах боломж олгоогүй буюу зээлийн зориулалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд гэрээ байгуулагдсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байх боловч талуудын хүсэл зориг хуулийн хүрээнд илэрхийлэгдэх учиртай.

Иймээс дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

4.3.Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй боловч зээлдэгчид зээл бодитой шилжээгүй, зээлийн дүн болох 29,046,358 төгрөг зээлдүүлэгч талд байршиж байгаа тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхгүй.

 

5.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/04923 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсэгт гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,547.94 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.ЗОЛЗАЯА