Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 604

 

Д.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1074 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1033 дугаар магадлалтай, Д.М-д холбогдох 1906048031037 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснар 5 жил 10 хоногийн хугаагаар хорих ялаар шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугцаагаар хойшлуулсан, Г овогт Д-ы М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г овогт Д-ы М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, Д.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Мгаас 4.876.980 төгрөгийн хохирол гаргуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64-46 тоотод оршин суух Д.Ууганцэцэгт олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч гаргасан гомдолдоо “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.08-ны өдрийн 1074 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.13-ны өдрийн 1033 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт яг ямар баримтуудаар тодорхой нотлогдсон гэж үзэж байгааг тодорхой дурдсангүй.

2. Иргэн Найрамдал ямар компанид сэлбэг яагаад зарсан, ямар шалтгаанаар Д.Мн данс руу мөнгийг түр хугацаагаар шилжүүлснээ тодорхой мэдүүлсэн, түүнийг дахин шалгаснаар хэргийн үйл баримт болон зүйлчлэл өөрчлөгдөхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байна.

4. Харин гэрч гэх Найрамдал нь шүүгдэгч Д.Мд чиний данс руу мөнгө орно түүнээс 500.000 төгрөг түр хэрэглэж байхгүй юу тэгээд 2 хоногийн дараа шилжүүлээрэй гэж хэлсэн байдаг. Энэ нь яллагдагч Д.Мн мэдүүлэгт бий     \хх-50\, Найрамдал нь энэ үйлдлээрээ Д.Мд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн тул хэргийн хамжигч болно. Энэ тухай хохирогч гэх Д.Ууганцэцэг нь \хх-10\-д “Найрамдал ашгаа авах гээд 5046343642 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн байсан” гэж мэдүүлдэг.

5. Шүүгдэгч Д.М нь хохирогч гэх Д.У-ийг танихгүй бөгөөд энэ хүнтэй нэг ч удаа уулзаж учирч байгаагүй. Шүүх хурал дээр барааг нь харах гэсэн боловч ирээгүй.

6. \хх-41\-д байгаа баримт бол зөвхөн хохирогч гэх Д.У-ийн 2020.02.10-ны өдөр \хх-40\ гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн хуулбарласан хувь. Энэ хуулбар баримтыг үндэслэж хэзээ, хаана, ямар сэлбэгийг хэн гэж хүн, ямар компанид зарсан, мөн мөнгийг хэний дансанд шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгө нь NTE 240 маркийн тоормосны компус буюу сэлбэг хэрэгслийн үнэ мөн эсэх зэрэг санхүүгийн баримтыг мөрдөгч нь шалгаад, прокурор хянаж энэ хэргийн хамжигч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийг бүрэн гүйцэд тодруулах боломжтой болно.

7. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.08-ны өдрийн 1074 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.13-ны өдрийн 1033 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, нотлох баримтад дүгнэлт хийж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-ын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан ба давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.М нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си Ир Найнтеен Бюра” ХХК-аас иргэн Д.Ууганцэцэгийн NTE 240 маркийн машины тоормосны компус буюу сэлбэгийг худалдан авсны төлбөр болох 8.526.980 төгрөгийг өөрийн Хаан банкны 5046343642 тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлснийг хувьдаа завшиж бусдад 8.526.980 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Ийнхүү үүрэг хүлээсэн байдгаараа хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргээс субъектээс ялгагддаг бөгөөд өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхитэй үйлдлээр илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө.

Хэргийн байдлыг авч үзвэл шүүгдэгч Д.М нь хэлцлийн үндсэн дээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан буюу сэлбэг худалдан авсан төлбөрт шилжүүлсэн бусдын бага бус хэмжээний мөнгө болох 8.526.980 төгрөгийг завшсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүхийн энэхүү дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэж няцаасан баримт сэлт хэрэгт авагдаагүй, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж, хэргийг дахин шалгах ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө”  завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд хэргийг прокурорт буцааж, дахин шалгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1074 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1033 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН