Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00270

 

  

Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02633 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э- ХХК-ийн хариуцагч Ш- газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаартай шийдвэрээр Э- ХХК-аас 2,564,766,588 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Ш- газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох ажиллагаа явуулсан. Ш- газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4-153/7983 дугаар мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулсан бөгөөд уг мэдэгдлээр Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, ногоон нуур гудамж 504 байр, 000 тоот хаягт байрлах Ц.Насанбатын өмчлөлийн орон сууцыг 102,254,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Амины орон сууц гудамжны 25 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220401...... дугаарт, Г-2204007064 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1864631156000 дугаартай 810 м.кв талбай бүхий зоорьтой, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, газрын хамтаар 1,911,544,000 төгрөгөөр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Ш- газраас шинжээч томилсон талаар мэдэгдээгүй атлаа үнэлгээний мэдэгдлийг танилцуулсан. Иймд барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дүгээр шийдвэрээр Э- ХХК-аас 2,584,786,588 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Э- ХХК нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Макада ХХК-ийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220401...... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо АОС гудамж, 25 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 810 м.кв талбайтай зоорьтой 2 давхар үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Г-2204007064, нэгж талбарын 1864631156000 дугаартай гэр бүлийн зориулалттай, 819 м.кв талбайтай газрын хамт шинжээчийн тогтоосон үнэ болох 1,911,544,000 төгрөгийн 70 хувь буюу 1,338,080,800 төгрөг, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж, 504 дүгээр байрны 000 тоотод байрлах орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 102,254,400 төгрөгийн хамт битүүмжилж, хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөд Виннэр вэй ХХК, Баян модот ХХК-аар үнэлгээг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийг томилоход төлбөр төлөгч Э- ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 810 м.кв талбайтай зоорьтой 2 давхар ул хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2204007064, нэгж талбарын 1864631156000 дугаартай гэр бүлийн зориулалттай, 819 м.кв талбайтай газрын хамт шинжээчийн тогтоосон үнэ 1,911,544,000 төгрөг, Сүхбаатар дүүрэг 11 дүгээ хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж 504 дүгээр байрны 000 тоотод байрлах орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 102,254,400 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Э- ХХК 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4-153/1118, 4-153/1117 дугаартай үнэлгээний мэдэгдэл, дугаартай мэдэгдлийг шуудангаар хаягаар хүргүүлсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа Э- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Э- ХХК-д 2020 онд олгосон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг төлөөгүй. 3 шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдсэн байхад шүүхийн шийдвэрээ сайн дураар биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэмжиж оролцоогүй. Барьцаа хөрөнгийн үнэлгээний маргаж байгаа атлаа гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай эвлэрэх боломжгүй. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулж төлбөр авагчийг хохироож байна. Э- ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж 6 дугаар сарын 21-ны өдөр гарсан. Үүнтэй холбоотой Э- ХХК-ийн олгосон зээлийн хүү, алданги 2,500,000,000 төгрөгөөр зогссон. Э- ХХК-д олгосон зээлд гадаадын валютын хүү, алданги нь тооцогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ш- газарт холбогдох, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянмодот ХХК-ийн ...орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 102,254,400 төгрөгөөр үнэлсэн болон 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Виннэр вэй ХХК-ийн ...810 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 819 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 1,911,544,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч Баянмодот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж захирамж гаргасан бөгөөд С.Цэвээнролом нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбоотой нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүнийг шүүх хуралдаанд оролцуулах, гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан асуулт асуух шаардлагатай талаар хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний тайланг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлсэн боловч шүүхийн ажилтны хариуцлагагүй байдлаас шуудангийн дугтуйг хэрэгт хавсаргаагүйгээс нэхэмжлэлийг хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж шүүх дүгнэсэн. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн нэхэмжлэлийн бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрхэн хүлээн авч бүртгэсэн талаарх баримтыг гаргуулах тухай хүсэлтийг гаргасныг мөн хангахаас татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Шүүх хуралдаанд шинжээч С.Цэвээнроломыг оролцуулах захирамж гарсан. Үнэлгээний тайланг төлбөр төлөгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг шуудангаар хүргүүлсэн боловч шүүхийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж шуудангийн дугтуйг хэрэгт хавсаргаагүй байгаа нь шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн тухай гомдолдоо дурдсан. Харин ч нэхэмжлэгч талд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, давуу байдлыг олгосон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Шүүх хуралдааны товыг С.Цэвээнроломд гарын үсэг зурсан боловч ирээгүй. С.Цэвээнроломын эзгүйд хэргийг шийдвэрлэхийг хариуцагч зөвшөөрсөн тул нэхэмжлэгч гомдол гаргах үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

1. Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч Ш- газарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол (14180), Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр 000 тоот хаягт байрлах 37,9 м.кв талбай бүхий орон сууцыг 102,254,400 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээ, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоот хаягт байрлах 810 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,911,544,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаар шийдвэрээр хариуцагч Э- ХХК-аас 2,564,766,588 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол улсын хөгжлийн банк ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд 2018-222 тоот барьцааны гэрээний зүйл болох Ц.Насанбатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220401...... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 810 м.кв зоорьтой хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2204007064 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1864631156000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 819 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036846 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 000 тоотод байрлах 37,9 м.кв талбай хоёр өрөө орон сууц, 2018-172 тоот Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээний дагуу барьцаалсан БНХАУ-ын Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-тай байгуулсан гэрээний дагуух 524,005 ам.долларын тоног төхөөрөмж, бараа материал болон Стриж Телематика ХХК-тай байгуулсан гэрээний дагуух 5000 ширхэг бараа бүтээгдэхүүн, 2018-173 тоот тоног төхөөрөмж барьцаалах гэрээний дагуу барьцаалсан БНХАУ-ын Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-наас худалдан авсан лабораторийн тоног төхөөрөмж, гаалийн мэдүүлгээр баталгаажуулсан 10,000 ширхэг тоолуур зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ш- газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (хх-ийн 38-47)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

Төлбөр төлөгч Э- ХХК нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ГХ2021/00772 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн Ш- газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. (хх-ийн 37,78)

 

Ш- газар нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 810 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 000 тоотод байрлах 37,9 м.кв талбай хоёр өрөө орон сууцыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 222/80033/153-01,02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22280033/153-28, 222/80033/153-23 дугаар тогтоолоор тус тус хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 49-54, 58-63)

 

1.г. Мөн талуудаас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоот 810 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 2,850,500,000 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 000 тоотод байрлах 37,9 м.кв талбай хоёр өрөө орон сууцыг 187,490,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй гэж үзнэ. (хх-ийн 64-67) Иймд Ш- гүйцэтгэх газар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/72, 73 дугаар тогтоолоор Виннэр вэй ХХК, Баян модот ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч Баян модот ХХК Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 000 тоотод байрлах 37,9 м.кв талбай хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 102,254,400 төгрөгөөр, шинжээч Виннэр вэй ХХК Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоот 810 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн үнийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1,911,544,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Ш- газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4-153/7985, 4-153-7983 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна. (хх-ийн 152-153)

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч Э- ХХК 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах байтал мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч Э- ХХК хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбараа нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ