| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0167/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Т ургийн овогтой Лгийн Тд холбогдох 1835003620196 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:...................................., Т ургийн овогтой Лгийн Т.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутаг "Нарийн-ус" гэх газарт хохирогч Э.Жийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Л.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутаг "Нарийн-Ус" гэх газар Д.Лгийн гэрт хохирогч Э.Жтой “ах Дгийн хөөрөг алга боллоо” гэж маргалдан, улмаар түүний толгой, нүүрний хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Жийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаангом сумын 8 дугаар баг Нарийн гэх газар байдаг хамаатны ах болох Лгийн Б гэх залуугийн гэр бүрэх найр хийсэн. Тухайн өдөр бид нар найрлаж холоос ирсэн хүмүүсээ үдэж өгсний дараа 17 цагийн үед Бын аавынд сууж байтал Т " Д ахын хөөрөг алга болчихлоо" гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгэхээр нь би хажуунаас нь “хөөрөг хаа холддог юм бэ, олдоно шүү дээ” гэж хэлээд Тг түлхээд унагачихсан. Гэтэл Т босож ирээд над руу хандаж “чи юу юм бэ, хүн өмөөрдөг юу юм бэ чи” гэж хэлээд миний толгой, магнай хэсэгт гараараа 3-4 удаа цохиж байхад Л.Тгийн эхнэр Б, бэр нь болох Ч нар ирж салгасан юм. Тэгээд би тэднийхээс явж “Довжоот” гэх газар оршин сууж буй өөрийн аав Эийн гэрт очиж хоносон. Маргааш нь Л.Тгийн гэрт очиж “толгой өвдөж байна, бариачаар бариулж өг” гэж хэлэхэд Т "Би завгүй байна, сүү зөөдөг машинд сууж яваад бариулчих" гэж хэлээд тоохгүй байсан тул би маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын өглөө Улаангом орж ирээд өргөдөл бичиж Цагдаагийн газарт хандсан юм. Одоо надад Л.Тгээс нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18 х/,
гэрч Г.Бгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Орой болоод найр тараад дуусаж байх үеэр би хадам аав Лгийн гэрт ороход манай нөхөр Л.Т, хадам ах болох Э.Ж нар гэрийн баруун талд барьцалдсан байсан. Тэгэхээр нь би хадам ах Э.Жийг салгахаар татаж байхад араас бэр Ж.Ч ирээд бид хоёр Э.Ж ахыг салгаад аваад гарсан. Гэрийн гадна Э.Ж ахыг хэн нэгэн хүн зодож цохиогүй. Манай нөхөр Л.Т гарч ирэх гэхээр нь буцаагаад түлхээд гэр луу оруулсан. Намайг ороход тэр 2 барьцалдаад байсан, намайг орохоос өмнө золдолдоод дуусчихсан байсан. Э.Жийн хоёр нүд нь бага зэрэг хавдартай байсан. Тухайн үед бүрэнхий байсан учир би сайн анзаараагүй байх. Харин маргааш өглөө нь Э.Ж ах манайд ирэхэд хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан, толгой өвдөж байна, бариачаар бариулж өг гэж хэлж байсан. Хадам ах Э.Ж архи уусан нилээд согтолттой байсан. Манай нөхөр Л.Т их согтуу байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
гэрч Ж.Оийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манайх хадам аав Д.Лгийнхтэй “Нарийн-Ус” гэх газар зусланд байсан. Тэр өдөр найр болоод хүмүүс тарчихсан байх үеэр буюу 17-18 цагийн үед би гэртээ байж байхад манай охин Баярхишиг "Б эгч таныг өвөөгийнд ороод ир гэнэ" гэж дуудсан. Тэгээд би хадам аавынд ороход хадам ах Л.Т, Э.Ж нар барьцалдсан байсан ба бэргэн эгч Г.Б тэр хоёрыг салгах гээд татаж байхад нь би хамжилцаад хадам ах Э.Жийг авч гэрийн гадна гарсан. Тэгээд би хадам ах Э.Жийг гэрийн гадна суулгаад “та тайвшир, тамхи тат” гээд тайвшруулаад сууж байтал хадам дүү Л.Б ирсэн ба түүний машинд Э.Жийг суулгаж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
шүүгдэгч Л.Тгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний төрсөн дүү Бын гэр бүрэх ёслол болсон. Дүү Бын гэрийн бүрлэгт ах, дүү, хамаатан садангийн хүмүүс ирж оролцсон юм. Тэгээд орой 18 цагийн үед манай авга ах Д “миний хөөрөг алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгтэл Ж ах хажуунаас нь Д ахад хандаж “чамд ямар хөөрөг байсан юм” гээд олон юм яриад байхаар нь би “та дуугүй байл даа, Д ахын хөөрөг алга болсон байна гэхэд Э.Ж ах “тэгээд би авсан юм уу, ямар хөөрөгтэй байсан юм наадах чинь” гээд надтай маргаад, намайг түлхээд унагасан юм. Намайг түлхэж унагасанд би уурлаад түүнийг барьж аваад хөмсөг нүд орчимд нь 3-4 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр Г.Б, бэр Ж.О хоёр ирж салгаад Э.Жийг гэрээс аваад гарсан юм. Бид хоёр дахиж маргалдаагүй, би түүнийг гэрт 3-4 удаа цохисноос өөрөөр зодоон цохион болоогүй болно. Тэгээд би гэрлүүгээ орж амарсан. Ж ахаас уучлалт гуйж явуулсан. Тухайн үед надад юм хэлэхгүй яваад өгсөн. Маргааш өглөө нь Ж ах ирж “миний толгой доргисон юм шиг байна, толгой бариулж өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өнөөдөр амжихгүй, тэгээд ч машин байхгүй, маргаашнаас бариулж өгье” гэхэд Ж ах манай гэрээс дуугүй гараад явсан. Бид нар ах, дүү хамаатан садангийн хүмүүс юм. Би Ж ахыг зодож цохисноо хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна . Ж ахаас уучлалт гуйсан, эм тариаг нь авч өгсөн” гэх мэдүүлэг мэдүүлэг /,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 684 дугаартай: “Иргэн Э.Жийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, баруун шанааны хэсэгт зулгаралт, духны баруун хэсэг 2 нүдний зовхи хар хөхөрсөн, нүдний эвэрлэгт цус харвалт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Жийн биед тархины доргилт, баруун шанааны хэсэгт зулгаралт, духны баруун хэсэг, 2 нүдний зовхи хар хөхөрсөн, нүдний эвэрлэгт цус харвалт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Л.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Т урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 48х/-аар нотлогдсон.
Хохирогч Э.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн, түүнчлэн гаргуулах хохиролгүй, гомдол саналгүй талаар хүсэлт / нотариатаар гэрчлүүлсэн/ шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Л.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Л.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Шүүгдэгч Т ургийн овогтой Лгийн Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд таван зуун тавин нэгжтэй тэнцэх буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Т хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Л.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсшт зааснаар шүүгдэгч Л.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АЛТАН