Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00272

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 30 210/МА2023/00272

 

 

 

А.Б -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/03479 дугаар шийдвэртэй

А.Б гийн нэхэмжлэлтэй, Б.Вд холбогдох

Гэм хорын хохиролд 5,732,642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч А.Б нь 2020 оны 07 сарын 09-нд хамт ажилладаг Б.Вд зодуулсан ба үүний улмаас хүзүүний сэртэн яс гэмтсэн, толгой, баруун гар, хүзүү, мэдрэлийн судас дагаж байнгын янгинаж, мэдрэл алдаж өвддөг. Энэ өвдөлт, зовууриа эмчлэх зорилгоор 2020 оны 7 дугаар сараас хойш тасралтгүй, байнгын эмчилгээ, бариа хийлгэж байна.

1.2. Уг асуудлаар Өмнөговь аймгийн Манлай сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон.

Б.В-ын үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тул Ханбогд сумын Прокурорын газраас түүний буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын зардлыг иргэний журмаар шийдүүлэх тухай тогтоол гарсан.

Миний бие 2020 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Иймд шүүхэд мөн эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар шүүхээс 2647 дугаар шийдвэр гарч цагдаагийн байгууллагаас Б.В-ын оршин суугаа хаягийг нь тогтоосон.

1.3. 2021 оны 07 дугаар сард цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа эмчилгээний зардалд 1,393,751 төгрөг гарснаас Б.В нь 1,300,000 төгрөг төлсөн. 93,751 төгрөг үлдсэн.

Миний бие Б.Вд зодуулж эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас өнөөдрийг хүртэл эмнэлэгт үзүүлж, эмчилгээ, үзлэг, оношилгоо хийлгэж, бусад хохирол зардалд 5,568,941 төгрөгийн зардал гарсан тул нийт 5,732,642 төгрөг нэхэмжилсэн.

Үүнээс бензин, түлш, юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй банкны баримт, эмийн баримт гэсэн атлаа хэзээ, хаанаас авсан нь тодорхой бус баримтууд, хоолны зардал зэрэгт нийт 2,553,991 төгрөгийг хасаж, үлдэх 3,178,651 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Тодруулбал, " Б " эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 35,000 төгрөг, тархины бүтэц, гавлын яс, дайвар хүндийн хамрын зургийг А ХХК-ийн эмнэлэгт авахуулсан төлбөр 130,000 төгрөг, Г эмнэлэгт бариа заслын эмчилгээ хийлгэсэн 1,450,000 төгрөг, 2022 оны 05 сарын 12-нд бариа хийлгэсэн 175,000 төгрөг, В эмнэлэгт үзүүлсэн 120,000 төгрөг, задь хэмээх ургамлын үнэ 13,000 төгрөг, 7,000 төгрөг, 10,000 төгрөг, В эмнэлэгт үзүүлж байхдаа эм авсан 15,000 төгрөгөөр, 4,000 төгрөг, 2022 оны 01 сарын 22-нд эм авсан 53,000 төгрөг, 2022 оны 04 сарын 28-нд 11,900 төгрөг, 44,200 төгрөг, 4,600 төгрөг, 2022 оны 05 сарын 09-нд Мобио эмнэлгээс эм худалдан авсан 126,000 төгрөг, Г эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэсэн 450,000 төгрөг зэргийг нэхэмжилсэн.

улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, ургамлын гаралтай бүтээгдэхүүн авсан 61,600 төгрөг, 211,050 төгрөг, 41,000 төгрөгийн эмийн баримтууд нийтдээ 3,178,651 төгрөг болно. Иймд гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А.Б нь Б.В-ын буруутай үйлдэл буюу хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээс үүссэн гэм хорын хохирол нэхэмжилж байна. Гэтэл 2020 оны 07 сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр А.Б-ийн биед учирсан гэмтлийг тархины доргилт, хамар, эрүүний зулгаралт, зуун гуя, баруун гуя, шилбэний цус хуралт тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлтэд нурууны гэмтэл, эмэгтэйчүүдийн өвчин гэж байхгүй, А.Б-ийн нэхэмжилж буй эм тариа, эмчилгээний баримтуудыг түүний биеийн байдалтай холбоотой эмчлүүлсэн баримтууд гэж үзэхээр байна.

2.2. Гэм хорын хохирол бол Б.В-ын буруутай үйлдлээс болоод гэмтсэн хөнгөн зэргийн гэмтлүүдийг эмчлүүлсэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгч буй баримтууд энэ шаардлагад нийцэхгүй байна.

Өвчтөний картыг харахад суурь өвчтэй, 2018 оноос хойш эмнэлгээр явж үзүүлж байсан нь харагддаг ба гэмтсэнээс хойш эмэгтэйчүүдийн өвчин, нурууны гэмтлээ үзүүлсэн байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөнгөн гэмтэл гэдэг нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу эд, эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан байхыг хэлдэг. Гэтэл 2020 онд учирсан гэмтлийг 2022 онд эмчлүүлсэн эмчилгээний баримтаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч нь 21,000 төгрөг, 61,600 төгрөг, 211,050 төгрөг, 130,000 төгрөг, 7,000 төгрөг, 10,000 төгрөг, 139,000 төгрөг, 53,000 төгрөг, 11,900 төгрөг, 64,900 төгрөг, 41,000 төгрөг, 46,600 төгрөг, 2,800 төгрөг, 126,000 төгрөгийн баримтуудыг тухайн үед учруулсан тархи, толгойны гэмтэлтэй холбоотой гэж үзэж байгаа тул төлнө. Үүн дээр эрүүгийн журмаар нэхэмжилсэн хохирол төлбөрөөс үлдэх 93,751 төгрөгийг нэмээд нийт 978,000 төгрөгийг зөвшөөрнө. Иймд нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч М.М-ын дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгч А.Б нь тухайн өдрөөс хойш эмнэлгийн үйлчилгээ авч, эм тарианы зардал гарсан байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх нь зүйтэй гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгч Д.Х-ийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлтэй буюу хариуцагч нь нэхэмжлэгчид 978,000 төгрөгийг төлөх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ваас 2,853,701 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б д олгож, нэхэмжлэлээс үлдэх 324,950 төгрөгийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 7230 дугаар захирамжаар нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.1., 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ваас 60,906 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 415 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон гэж дүгнэсэн атлаа ...уг гэмтэлтэй хамааралгүй эмчилгээ хийлгэсэн гэх нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаа үгүйсгэж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Мөн шинжээчийн дүгнэлтээр А.Б-ийн биед тархины доргилт, хамар, эрүүний зулгаралт, зүүн мер, гуя, баруун гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдсон байхад шүүх "Г" ХХК гэсэн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад нуруу, баруун хөлний шөрмес, эмэгтэйчүүд буюу өндгөвч өрөвссөн гэх гэм хорын хохиролтой холбоогүй үндэслэлгүй их хэмжээний төлбөр гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй хуулийн этгээд мэргэжлийн эмч эсэх нь тодорхойгүй эмчийн дүгнэлт, хэвтэн эмчлүүлээд төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, мөнгө тушаасан баримтгүй мөнгөн дүнгээр үндэслэлгүй шийдвэр гаргаж хариуцагчийг хохироож байна.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан.

Гэвч шүүх шинжээч томилохгүй тусгай мэдлэг шаардагдах асуудалд хэт нэг талыг барьж эмчлэгч эмчийн тамга даргадаагүй амбулаториор эмчлүүлэгсдийн өвчний карт, өвчтөний онош тодруулах зорилгоор бичигдсэн "Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас", "Эмнэлэгээс өвчтөн илгээх" хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй хуульзүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Өвчний карт эх хувиараа хэрэгт авагдсан бөгөөд уг картыг үзэхэд 2020 оны 07 дугаар сарын эхээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш тогтмол 2, 3 сар байнгын эмчийн хяналтад байдаг болох нь нотлогдоно.

Эмчийн зөвлөгөө, бичвэрүүдэд зодуулснаас буюу тархины доргилтоос шалтгаалж ийм өвчин, зовуурьтай болсон гэдгийг байнга дурдсан байдаг. Хариуцагч талаас эм тариа, эмчилгээ хийлгэсэн баримтуудыг бүгдийг зөвшөөрсөн боловч 2022 оны 01 дүгээр сард эмчилгээ хийлгэсэн "Г" гэх эмнэлгийн хоёр баримтыг зөвшөөрдөггүй. Уг баримтад тухайн эмчилгээг хийж эхлэхийн өмнөх үзлэгээр тархины доргилттой удаан хугацаанд явснаас болж эмэгтэйчүүдийн өндгөвчний үрэвсэл, тархины дээрээс нуруу дагасан мэдрэлийн ужиг зовуурьтай байгаа учраас хэвтэн эмчлүүлэх нь зүйтэй байна гэсэн агуулгаар оношилж эмчилгээ бичиж, өвөл болон хавар гээд хоёр удаа эмчилгээ хийсэн байна.

Нэхэмжлэгч 2020 оноос хойш байнгын эмчилгээтэй байсан ба гэмтлийн улмаас тархи болон эмэгтэйчүүдийн өндгөвчний үрэвсэл болсон тул эмчлүүлсэн гэсэн баримтууд юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.В-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 5,732,642 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2,553,991 төгрөгөөр багасгаж, 3,718,651 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч 978,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.В нь 2020 оны 07 сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д ХХК-ийн амралтын байранд А.Б тай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 04 дугаар тогтоолоор хүчингүй болгож, мөн өдрийн 05 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. (28-29)

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн учруулсан гэмтэлтэй холбоотойгоор удаан хугацаанд тархи доргилттой явсны улмаас баруун хөлний шөрмөс зангирсан, баруун өндгөвч үрэвссэн, нурууны муруйлт өгсний улмаас эмчилгээ хийлгэсэн тул эмчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулна. гэж тайлбарласан.

 

4.а. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тул нэхэмжлэгчийн 2022 оноос хойш хийлгэсэн эмчилгээний зардлыг зөвшөөрөхгүй, хариуцагчийн учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй, хамааралгүй. гэх агуулгаар тайлбарлаж мэтгэлцжээ.

 

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 415 дугаар дүгнэлтээр А.Б-ийн биед тархи доргилт, хамар, эрүүний зулгаралт, зүүн мөр, гуя, баруун гуя, шилбэний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. (хх80-82)

 

5.а. Хэргийн 142 дахь талд авагдсан Г бариа заслын төвийн дүгнэлтэд ...тархи доргилт өгч удаан явсны улмаас баруун хөлийн шөрмөс зангиралт өгсөн ба баруун өндгөвч үрэвссэн, нурууны L3, L2, L1 мурийлт өгсөн гэжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн тус төвд хийлгэсэн эмчилгээний зардал болон бусад эмчилгээний зардлуудыг гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлон нэхэмжилсэн.

 

5.б. Хариуцагч Б.В-ын нэхэмжлэгч А.Б-д учруулсан хөнгөн зэргийн гэмтлийн улмаас нэхэмжлэгчийн баруун хөлийн шөрмөс зангиралт, баруун өндгөвчний үрэвсэл, нурууны L3, L2, L1 мурийлт үүссэн эсэх шалтгаант холбоог тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Дээрх байдлыг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгоогүй буюу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дүгнэлт хийх боломжгүй байна.

 

5.в. Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэлд түүний сүүлд хийлгэсэн эмчилгээ шаардлагатай байсан эсэхийг тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарна.

 

6. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх тусгай мэдлэг шаардагдах асуудалд шинжээч томилоогүй гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

6.а. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилно. гэж зохицуулсан.

 

Талуудын хүсэлтээр шүүхийн санаачилгаар шинжээч томилно гэх зохицуулалтыг шүүх талуудын зарчимд оролцож шинжээч томилно гэж тайлбарлах нь буруу юм.

 

6.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох, хариуцагч нь татгалзал түүнийг үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

7. Анхан шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/03479 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.В-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,906 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ