Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* боржигон овгийн Д.Б-д холбогдох эрүүгийн 1826000000179 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Өвөрхангай аймгийн ******* дэх сум дундын 1 дүгээр шүүхийн  2002 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/132 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2-т зааснаар 100000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* боржигон овгийн Д.Б

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар иргэн О.Ш-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч *******тай би газрын маргаанаас болж маргалдсан. ******* нь миний эзэмшлийн газар техниктэйгээ ирээд орох гэхээр нь би бичиг баримтаа үзүүлсэн чинь намайг цохиж авсан.Тэгээд бид 2 маргалдаж бие биенийгээ цохьсон. Би Ш-н биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 960000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч О.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар баг “*******” гэх газар Д.Б-н нэр дээр байдаг хамтын нөхөрлөлийн газарт нөхөн сэргээлт хийх зорилгоор ашиглаж байсан газар нь очиж ажиллах гэтэл Д.Б надад чиний  нэр байхгүй гэж хэлэхээр нь яагаад миний нэр байдаггүй юм гэж хэлсэн чинь баахан цаас барьчихсан энийг хар гэхээр нь би цаасыг нь гарынхаа ар талаар цохьсон чинь намайг зөрүүлээд цохиод авсан. Тэгээд бид хоёр барилцаад авсан тэр үед миний  толгой шанаа хэсэгт 3 удаа цохьсон. Би Д.Б-г цохиогүй, бид хоёр зууралдаж байгаад салсан. Д.Б миний өмсөж явсан цамцыг ураад, хүзүүнд зүүлттэй байсан монетон гинжийг тасдаад хаячихсан. Тэгээд гинжийг олоогүй салсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Би 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр О.Ш-тай утсаар яриад Хайрхандулаан сумын 5 дугаар багийн “*******” гэх газар Д.Б-эй нийлж авсан 1 га газар байгаа, эксковатороо аваад хүрээд ир гэхээр нь 17 цагийн үед ирээд О.Ш-тай уулзаад техник эксковатороо машинаас буулгаж байтал Д.Б, О.Ш нар зууралдаад зодолдоод байгаа бололтой байсан. Тэгэхээр нь очтол О.Ш-н цамцыг нь ураад хаячихсан, зүүн талын шанаа хацар нь хавдчихсан байсан. Намайг харахад О.Ш шар өнгийн гинж зүүчихсэн байгаа харагдсан. Ямар гинж байсныг нь сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-9 хуудас/,

Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед О.Ш, эхнэртэйгээ эксковатор ачаад ирсэн юм. Тэгэхээр нь би очоод уулзаад зогсож байтал Д.Б ирээд чи намайг дээрэлхээд байна уу, чацга минь, чиний нэр манай нөхөрлөлд байхгүй гээд яваад бичиг баримт авч ирээд үзүүлтэл О.Ш бичиг баримтыг нь үзэлгүй бичиг баримт руу нь цохиод авсан. Тэгсэн чинь Д.Б ах надад бичиг баримтаа өгөөд тэр хоёр барилцаж аваад зодолдож эхэлсэн. Тэгээд нэг их удалгүй салгах гэсэн чинь салчихсан. Дараа нь хартал О.Ш-н зүүн шанаа нь хавдчихсан, нэг газраа жаахан шалбарчихсан байсан. Ашиглаж байгаа газраасаа болж зодолдсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн “... Тухайн үед би Г ахтай Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар ажиллахаар очсон. Тэгээд эксковатороо Г ах, Б бид гурав буулгаж байтал Д.Б, О.Ш гэх хүмүүс маргалдаад байгаа бололтой байсан. Яг юу болсон талаар хараагүй. Би Д.Б, О.Ш гэх хүмүүсийг танихгүй. Сүүлд нь Г ахаас сонсоход Ш гэх хүн Д.Б гэх хүнд зодуулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч О.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар үйл ажиллагаа явуулж байсан манай нөхөр Б-н нэр дээр байдаг “Буян” нэртэй нөхөрлөлийн талбай дээр О.Ш, эхнэр О гэх эмэгтэйтээ ирээд манай талбай руу орж үйл ажиллагаа явуулах гээд байхаар нь манай нөхөр Б нөхөрлөлийн бичиг баримтаа үзүүлэх гэтэл бичиг баримтыг нь авч шидээд цохиод авсан гэсэн. Би яг зодоон болох үед хажууд нь байхгүй байсан юм. Би тэр үед сүлжээ ойрхон барьдаг газраас утсаар ярих гээд явсан байсан. Манай нөхөрлөл 9 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. О.Ш манай нөхөрлөлд байхгүй. Урьд нь 2015 оны үед хамтарч ажиллах талаар яриа хийж манай нөхөрлөлд нэр нь байсан. 2018 оны 05 дугаар сард Хайрхандулаан сумын 5 дугаар баг “*******” гэх газар үйл ажиллагаа явуулах эрхээ аваад нөхөрлөлийн гишүүдийг бүртгэж шинэчлээд үйл ажиллагаа явуулж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хайрхандулаан сумын 5 дугаар багийн ******* гэх газар “Буян” нөхөрлөлийн талбайд үйл ажиллагаа явуулах гээд очсон чинь Д.Б танай нэр байхгүй хасчихсан гэж хэлсэн. Уг нь энэ нөхөрлөлд 2017 онд элсэн орж үйл ажиллагаа явуулахаар болсон боловч газрын зөвшөөрөл нь гараагүй үйл ажиллагаа явуулаагүй, тухайн үед нөхөрлөлийн 6 гишүүний нийгмийн даатгалыг манайх төлсөн байсан юм. Д.Б манай нөхөр О.Ш-г танай нэр байхгүй, та нар зөвшөөрөлгүй газар орох гэлээ гээд нэг цаас барьчихсан дайраад байсан. Тэгтэл О.Ш миний нэр яагаад байдаггүй юм гээд гараараа цаас руу нь цохьсон чинь манай нөхрийг барьж аваад толгой хэсэгт нь цохиод байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн  “...2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед О.Ш, эхнэр Б, жолооч Баянтээгийн уурхайд байдаг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй Д  гэх залуу, бас танихгүй хоё залуугийн хамт Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар бичил уурхайн зориулалтаар өгсөн газарт ирээд миний эзэмшлийн газарт эксковатор, техникээ ачиж ирээд буулгаад газар ухах гээд байхаар нь би очиж ашиглаж байгаа газрын бичиг баримтаа Дээгий гэх жолоочид үзүүлээд хууль бус гэдгийг нь хэлсэн. Дараа нь О.Ш-д үзүүлэх гэтэл наадахаар чинь яадаг юм гээд бичигтэй хамт цохиод авсан чинь би бичиг баримтаа алдаад хагас дутуу цуглуулж аваад хажууд зогсож байсан Д гэх залууд бариулаад барилцаж аваад харилцан бие биенээ цохилцсон. Тэгтэл О.Ш-н эхнэр Б нь наад Б алаад өг гээд хажуугаас нь хэлээд бичлэг хийгээд байсан. Би тэгээд салаад яваад өгсөн. Тэр үед манай эхнэр цагдаа дуудсан. Эхлээд уулзах үед О.Ш-н нүүр зүгээр байсан. Тухайн зодоон болсноос хойш л нүүр нь хавдсан гэж байсан. Би одоо болтол О.Ш-тай таараагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Шинжээч эмч Э.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №493 дугаартай Онхор овогтой Ш-н биед Хайрхандулаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Б-н шинжээч томилсон тогтоолын дагуу үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоосон. Үзлэгээр О.Ш-н биед дагзны булчингийн хөшингө 1 хуруу, биеийн ерөнхий тэнцвэр алдалт, зүүн нүдний доод зовхи дотор буланд 4.3х2 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт, тус хэсэгт хаван хавдар, зүүн нүдний доод зовхины гадна хэсэгт 2.2х0.2 см хүрэн улуун өнгийн зулгаралт, хамрын нурууны зүүн дунд хажуу хэсэгт 1.2х0.5 см улаан өнгийн цус хуралттай байсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүдийн зулгаралт, цус хуралт гэмтэл учирснаас тархи доргилт гэмтэл үүссэн байх боломжтой бөгөөд тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаартай шинжээчийн:

1.Үзүүлэгч О.Ш-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу

хэсэгт цус хуралт, зүүн нүдний зовхины гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул Шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс" ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №08/48 дугаартай "...монетон гинж 910000 төгрөг, эрэгтэй хүний цамц 50000 төгрөг, нийт 960000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 хуудас/,

Шүүгдэгч Г.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50 хуудас/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52 хуудас/, Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1744 дугаартай тодорхойлолт /хх-51 хуудас/,

Хохирол төлсөн баримт болох Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орлогын баримт,

Хохирогч О.Ш-н 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Д.Б-с 960000 төгрөгийг дансаар авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар хохирогч О.Ш-г зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн нүдний зовхины гадна хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч О.Ш-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.Ш /хх-21-22/, гэрч Б.Г /хх-5-6/, гэрч Г.Д /хх-10-11/, гэрч О.Б /хх-17-18/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Б-н яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /хх-43-44/, шинжээч эмч Э.Х-н /хх-34/ мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 493 дугаартай дүгнэлт /хх-24/,  Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №08/48 дугаартай үнэлгээний тайлан /хх-28-29/, шүүгдэгч Д.Б-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* боржигон овгийн Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь  хохирогчид 960000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх  төлбөргүй болох нь хохирогч О.*******ын шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Д.Б-с хохирогч О.Ш-н дансанд 960000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орлогын баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэж, шүүгдэгч Д.Б-г  хуульд заасан торгох ялаар шийтгэж,  уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч О.Ш-д 960000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* боржигон овгийн Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* боржигон  овгийн Д.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Ш-д 960000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.