Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1838008170406 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Г.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Навчилтай” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.7 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэн тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Навчилтай” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.7 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэн тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг “Навчилтай” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуурай унанги мод өөрийн дружба хөрөөгөөр тайрч ...өөрийн ... ХӨВ улсын дугаартай Бонго пронтер маркын тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачаад Мөрөн сум руу орж ирж яваад цагдаагийн албан хаагчтай таарч гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр түр саатуулах хашаанд аваачиж хийсэн. ...цас орж хүйтэрнэ гээд байхаар нь цас орохоос өмнө гялс явчихаад ирье гэж бодоод эрхийн бичиггүй мод бэлтгэчихсэн юм. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би сая шинжээчийн дүгнэлт болон иргэн Г гэх хүний мөнгө тушаасан баримтыг харлаа. Хохирлын мөнгө манай сумын төрийн сангийн дансанд орсон байна. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хот хоорондын постод үүрэг гүйцэтгэж байхад ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод ачсан явж байсантай таараад зогсоон шалгахад ...гарал үүслийн бичиг аваагүй манай хамаатны хүн авч өгнө гэсэн, авчихсан ч байж магадгүй гэсэн. ...тээврийн хэрэгслийг саатуулсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн: Иргэн Д.Г-н бэлтгэсэн модыг хэмжихэд хөрөөдөж хагалсан 3.7м3 хэмжээтэй, түлшний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс мод болох нь тогтоогдов. ...Иргэн Д.Г нь Монгол улсын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т заасан заалтыг зөрчсөн байна. ..экологи эдийн засгийн үнэлгээ 222.000 төгрөг“ гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Г нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь хохиролд 222.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 51 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч Д.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1838008170406 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.7м3 хэмжээтэй хуурай шинэс модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, ... ХӨВ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашин, 1 ширхэг сүхийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Г-г зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1838008170406 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 222.000 төгрөгийн үнэ бүхий 3.7м3 хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулсугай.
  5. Энэ хэрэгт ... ХӨВ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашин, 1 ширхэг сүхийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид буцаан олгосугай.
  6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН