Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00308

 

 

 

 

* ХХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/03613 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХН-ийн хариуцагч *т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ОХУ-ын Эрхүү мужийн арбитрын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А19-8160/2017 дугаар шийдвэрээр * ХХК-хас 104 522 ам.доллар 30 цент гаргуулж * ХХН-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан төлбөр төлөгч * ХХК-ийн өмчлөлийн *, Эрдэнэ 3 дугаар багт байршилтай 180 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 300 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нийт 79,95 га эзэмшлийн газрын хамт шинжээч томилж үнэлгээ тогтоолгоход 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 231 тоотоор хөрөнгийн үнэлгээний төв үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 4,146,660,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг явуулах үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, тухайн өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлд шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч У.Энхсоёл тус тус гарын үсэг зураагүй байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан заалтыг зөрчиж, эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулах үүрэгтэй шийдвэр гүйцэтгэгч өөрөө гарын үсэг зураагүй байхад тухайн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үнэн зөв гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн Арбитрын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А19-8160/2017 дугаар шийдвэрээр * ХХК-аас 104,522 ам.доллар 75 центийн өр буюу 48,923 ам.доллар 45 центийн үндсэн өр болон 55,559 ам.доллар 30 центийг гаргуулж * ХХН-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч * ХХК-ийн өмчлөлийн * Баянчандман сум, Эрдэнэ 3 баг хаягт байрлах 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 300 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 79.95 га талбайтай эзэмшлийн газар, шавар гэр 10 ширхэг, монгол гэр 10 ширхэг, дүнзэн байшин 4 ширхэг, цахилгаан хангамжийн ЦТП, гүний худаг зэргийг битүүмжилж, хураан авсан. Хураан авсан дээрх хөрөнгүүдэд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход 4,146,660,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг талуудад танилцуулж мэдэгдлийг хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Энергия альфа ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар *т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай * ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шинжээч томилох тухай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/130 дугаар тогтоолоор үнэлгээ тогтоох шинжээчээр иргэн Ж.Уртнасанг томилсон байна. Харин 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирал Р.Зоригтын хөрөнгө үнэлсэн тухай тайлан, уг тайланг тус компанийн тамга дарж, захирал гэсэн гарын үсгийн бичвэр бүхий 231 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн байгаа нь шинжээчээр томилогдоогүй хуулийн этгээд байна. Шинжээч томилох тухай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/130 дугаар тогтоолд заасан нэгж талбарын 4116040579 дугаартай амралтын газрын зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй 79.9 га газар үнэлэх байтал Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 79.95 га талбайтай газар эзэмших эрхийг үнэлсэн байгаа нь үнэлгээ гаргах эд хөрөнгө биш газар эзэмших эрхийг үнэлсэн төдийгүй газрын хэмжээг 0,5 га талбайгаар нэмэгдүүлж гаргажээ. Мөн үнэлгээний тайланд 10 ширхэг цомцог гэрийг 196,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээ хийгдэх ёстой шавар гэр /10 ханатай/ 1 ширхэг хөрөнгийг үнэлсэн байдал харагдахгүй, тогтоолд үнэл гэж заагаагүй 10 ширхэг хөрөнгийг нэмж шинээр оруулж үнэлсэн нь хууль бус байхад шүүх зохигчийн хуралдаанд гаргаж байгаа тайлбар, маргаж буй үндэслэлийг огт сонсолгүйгээр ямар нэг байдлаар үнэлж дүгнээгүй.

4.а.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг урьдчилан тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байгааг шүүх дүгнээгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргээс төлбөр авагч талд хуулбарлан өгснийг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн ба 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлд уг ажиллагааг гүйцэтгэж байгаа эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй хоосон байгаа нь уг ажиллагааг эрх бүхий этгээдээс явуулсан гэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэлд хавсаргаж, хариуцагчаас хуулбарлан өгсөн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлд ажиллагааг гүйцэтгэж байгаа эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй хоосон байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан ажиллагааг эрх бүхий этгээдээс явуулсан гэх үндэслэлгүй.

4.б.Үнэлгээг 4,146,660.000 төгрөгөөр тогтоож, төлбөр авагчийн эрх ашгийг илтэд хохироосон нэг талд хууль бусаар үйлчилсэн гэж үзэх нөхцөл байдал бий болгоод байгаагаас бид маргаж шүүхэд хандсан боловч шүүх маргааны үйл баримтад эрх зүйн үндэслэл гаргаж дүгнэлгүйгээр нотлох баримтыг хуулийн дагуу үнэлэлгүй шийдвэрлэсэн нь хууль бус болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч * ХХН нь хариуцагч *т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн арбитрын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А19-8160/2017 дугаар шийдвэрээр * ХХК-аас 104,522 ам.доллар 75 центийн өр буюу 48,923 ам.доллар 45 центийн үндсэн өр болон 55,599 ам.доллар 30 цент гаргуулж, * ХХН-д олгож шийдвэрлэжээ. /хх-ийн 100-106-р тал/

4.а.Төлбөр төлөгч * ХХК нь дээрх шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч * ХХН-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 459 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 97-р тал/

 

4.б.Хариуцагч * нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэн, төлбөр төлөгч * ХХК-ийн хөрөнгийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн өмчлөлийн Төв аймаг, * сум, Эрдэнэ 3-р баг, эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000049 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000411 дугаарт бүртгэлтэй, 300 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт /хх-ийн 117-118-р тал/ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10 ханатай шавар гэр, 10 ширхэг, 5 ханатай монгол гэр 10 ширхэг, дүнзэн байшин 4 ширхэг, цахилгаан хангамжийн ЦТП станц 1 ширхэг, гүний худаг зэргийг тус тус битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 154/03, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 154/04 дугаар тогтоолоор тус тус дээрх хөрөнгүүдийг хураажээ. /хх-ийн 132, 137-141-р тал/

 

4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч * ХХК-аас үнийн санал авахад дээрх хөрөнгүүдийг нийтэд нь 5,000,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч * ХХН эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 143-144-р тал/

 

4.г.Талууд дээрх байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй байх тул хариуцагч * нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/130 дугаар тогтоолоор шинжээч Ж.Уртнасанг томилж, шинжээч нь хөрөнгийг нийтэд нь 4,146,660,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 145, 151-200, 209-211-р тал/.

4.д.Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон давж заалдах гомдолдоо хариуцагч нь шинжээчээр Ж.Уртнасанг томилсон байхад үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргасан нь үндэслэлгүй, хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс дээгүүр тогтоосон, шинжээчид хууль тайлбарласан баримтад шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зураагүй гэжээ.

 

5.а.2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж тус тус заасан. Шинжээчээр томилогдсон Ж.Уртнасан нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр дүгнэлт гаргасан нь дээрх хуулийг зөрчөөгүй байна. /хх-ийн 146, 205-р тал/

 

5.б.Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг сонгож, үнэлгээ тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнээс өндрөөр үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

5.в.Шинжээчид хууль тайлбарласан баримтад эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй гэх гомдлын тухайд хариуцагч байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/130 дугаар шинжээч томилох тухай тогтоолын 2 дах хэсэгт шинжээчид эрх, үүргийг нь танилцуулж, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж гарын үсэг зуруулсан байна. /хх-ийн 145-р тал/. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтад шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зураагүй байх боловч шинжээч нь эрх, үүрэг болон холбогдох хуультай танилцаж, өөрийн гарын үсгээ зурсан байх тул хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 9-10-р тал/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/03613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ