| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0333/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/347 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Хохирогч Ц.Б,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 1838000080348 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.М.
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн нутгаас иргэн Ц.Б, Ж.Т нарын 4 тооны адууг хулгайлан 2.290.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн нутгаас иргэн Ц.Б, Ж.Т нарын 4 тооны адууг хулгайлан 2.290.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажилллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын Агар багийн нутаг дэвсгэр Бага богд гэх газраас аргамжаан дээрээсээ зөв талын гуян дээрээ РП-1 тамгатай хар саарал гүү, зөв талын гуян дээрээ ширээтэй дормон тамгатай, сартай хамар цагаан хээр морь алдсан. ...2018 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн намайг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхад М нь надтай утсаар холбогдоод би хулгай хийсэн хоёр адууныхаа төлбөрийг таньд төлж барагдуулна, та намайг ямар ч байсан цагдаагаас ялгүй салгаад өгөөч гэж гуйж байсан. Ингээд цагаан сар болохоос 2-3 хоногийн өмнө М миний ХААН банкны данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Мөн үүнээс өмнө шинэ жилийн дараахан намайг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхад М надтай ирж уулзаад би танай хоёр адууг хулгайлсан нь үнэн, би таны хоёр адууны хохирлыг төлж барагдуулна гэсэн. ...Миний бие хоёр адууны хохиролд нэг унагатай гүү 700.000 төгрөгөнд, нэг морь 660.000 төгрөгөнд тооцож авсан. Д.М-д хохирол гомдолгүй болсон тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын Агар багийн нутаг дэвсгэр Эрээний өвөр гэх газраас аргамжаан дээрээс зөв талын гуян дээрээ 5 тоо тамгатай, засмал дэлтэй шарга морь, тамга тэмдэггүй, буруу талын чих оно имтэй, нуруун дээрээ цагаан үстэй сартай хээр морь алдсан. Манай адуутай хамт нэг шөнө манайхаас 4 километр орчим зайтай байдаг Б гэдэг айлын аргамжаатай байсан 2 морийг бас хулгайлсан байсан. Манай хээр морийг аргамжаанаас нь цулбуураар нь тайлаад авсан байсан. Шарга морийг нь аргамжааны араар нь аргамжааг нь тас хяргаад аваад явсан байсан. Манайхтай айл байгаа Халзан гэж дууддаг залуу сумын төв ороод ирэхдээ “танай хээр морийг Ухаагийн голд эцээгээд хаясан байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би Б-н дүүтэй хамт Ухаагийн гол руу мотоциклиор явж хээр морио олж авсан. Тэгж явахдаа нөгөө гурван морины мөрийг үзэхэд манай хээр морийг орхиод Цэцэрлэг сум маягтай явсан мөр байсан. ...би угаасаа хоёр морьтой хүн юм. Миний шарга морь маш сайн морь байсан. Хээр морийг минь унаад бүүр эцээгээд хаясан байсан. Би шарга морио 1 сая төгрөгөөр үнэлнэ. Морио эрж хайж Б гэдэг жолоочийн Ланд-80 маркийн машинд 300.000 төгрөгийн шатахуун хийж өдрийн 100.000 төгрөгөөр хөлслөөд 5 хоног явж байна. ...Би 2017 оны 12 дугаар сард алдсан хоёр мориныхоо нэгийг хойноос нь хайж явахдаа олсон. Хоёр морио одоо тус бүрийг 600.000 төгрөгөөр үнэлж байна. ...Ж.Т миний бие нэг адууны хохиролд Д.М-с шинэ эмээлийн мод, гахай ширэн гөлөмний хамт авсан. Хохирол бүрэн барагдсан тул гомдолгүй” гэх мэдүүлэг, тодорхойлолт /хх-ийн 32-35 дугаар хуудас/,
Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажилллагааны шатанд өгсөн: “Би М-д ердөө адуу өгөөгүй. Манай адуу голдуу бор, халиун, саарал голдуу 40-өөд адуу байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны үед М над руу яриад “2017 оны 06 дугаар сарын эхээр надад саарал морь өгсөн” гээд Цагаан-Уул сумын хэсгийн төлөөлөгчийг ярьвал хэлээрэй гэсэн. Ахыгаа алуузай гээд байсан. Би мэдэхгүй, юун адуу гээд байгаа юм бэ гээд уурласан. Чи гэрч болоод тэгээд л хэлчих тэгээд л болоо гэж хэлсэн. Би уурлаад утсаа тасалсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажилллагааны шатанд өгсөн: “Би 2017 онд Т гэдэг айлтай хамт Агар багийн Эрээний өвөр гэдэг газар өвөлжиж байсан ба 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны үед Т, Б нарын тус бүр 2 адуу алдлаа гэхээр нь өөрийн эзэмшлийн ... ХӨА улсын дугаартай цагаан саарал өнгийн Ланд-80 маркийн машинаараа хамт явж хайлцаж өгсөн. ...ингэж явахдаа Т-н хээр адууг эцээгээд Агарын эхэнд орхисон байсныг олж авсан. Адуугаа алдсан газраасаа мөрийг нь хөөж 2 хоног яваад Цэцэрлэг сумын төвөөс 3 километр орчим зайтай газар нядалсан газар нь очсон. Тэр газарт толгой шийрүүдийг нь орхиод явсан байсан болохоор эзэд нь таньж байсан. Цэцэрлэг сум орж түүхий эд авдаг хоёр ченжтэй уулзсан. С-той уулзаж байтал Т 2 адууны ширийг цагаан өнгийн дугаарыг нь санахгүй байна портер маркийн машин дээр ачиж ирснийг Б хараад миний алдсан морины шир байна гэж таньсан. Үүнийг хаанаас авсан юм бэ гэж лавлахад Н буюу М-с аваад ирлээ гэж байсан. ...тэгээд ширийг нь миний машины ар руу хийгээд Н буюу М-д очиход Н миний адууны шир гээд дайраад байсан. Б ч таньж байна гээд маргаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.М нь хохирогч Ц.Б, Ж.Т нарын 4 тооны адууг хулгайлж нийт 2.290.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтат мэдээлэл, бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.М нь урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хорих ял оноож, 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилээр тэнссэн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ял оноож, 150.000 төгрөгийн эд хөрөнгө хураасан, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-91 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-н гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, /2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хохирол төлбөр барагдуулах тухай хэлцэл хх-ийн 77 дугаар хуудас/, хохирогч Ж.Т, Ц.Б нарын шүүхэд гаргасан хохирол гомдолгүй гэх тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1838000080348 дугаартай хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь 28 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 224 /хоёр зуун хорин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 496 /дөрвөн зуун ерэн зургаа/ цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн 1838002600189 дугаартай хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 28 /хорин найм/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН