| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0173/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,
Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж,
Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Зургийн овогтой Цийн От холбогдох 1835003640202 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн 9-7 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:.................., Зургийн овогтой Цийн О.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7-р багаас иргэн Н.Бын эзэмшлийн мустанг 5 маркийн 3325 УВЗ улсын дугаартай мотоцикль хулгайлж 370.000 төгрөгийн, хохирогч Г.Мын эзэмшлийн мустанг 5 маркийн цэнхэр өнгийн мотоцикль хулгайлж 1.593.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Оийг бусдын хөрөнгө эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.Бын Мустанг 5 маркийн 3325 УВЗ улсын дугаартай, хар хөх өнгийн мотоцикль хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч Н.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орой өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн,хар хөх өнгөтэй, 3325УВЗ улсын дугаартай мотоциклоо Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг Б ахын хашаан дотор тавиад явсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 7 цагийн үед Б ахын эхнэр Ш эгч босоод гарахад миний мотоцикль байхгүй байсан гэсэн. Тэгээд надад мэдэгдсэн юм. Мотоцикль тавьсан газарт ул мөрийг шалгахад шороон дээр ямар ч ул мөр байхгүй байсан. Ул мөрөө арилгасан байх гэж бодож байна. Тэгээд бид хулгайд алдсан мотоциклоо Улаангом сумын зах болон гудамжаар хайсан боловч ямар нэгэн байдлаар сэжиглэх хүн олдоогүй. Би уг мотоциклийг 2013 онд 1.450.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг мотоциклийн маниулын гол хугарсан, хөх өнгийн банктай, хар хөх өнгийн суудалтай, 33-25 УВЗ гэсэн улсын дугаартай / хулгайлагдах үед улсын дугааргүй байсан/, хаазны бариулыг цэнхэр өнгийн лентээр ороосон, урьд талын 2 амартизатор ногоон хамгаалалтай байсан. Өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би хулгайд алдсан гэх мотоциклоо одоо 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний мотоцикль бүрэн бичиг баримттай” гэх мэдүүлэг / хх-ийн 93х/,
-хохирогч Н.Бын хэрэг бүртгэлтэд дахин өгсөн : “Ц.Оийн гэр нь манай хүргэн ах Бийн гэрийн хашааны урд талд байх залгаатай хашаанд амьдардаг юм. Миний хувьд би багаасаа Б ахынд байдаг байсан болохоор Оийг зүс танина. Намайг таньдаг эсэхийг би мэдэхгүй. Би хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 94х/,
-гэрч Д.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Н.Б бол миний дүүгийн хүүхэд юм. 2018.09.18-ны шөнө хөдөөнөөс ирээд 3325 УВЗ улсын дугаартай мустанг 5 маркийн мотоцоклио манай хашаанд оруулж тавьчхаад айлд хонохоор явсан. Тэгээд маргааш нь буюу 2018.09.19-ны өглөө босоход мотоцикль нь алга болсон байсан. Тэгээд тэр өдрөөс хойш хайгаад олоогүй. Н.Ба мотоциклио манай хашаанд оруулаад нүүрсний амбаарын хажууд тавьсан байсан.Хашаан дотроос мотоциклийг аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96х/,
-Улаангом сумын 7-р баг 9-7 тоотод оршин суух Ц.Оээс хөх өнгийн Мустанг 5 маркийн мотоцикль хураан авах тухай Увс аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 5/148 дугаар “Эд зүйл хураан авах тухай” Прокурорын зөвшөөрөл,
-2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “ Эд мөрийн баримт хураан авах тухай тэмдэглэл / Ц.Оээс хөх өнгийн мотоцикль хураан авсан тухай /,
- 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “ Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / Ц.Оээс хураан авсан мотоцикльд үзлэг хийхэд : хар хөх өнгийн Мустанг -5 маркийн, улсын дугааргүй мотоцикль байх бөгөөд хар хөх өнгийн банктай, маниул нь хугарсан, хар хөх өнгийн суудалтай, суудлын урд хэсгээр урагдсан, хаазны бариулыг цэнхэр өнгийн лентээр ороосон, урд тадын 2 амаржин нь ногоон өнгийн хамгаалалттай, хөдөлгүүрийн дугаар 162FMJ, DA 116788 гэсэн бичиглэлтэй байв./,
-шүүгдэгч Ц.Оийн мөрдөн байцаалтад өгсөн : “ Би 2018 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б ахын хашаан дотор байсан мотоциклийг хулгайлж аваад хашаан хаалгаар түлхэж авч явсан. Би ганцаараа мотоциклийг хулгайлж авсан. Би мотоциклийг хулгайлж аваад өөрийнхөө гэрийн амбаарт хийчихээд явсан. Би Бын мотоциклийг унаж хэрэглээгүй. Мотоциклийн маниулын гол нь хугарчихсан байсан, өөр ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Гэхдээ мотоциклийн өнгө нь их хуучирч муудсан, хуучин мотоцикль байсан. Надад мотоцикль байхгүй болохоор унаж хэрэглэх зорилгоор мотоцикль хулгайлсан” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөн шүүгдэгч Ц.О 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Мын Мустанг 5 маркийн, 66-53УВЗ улсын дугаартай,цэнхэр өнгийн мотоцикль хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч Г.М 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой 21.30 цагийн үед мотоциклио орхиж явсан гэх Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр, Гашуун хороолол газарт үзлэг хийсэн тэмдэглэл /тэмдэглэлд : мотоцикль байсан гэх газрыг А үсгээр тэмдэглэн, газрын хөрсөнд үүссэн мотоциклийн мөрийг дагаж явахад урд зүг рүү явсан чиглэлтэй байв. Уг мөрний орчимд байсан нэг гутлын мөрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гутлын мөр байж болзошгүй гэж үзэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, үзлэгийг цааш үргэлжлүүлэн мөрч нохойгоор гутлын мөрөөр үнэр авахуулан явуулахад уг мөр 900 метр орчим яваад хар зам дээр гарч алга болсон гэж бичжээ/, хэргийн газарт үзлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-5-рх/,
-хэргийн газраас илрүүлсэн гутлын ул мөрийг шинжлэх зорилгоор Ц.Оийн өмсөж байсан нэг хос пүүз хураан авсан тухай тэмдэглэл, гуталд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл буюу хос пүүз хураан авсан мөрдөгчийн ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол / хх-ийн 8-11х/,
-Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18/57 дугаартай, мөр судлалын шинжилгээ хийсэн: Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын улны мөрний зураг харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь Ц.Оээс хураан авсан гутлын улны дардастай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь Ц.Оээс хураан авсан гутлын улны дардастай хэлбэр дүрс, хээн зураглал, өлмий, өсгий, нумын хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт,
- Улаангом сумын 7-р баг 9-7 тоотод оршин суух Ц.Оээс цэнхэр өнгийн, 66-53 УВЗ улсын дугаартай, LXYPCKL01J0260453 хөдөлгүүрийн дугаартай, Мустанг 5 маркийн мотоцикль хураан авах тухай Увс аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/142 дугаар “Эд зүйл хураан авах тухай” Прокурорын зөвшөөрөл,
-Ц.Оээс цэнхэр өнгийн, 66-53 УВЗ улсын дугаартай, LXYPCKL01J0260453 хөдөлгүүрийн дугаартай, Мустанг 5 маркийн мотоцикль хураан авсан тухай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “ Эд мөрийн баримт хураан авах тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Мотоцикльд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / Ц.Оээс хураан авсан мотоцикльд үзлэг хийж хохирогч Г.Мд хүлээлгэн өгсөн тухай/,
-хохирогч Г.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой 19 цагийн орчимд ажил дээрээ байж байтал манай найз М над руу залгаад "хүрээд ирээч, би найз охинтойгоо уулзмаар байна, би маргааш цэрэгт явж байгаа" гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг маркийн мотоцикльтой Довны Ферм гэх газар очиж түүнийг аваад хамтявж Улаангом сумын 12 дугаар баг гахайн байрны урд талд танихгүй айлын хашааны хажууд мотоциклио тавьчхаад Мын найз охины гэр лүү алхсан. Тэгээд бид 2 Мын найз охиныг дагуулаад гурвуулаа гахайн байрны дээд талын зам хүртэл явган алхаад буцаад иртэл миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Бид 2 мотоциклио тэнд орхиод 30 минут л болсон байх. Би уг мотоциклийг 2018 оны 05 дугаар сард Нарлаг худалдааны төвөөс 1.850.000 төгрөгөөр худалдаж аваад 66-53УВЗ гэсэн дугаар авсан байсан. Уг мотоциклийн банк цэнхэр өнгөтэй, дээд хэсэгт нь гарын алганы хэмжээтэй хонхойж будаг нь ховхорсон байгаа. Нэг талын толь нь байхгүй, харин нөгөө толь голоор нь цуурсан, гинжин хамгаалалт байхгүй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. LXYPVKL01J0260453 гэсэн арлын дугаартай бөгөөд бичиг баримт нь бүрэн байгаа. Мотоцикль байсан газраас нэг хүний гутлын мөр тод гарсан байсан, миний мотоциклийг түлхэж авч явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
-гэрч М.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018.10.15-ны орой Довны ферм гэх газарт байж байгаад би Г.Мыг дуудаад “ би маргааш цэрэгт явна, найз охинтойгоо уулзах хэрэгтэй байна, хамт очъё” гэж хэлэхэд М.М “ за би одоо чамайг очиж авна” гэж хэлсэн. Тэгээд Г.М нь өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоциклоор ирсэн. Тэгээд бид хоёр хамт Гахайн байрны урд талын айлын хашааны хажууд мотоциклоо үлдээгээд гахайн байрны дээд тал буюу Заяашик хүртэл явган юм ярьж алхаж байгаад буцаж ирээд мотоциклоо авах гэтэл байхгүй байсан. Уг мотоциклийн банкны дээд хэсэг нь хонхойж будаг нь ховхорсон байдалтай, цэнхэр өнгийн мустанг маркийн мотоцикль байсан юм. Бид 2 гуч орчим минутын дараа л ирсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,
-гэрч У.Уийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Ц овогтой Отэй найзлаж нөхөрлөөд таван жил болж байна. Одоогоор бид хоёр эхнэр нөхөр болж нэг гэрт ороогүй ч хоёр аав ээжийнхээ гэрээр орж гардаг юм. 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед аав Угийн хамтаар гэртээ байж байхад миний найз Ц.О ганцаараа орж ирсэн. Тэгээд О манайд хоноод өглөө эрт 5 цагт гэр лүүгээ явна гэж хэлсэн. О надад “өглөө эрт очиж ээжийн гэрийг дулаалж барих ёстой” гэж хэлээд намайг дагуулаад 05 цагт гэрлүүгээ явсан. Манай гэрээс гарч яваад Оийн гэрт очиж бид хоёр унтаж байтал өглөө 08 цагийн үед цагдаа нар ирээд Оийн өмсөж явсан хар өнгийн гутлыг нь хурааж аваад Оийг дагуулаад явсан. Би тухайн үед юу болж байгааг ойлгоогүй. Дараа өдөр нь буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О надруу залгаж, би 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө танайхруу явж байгаад замд нэг мотоцикль байхаар нь хулгайлж аваад танай үхрийн амбаарт оруулчихаад танайд орсон. Намайг мотоцикль хулгайлсан гэдгийг цагдаа нар мэдчихсэн байна гэж хэлсэн. О хэзээ хаанаас ямар мотоцикль хулгайлжманай үхрийн хашаанд хийснийг мэдээгүй. Надад энэ талаар хэлээгүй. Манай үхрийн амбаарын хаалга цоожгүй, байнга онгорхой байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25х/,
-гэрч Д.Угийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Ц.О нь манай охин Уийн найз юм шиг байна лээ. Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гадуур ажилтай явж байгаад гэртээ ирээд хоол цайгаа уучхаад хэвтэж байтал орой 21 цагийн үед гаднаас Ц.О ганцаараа орж ирсэн. Би түүнээс ямар нэг зүйл асуугаагүй. У тэр хоёр л хоорондоо юм ярьж байгаад унтацгаасан. Өглөө 05 цагийн үед У, О хоёр ажилтай гээд гараад явцгаасан. Тэгтэл маргааш өглөө 8 цагийн үед цагдаа нар ирээд манай үхрийн амбаараас мотоцикль аваад явсан. Миний хувьд ямар учиртай мотоцикль авч ирж тавьсан байсныг мэдэх зүйл байхгүй. О 10 дугаар сарын 15-ны орой ганцаараа ирсэн. Мотоцикль унаж ирээгүй. Сүүлд сонсоход О нь гудамжинд байсан мотоциклийг хулгайлж манай амбаарт авч ирж хийсэн байсан. Оийг ийм хулгайч залуу гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
-шүүгдэгч Ц.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад Улаангом сумын 12 дугаар багт гахайн байрны гэр хороололд гэр нь байдаг найз охин Утэй уулзахаар түүний гэр лүү нь ганцаараа алхаж явсан. Тэгээд Улаангом сумын 12 дугаар багийн гэр хороололд автомашины зам дагуу явж байтал хашаа түшүүлээд тавьчихсан нэг цэнхэр өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байсан. Уг мотоциклийн ойр хавьд хүн байхгүй болохоор нь мотоциклийг авмаар санагдаад уг мотоциклийг ганцаараа түлхэж найз охин Уийн хашааны хаалгаар оруулаад гэрийнх нь баруун талд 50 орчим метрийн зайтай байдаг үхрийн амбаар руу нь оруулж тавьсан юм. Үхрийн амбаар нь ямар нэг хаалга цоожгүй байдаг юм. Би үхрийн амбаарт мотоциклийг оруулж тавьчихаад Уийн гэрт ороход У болон түүний аав У нар байсан” гэх мэдүүлэг зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Н.Бын Мустанг 5 маркийн, 3325 УВЗ улсын дугаартай мотоцикль 370.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэрэгт авагдсан Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн УВ/01/546 дугаар үнэлгээний тайлан/Улаангом суманд 5 жил ашигласан хуучин, 150 мотортой, МУСТАНГ-5 маркийн мотоциклийн зах зээлийн дундаж үнэ 2018 оны 9-р сарын байдлаар 370.000 төгрөг болохыг тодорхойлов/-аар, хохирогч Г.Мын Мустанг 5 маркийн, 66-53УВЗ улсын дугаартай мотоцикль1.530.000төгрөгийн үнэлгээтэй болох нь хэрэгт авагдсан Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн УВ/01/545 дугаар үнэлгээний тайлан/Улаангом суманд 5 сар ашигласан, МУСТАНГ-5 маркийн мотоциклийн зах зээлийн дундаж үнэ 2018 оны 10-р сарын байдлаар 1.593.000 төгрөг болохыг тодорхойлов/-аар тус тус нотлогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Оийн үйлдсэн 2 удаагийн хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 1.963.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.Бын Мустанг 5 маркийн 3325 УВЗ улсын дугаартай, хар хөх өнгийн мотоцикль, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Мын Мустанг 5 маркийн, 66-53УВЗ улсын дугаартай, цэнхэр өнгийн мотоцикль тус тус хулгайлсан нь хангалттай нотлогдсон, гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “бага хэмжээний хохирол”- оос дээш буюу 1.963.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Оийн хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Ц.Наранцэцэг хэрэг бүртгэлтэд өгсөн: “Бид нар аав ээжээс 7-лаа бөгөөд цэцэрлэг сургуулиар хүмүүжиж өссөн. Миний дүү О нь аав, ээж, ах эгч бид нарынхаа үгэнд маш сайн ордог, элдэв муу аашгүй, эелдэг зөөлөн, даруу зантай, хүнд тусархуу залуу юм. Бүрэн дунд боловсролтой, одоогоор ажил эрхэлсэн ажилгүй, гэр бүлгүй, одоо ганцаараа аавын гэрт амьдарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28х/
гэрч Г.Ичинноровын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. О бол миний 6 дахь хүүхэд юм. 1988 онд төрсөн, 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн албыг Ховд аймгийн цэргийн ангид хааж ирснээс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Хааяа ажилд оруулахаар цалин бага байна гээд ажил хийдэггүй. Ц.О бид хоёр хамтдаа амьдарч байгаад 2017 оноос би нэг хүнтэй тусдаа хамтран амьдарч байгаа юм. Гэхдээ Улаангом сумын 7 дугаар багт бид хоёр ам бүл гэсэн бүртгэлтэй байдаг, О одоогоор ганцаараа амьдарч байна. Найз нөхөдтэйгээ хааяа уулзахаар архи уучихдаг, тамхи татдаг. Зан аашийн хувьд бол зүгээр боловч ажил хийх дургүй залуу юм. От өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Амьдарч байгаа гэр нь минийх юм. Хашаа нь ахынх нь эзэмшлийнх юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
гэрч Ц.Ц хэрэг бүртгэлтэд өгсөн: “Бид эцэг эхээс 7-лаа, О 6 дахь хүүхэд нв юм. 1988 онд төрсөн, 10 жилийн 1 дүгээр сургуульд 10 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Гэр бүлгүй, эхнэр хүүхэдгүй. Цэргийн албыг Ховд аймгийн цэргийн ангид хаасан, эрхэлсэн ажилгүй. О одоо ганцаараа амьдарч байгаа. Зан аашийн хувьд тогтуун тайван, төлөв даруу зантай. Хүнтэй яриа хөөрөөтэй, хүний үгнээс гараад байдаггүй. Сүүлийн үед архи уугаад байх шиг байна. Тамхи татдаг. Ог өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Амьдарч байгаа гэр нь ээжийнх юм” гэх мэдүүлэг / хх-ийн 30 х/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Ц.О урьд өмнө гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 60-р х /-аар нотлогдсон.
Хохирогч Г.М, Н.Ба нар мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болох нь эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, мотоциклио буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй талаархи тодорхойлолт / нотариотаар гэрчлүүлсэн/ -ууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнзэрэг хөнгөрүүлэхболон 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Г.Мын мотоцикль хулгайлагдсан хэргийн газарт үзлэг хийх явцад илрүүлсэн гутлын мөрийг шинжлэх зорилгоор шүүгдэгч Ц.Оийн өмсөж байсан хар өнгийн үдээстэй, дотор талдаа Мade in Вieтnam гэх бичиглэлтэй, шар өнгийн арьсан дотор, хар өнгийн арьсан гадартай, гадар хэсэгт Helfiger гэх бичиглэлтэй, цагаан өнгийн утсаар оёдол хийж, гутлын ар хэсэгт цагаан болон улаан өнгийн жижиг эмблемтэй, гутлын ул хэсэг шулуун зураасаар тэгш өнцөгт дүрс үүсгэж хооронд нь холбосон улны хэсэгт мөн цагаан, улаан өнгийн жижиг эмблемтэй, гадна арьс элэгдэл авч цайсан нэг хос пүүзийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг пүүз нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаарахгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.О энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Шүүгдэгч Зургийн овогтой Цийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От зургаан сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан зургаан сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.О энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн эзэмшлийнхар өнгийн үдээстэй, дотор талдаа Мade in Вieтnam гэх бичиглэлтэй, шар өнгийн арьсан дотор, хар өнгийн арьсан гадартай, гадар хэсэгт Helfiger гэх бичиглэлтэй, цагаан өнгийн утсаар оёдол хийж, гутлын ар хэсэгт цагаан болон улаан өнгийн жижиг эмблемтэй, гутлын ул хэсэг шулуун зураасаар тэгш өнцөгт дүрс үүсгэж хооронд нь холбосон улны хэсэгт мөн цагаан, улаан өнгийн жижиг эмблемтэй, гадна арьс элэгдэл авч цайсан нэг хос пүүзийгшийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.От буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН