Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00316

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00316

 

 

 

А.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03656 дугаар шийдвэртэй

А.А ын нэхэмжлэлтэй, Б-д холбогдох

Гэм хорын хохиролд 3,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.Б нь Б-д /хуучнаар Б/ эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 3,360,000 төгрөгийг Улсын мөрдөн байцаах газарт бэлнээр тушаасан.

Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг дууссаны дараа барьцаанд тушаасан 3,360,000 төгрөгийг буцаан авах гэтэл тухайн үед Улсын мөрдөн байцаах газарт барьцааны мөнгө хүлээн авч, хадгалдаг байсан нярав-аж ахуйн офицер В.В эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүсийн мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн болох нь илэрч, хууль хяналтын байгууллагаар шалгаж байсан. Ингээд энэ асуудал эцэслэн шийдэгдсэний дараа барьцааны мөнгө олгогдох тул таныг дуудна гээд буцаан олгоогүй.

Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас барьцааны мөнгө буцаан олгох талаар Б.Быг дуудаагүй байх бөгөөд 2022 оны 07 дугаар сард тус газарт бичгээр хандахад 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 9/1-3548 тоот албан бичгээр ...барьцааны мөнгийг манай газраас олгох боломжгүй, харин тухайн үед няраваар ажиллаж байсан В.Вд холбогдуулан иргэний журмаар хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэн.

1.2. Б.Б нь А.А ад Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар В.Вгийн ажиллаж байсан байгууллагаас барьцаа болгон шилжүүлсэн 3,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ юунд үндэслэн гаргасан, ямар баримтаар нотолж байгаа талаар баримтгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд холбогдох 3,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 4а/1398 дугаар албан бичиг гарсан өдрийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох үе гэж үзэхгүй. Учир нь тус албан бичгийн агуулгад ...В.Вгаас гаргуулж мөрдөн байцаах газарт олгох 55,381,724 төгрөгийн асуудал шийдэгдээгүй байгаа тул одоогоор таны гомдолд дурдсан мөнгийг буцаан олгох боломжгүй байгааг уламжилъя... гэсэн байдаг.

Уг агуулгад барьцааны мөнгийг өгөх боломжгүй гэх агуулга байхгүй, харин тодорхой хугацааны дараа В.Вд холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа мөнгийг буцаан олгох боломжтой гэх агуулгатай, түр хугацаанд хүлээж байна уу гэсэн утгатай байна.

Энэ бичгийг хүлээн авсан нэхэмжлэгч тодорхой хугацаанд хүлээнэ гэсэн ойлголт авах бөгөөд түүний эрхийг хариуцагч зөрчлөө гэж үзэхээргүй байна.

4.2. Мөн В.В-д холбогдох хэрэгт хэргийн оролцогчоор оролцоогүй тул Улсын Мөрдөн байцаах газраас өгсөн хариуд итгэсэн. Б.Б-д уг хэрэг хэзээ эцэслэн шийдвэрлэгдсэн талаар мэдэх боломж байгаагүй тул тодорхой хугацааны дараа дуудаж барьцааны мөнгийг олгоно гэж ойлгож байсан.

4.3. Улмаар Б.Б нь хариуцагч талд дахин хандахад 2022 оны 07 сарын 06-ны өдөр ...барьцааны мөнгийг өгөх боломжгүй гэсэн хариу авсан. Тэрээр үүнээс өмнөх хугацаанд цар тахлын улмаас болон хүнд өвчний улмаас хүсэлтээ гаргаагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 07 сарын 06-ны өдрөөс эхэлнэ.

4.4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал шүүх үндэслэлдээ энэ талаар дурдаагүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь В.В-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан боловч мөнгөө нэхэмжлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 3,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Б, А.А а нарын хооронд 2022 оны 08 сарын 04-ний өдөр байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Б.Б нь эрүүгийн хэрэгт холбогдон Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байхдаа барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд тушаасан 3,360,000 төгрөг шаардах эрхийг А.А-д шилжүүлсэн байна. /хх4/

 

Анхан шатны шүүх шаардах эрх шилжүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Б.Б-ы барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд тушаасан 3,360,000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч байгууллагаас гаргуулахаар тодорхойлсон.

 

4.а. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй гэж тайлбарласан байна.

 

4.б. Хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзаагүй, талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байхад анхан шатны шүүх мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон.

 

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.а. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлийн улмаас хохирогчид гэм хор учирсан байх, эдгээрийн хооронд шалтгаант холбоо, гэм буруу байхыг шаарддаг.

 

5.б. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 678 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 сарын 21-ний өдрийн 572 дугаар магадлалаар В.В нь Улсын мөрдөн байцаах газрын няравын албан тушаалд эрүүгийн хэргийн барьцаа, хохирлын мөнгийг итгэмжлэгдэн хариуцан ажиллаж байхдаа Б.Б-ы барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд тушаасан 3,360,000 төгрөгийг завшин үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна. /хх33-39, 40-53/

 

5.в. Гэм хорын хохирлыг арилгах нийтлэг зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан.

 

Иймд В.В гийн хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас Б.Б-д хохирол учирсан нь шалтгаант холбоотой тул хариуцагч байгууллага гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг тусгайлан зохицуулсан ба энэ хуулийн 498.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн байх уг зөрчилд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.

 

Хариуцагч байгууллагын эрүүгийн хэргийн барьцаа, хохирлын мөнгийг итгэмжлэгдэн хариуцаж байсан нярав В.В-ийн хууль бус үйлдлийн улмаас Б.Б-д 3,360,000 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 3,360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,710 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгоно.

 

7. Түүнчлэн, хэргийн 62 дахь талд авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо түүнд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааны 5,200,000 төгрөгийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн данснаас буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. Уг барьцааг нэхэмжлэгчээс тодруулахад шүүхээр шийдвэрлүүлж буй 3,360,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ нь тусдаа бөгөөд 5,200,000 төгрөгийн барьцааг буцаан авсан гэж тайлбарласан.

 

Мөн хэргийн 5 дахь талд авагдсан Б-аас 2022 оны 07 сарын 06-ны өдөр А.А-д өгсөн 9/1-3548 тоот албан бичигт Б.Б Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 3,360,000 төгрөгийн барьцаа тушаасан гэснээс үзвэл дээрх 2 барьцааг тусдаа гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 15-ний өдрийн 182/ШШ2022/03656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас 3,360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А ад олгосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч А.А ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,710 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,710 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ