| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0162/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 177
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.О-д холбогдох эрүүгийн 1826000890146 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Г.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн О.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр хөдөө яваад сумын төв дээр орж ирсэн. Өмнө нь О.Н намайг зодож байсан. Энэ тухай ярихаар О.Н дээр очиж уулзсан. Тэгээд ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хохирогч О.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр О ах манайд эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд О ах түрүүлээд гараад явсан. Дараа нь эхнэр нь намайг хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг нь хүргэж өгөх гээд явж байсан чинь О ах гудамныхаа үзүүрт зогсож байсан. Тэгээд бид хоёр О ах дээр очсон чинь О ах намайг цохиж авсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би П.Д-тай хамт Г.С-д сууж байсан чинь О ах гаднаас орж ирээд намайг босоод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би босохгүй сууж байсан. Тэгсэн чинь 2 удаа толгой руу цохьсон. Тэгээд сумын төвөөс хойш гараад миний хоолойг боогоод толгой руу 5-6 удаа цохьсон. Мөн миний нүүр лүү цохьсон. Дараа нь надаар 1 том пиво авахуулсан. Би айсандаа Д.М, Г.О ах хоёртой хамт уусан. Тэгээд гэр лүүгээ явж байтал миний бие гэнэт эвгүйрхэж эхэлсэн. Тэгээд эмчид үзүүлсэн...” гэв.
Хохирогч О.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 21-ний орой 18 цагийн үед би гэртээ байхад гаднаас Ц, О нар орж ирээд Ц, О нар хоорондоо хэрэлдэж байгаад О түрүүлээд гараад явсан. Тэгээд Ц намайг гэрт хүргээд өг гэсэн юм. Тэгсэн манай аав хүргээд өгчих гэхээр нь *******г гарснаас 5-6 минутын дараа гарсан. Ц бид 2 манайхаас гараад гудамжны зүүн талын өнцөг дээр очсон чинь ******* гудамжны өнцөг дээр зогсож байсан. Тэгсэн Ц хоёулаа О дээр очъё гэсэн юм. Тэгээд очиход О шууд л юм ярьж хэлэлгүй миний элэг рүү цохисон. Тэгэхээр нь би яаж байна аа та гэсэн чинь яасан том болчихсон юм гээд дахиад гараараа элэг рүү цохисон. Тэгхээр нь би О-н 2 гарыг бариад авсан чинь Ц бид 2-ын голоор ороод салгасан чинь О дахин миний толгойруу гараараа 4-5 удаа цохиж авсан. Тэгэхээр нь би О-г заамдаж байгаад хашаанд шахаад зогссон юм. Тэгтэл Ц салгах гээд дундуур орох үед нь би хөл алдаад газар унасан чинь О миний толгой руу өшиглөсөн. Тэгсэн аав О хашаанаас гарч ирээд О-г салгаад аваад явсан. Энэ үед бол миний биед ил харагдах шарх сорви учраагүй сүүлд нь жаахан толгой өвдөөд байсан. Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би С, Д нартай хамт С-н гэрт сууж байсан чинь гаднаас О, М нар 9 дүгээр ангийн Н, Г, Б нарыг согтуу хөөгөөд орж ирсэн. Тэгээд О надад хандаж босоод ир гээд байхаар нь би босохгүй суугаад байсан. Тэгээд босоод ир гээд болохгүй болхоор нь би босоод ирсэн чинь миний элэг рүүү өшиглөсөн. Би нөгөө талын орон дээр нь ойчсон юм. Тэгээд би босч ирээд орон дээр суусан чинь эрүүн доороос 2 удаа өшиглөсөн. Дахиад намайг босоод зогс гэхээр нь би босоод зогссон чинь 9 дүгээр ангийн 3 хүүхдийг та 3 энэ Н-г зод би арыг нь даана гээд байсан. Тэгсэн тэр 3 хүүхэд хөдлөөгүй юм. Тэгсэн С-н дүү Б нь гэрээс гүйгээд гараад явсан чинь гаднаас ах Б, ээж нарынгаа дуудаж оруулж ирсэн. Тэгээд С-н ээж нь боль юу болж байгаа юм гэсэн чинь О өмнөөс нь чадахгүй гэж хэрэлдэж байгаад намайг тухайн айлаас чирээд гараад ирсэн. Тэгээд намайг О намайг авч явах гээд байсан чинь С-н ээж нь намайг явуулахгүй гэсэн чинь О өмнөөс нь хэл амаар доромжилж байгаад намайг мотоцикль дээр морд гэхээр нь би мотоцикль дээр нь мордоод надтай хамт явж байгаад сумын төвөөс хойш 2 км орчим яваад зогссон ба явж байх замдаа зүгээр явахгүй араас толгой руу гараараа 6-7 удаа цохиод байсан. Тэгээд мотоцикль дээрээс буулгаж байгаад хөл рүү 2 удаа өшиглөсөн ба толгой руу гараараа 7-8 удаа цохисон. Тэгээд миний хоолойг куртикний захаар боогоод би хариугүй ухаан алдах гээд байсан учир “одоо болно шүү дээ би ухаан алдлаа” гэсэн чи битгий жүжиглээд бай гээд миний толгой руу 4-5 удаа цохисон. Тэгээд миний хоолойг боож байснаа тавиад, чи хууль цагдаагаараа яваарай тэр цагдаа чинь надад үйлчлэхгүй шүү гээд байсан ба дахин намайг гараараа толгой руу цохиод байсан. Тэгэхээр нь нэг удаа цохих гэхээр нь би доошоо тонгойсон чинь миний нүүр лүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Л.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим гэртээ очиход О.Н-н уруулын дотор талд хэгзэрсэн, хоёр шанаа нь хавдсан, хоолой нь улайчихсан толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан. Хэнд зодуулсан талаар асуухад Г.О намайг зодсон гэж хэлсэн. Яагаад зодоод байгаа талаар асуухад намайг Г.С-д байхад орж ирээд зодсон, мөн сумын хойд талд Г.О намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Г.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...О.Н-г орон дээр сууж байхад нь Г.О ах босоод ир гэж хэлээд хөлөөрөө хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. О.Н-г орон дээр сууж байхад Г.О ах нүүрэн тус газар гараараа 2 удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.*******, О.Н-д хандаж чи намайг согтуу байхад зодсон, хүмүүс тэгж ярьж байна гэж хэлээд О.Н-н толгой руу гараараа 2 удаа цохисон. О.Н толгойгоо бариад доошоо хараад суугаад байсан. ...Хээр очоод Г.О, О.Н-г дагуулж яваад Г.О, О.Н-г хөлөөрөө хавсарсан чинь Н унахгүй байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан тул хэрхэн яаж цохиж зодсоныг хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч П.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.О, О.Н-г орон дээр хэвтэж байхад зүүн хөл рүү нь өшиглөөд бос гээд байсан. Өндийсөн чинь Г.О ах О.Н-н нүүр лүү хэд хэдэн удаа гараараа алгадсан. Г.О ах О.Н-г дахин нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиод авсан. Би тэр хоёрыг салгах гэсэн чинь Г.О ах ална шүү гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* бид хоёр хамт aйлд очсон. Тэр айлаас О ганцаараа гараад явсан. Би тэр айлд тавуулаа нийт 4 ширхэг 2.5 литрийн “Сэнгүр” пиво хамт уусан. ******* ойролцоогоор 2 цагийн дараа ирэхдээ дунд зэргийн согтолттой ирсэн. Би ч гэсэн дунд зэргийн согтолттой байсан. Тухайн үед 16 цаг өнгөрч байсан санагдаж байна. О согтуу байсан тул ажлынхаа жолооч О-тай утсаар ярихад гэрт хүргэж өгье гэхээр нь бүтэн сайны өдөр байсан тул найз залуу О-той хамт ажлынхаа О О-г гэр лүүгээ хүргүүлэх санаатай О-д ороход эхнэр, хүүхдүүд нь байсан. Би О-г архи уучаад намайг зовоогоод байна гэж уйлаад байж байтал О ах тэр хооронд гэрээсээ гараад явчихсан байсан. О мөн О-н гэрээс гараад явчихсан байхаар нь гэрийн түлхүүр О хаячихсан байхгүй байгаа талаараа хэлсэн. Н-д хандаж намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Замдаа манай гэрийн түлхүүрийг хамт хайя гээд гэрээс нь дагуулаад гарсан. О ахын гудамжинд Н, бид хоёр явган явж байтал О-той уг гудамжны үзүүрт таарсан. Тэгсэн О, Н хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй нэг мэдсэн хоорондоо барилцаад авчихсан зогсож байснаа хэн нь хэнийгээ түрүүлж цохисонг мэдэхгүй байна хоёр биенийхээ нүүр рүү гараараа цохилцоод байсан. Хэдэн удаа цохилцсонг мэдэхгүй байна. Ерөнхийдөө Н, О-г зодоод байх шиг байхаар нь би тэр хоёрын дундуур ороод салгах гэтэл хэн цохисныг мэдэхгүй миний зүүж байсан харааны шилийг унагаад би газар унасан. Надад гэмтэл учраагүй. Харааны шил зүгээр байгаа. Тухайн үед гадаа гэгээтэй байсан. Ойролцоогоор 17 цаг болж байсан. О согтуудаа Н-тай маргалдах гээд дайраад байхаар нь холдуулаад зогсож байтал О ах мотоцикльтой ирээд хүү Н-г аваад явсан. Би О-г аваад гэрлүүгээ явсан. ...Н-н ээж О над руу 21 цаг өнгөрч байхад утсаар яриад Н-г, О зодчихсон байна О-г хаана байгаа талаар асуухаар би хөдөө ажлаар яваад ирсэн талаар хэлсэн. Н-г очиж биеийг үзэхэд Н гэртээ орон дээр хэвтэж байсан. Н-н доод уруул бага зэрэг хавдсан, толгойны баруун чамархай хэсэгт дарахад эмзэглэлтэй, хүзүү хэсэг улайчихсан байсан. Үзлэгээр дагзны булчингийн хөшинги толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан. Мөн тархины цус харвалтын мэдрэг голомтод шинж тэмдэг илрээгүй байсан тул би тархины хаван хөөх эмчилгээ, өвдөлт намдаах, тархины цусан хангамж сайжруулах, тархины судас хамгаалах эмчилгээг тариагаар хийж өгсөн. Энэ эмчилгээг эмнэлгээс гаргаж өгсөн. ...2018 оны 02 дугаар сарын 06-ны едөр гэрт очиж үзэхэд биеийн байдал хөнгөн байсан. Тэр өдрөө Н өөрөө аймгийн БОЭТ-д үзүүлнэ гэсний дагуу хувийн машинаар явна гэхээр би өөрийнхөө зардлаар 79.000 төгрөгийн бензин хийж өгсөн. Сумаас би, ээж О нь, Н бид гурав аймаг руу хувийн машинтай хамт явах үед О шороон замаар машиныг унаад засмал зам дээр гараад Н өөрөө машиныг унаад аймаг орсон. БОЭТ-ийн гэмтлийн эмч Батсайхан эмчид үзүүлсэн. Тархины рентген зураг авахуулахад ясны хугарал гэмтэл байхгүй байсан. Толгойнд томографикийн зураг авахуулахад тархи хавантай, тархины доргилт гэж оношлогдсон. БОЭТ-д 2018 оны 02 дугаар сарын 06-аас 2018 оны 02-р сарын 13-ны хүртэл гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Эмчлэгч эмч Баянмөнх эмч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай: “... О.Н-д тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварийг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №444 дугаартай: “... О.Н-н биед тархи доргилт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх үүссэн гэмтлээр цохилтын хүчийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. О.Н-н биед тархи доргилт дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тархины цус харвалт гэмтэл тогтоогдсонгүй. О.Н-н шинжээч эмч Э.Х-н 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хохирогч О.Н-н №816 дугаартай өвчний түүх /хх-ийн 46-58 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.О-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 80-83
Шүүгдэгч Г.О-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.О-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг дэвсгэрт иргэн О.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Г.О-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Н-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О-д зодуулсан талаараа өгсөн “...Бид хоёр О ах дээр очсон чинь О ах намайг цохиж авсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би П.Д-тай хамт Г.С-д сууж байсан чинь О ах гаднаас орж ирээд намайг босоод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би босохгүй сууж байсан. Тэгсэн чинь 2 удаа толгой руу цохьсон. Тэгээд сумын төвөөс хойш гараад миний хоолойг боогоод толгой руу 5-6 удаа цохьсон. Мөн миний нүүр лүү цохьсон. Дараа нь надаар 1 том пиво авахуулсан. Би айсандаа Д.М, Г.О ах хоёртой хамт уусан. Тэгээд гэр лүүгээ явж байтал миний бие гэнэт эвгүйрхэж эхэлсэн. Тэгээд эмчид үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Н-н “... шүүгдэгч Г.О-д зодуулсан талаараа...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Л.О-н “...Хэнд зодуулсан талаар асуухад Г.О намайг зодсон гэж хэлсэн. Яагаад зодоод байгаа талаар асуухад намайг Г.С-д байхад орж ирээд зодсон, мөн сумын хойд талд Г.О намайг зодсон гэж хэлсэн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Г.С, П.Д нарын “...Хохирогч О.Н-г, шүүгдэгч Г.О зодсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27, 32-33/, Гэрч Д.М-н “...Г.О, О.Н-д хандаж чи намайг согтуу байхад зодсон, хүмүүс тэгж ярьж байна гэж хэлээд О.Н-н толгой руу гараараа 2 удаа цохисон. ...Хээр очоод Г.О, О.Н-г дагуулж яваад Г.О, О.Н-г хөлөөрөө хавсарсан чинь Н унахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, Гэрч Э.Ц-н “...Шүүгдэгч Г.О, хохирогч О.Н хоёрын зодолдохыг харсан, ...2018 оны 02 дугаар сарын 06-ны едөр гэрт очиж үзэхэд биеийн байдал хөнгөн байсан. Хохирогч О.Н-г эмнэлэгт үзүүлсэн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/, шүүгдэгч Г.О-н үйлдлийн улмаас хохирогч О.Н-д хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №444 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-ийн 3/, Хохирогч О.Н-н №816 дугаартай өвчний түүх /хх-ийн 46-58/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,
Хохирогч О.Н нь 3.104.740 төгрөг нэхэмжилж баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөнөөс шүүх нотлох баримтын шаардлага хангасан 1.615.650 төгрөгийг шүүгдэгч Г.О-с гаргуулах нь зүйтэй гэж үзэж, үлдэх 1.489.090 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон. Шүүгдэгч Г.О шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 1.615.650 төгрөгийн 500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад, 1.115.650 төгрөгийг шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч О.Н-д төлсөн болно.
Иймд шүүгдэгч Г.О нь хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хохирогч шүүхээс хэлэлцэхгүй орхисон гэм хорын хохирол 1.489.090 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэг ******* овогт Г.О-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Г.О нь хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон гэм хорын хохирол 1.489.090 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьсугай.
6. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.