Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/355

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1721002530374 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг .... гэх газар оршин суух, гавъяа шагналгүй,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******. 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүс” гэх газраас хохирогч *******-ын хүрэн халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/        

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, хохирлыг барагдуулсан. Мөн прокуророос санал болгож байгаа ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манайх Дорнод аймгийн Чулуун хороот сумын 2 дугаар багийн “Бүс нуур” гэх газарт байдаг юм. 2017 оны 05 дугаар сарын эхэн үеэр манай адуу “Бухын хонхор” гэх газарт байх пойлд  байсан. Шуурга болоод шуурганы дараа адуугаа бүртгэж үзэхэд хүрэн халзан шүдлэн үрээ, цагаан шарга шүдлэн байдас, ухаа зүсмийн шүдлэн байдас, сартай хээр халзан үрээ, ухаа байдас, хүрэн зүсмийн байдас гэсэн 6 тооны адуу алга болсон байсан. Ингээд адуугаа хайж яваад хээр халзан үрээ, ухаа байдас зэрэг адуугаа олсон. ... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 4 тооны адуу алдагдсан гэх мэдүүлгийг өгч байсан бөгөөд би цагаан шарга байдас, ухаа байдас зэрэг адуугаа 2018 оны дундуур олсон. Энэ талаар ажил төрөл амжихгүй болохоор хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж чадалгүй өдийг хүрсэн байна. Харин манай нэг тооны адууг лам Пүрэвээ авсан нь тогтоогдсон юм. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. /хх-ийн 20 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын эхээр сумын төвд байхад Улаанбаатар хотоос урьд нь манай сумаас мал мах авдаг байсан ******* гэдэг найз *******тай Приус маркийн машинтай манайд ирээд “Мах авахаар ирлээ, та газар хүн мэдэхээрээ цуг явалцаад өгөөч” гэхээр нь зөвшөөрч цуг явсан. ... Халтар ахынд зарах мал байна уу гээд ******* ******* нартай очиход хүргэн ******* нь нэг хүрэн халзан шүдлэн адуу зарна гээд Халтар ахын гадна байсан нэг адууг заагаад үнэ тохирч өгөхөөр болоод мөнгөө авч үлдсэн” гэжээ. /хх-ийн 54 тал/

 

Чулуунхороот сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 05 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүс” гэх газраас хохирогч *******-ын хүрэн халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Улаанбаатар хотоос ирсэн мал махны ченж нарт нэг адуу өгөхөөр ярилцаад 350.000 төгрөг авч маргааш нь адуугаа өгөхөөр болсон. Маргааш нь адуугаа авъя гэхээр нь Долгорсүрэнгийн гэрийн гадаа байсан 7 тооны адуунаас *******-ын эзэмшлийн халзан хүрэн зүсмийн 1 тооны адууг хашиж аваад ченж нарт миний адуу гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч *******, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Чулуунхороот сумын эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-од 1 тооны адууны буюу 500.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь “Би хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 7 /долоон/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-ын тэнсэгдсэн 1 /нэг/ жил 7 /долоон/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн 1 /нэг/ жил 7 /долоон/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ