Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0600/З |
Дугаар | 221/МА2019/0106 |
Огноо | 2019-02-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2019/0106
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, гуравдагч этгээд “З с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0801 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0801 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 13 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16, 4.1.18, 4.1.19, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “З с” ХХК-ийн эзэмшиж байгаа газраас давхцал бүхий 9900 м.кв газрын эзэмших эрхийг, 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Х-ийн газраас давхцал бүхий 4951 м.кв газрын эзэмших эрхийг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дугаар захирамжийн “Н д” ХХК-д холбогдох хэсгийг, 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн А/279 дугаар захирамжийн иргэн Я.Т, Т.Ц, Г.Г-О нарт холбогдох хэсгийг, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “П” ХХК-д холбогдох хэсгийг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “М н а” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, 29 дүгээр зүйлийн 29.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.2 дахь заалтыг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг “З с” ХХК, “Х э” ХХК, Я.Х, “Н д” ХХК, Я.Т, Т.Ц, Г.Г-О, Б.О, “П” ХХК, “М н а” ТББ-ын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоологдохыг мэдэгдэж,
4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэр хүчингүй болохыг дурдаж,
5 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, гуравдагч этгээдүүдээс төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 140400 төгрөгийг гаргуулан “М н а” ТББ-д 70200 төгрөгийг, бусад гуравдагч этгээдүүдэд 70200 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:
“ ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэгдүгээрт: 0801 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “... “С” ХХК нь ... ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсны дараа харьяа дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлтээ гаргаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрх үүсээгүй байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргасан газар нь “С” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.
Гэтэл Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын тухай хуулиар газар эзэмших ашиглах эрхийг төрийн захиргааны байгууллагаас хүсэх эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг хэрхэн мөрдөж хэрэгжүүлэх эсэх асуудлаар Монгол Улсын Дээд шүүх тодорхой шийдвэр гаргаж тайлбарласан.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар эзэмших эрхийн талаар дүгнэхдээ: “Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т газрын хэвлий ... баялгийг ашиглах ... тай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулахаар, 55 дугаар зүйлийн 55.1-д “..газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхаар тус тус зааснаас үзэхэд газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахгүй”, Мөн Ашигт малтмалын тухай хуулийн “4.1.7-д ... ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий ... гээс ашигт малтмал ялган авах, олборлох ... үйл ажиллагааг ойлгохоор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т нутгийн захиргааны байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулахаар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ... ашиглахаар, 36 дугаар зүйлийн 36.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 сарын дотор уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавина ... тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ашигт малтмал олборлох зориулалтаар эзэмших эрхтэй, уг харилцаанд Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй” байхаар байна” гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэх байтал анхан шатны шүүх газар ашиглах гэрээгээ байгуулах үүргийг үгчлэн тусгаж өгөөгүй хэдийч гэсэн байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт: 0801 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “... Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр 25.0 га газраас илүү хэмжээгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болох үндэслэл мөн ... ” гэж дүгнэжээ.
Гэтэл гуравдагч этгээдүүд нь бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар аймаг нийслэлийн Засаг даргаас санал аваагүй байх тул гээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус акт гэж маргадаг.
Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар Ашигт малтмалын газраас 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 6-6451 тоотоор Нийслэлийн Засаг даргад мэдэгдсэн байдаг. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Тодруулбал Ашигт малтмалын газраас хуулийн 19 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлж, холбогдох саналыг авсан байдаг.
Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын талбайд олборлох үйл ажиллагаа явуулах тул Газрын тухай хуулийг мөрдөхгүй бөгөөд түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтыг мөрдөхөөргүй байна.
Нөгөөтээгүүр, Ашигт малтмалын газар, Нийслэлийн Засаг даргын зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Засгийн газрын 28 дугаар тогтоолын дагуу 25 га дотор талбай олгодоггүй бөгөөд дээрх газрууд нь Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудыг мөрддөг болно.
Гуравдугаарт: Нэхэмжлэгчид Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэрийн дагуу 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн .....Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, 2011 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн МY-....... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл тус тус олгогдсон байдаг.
Харин гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий захирамжуудаар 2010 оны 07 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын хооронд олгогдсон байдаг.
Тодруулбал, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар түрүүлж газар эзэмших эрх үүссэн зарчмаар дүгнэх байтал анхан шатны шүүх ийм дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүсэхээс өмнө маргаан бүхий газрыг эзэмшсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн асуудал үүсэхгүй юм. Нэгэнт нэхэмжлэгч нь гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүсэхээс өмнө эрх нь үүссэн тул гуравдагч этгээдүүдийн эрхийг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С” ХХК “... Хан-Уул дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцуулан гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлснээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд эрхээ хэрэгжүүлэхэд саад учирч байна ... ” гэсэн үндэслэлээр маргаж, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээдүүд нь “нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 303 дугаар шийдвэр нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна” гэсэн үндэслэлээр маргаж, “М н а н” ТББ нь “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 303 дугаар шийдвэрийн “М н а н” ТББ-д эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах”, бусад гуравдагч этгээдүүдээс “... 303 дугаар шийдвэрийг бүхэлд нь илт хууль бус болгуулах” бие даасан шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай гуравдагч этгээдүүдийн эзэмшлийн газрууд нь хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/1994[1], 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/383[2], 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2/528[3], 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/634[4] дугаартай албан бичгүүд, уг албан бичгүүдийн хавсралт зургууд, мөн Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16/1115 дугаар албан бичиг, түүний хавсралт зургаар тус тус тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий газарт нэхэмжлэгчид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа гуравдагч этгээдүүд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжуудын холбогдох хэсэг нэхэмжлэгч “С” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа эрхлэх, энэ зорилгоор газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “... газрын хэвлий ...-н баялгийг ашиглах ...-тай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулах”-аар, 55 дугаар зүйлийн 55.1-д “... газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь ... газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ... сум ...-ын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх”-аар тус тус зааснаас үзвэл газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахгүй, өөр хуулиар нарийвчлан зохицуулахаар, харин баялаг ашиглахаас бусад зорилгоор газрын хэвлийг ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар, тухайлбал, “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол газар эзэмших эрх олгох”-оор журамласан байна.
Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрхтэй холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хэрэглэгдэхээр байна.
Анхан шатны шүүх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрхийн агуулгыг буруу тайлбарлаж, нарийвчилсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, Газрын тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “... тусгай зөвшөөрлийг авсны дараа харьяа дүүргийн Засаг даргад ... хүсэлтээ гаргаагүй, ... газар ашиглах эрх үүсээгүй, ... гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргасан газар нь “С” ХХК-ийн ашиглаж буй газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй... нэхэмжлэгч .... ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авсан хэдий ч газар ашиглах эрх нь дүүргийн Засаг даргын захирамж гарснаар үүсч, тухайн газарт ашигт малтмал ашиглах эрх хуулийн дагуу бүрэн баталгаажих байжээ ...” гэх агуулга үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг үгүйсгэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтуудад холбогдох хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.
Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагааг ойлгохоор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “... /нутгийн захиргааны байгууллага нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “... /ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ... ашиглах”-аар, 36 дугаар зүйлийн 36.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь .../тусгай зөвшөөрөл олгосноос хойш/ 3 сарын дотор ... уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг /тавина/, ... уурхайн талбайн хилийн хэмжилтийг /эрх бүхий этгээд/-ээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг ирүүлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй, уг харилцаанд Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд “газар эзэмшүүлэх, ашиглуулах”-тай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй.
Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт ашиглах эрх шууд үүсэхээр байна.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана”, 35.3.7-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч газар, ус ашиглах гэрээ байгуулах”-аар, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэрээ байгуулах газар эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байх”-аар, 7 дугаар зүйлийн 4-т “уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг ... хоёр дахин өсгөж тооцох”-оор тус тус хуульчилсан байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх үүрэгтэй байна.
Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдох талбай нь ашигт малтмал хайх, ашиглахаас бусад, иргэн, аж ахуйн нэгжид “хувийн” болон “аж ахуйн” зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газартай давхцалгүй байх хуулийн шаардлага тавигдаагүй, нэхэмжлэгч “С” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-тэй, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон 116.35 га талбай нь гуравдагч этгээд нарын “төмс, хүнсний ногоо, мод үржүүлэг”-ийн зориулалтаар олгогдсон эзэмшлийн газруудтай, хэсэгчлэн болон бүхэлдээ давхацсан, нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын тус тусын үйл ажиллагаа нэг газар дээр зэрэгцэн явагдах бодит боломжгүй байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар авч үзэж, “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмаар дүгнэлээ.
Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 234, 283, 2012 оны А/374, 2013 оны А/279, А/343, 2015 оны А/225, А/364, 2016 оны А/260 дугаар захирамжуудаар маргаан бүхий газарт тус тус газар эзэмшүүлэх шийдвэр гарснаар үүссэн байх тул түүнээс цаг хугацааны өмнө буюу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “С” ХХК-д Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтан элс-2” нэртэй 168.32 га талбай бүхий газарт хайгуулын, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэр[5]-ээр МҮ-....... дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл[6] олгосон нь гуравдагч этгээдүүдийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.
Хоёр. Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, түүнчлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгох боломжтой мэтээр хууль бус үндэслэлгүй дүгнэлт хийж гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж заасныг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байсан хэдий ч тус талбайд эдэлбэр газар олгох эрх аваагүй бол тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж үзэх, мөн тусгай зөвшөөрлийн талбайтай нь давхцуулан бусдад газар эзэмшүүлж болно гэж үзэх үндэслэлгүй байна.
Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно” 1 дэх хэсгийн 2/-т “ашигт малтмал олборлох”, 3/-д “ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ... зориулан барилга байгууламж барих, ашиглах”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэж газрын хэвлийг олгох зориулалт заасан зохицуулалтыг, мөн маргаанд хамааралгүй Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан гарсан Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд Нийслэлийн Засаг дарга газар ашиглуулах шийдвэр гаргах хэмжээ хязгаарыг зааж тогтоон улмаар нэхэмжлэгчид олгогдоогүй газар ашиглах эрхийг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгох боломжтой гэсэн агуулгаар ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн тус шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу байна.
Гуравдагч этгээд “М н а н” ТББ нь “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 303 дугаар шийдвэрийн “М н а н” ТББ-д эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах”, харин бусад гуравдагч этгээдүүд “2011 оны 303 дугаар шийдвэрийг бүхэлд нь илт хууль бус болгуулах” бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
Дээр дүгнэсэнчлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт ашиглах эрх шууд үүсэхээр байх бөгөөд хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын гуравдагч этгээдүүдэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан газар эзэмшүүлсэн шийдвэр хууль бус, цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч “С” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 1151 дүгээр шийдвэрээр хайгуулын, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас сүүлд газар эзэмших эрх нь үүссэн гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх логик боломжгүй, шүүх хуульд заасан журмын дагуу түрүүлж үүссэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сүүлд газар эзэмших эрхтэй болсон этгээдийн шаардсанаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан гэж үзэж, илт хууль бус болохыг тогтоох, мөн хууль бус байсан гэж үзэж, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 19 дүгээр зүйлийн 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасны дагуу Ашигт малтмалын газраас 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/6451 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд хариу ирээгүй, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “... нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц ... 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэрээр “С” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг үндэслэн илт хууль байх шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг хавсралтаар баталсан Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу 25 га газраас илүү хэмжээний газар ашиглах эрх олгосон гэж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр үүссэн эрхийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь, нэгэнт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор газар ашиглах эрх шууд үүсэхээр заасан Ашигт малтмалын тухай хууль энэ тохиолдолд хэрэглэгдэхээр байхаас гадна эрх зүйн эх сурвалжийн эрэмбийн хувьд хүчин төгөлдөр хуулиар тогтоосон хэм хэмжээ мөрдөгдөх зарчмын хүрээнд Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудад уурхайн эдэлбэр, тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээнд хязгаарлалт тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх Хот, тосгон, бусад суурины газрын хилийн заагийн доторхи уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын дээд хэмжээг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчээс сүүлд газар эзэмших эрх үүссэн гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ тэдгээрийн эзэмшлийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас гаргах хүртэл нэхэмжлэгчид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи уул, уурхайн кадастрын хэлтсийн шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг ... түдгэлзүүлэх” гэж заажээ.
Анхан шатны шүүх гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагатай холбогдуулан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 303 дугаар шийдвэрийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах болсон шаардлага, шалтгаан, үндэслэлийг заагаагүй, мөн нэмж ямар зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн, тэрхүү зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос ямар учраас хэтэрсэн гэж үзэж буй талаар дурдаагүй, энэ талаар дүгнээгүй төдийгүй нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайн гуравдагч этгээдүүдийн талбайтай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргах хүртэл гэсэн нөхцөлийг зааж маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, логик авцалдаагүй, илэрхий алдаатай дүгнэлт, шийдэл болсон байна.
Нэхэмжлэгчид 2009 онд хайгуулын, 2011 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байх бөгөөд 2014 онд батлагдан мөрдөгдсөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нэг тусгай зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 17.4-т заасны дагуу 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаас үзвэл нэг тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 400 гектар /га/-аас илүүгүй байхаар хуульчлагдсан байх бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон зэрэг нөхцөлд аймаг, нийслэлийн Засаг дарга тус хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах боломжтой байна.
Хавтаст хэрэгт “нэхэмжлэгчийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг суурьшлын бүсэд хамаарахгүй”-г нотолсон Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 35[7], Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаар[8] “... “С” ХХК-ийн талбай нь суурьшлын бүс болон орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд хамаарахгүй тул үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй болно” гэх албан бичгүүд, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “... Албан бичигт дурдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газарт 2006-2012 онд төлөвлөлт хийгдээгүй байсан байна. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-өөр төлөвлөлтийн бүсээс гадна буюу “Нөөц талбай” бүхий газар байна” гэх 09/2291[9] дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “... “С” ХХК-ийн ашиглаж буй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Алтан элс-2 нэртэй 116.35 га талбайн байршил суурьшлын бүсэд хамаарахгүй байна” гэх 07/686[10] дугаар албан бичиг зэрэг баримтууд авагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбай тухайн үед Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолд заасан 25 га хүртэл байхаар тогтоогдсон “суурины газар”-т хамаарч байсан талаар тодорхойлсон ямар нэгэн баримт авагдаагүй байна.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт “суурины газарт хамаарч байгаа талаар” нотлох баримт байгаа мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь илэрхий алдаатай болжээ.
Тодруулбал, хэрэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Улаанбаатар хотын 2011, 2012, 2013 оны сансрын зургууд[11] нь нэгж талбарын ............ дугаартай “Х-Э” ХХК-ийн эзэмшлийн газрыг “С” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартай хэрхэн давхцаж байгааг 2011, 2012, 2013 оны сансрын зурагтай давхцуулсан зураг байх бөгөөд уг албан бичигт “суурины болон суурьшлын бүс газар”-тай давхцуулсан талаар ямар нэгэн үг, өгүүлбэр байхгүй, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/31 дүгээр тогтоолоор Нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан, уг тогтоолын хавсралтад “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд дэд бүтцийг сайжруулах, өргөтгөх, дахин төлөвлөхөөр “Нисэхийн ШБТ-ны байршлыг өөрчлөн Шувуун фабрикийн наад талд байдаг шинэ бетонон гүүр буюу төв замтай нийлсэн уулзвар дээр шилжүүлэн байршуулж шинээр барих” гэж заасан баримтууд нь нэхэмжлэгчийн ашиглалтын талбайг суурьшлын бүс болохыг тодорхойлсон баримт биш байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн ашиглалтын талбайг суурьшлын бүс болохыг заасан баримт” гэж хэрэгт авагдсан баримтыг үндэслэлгүй, буруу дүгнэсэн байна.
Мөн шүүхийн дээрх дүгнэлтийн үндэслэлд дурдагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/53 дугаар тогтоол, түүний хавсралтаас үзэхэд Нийгмийн халамж үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгонд Цусны өвчтэй хүүхдийн сувиллын цогцолбор барихаар төлөвлөсөн талаарх баримт байна. Уг баримт нь нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайг суурьшлын бүс болохыг тогтоосон баримт биш байхаас гадна цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан элс-2” нэртэй 168.32 га талбай бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших болсноос цаг хугацааны хувьд хойно гарсан байхад шүүх тус баримтыг гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ үндэслэл болгон үнэлж, дүгнэсэн нь буруу.
Түүнчлэн шүүхээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл[12]-д “...НХТЕТГ-ын архитектор Б.О тайлбарт: Био комбинат, Туул-Шувуу орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн НИТХ-ын 198 дугаар тогтоолоор батлагдсан ... Хан-Уул дүүргийн 12, 12, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрүүд уг төлөвлөгөөнд хамаарч байгаа. 2013 онд зураг төсөл нь хийгдсэн ...” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд баримт бичигт хийсэн үзлэгийг фото зургаар баталгаажуулжээ. Уг үзлэгт тэмдэглэгдсэн “Био-комбинат, туул-шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” нь нэхэмжлэгчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх үүсэхээс цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан байхад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийг хууль бус болох талаар дүгнэх үндэслэл болгосон нь мөн буруу байна.
Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших, ашиглах талаар шийдвэр гаргаагүй, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагад дээрх хуульд заасан нөхцөл журмын дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргуулах талаар маргаагүй, хэрэгт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай хот суурины бүсэд хамаарах талаар баримт авагдаагүй, тус харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд нэг тусгай зөвшөөрлөөр 400 гектараас илүүгүй хэмжээний талбай бүхий тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар хуульчилсан байхад иргэдэд газар эзэмшүүлэх өмчлүүлэхтэй холбоотой асуудлаар гарсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн 25 га газраас их хэмжээний газар ашиглуулах шийдвэрийг дүүргийн Засаг даргаас гаргах боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлан, “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 303 дугаар шийдвэрийг ... гуравдагч этгээд нарын эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас гаргах хүртэл ... ” гэсэн нөхцөл зааж маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй, үндэслэлгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гуравдагч этгээд нар нь хэдийгээр тухайн үед нэхэмжлэгчтэй зэрэгцэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэлт гаргасан этгээдүүд биш байх боловч өөрсдийн газар эзэмших эрх давхацсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоолгох, давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулахаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргасан байх тул энэ талаар маргах эрхтэй гэж үзэж, тэдгээрийн шаардлага, үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгсөн болохыг, мөн гуравдагч этгээдүүд нь маргаан бүхий газарт бүтээн байгуулалт хийсэн тухай тайлбарласан. Иймээс захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэйг тус тус дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0801 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн /2006/ 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 23 дугаар зүйлийн 21.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.7, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 55 дугаар зүйлийн 55.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “З с” ХХК-ийн эзэмшиж байгаа газраас давхцал бүхий 9916.6 м.кв газрын эзэмших эрхийг, 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Х-ийн газраас давхцал бүхий 4951 м.кв газрын эзэмших эрхийг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дугаар захирамжийн “Н д” ХХК-д холбогдох хэсгийг, 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн А/279 дугаар захирамжийн иргэн Я.Т, Т.Ц, Г.Г-О нарт холбогдох хэсгийг, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “П” ХХК-д холбогдох хэсгийг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “М н а” ТББ-ын эзэмшиж буй газраас давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож,
гуравдагч этгээд “З с” ХХК, “Х э” ХХК, “Н д” ХХК, “П” ХХК, Я.Х, Я.Т, Т.Ц, Г.Г-О, Б.О болон “М н а н” ТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”, ““М н а н” ТББ-ын эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөг, гуравдагч этгээд нараас бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-д буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 2ХХ-ийн 133, 134 дүгээр хуудас
[2] 3ХХ-ийн 238-243 дугаар хуудас
[3] 4ХХ-ийн 19-23 дугаар хуудас
[4] 4ХХ-ийн 33-38 дугаар хуудас
[5] 1ХХ-ийн 125 дугаар хуудас
[6] 3ХХ-ийн 233 дугаар хуудас
[7] 4ХХ-ийн 105 дугаар хуудас
[8] 4ХХ-ийн 104 дүгээр хуудас
[9] 4ХХ-ийн 102 дугаар хуудас
[10] 3ХХ-152 дугаар хуудас
[11] 4ХХ-ийн 19-23 дугаар хуудас
[12] 4ХХ-ийн 82-92 дугаар хуудас