| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/0172/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 182
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Д.Б-д холбогдох эрүүгийн 1826002890178 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Д.Б
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгүнэн зөв.Хохирогчид хохиролд 400000 төгрөг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Ч.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 сарын 22-ны өдөр 16-17 цагийн хооронд би ээж Ч-д байж байтал хашааны гаднаас А гээд хүн дуудахаар нь гартал М зогсож байсан. Тэгээд М надад хандан надад 800 төгрөг байна, ганц шил архи авмаар байна гэхээр нь би М-д 3000 төгрөг өгөөд хамт явж байгаад 8 айлын орон сууцны үүдэнд У-тай таараад би У-тай хамт гэрт нь орсон. М цаашаа архи авчрахаар явсан. Тэгээд би У-тай гэрт нь ороод сууж байтал М, Б гэгчтэй нэг шил 0,5 граммтай Харзтай нэртэй архи аваад ирсэн. Тэгээд У, М, Б бид 4 хувааж уучихаад би гэртээ харих гээд М-тай гартал байрны өмнө Б хоёул мотоцикльтой зогсож байгаад Б мотоциклоосоо буугаад над руу хулгайч минь гээд дайрахаар нь би өмнөөс нь өшиглөх гэсэн чинь хий өшиглөөд би дээшээ хараад ойчсон. Тэгсэн чинь Б миний ар нуруу руу өшиглөсөн. Би босоод мотоциклийн баруун гар талын их гэрэл орчим руу нь өшиглөсөн чинь Б миний зүүн гар талын шанаа орчим руу өшиглөөд, гараараа нэг удаа толгойн зүүн дээд хэсэгт цохьсон. Тэгээд юу болсныг нь мэдэхгүй, нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. Би Б-д зодуулснаас болоод ******* эмнэлэгт өдрийн 15000 төгрөгийн төлбөртэй 10 хоног хэвтэж тархи толгойндоо эмчилгээ хийлгэсэн. Тархины зураг 75000 төгрөгөөр харуулсан, эм тарианд 100000 төгрөг зарцуулсан. “Онолт” ХХК-д усан буучин ажилтай тул Б-д зодуулсны улмаас би 10 хоног ажлаа тасалж цалингаа авч чадаагүй. Өдрийн 25000 төгрөгийн цалинг 10 хоногоор бодож 250000 төгрөг, нийт 600000 төгрөгийн хохирол учирсан тул 600000 төгрөг нэхэмжилж байна. Б миний хохирлыг барагдуулчихвал гомдол саналгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,
Гэрч М.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн цагийг нь сайн санахгүй байна. Би Богд сумын 7 дугаар баг 8 айлын орон сууцанд У-д орж У, М, А бид нар 0,5 граммтай архи нэг шилийг уучихаад 8 айлын орон сууцны гадна гараад довжоон дээр сууж байтал. Б, М гэх залуутай хамт мотоцикльтой явж байгаад бид нараас 30 метрийн зайд зогсож хүнтэй уулзсан чинь М мотоциклоос буугаад бид нар дээр ирээд У-с тамхи авч татаж байтал Б араас нь ирсэн чинь А, Б хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. У очиж тэр хоёрыг салгасан. А-н толгойноос цус гарсан байсан. Би толгой нь хагарсан байх гэж бодсон. А, Б хоёр эхлээд маргалдаад ганц нэг цохилцсон. Тэгээд А, Б-н унаж явсан мотоциклийг өшиглөж унагасан. Тэр үед М мотоциклийг нь очиж босгосон. Б, А хоёр хоорондоо барилцаж ноцолдсон зүйл болоогүй. Зайнаас Б, А-н толгой руу нь 3-4 удаа цохьсон. А нь Б-г онож цохиж чадаагүй. Тэгээд У тэр хоёрыг салгасан. А нь зодолдъё гээд орилоод байсан. Б нь мотоциклоо унаад зугтаад явсан. Тэгээд бид хэд салсан. Б, А хоёр тодорхой хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. А нь Д.Б-н мотоциклийг нь өшиглөөд ийш тийш нь угзраад босгоод тавихаар нь хөлөөрөө жийж унагаад байсан юм. Тэгээд У бид нар салгаад Ч.А нь орилж чарлаад гүйгээд салахгүй байхаар нь Д.Б нь мотоциклоо унаад бараг зугтаагаад явсан. А-н толгой нь хагарчихсан юм шиг харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 17 хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 сарын 22-нд би Б-тай гэрийг нь зөөж буулгачихаад хүнтэй уулзахаар сумын төв орсон. Богд сумын 7 дугаар багийн 8 айлын орон сууцны баруун талын дэлгүүрийн урд талд Б эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй уулзсан. Тэр үед Богд сумын 7 дугаар баг 8 айлын орон сууцны урд талд Б, У хоёр сууж байхаар нь би алхаж очоод, У-с тамхи авч татаад байж байтал Б миний араас ирсэн. Тэгээд А, М хоёр хажууд ирсэн. Би тэр хоёрыг хаанаас гарч ирснийг нь мэдээгүй. Тэгээд А, Б-н өмсөж явсан фудволкноос нь заамдаж авсан. Мөн мотоциклоос нь татаж буулгаад мотоциклийг нь өшиглөж урд их гэрлийг нь хагалчих шиг болсон. Б уурлаад А-тэй барилцаж аваад Б, А-н толгойн дээд хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Өөр хаана нь яаж цохисныг нь мэдээгүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд Б бид хоёр А-с зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч Ж.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. 2018 оны 06 дугаар сарын үед Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг 8 айлын орон сууцны урд талд тамхи татаад зогсож байхад Ч.А орон сууцны урд талын дэлгүүрийн хажуугаар явж байсан. Тэгтэл Д.Б мотоцикльтой ирж зогсоод хоорондоо маргалдаж байгаад Д.Б-г мотоцикль дээрээ байхад нь Ч.А мотоциклийнх нь хажуу тал руу нь өшиглөж унагаад, зодолдоод байхаар нь Э ирж салгаад явуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч П.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын нэг өдөр би Богд сумын соёлын төвийн гадаа тамхи татаад зогсож байсан чинь 8 айлын орон сууцны урд талд 2 хүн зодолдоод байхаар нь очиж салгасан. Зодолдож байсан 2 хүн нь А, Б нар байсан. Хажууд нь У, Б, бас нэг танихгүй залуу байсан. Намайг очиход зууралдаад байж байхаар нь боль гээд салгачихаад яваад өгсөн. Ер нь бол хоорондоо зууралдаад байсан. Д.Б нь арай илүү цохиж зодсон байх. Би яг хажууд нь байгаагүй болохоор хаана нь яаж хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Тэр өдөр манай гэр цагаан хаалганаас цааш нүүх гэж байсан. Би Б-тэй хамт гэрээ буулгаж нүүлгээд сумын төв орсон. Сумын төвийн 8 айлын орон сууцны үүдэн дээр А, Б, У нар байсан. Б бид хоёр тэр хэд дээр очиход А над руу чамайг ална пизда минь, манай дүүг танай дүү уруу татаж хэрэгт холбогдоод байна гээд намайг мотоцикль дээр байж байхад нүүр лүү хэд хэдэн удаа цохьсон. Би мотоциклоосоо буугаад туслах данхраад дээр нь тавьж А-с зугтаасан. А миний мотоциклийг хажуу талаар нь унагаагаад өшиглөөд их гэрлийн парны шил хагарсан байсан. Мөн буруу талын толь хагарсан байсан. Тэхэхээр нь би А-г газар түлхэж унагаагаад 2-3 удаа өшиглөсөн. Би мотоциклоо унаад зугтаагаад явсан. Миний араас ална чамайг гээд орилж хашгираад байсан. Би шууд гэр лүүгээ явсан. Би гартаа юм барьж зодоогүй. А-г түлхэж унагаагаад 2-3 удаа нүүр лүү нь өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 456 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч Ч.А-н биед тархи доргилт, зүүн чамархай хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдлагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30 хуудас/,
Хохирогч Ч.А-н цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3 хуудас/,
Шүүгдэгч Д.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64 хуудас/, Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-46 хуудас/, Хаан банкин дахь Д.Б-н *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга,
Хохирогч Ч.А-н 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Д.Б-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400000 төгрөгийг хүлээн авч нэхэмжлэх зүйлгүй болсон. Мөн Д.Б-тай эвлэрч сэтгэл санааны хувьд гомдолгүй болсон.” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.А-г зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чамархай хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ч.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.А /хх-6-7/, гэрч М.Б /хх-12-13/, гэрч Ц.Б /хх-14-15/, гэрч Ж.У /хх-18/, гэрч П.Э /хх-19/ нарын мэдүүлгүүд, Д.Б-н яллагдагчаар өгсөн /хх-69-70/ мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №08/21 дугаартай үнэлгээний тайлан /хх-39-40/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-36/, шүүгдэгч Д.Б-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овгийн Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь хохирогчид 400000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Ч.А-н шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Д.Б-с хохирогч Ч.А-д бэлнээр 400000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Б-г хуульд заасан торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.А-д 400000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Д.Б-г 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.А-д 400000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.