Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00274

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 30 210/МА2023/00274

 

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04862 дугаар шийдвэртэй

А.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.Вд холбогдох

31,350,300 төгрөг гаргуулах тухай үндсэн, материалын үнэ 13,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2020 оны 04 сарын 20-ны өдөр В.Г нь Фотон маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргаж манай хашаа, байшин, гэр машиныг дайрч эвдэж гэмтээсэн.

Энэ асуудлыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 290 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

В.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-д заасан заасныг зөрчсөн болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон тул түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан юм.

Гэвч надад учирсан хохирлыг барагдуулаагүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Ваас өөрийн амьдарч байсан байшингийн үнэ 23,256,000 төгрөг, тавилга эд зүйлсийн үнэ 3,776,000 төгрөг, авто машины 3,700,000 төгрөг, монгол гэрийн 240,000 төгрөг, хашааны 378,000 төгрөг нийт 31,350,300 төгрөгийг гэм хор хохиролд гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний танил дүү В.Г 2020 оны 04 сарын 20-ны өдөр миний эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, А.Бгийн эзэмшлийн эд зүйлсийг дайрч эвдсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж гэмт хэргийн шинжгүй гээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Тухайн үед намайг дуудаж эвдэрсэн эд зүйлсийг А ХХК-аар үнэлүүлэхээр тохиролцсон ба би үнэлгээ хийх үзлэгт оролцох талаар хэлж байсан боловч мэдэгдэлгүй үнэлгээ гаргасан. Иймд А ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөөгүй.

2020 оны 04 сарын 27, мөн оны 06 сарын 10-ны өдрийн Гэрэгэ эстимейт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээч томилон үнэлгээ хийх талаар хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй, гарсан дүгнэлтийг танилцуулаагүй.

Мөн нэг хэрэгт авагдсан 3 өөр шинжээчийн дүгнэлтээс аль нь үндэслэлтэй үнэн зөв гэдэгт эргэлзээтэй байх тул үнэлгээчин Г.Д ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3,700,000 төгрөгөөр үнэлсэн Ланд 80 маркийн авто машины эвдэрсэн эд анги болох гэрэл, дохио, копуд, керло, чулок, шил зэргийг шинээр авч кузов засварыг өөрийн танил засварчнаар засварлуулж хүлээлгэн өгсөн тул машинтай холбоотой хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч А.Б нь учирсан хохирол 31,350,300 төгрөгийг иргэний журмаар авто машины өмчлөгчөөс гаргуулахаар шаардаж байгаа ба үүнд түүний амьдарч байсан байшинг 23,256,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Манай өмгөөлөгчийн хүсэлтээр байшинг дахин үнэлүүлэхэд 2020 оны 04 сарын байдлаар 20,076,840 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон баримт хэрэгт авагдсэн.

Хэдийгээр хохирол учирсан байж болох ч хуучин материалууд нь устаж үгүй болоогүй, ашиглах бүрэн боломжтой, зах зээлд үнэлгээ өндөртэй материалууд А.Б-д үлдсэн. Шүүхээс тус материалд үзлэг хийх үед бусдад худалдаад дуусаж байгаа нь харагдсан.

Түүнчлэн, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар А.Б-д учирсан бодит хохирол буюу байшинг засварлаж, хуучин байдалд оруулах зардлыг хариуцахаар хуульчилсан.

Нэхэмжлэгч нь хуучин байшингийнхаа үнийг зах зээлийн дундаж ханшаар үнэлж үнийг нь надаас гаргуулан авч, дээр нь байшингийн материалыг өөрөө авах нь хуульд нийцэхгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд буулгасан байшингийн материалын үнэ 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч осол болсноос хойш 2 жилийн дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Энэ хугацаанд тэр моднууд байшин барих боломжгүй болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.В-аас 23,522,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,828,000 төгрөгийн, нэхэмжлэгчээс 13,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 275,561 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг шаардлагад хариуцагчаас 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 101/ШЗ2022/09664 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна., 122.3.-д Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Зам тээврийн осол 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг өдрийг хүртэл хариуцагч тал бусдын өмчлөлд байсан эд хөрөнгийн гэм хорын хохирлыг арилгах үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, гэм хорын хохирлыг биет болон мөнгөөр нөхөн төлөх үүргийг биелүүлээгүй байна, ...хариуцагч нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй, түүнд шинээр байшин барьж өгөөгүй атлаа хуучин байшингийн модыг авна гэж шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нь осол болсон тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй хэдий ч хууль зүйн хувьд хариуцлагах ёстой болохоо ухамсарлаж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах зорилгоор осол болсон газарт очиж, нэхэмжлэгчийн хашааг болон хашаанд байсан автомашиныг нь засварлаж, байшинг буулгаж, хогийг цэвэрлэж нийт 7,828,000 /3,776,000+378,000+3.750,000/ төгрөгийн хохирлыг одоогийн байдлаар арилгаад байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулаагүй мэтээр дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

6.2. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн боломжит модноос ялгаж бусдад худалдаж 2 өрөө орон сууцны түрээсийн төлбөрт төлсөн, нэхэмжлэлд дурдагдсан 23,253,300 төгрөгөөр одоогийн нөхцөл байдалд байшин барихад хүрэлцэхгүй гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй, ... хөл хорио тогтоосны улмаас барилгын материал ховордож үнийн өсөлт нэмэгдсэн нийтэд илэрхий үйл баримт тогтоогдож байх тул хариулагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг хийсэн.

Учир нь цар тахалтай холбоотойгоор барилгын материалын үнэ хэдий хэмжээгээр өссөн болон 23,253,300 төгрөгөөр байшин барьж хүрэхгүй гэж үзсэн нь баримтгүй, хуулийг үндэслээгүй.

6.3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499 1 дэх хэсэгт заасан гэм хорыг ямар хэмжээгээр, ямар журмаар арилгах талаар мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус зохицуулснаар нэхэмжлэгчид учирсан бодит хохирол буюу байшин засварлаж, хуучин байдалд нь оруулах зардлыг зөвхөн хариуцахаар хуульчилсан гэж үзэхээр байх ба эсхүл өмнөх байшинтай нь яг ижил байшинг өгөөд хуучин байшинг авах байдлаар учирсан гэм хорын хохирлыг барагдуулахаар хуульчилсныг анхан шатны шүүхээс анхааралгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.В-д холбогдуулан гэм хорын хохиролд 31,250,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 13,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ. /1 хх 1, 2 хх 1/

 

3. В.Г нь 2020 оны 04 сарын 20-ны өдөр Б.В-ийн өмчлөлийн 00-00 ААА улсын дугаартай Foton (фотон) маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчин А.Б-ийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1-12 тоотод байрлах хашаа, байшин, гэр, автомашиныг дайрч эд юмс нь эвдэрч гэмтээсэн үйл баримт Тээврийн Цагдаагийн албаны 2020 оны 04 сарын 20-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэг, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 сарын 23-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1 хх 5, 50/

 

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд хөрөнгө эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд гэм хорыг нөхөн төлөх үүрэг хуулиар үүснэ.

 

4. Нэхэмжлэгч А.Б нь А ХХК-ийн 2020 оны 04 сарын 27, мөн оны 06 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хашаанд байрлах 1 давхар байшингийн эвдрэлийн хохирол 23,256,300 төгрөг, тавилга эд зүйлийн эвдрэлийн хохирол 3,776,000 төгрөг, Тоёота ланд круйзер 80 маркийн автомашины эврэлийн хохирол 3,700,000 төгрөг, монгол гэрийн эвдрэлийн хохирол 240,000 төгрөг, хашааны үнэ 378,000 төгрөг нийт 31,250,300 төгрөг гэж тодорхойлсон байна. /1 хх 12, 32/

 

4.а. Хариуцагч Б.В нь хуучин байшинг үнэтэй үнэлсэн, эвдэрсэн эд хогшлийн талаар эргэлзээтэй тул А ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөхгүй, Тоёота ланд 80 маркийн автомашины эвдэрсэн эд ангийг засуулж хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх тухайн үед тээврийн хэрэгслийн ашиглаж, жолоодож явсан В.Г-ийн хууль бус болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Б-ийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой болохыг тогтоож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцагч Б.Ваас учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн.

 

5. Нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцагч зөвшөөрөхгүй, хэт өндрөөр үнэлсэн гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, анхан шатны шүүх Тээврийн цагдаагийн газраас томилогдсон шинжээч А ХХК-ийн гаргасан нурсан байшингийн бодит хохирол болох материалын үнэ болон монгол гэр, тавилга эд хогшлийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн хохирлыг нийт 23,522,300 төгрөгөөр тооцсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд хариуцагчаас 23,522,300 гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Талуудын хэн аль нь шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан хэвээр үлдээнэ.

 

5.а. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.

 

Хариуцагч Б.В нь нэхэмжлэгч А.Б-ийн хувийн сууц нурсан гэм хорыг арилгахдаа зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх буюу хувийн сууцыг дахин бий болгох нь зүйтэй.

 

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгохоор хуульчилсан.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн тул цаашид хувийн сууц барихад гарах зардлыг хариуцагчаас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

6. Хариуцагч Б.В нь нэхэмжлэгч А.Б-д холбогдуулан буулгасан материалын үнэ 13,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас нурсан байшинг буулгахад ашиглах боломжтой барилгын материал гарсныг зохигчийн хэн аль нь үгүйсгээгүй.

 

6.а. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан тайлбараа баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлээгүй байна.

 

6.б. Нэхэмжлэгчийн байшинг буулгаад гарсан материалын зах зээлийн үнэлгээг хэргийн 2 дугаар хавтасны 34 дэх талд авагдсан Б ХХК -ийн шинжээчийн дүгнэлтээр 5,024,250 төгрөг, нэхэмжлэгчийн бусдад худалдсан материалын үнэ 500,000 төгрөг нийт 5,524,250 төгрөгөөр тогтоожээ.

 

Иймд талуудын тайлбар болон хэргийн баримтыг үндэслэн нэхэмжлэгчээс 5,524,250 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,475,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 499 дүгээр 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.В-аас 23,522,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,828,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч А.Б-аас 5,524,250 төгрөг гаргуулж хариуцагч Б.В-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,475,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, нэхэмжлэгчээс 103,338 төгрөг гаргуулж хариуцагчид олгоусгай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.В-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ