Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав

Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Дгийн Нд холбогдох 1835002280152 дугаартай  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Т суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-7, эхнэр 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8-р баг “Хөндлөн”-д оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:......................., Б ургийн овогтой Дгийн Н.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 06 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Увс аймгийн Сагил сумын 2-р багийн нутаг "Хагийн наран" гэх газраас хохирогч Б.Оы 49 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлж, нийт 3.418.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Н-ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Увс аймгийн Сагил сумын 2-р багийн нутаг "Хагийн наран" гэх газар нутаглаж байсан хохирогч Б.О-ы хотонд байсан бог малаас 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 49 тооны хонь, ямаа алга болсон нь хохирогчийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “2018 оны 06 дугаар сарын 18-ны өглөө босоод малаа харахад дутуу байсан юм. Тэгээд манай хажуу айл Б-ын малд манай 10 хургатай хонь нийлсэн байхаар нь ялгаж аваад өөрийн малтай нийлүүлж, малаа бүртгэж үзэхэд манай малаас 38 тооны ямаа, 11 тооны хонь дутсан. Ойр хавийн айл болон нүүсэн айлаас асуухад сураг гараагүй. Тэгээд би “миний малыг хулгай авсан байж магадгүй” гэж бодоод Хөх харгай, Үүрэг нуур гэх газрын орчмоор хайгаад олоогүй. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өглөө манай хадам ах Түргэн сумын төв орсон ба төв дээр Ц гэх хүн 2 тооны сэрх худалдаж авсан байна гэдгийг хүнээс сонсоод ах очиж үзэхэд манай 2 тооны ямаа мөн байсан байна лээ. Би ахаас энэ талаар сонсоод өөрийн биеэр сумын төв орж ирээд очиж үзэхэд манай ямаа мөн байсан. Тэгээд би Ц гэх хүнээс “энэ хоёр тооны ямааг хэнээс авсан вэ? “ гэж асуухад тэр “ Н гэх хүнээс 140.000 мянган төгрөгөөр худалдаж авсан,  тухайн үед Цийн талбайн хажууд байсан малаас 2 тооны ямаа барьж өгсөн,  Н гэх хүн хажуудаа 2 хүүхэдтэй хамт мал тууж  явж байсан ” гэж хэлсэн. Н 2 тооны ямаа барьж өгөх үед хажууд нь талбай усалж байсан миний найз Н гэх хүн харж байсан байна лээ. Би тэндээсээ Н гэх айлыг хайж сураглахад  “Улаан уул”-ын дээд талд нүүж очсон гэж сураг сонсоод явж очсон. Нын малыг шүүж үзэхэд манай 19 тооны ямаа, 1 тооны ишиг байсан.

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нын ах Д, Нын эхнэр нар надтай уулзаад “цагдаа, шүүх гэж явахгүйгээр энэ хоорондоо зохицож асуудлыг шийдмээр байна. Дутсан малыг бүгдийг нь төлж өгнө” гэж хэлсэн. Миний хулгайд алдсан мал бол зүүн чих нь зүрх, баруун чих нь хойноосоо гөлөм, баруун чих нь араасаа сөд, баруун чих нь урдаасаа сөд, зүүн чих нь он, баруун чих урдаа гөлөм гэсэн имтэй  хонь ямаа нийлсэн 49 тооны бог мал байсан. Би өөрийн хулгайд алдсан мал бүгдийг зүс, имээр танина. Манай хонь ямаанд ямар нэгэн будаг байхгүй. Зөвхөн имтэй. Миний малыг авсан Н гэх залуу нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр намайг Түргэн сумын Хөхөөн ам гэх газарт гэртээ байтал портер маркийн цагаан өнгийн машинаар 29 тооны бог мал ачиж ирж надад өгсөн. Уг бог мал нь 11 тооны хонь, 18 тооны ямаа, нийт 29 тооны бог мал байсан. Д.Н малаа тууж нүүж явах замдаа миний 2 тооны ямааг Цэд, мөн миний 3 тооны ямааг Н гэх хүнд тус тус зарсан байна. Уг 3 тооны ямааг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн ажилтан хураан авч үзлэг хийж, надад хүлээлгэн өгсөн. Д.Нын сүүлд надад өгсөн 29 тооны мал дотор миний алдсан мал байгаагүй, миний малын оронд өөрийнхөө малнаас өгсөн байсан. Д.Н тухайн үед надтай уулзахдаа “намайг уучлаарай, намайг цагдаагаас салгаж өгөөч” гэж хэлж байсан. Миний хохирлыг Д.Н бүрэн барагдуулсан. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Д.Тийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 18-ны өглөө хүргэн Оыд очиход тэд “ манай малаас 49 тооны бог мал хулгайлагдсан байна” гэж хэлсэн. Би Оы хамт саахалт айлын малыг бүгдийг нь шүүж үзсэн боловч олдоогүй юм. Маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 19-ний өглөө О ах, Цийн хамтаар Хөх харгай гэх газар луу явж малаа хайсан. Харин би 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Түргэн сумын төв дээр орж ирээд Ааас сумын төв дээр ямаа зарагдсан гэдгийг сонсоод Н гэх хүнтэй уулзсан, мөн Ц гэх хүнтэй утсаар ярьж “та Н гэх хүнээс хэзээ, хэдэн тооны мал худалдаж авсан бэ” гэж асуухад тэр хүн “2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр "Онцын гандуу" гэх газарт мал дээрээс нь очиж авсан. Тухайн үед 2 эрэгтэй хүүхэд болон Н гэх хүмүүс байсан, миний худалдаж авсан 2 тооны ямаа Түргэн суманд манай ээжийн малд байгаа” гэж хэлсэн. Би эхлээд өөрөө очиж ямааг харчихаад дахин Оыг дагуулж ирээд нөгөө 2 ямааг үзүүлэхэд им, зүсээр нь таньж байсан. Тэгээд Н гэх хүнийг сураглаж асууж явтал Улаан уулын дээд талд нүүж буусан гэдгийг мэдсэн. Тэгээд тэр өдрөө очиж малыг нь шүүж үзэхэд Оы малын им тамгатай 20 тооны ямаа байсан. Бид хоёр 20 тооны ямаагаа Нын малаас ялгаж тоолж аваад гар утсаар зургийг нь дарж авсан " гэх мэдүүлэг / хх-ийн 11 -12 х /,

гэрч Д.Мхэрэг бүртгэлтэд өгсөн : "...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манайх “Хагийн наран” гэх газарт байсан бөгөөд тухайн өдөр манай нөхөр О өөрөө малаа хариулж байгаад 17 цагийн үед гэрийн гадна авч ирсэн. Тэгээд бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ амарсан. Тэгээд маргааш өглөө нь 07 цагийн үед босоод малаа бэлчээрт гаргах гэтэл зарим содон зүс, шинжтэй сэрхүүд байхгүй болохоор нь  малаа бүртгэн үзэхэд 38 тооны ямаа, 11 тооны хонь дутсан. Тэгээд манай нөхөр малаа хайгаад явсан " гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Хохирогч Б.Оы хотноос 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө алга болсон 49 тооны бог малыг шүүгдэгч Д.Н хулгайлсан нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Нынх болон хохирогч Б.Оых Увс аймгийн Сагил сумын нутаг “Хагийн наран” газар хоорондоо 5 км орчим зайтай зусаж байсан, шүүгдэгч Д.Нынх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зуслангаасаа нүүж, малаа туухдаа  Түргэн сумын нутгаар дайран өнгөрч, Улаангом сумын нутаг Улаан уулын дээд тал зусланд хүрч буусан, Д.Н нүүдлийн замд буюу Түргэн сумын төв дээр  Ц.Цэд 2 тооны ямаа, Б.Нд 1 тооны ямаа тус тус зарж борлуулсан, хохирогч Б.О алдсан 49 тооны бог малаа эрж  сурагласаар явж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаангом сумын нутаг “Улаан уул”-ын дээд талд байсан шүүгдэгч Д.Нын бог малд өөрийн 20 тооны ямаа байгааг үзэж таниад Цагдаагийн газарт мэдээлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан хохирогч Б.О, гэрч Д.Т нарын мэдүүлэг,

гэрч  Ц.Цийн хэрэг бүртгэлтэд өгсөн : ".. 2018 оны 6 дугаар сарын 19, 20-ны өдөр байсан байх, намайг гэртээ  байтал Н ганцаараа ирсэн. Тэр надад хандаж  “Манайх хагаас нүүж явна, 2 сэрх зармаар байна гэж хэлэхэд нь би “ миний бие муу байна” гэж хэлсэн. Гэтэл тэр “буух газраа хүрэхэд одоо дахиад нэг хоног явах болно, мал тууж яваа 3 хүүхэд өлсөөд байна, хоол хүнсний зүйл авах мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн тул би зөвшөөрч 2 сэрх худалдаж авахаар болсон. Н тууж явсан малнаас надад 2 нас гүйцсэн сэрх барьж өгсөн, би үнэ 140.000 төгрөгийг бэлнээр өгсөн... Нын надад зарсан гэх 2 тооны сэрх бол нэг хөл нь цагаантай буурал зүсмийн 6 настай сэрх, нөгөө сэрх нь мөн адил зүсмийн байсан”  гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 х/,

гэрч О.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 19-ний  өдөр 19 цагийн үед Ц ах манайд орж ирээд зам дээрээс 2 мал очиж аваад ирье гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн 64-45 УВХ улсын дугаартай CRVмаркийн автомашинтай Н, Н, Ц нарыг суулгаж яваад хадлангийн талбайн хажууд очтол малын хажууд 8-16 насны 3 эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд Н малаасаа нас гүйцсэн, буурал алаг зүсмийн 2 тооны сэрх барьж өгсөн. Би 2 сэрхийг машинд хийгээд Н, Н, Ц нарын хамт  сумын төв рүү орж ирээд малаа Цийн хашаанд буулгаж өгсөн. Тухайн үед Д.Н нь Цээс 140.000 төгрөг бэлнээр авсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

гэрч П.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн : “...Би 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Түргэн сумаас аймгийн төв рүү орж явах замд мал туусан хүн Улаан давааны үзүүрт явж байсан. Би аймаг орчихоод 15 цагийн үед буцаад Түргэн сум руу явж байх үед нөгөө давааны үзүүрт байсан мал Түргэний Сай дээр ирсэн байсан. Би удалгүй Түргэн сумын төв ороод эмнэлгийн үүдэн дээр сууж байтал хятад мотоцикльтой, цэнхэр ногоон өнгийн дээлтэй, 40 орчим насны эрэгтэй хүн улаан зүсмийн ямаа урдаа дүүрсэн байдалтай авч ирээд Б.Нгийн дэлгүүрт оруулж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

 гэрч Б.Нгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Тухайн өдөр Н анх манай дэлгүүрт орж ирээд “ нэг мал зармаар байна” гэж хэлэхээр нь би нэг тооны 5 настай бор зүсмийн сэрх худалдаж авсан. Би Наас 50.000 төгрөгөөр авахаар болж, 30.000 төгрөг бэлнээр өгөөд 20.000 төгрөгөнд нь хүнсний зүйл өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Д.Нын малд үзлэг хийж, 20 тооны ямаа хураан авч Б.Од хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 49-51х/, үзлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зураг /хх-ийн 52-54х/,

Б.Н, Ц.Ц нарт худалдсан 3 тооны ямаанд тус тус үзлэг хийж, хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 55-60х, 70-74х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн хохирогч Б.О 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 207 хонь, 146 ямаа, нийт 353 тооны бог мал /2018 оны хаврын төл нэмэгдээгүй/-тай байсан нь хэрэгт авагдсан мал тооллогын А дансны бүртгэлээр, хохирогч 2018 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 49 тооны бог мал буюу 38 ямаа, 11 хонь алдсан, хохирогчийн бог малууд  зүүн чих нь зүрх хэлбэртэй, баруун чих нь хойноосоо гөлөм, баруун чих араасаа сөд, зүүн чих нь он, баруун чих урдаа гөлөм имтэй байсан, шүүгдэгч Д.Нын малд байсан 20 тооны ямаа, мөн Д.Нын зарж борлуулсан 3 тооны ямаа нь тус тус хохирогчийн 2018 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө алдсан малын зүс, имтэй тохирч байгаа,  мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Н хохирогч Б.Оы 49 тооны бог малыг авснаа хүлээн зөвшөөрч, өөрийн малд байсан 20 тооны бог малыг зүс, имээр нь ялгаж өгсөн, мөн дутсан 26 тооны малын оронд өөрийн малаас 18 ямаа, 11 хонийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр машинаар ачиж хохирогч Б.Оыд хүргэж өгсөн зэрэг нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, малд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.          

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрхи үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Нын хохирогч Б.Оы 49 тооны бог малыг эзэнд нь мэдэгдэхгүйгээр нууцаар авч, бэлчээр нутгаас нь холдуулж өөрийн эзэмшилд  оруулан,  заримыг зарж борлуулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн  шинжийг хангасан байна.

Дагаж мөрдөж буй 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид : “Бусдын мал хулгайлсан” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, “ Бусдын олон тооны мал хулгайлсан” бол мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тус тус хуульчилсан.  

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт : “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж тус тус заасан бөгөөд               шүүгдэгч Д.Н нь хохирогч Б.Оы 49 тооны бог мал хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, 49 тооны бог мал нь  Эрүүгийн хуульд заасан “олон тооны мал” гэх ойлголтод хамаарч байна.

Иймд шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Манайх Сагил сумын нутаг Хагийн наран гэх газар зусланд байхад Оых манайхаас 5 орчим км зайд газар зусаж байсан. Манай гэр  2018 оны  6 дугаар сарын 18-ны өглөө машинаар нүүж, би 2 хүүхдийн хамт малаа тууж явсан. Манайх тэндээс нүүж Улаангом сумын Улаан уулын дээд талд Өргөн ширэг гэх газарт буусан байсан. Би Оы 49 тооны бог малыг өөрийн малдаа нийлүүлэн тууж авч явсан нь үнэн. Замдаа 3 тооны ямааг зарж борлуулсан, үлдсэн 40 гаруй тооны бог малыг бүгдээрээ манай малд байгаа гэж бодсон, яагаад гэвэл би малаа тууж гэртээ ирээд тоолж үзээгүй байсан юм. Би замдаа архи уусан байсан. Б.О нь 49 тооны мал алга болсон гэж хэлсэн бөгөөд манай малд 20 тооны мал нь зүсээрээ байсныг ялгаж өгсөн. Үлдсэн 26 тооны мал нь тууж явах замд малаас тасраад алга болсон байна лээ. Би нэгэнт л буруу зүйл хийсэн учир хохирогчид буруугаа хүлээж дутсан 26 тооны тооны бог малыг нь өөрийн малаас төлж өгсөн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү”  гэж  мэдүүлсэн,  

мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт : Прокуророос шүүгдэгч Д.Ныг хохирогч Б.Оы 49 тооны бог мал хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн учир оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Прокурорын яллах дүгнэлт болон шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн “ бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай” гэх дүгнэлтийг үгүйсгэж няцаасан үндэслэл гаргаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Оы хулгайд алдсан 49 тооны бог малыг хонь, ямаагаар нь ялгавал  ямаа 38, хонь 11, үүнээс нас гүйцсэн эр ямаа / сэрх/  20 , нас гүйцсэн эм ямаа 8,  хоёр настай эр ямаа 9,  нэг настай эр ямаа / ишиг/ 1, нас гүйцсэн эр хонь 4,  хоёр настай эр хонь / төлөг/ 7 тус тус байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба бог малыг нас, хүйсээр ялгаж тус бүрийн үнэлгээг гаргасан Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн УВ/01/509 дугаар Бог малын зах зээлийн үнэлгээний тодорхойлолт/ хх-ийн 153-р тал/-ыг үндэслэн тооцоход хохирогч Б.Оы 49 тооны бог мал 3.558.500 төгрөгөөр үнэлэгдэж байх тул энэ гэмт хэргийн улмаас 3.558.500 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэв.   

Хохирогч Б.О 23 тооны ямааг зүсээр нь буцаан авсан, үлдсэн 11 тооны хонь, 15 тооны ямааг шүүгдэгч Д.Н төлж барагдуулсан байх  тул гаргуулах хохиролгүй. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Наас 2 тооны нас гүйцсэн эр ямааг нийт 140000 төгрөгөөр худалдаж авсан Ц.Ц, 1 тооны нас гүйцсэн эр ямааг 50000 төгрөгөөр худалдаж авсан Б.Нг тус тус иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх ба тэд 3 тооны ямааг хохирогчид буцаан өгсөн, мөн Д.Наас хохирлоо төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мэдүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол арилсан гэж дүгнэв.   

2. Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Н бусдын олон  тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Нын хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч Д.Дгийн: "Н нь эхнэр, 3-16 насны 5 хүүхдийн хамт амьдардаг. Д.Н төлөвшил хүмүүжлийн хувьд сайн, урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй ба хүнтэй хэрүүл маргаан гаргаад яваад байдаггүй юм. Н нь аливаа зүйлд буурь, суурьтай ханддаг зантай юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

гэрч Д.Гэрэлцэцэгийн: “ Д.Н нь зан аашийн хувьд даруухан, илүү дутуу ааш байхгүй, өөрийнхөөрөө байдаг, хөдөлмөрч, ажил амьдарлын төлөө маш чармайлттай байдаг. Н нь ах нартайгаа эвтэй, хэрүүл тэмцэл хийж байгаагүй юм. Урьд нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй. Д.Н нь одоо Улаангом сумын 08-р багт мал маллаж амьдардаг бөгөөд нийт 240 гаруй бог малтай, 70 гаруй бод малтай малчин хүн юм. Н нь багаасаа мал маллаж өссөн болохоор мал маллах арга ухаан сайтай байдаг юм” мэдүүлэг /хх-ийн 17х/,

гэрч Ж.Сийн: “ Би Д.Нтай 2000 онд гэр бүл болж гэрлэсэн.  Бид хоёр 5 хүүхэдтэй юм. Манай бага охин 3, том хүү 16 настай, Д.Н бид хоёр одоогоор 230 гаруй бог малтай, 70 гаруй тооны бод малтай юм. Д.Н нь зан аашийн хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй зантай, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй юм. Д.Н нь Т сумын алдарт уяач цолтой бөгөөд хурдан морь уяж уралдуулах дур сонирхолтой, багаасаа мал малласан хүн юм. Д.Н нь 5-р анги төгссөн, бага боловсхолтой”гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

гэрч Р.Дгийн: “ Д.Н нь Т сумын ахлах сургуульд 5-р анги төгсөж бага боловсрол эзэмшсэн юм. 5-р ангиа төгссөнөөс хойш мал малласан. Д.Н нь 2000 онд Т суманд эхнэр Стэй гэр бүл болж тусдаа гарсан юм. С Н нар одоогоор Улаангом сумын 8-р багт мал маллан амьдарч байна. Н эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 47х/, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 924 дүгээр Тодорхойлолт / хх-ийн 101х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Д.Н өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р тал/-аар нотлогдсон.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Н нь бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дэх хэсгүүдэд заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байгаа болон тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй буюу 3-16 насны 5 хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Д.Н гэмт хэрэг үйлдэж олсон малаас 3 тооны нас гүйцсэн эр ямааг бусдад зарж борлуулан нийт 200000 төгрөгийн ашиг олсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 200000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсанд тооцож,  шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө, орлого байхгүй гэж дүгнэв .

                 Энэ талаар гаргасан улсын яллагчийн “ гэмт хэрэг үйлдэж олсон 200000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвд шилжүүлнэ үү” гэх дүгнэлтийг дээрхи үндэслэлээр хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.     

                 Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Нд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч Б ургийн овогтой Дгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсгүүдэд  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд  нэг жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Нд оногдуулсан нэг жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Н энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Л.АЛТАН