| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0315/Э |
| Дугаар | 208/ШЦТ/344 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 208/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд,
Хохирогч П.Т,
Шүүгдэгч Н.Л, Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Л, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1838008070388 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Л.
Монгол Улсын иргэн, Д.Б.
Шүүгдэгч Н.Л, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалантын ... тоотод байрлах иргэн П.Т-н “Цагаан-Уул” нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 2 кроп 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво, 1 кроп 2.5 литрийн “Ключ” нэртэй пиво, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи зэрэг эд зүйл хулгайлан нийт 182.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Л, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалантын ... тоотод байрлах хохирогч П.Т-н “Цагаан-Уул” нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2 кроп 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво, 1 кроп 2.5 литрийн “Ключ” нэртэй пиво, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи зэрэг эд зүйл хулгайлан нийт 182.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэртээ харьж унтана гээд тэндээс Б-н хамт гарч явсан. Явах замдаа ах нарын архийг уусан юм чинь яаж зүгээр хоосон байхав гээд Т гуайн дэлгүүр оръё гээд ирсэн. ...бид хоёр эргэж ороод нэгэнт архи өөр газраас олдохгүй юм чинь хаалгыг нь хөшиж оръё гээд хоорондоо тохироод хөших юм хайж байтал түлээний сүх тааралдсан. Тэгээд сүхийг нь аваад бид хоёр нийлж байгаад цоожийг нь эвдсэн. Дэлгүүр рүү ороод 1 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи, 3 кроп пиво аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёр эндээс өөр архи олдохгүй гээд түлээн дээр байсан сүхийг Л аваад энүүгээр хөшөөд орчихъё гээд бид хоёр нийлж хөшөөд дэлгүүр рүү орсон. Дэлгүүр рүү би утасныхаа гэрлийг асааж ороод бид хоёр 3 кроп 2.5 литрийн савлагаатай пиво, 1 шил 0.5 литрийн архи аваад гарсан. ...Маргааш нь гэртээ өнжсөн. Орой 20-21 цагийн орчимд Л над руу залгаад баларсан хоёулаа баригдчихлаа, манайд цагдаа ирээд явсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Хохирогч П.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 21 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад гэртээ орсон. Шөнө 00 цагийн орчимд Г, Б гэдэг залуугийн хамт ирж архи худалдаж авъя гэхээр нь дэлгүүрээ хаачихсан байна гээд өгөөгүй. Өглөө 06 цаг өнгөрөөгөөд манай эхнэр боссон. Гарчихаад орж ирэхдээ дэлгүүр рүү хүн орчихсон байна гэж хэлсэн. Би босч дэлгүүрийнхээ гадна талыг эргэж тойрч харахад гадна хаалгыг хөшсөн, дэлгүүрийн хойд хаалганы цоожийг хөшиж эвдээд дотогш орсон байсан. Эхнэр дотогшоо орж бараануудаа бүртгэхэд 2.5 литрийн “Ключи” пиво 1 кроп, мөн савлагаатай “Боргио” пиво 2 кроп алдсан байна гэсэн. Манай дэлгүүр рүү орсон Н.Л, Д.Б нар нь хийсэн үйлдлээ хүлээж манай дэлгүүрээс авсан байсан 3 кроп пивоноос 1 кроп пиво, 2 кроп пивоны үнэ 78.000 төгрөг, 1 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи, цоожны үнэ 15.000 төгрөг, түлээ хагалдаг сүхийг эргүүлж авчирч өгсөн. ...Н.Л, Д.Б нар нь миний хохирлыг барагдуулсан ба би гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Гэрч Н.Ч-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 21 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад гэртээ орсон. Шөнө 00 цагийн орчимд гэрийн цонхыг хүн цохихоор нь боссон. Манай сумын Г гэдэг залуу архи худалдаж авъя гэхээр нь байхгүй яв дэлгүүрээ хаачихсан байна гээд өгөөгүй. ...Дэлгүүр рүү орж бараагаа тоолж үзэхэд 3 кроп том пиво алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Я.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би зөрөөд өнгөрсөн болохоор сайн анзаараагүй байхад Б саяны хоёр залуугийн нэг нь Н.Д байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-7 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Л, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нар нь хохирогч П.Т-той 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 53 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Н.Л, Д.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Л, Д.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Н.Л нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, шүүгдэгч Д.Б нь ам бүл 3, аав ээжийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, тэдний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүэлээн зөвшөөрсөн. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838008070388 дугаартай хэрэгт мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Л, Д.Б нарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Л, Д.Б нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л, Д.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1838008070388 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР