Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/343

 

 

   2018          11     29                                                                                             2018/ШЦТ/343

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хохирогч Б.Ч,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 1838007200355 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.О.

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Ч-н нүүрэн тус газар нь мөргөж, зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Ч-н нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.О-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэгээд З намайг “чи намайг ах гэсэнгүй ямар том эр вэ” гээд олон дахин яриад байхаар нь би З-н хамар руу гараараа нэг удаа цохиход болъё гэсэн. ...Миний бие тухайн хэрэг болох өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ч-той машин дотор таарсан. Тэгээд харилцан ярилцаж байх явцад тэр над руу хандаад “чи намайг ах гэсэнгүй” гээд уурлаад байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нэг цохичихсон. Дараа нь санаандгүй байхад нь дахиад нэг цохьсон” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О надтай маргаад машинаас бууж ирээд намайг машины урд суудалд сууж байхад буугаад ир гэхээр нь би буугаад очиход миний хоёр мөрөн дээрээс барьж аваад толгойгоороо миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. ...эвлэрээд гадаа гарч газарт суугаад архи ууж байхад О миний баруун гар талд сууж байгаад гэнэт дахиад намайг баруун мөрөн дээрээс татаад нүүр рүү нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг,

  Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...машин дотор З, О хоёр маргалдсан байдалтай байсан. ...З, О хоёр барьцалдаж аваад О З-н нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж авсан. Мөн нэг удаа толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

  Гэрч Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...З, О хоёр маргалдаад О З-н нүүр рүү гараараа цохиод мөн нэг удаа толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 419 дугаартай:

  1.  Б.Ч-н биед тухайн үед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
  3. Б.Ч-н биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт  /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 545 дугаартай:

  1.  Б.Ч-н биед нэмэлтээр духны хөндийн өмнөд болон арын хананы цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
  3. Б.Ч-н биед шинээр тогтоогдсон духны хөндийн өмнөд болон арын хананы цууралт бүхий гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт  /хх-ийн 65 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Хохирогч Б.Ч-н биед үүссэн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, хэдэн удаагийн үйлчлэлээр хохирогчийн биед гэмтэл учирсан гэдэг нь тодорхойгүй, гэрч Б.П, Д.Г нарын мэдүүлэг зөрүүтэй, хэрэг болох үед байсан хоёр гэрчийг байцаагаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлэхээр байх боловч 2018 оны 08 дугаар сард гэрч Д.Г, Б.П нараас мэдүүлэг авсан нь нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх хуулийн заалтыг зөрчсөн тул Г.О-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт”-ийг гаргаж байх боловч

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 419 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 545 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүдэд “хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн”, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн “...Би уг дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн биеийг үзэж, амбулаторийн карт болон 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авахуулсан толгойн тодосгогчгүй компьютер томографийн зургийг үндэслэн дүгнэлт гаргасан. ...Тухайн үед надад авчирсан эмнэлгийн бичиг баримт болон компьютер томографийн зураг зэргийг уншиж үзэхэд дух ясны хугарал байхгүй байсан. ...Мөн хохирогчийн биед үзлэг хийхэд дух яс хугарсан гэх ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй” гэх мэдүүлэг авсан тэмдэглэл,

Гэрч Б.П-н: “О З-н нүүр рүү гараараа цохиод мөн нэг удаа толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Д.Г-н: “О З-н нүүр хэсэг рүү гараараа нэг хоёр удаа цохиж авсан. Мөн нэг удаа толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн” /хх-ийн 15 дугаар хуудас/ гэж болсон үйл баримтын талаар ямар нэгэн зөрөөгүй өгсөн мэдүүлэг,

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Цагааннуур сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Бадрахын “...гэрчээр мэдүүлэг авбал зохих Э, Д нараас мэдүүлэг авахаар эрэн сурвалжилж ажиллахад Э, Д нар нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш одоог хүртэл Өмнөговь аймагт түр хугацаагаар ажиллаж байгаа тул мэдүүлэг аваагүй” гэх тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Эрүүгийн 1838007200355 дугаар хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрч Д.Г, Б.П нараас мэдүүлэг авсан байх ба 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрч Б.П-с авсан мэдүүлэг, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрч Д.Г-с авсан мэдүүлэг нь яллагдагч Б.Ч-т холбогдох эрүүгийн 1838006360315 дугаартай хэргээс хуулбарласан баримт байх тул хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.  

Эрүүгийн 1838007200355 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Б.Ч нь 1.369.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар, “Хийлс-Эйд” ХХК-ийн 80.000 төгрөгийн орлогын баримтын хуулбар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хамрын хөндийд хийгдэх хагалгааны төлбөрийн 283.000 төгрөгийн баримтын хуулбар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эрүү, нүүр, нүдний мэс заслын төлбөрийн 507.960 төгрөгийн баримтын хуулбар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн чих, хамар, хоолойн мэс заслын төлбөрийн 43.500 төгрөгийн баримтын хуулбарыг гаргаж өгсөн байх ба эдгээр баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлээгүй, нотлох баримтаар тооцох боломжгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Ч нь шүүгдэгч Г.О-с иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өөрт учирсан 1.369.000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838007200355 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838007200355 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.     

5. Хохирогч Б.Ч нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.О-с иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар 1.369.000 /нэг сая гурван зуун жаран есөн мянга/ төгрөгийн хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР