Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00269

 

 

 

И-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/04239 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И-гийн хариуцагч Я-д холбогдуулан гаргасан 11,123,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И-, хариуцагчЯ, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

И- нь Я-д Nissan Vanetta маркийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин шилжүүлж, төлбөрт нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Улиастайн голын баруун тал дахь 3,497 м.кв талбайтай газар эзэмших эрхийг худалдан авсан. Я- нь өмнөх жилүүдийн хуримтлагдсан газрын төлбөр, хөрөнгө борлуулсны албан татвар, дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны төлбөрийг төлөөгүй байсан бөгөөд газрын гэрчилгээг шилжүүлж авахын тулд 2010-2020 оны газрын төлбөрт 2,524,820 төгрөг, эрх борлуулсны орлогын албан татвар 1,734,210 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ 6,584,160 төгрөг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын хөлс 280,000 төгрөг, нийт 11,123,190 төгрөг төлсөн. Иймд уг төлбөрийг гаргуулна гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрын эзэмшигч нь газрын төлбөр төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу дуудлага худалдаа явуулж газар эзэмших эрхийг шилжүүлдэг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 36.1-д зааснаар анхны үнийг засаг дарга тогтооно. Засаг даргын тогтоосон үнийг дуудлага худалдаанд оролцогч өөрөө төлөх ёстой. Газрын төлөв байдлын чанарын баталгааг газар эзэмшигч эзэмших боломжтой эсэхийг хөндлөнгийн хяналтын байгууллагаар тогтоосны дараа 280,000 төгрөгийн хөлс төлсөн. Иймд уг төлбөрийг Г.Хийсморьсан төлөх ёстой төлбөр юм. Мөн дээрх төлбөрийг н.Эрхэмбаяр төлсөн, И- төлсөн болох нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх зааснаар хариуцагч Я-гаас 10,843,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 280,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я-гаас улсын тэмдэгтийн хураамжид 188,441 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт "... өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь өрийг төлсөн гэдгээ нотолж чадаагүй. Төлбөрийг н.Эрхэмбаяр төлсөн талаар баримт хэрэгт авагдсан. Мөн шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний ахуйн хэрэгцээ болон төрийн байгууллагад эзэмшүүлэхээс бусад хүсэлт, мөн ахуйн хэрэгцээнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг Засаг дарга нь дуудлага худалдаа зохион байгуулах замаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Дуудлага худалдааг Засгийн газрын 12 дугаар сарын 28-ны өдрийн Газрын биржийн үйл ажиллагааны журам батлах тухай 210 дугаар тогтоолын дагуу газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулах боломжтой болсноор Газрын биржийн цахим платформоор газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших хүсэлт гаргасан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна. Газрын эрхийн дуудлага худалдаа, төслийн сонгон шалгаруулалтын ялагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг улсын төсөвт төлөх үүрэгтэй. Гэрчилгээний үнэ нь дуудлага худалдааны хувьд дуудлага худалдааны хамгийн дээд үнээр, харин төсөл сонгон шалгаруулалтын хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд олгох эрхийн гэрчилгээний үнээр тодорхойлогддог.

Шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заасныг үндэслэн хариуцагчаас дуудлага худалдааны үнийг төлүүлснийг зөвшөөрөхгүй. Энэ хуулийн заалт орлогын албан татвар ногдуулахад хамааралтай заалт юм. Талууд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, И- газар эзэмших хүсэлтээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарган дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны төлбөрийг төлсөн байхад газар эзэмших эрхээ шилжүүлсэн Я-гаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Газрын төлбөрийг н.Эрхэмбаяраар төлбөрөө төлүүлсэн нь үнэн. Я-д 30,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин шилжүүлэн өгч газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон. Газраа шилжүүлж өгөхгүй 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч И- хариуцагч Я-д холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээний 2010-2020 оны газрын төлбөр 2,524,820 төгрөг, эрх борлуулсны орлогын албан татвар 1,734,210 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ 6,584,160 төгрөг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын хөлс 280,000 төгрөг, нийт 11,734,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, эрх шилжүүлэгч Я- нь Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Улиастайн голын баруун талд байрлалтай, 3,497 м.кв талбай бүхий жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалттай, дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/275 тоот шийдвэрээр олгогдсон, хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар эзэмших эрхийг эрх хүлээн авагч И-д шилжүүлэх, эрх хүлээн авагч нь газрын үнэд 30,000,000 төгрөгийн үнэ бүхий Nissan Vanetta маркийн автомашиныг шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч И- нь газрын төлбөрт Nissan Vanetta маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн болон хариуцагч дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин талуудын хооронд газрын эрхийг шилжүүлэн өгөхөөс өмнөх хугацааны төлбөр, эрх борлуулсны албан татвар, дуудлага худалдааны анхны үнийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

1.1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт Эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргах, эрх шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хариуцна гэж, мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж тус тус зааснаар хариуцагч Я- нь эрх борлуулсны орлогын албан татвар 1,734,210 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ 6,584,160 төгрөг, нийт 8,318,370 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч И- хариуцагч Я-гийн өмнөөс дуудлага худалдааны үнэд 6,584,160 төгрөг, эрх борлуулсны орлогод 1,734,210 төгрөг төлсөн болох нь Хас банк ХХК, ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна. (хх-ийн 43,47)

 

1.2. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж заасан тул хариуцагч Я- нь Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Улиастайн голын баруун талд байрлалтай, 3,497 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч И-д шилжүүлэхээс өмнөх хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч уг төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгч нь түүний өмнөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр газрын төлбөр гэх утгаар 69,580 төгрөг, 1,352,990 төгрөг, 46,388 төгрөг, 901,994 төгрөг, 153,868 төгрөг, нийт 2,524,820 төгрөг төлсөн болох нь Хас банк ХХК-ийн төлбөрийн баримтаар тогтоогджээ. (хх-ийн 44-46)

 

1.3. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан. Иймд нэхэмжлэгч И- нь хариуцагч Я-гийн өмнөөс газрын төлбөр болон эрх борлуулсны орлогын албан татвар, дуудлага худалдааны анхны үнийг төлснөөр тэрээр уг үүргээс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч Я-гаас 10,843,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

1.4. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Нэхэмжлэгч И- нь газрын төлбөр болон эрх борлуулсны орлогын албан татвар, дуудлага худалдааны анхны үнийг Б.Эрхэмбаяраар төлүүлснийг үндэслэн түүний уг төлбөрийг төлөөгүй гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/04239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ