Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 001/2017/00691/И |
Дугаар | 001/ХТ2017/00702 |
Огноо | 2017-05-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2017/00702
“10+11”СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00057 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар магадлалтай,
“10+11” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
“Номин реалтор” ХХК-д холбогдох,
5-6 дугаар байрны 00 өрөөний 20 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн “10+11” холбоо нь 1999 оны 04-р сараас үйл ажиллагаа явуулж, Бүрэнбүст багийн 11 байрыг харьяалан ажилладаг, үүнд 5-р хорооллын 6-р байр хамаардаг. Анх Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах үед бүх байрны план зураг хүлээн авсан бөгөөд 6-р байрны “Эрдэнэт Номин” их дэлгүүрийн байранд СӨХ-ны эзэмшлийн 159 м.кв талбай орсон болохыг 00 өрөөг түрээслэгч Б.Дуламсэндэнгээс мэдсэн.Энэ үеэс эхлэн “Эрдэнэт Номин” их дэлгүүрийг талбай чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж, Улаанбаатар хотод байгаа удирдлагуудад нь хэлэхэд дундын өмчлөлийн хэсгээ хэмжүүлээд ав гэдэг ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Бүрэнбүст багийн Засаг даргад энэ тухай ярьж, хамт очиж талбай чөлөөлөхийг шаардаж байсан ба “Эрдэнэт Номин” Их дэлгүүрийн Захиргаа дундын өмчлөлийн эд хөрөнгө СӨХ-ний эзэмшлийн 159 м.кв талбайг чөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “ ... сууцны бус зориулалттай нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт\балкон\ гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил зэрэг нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болно” гэж заасны дагуу сууц өмчлөгчдийн холбооны эзэмшилд хамаардаг. 2010 оноос 6 дугаар байрны 00 өрөөг түрээслэгч Б.Дуламсэндэнд түрээслүүлсэн ба “Эрдэнэт Номин" Их дэлгүүр СӨХ-ны зөвшөөрөлгүй уг талбайг өөрсдийн эзэмшилд авч, ханыг дур мэдэн цоолж, ашиглаж байна. Энэ тухай СӨХ-ны зүгээс олон удаа албан шаардлага хүргүүлсэн боловч талбайг чөлөөлж өгөөгүй болно. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа тул хариуцагч “Номин реалтор” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 20 м.кв талбайг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэдгаргасан тайлбартаа: Д.Билэгтийн нэхэмжлэлтэй “Номин тав трейд” ХХК-ийн Номин Эрдэнэт салбарт холбогдох 159 м.кв талбай чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдсан СӨХ-ны эзэмшлийн 159 м.кв талбайг Номин Эрдэнэт салбар нь эзэмшиж ашигласан зүйл огт байхгүй бөгөөд одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8-р баг Бүрэнбүст 6-р байр 00 тоот хаягт байрлах талбайн хэмжээ нийт 116 м.кв хэмжээтэй бөгөөд энэ нь “Номин реалтор” ХХК-ийн өмч юм. Уг “Номин реалтор” ХХК-ийн өмч болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээн 116 м.кв гэж бичигдсэн байдаг боловч бодит байдал дээр талбайн хэмжээ 127 м.кв болохыг “Номин реалтор” ХХК-ийн хэмжилт хийлгэн тогтоосон байдаг.Гэтэл нэхэмжлэгч нь “Номин реалтор” ХХК-ийн өмчлөлийн 127 м.кв талбайгаас 159 м.кв талбайг нийтийн эзэмшлийн гэж үзэн чөлөөлүүлэхийг хүсээд байгаа нь ойлгомжгүй байна. “Номин реалтор” ХХК-ийн өмчлөлийн дээрх талбайг “Номин эрдэнэт” салбар нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа болохоос нэхэмжлэлд дурдсанаар СӨХ-ны эзэмшлийн 159 м.кв талбайг эзэмшиж ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00057 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасныг баримтлан “Номин рөалтор” ХХК-ий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-6-00 тоотын 116 м.кв талбай бүхий хэсгээс илүү байгаа, СӨХ-ны хэсгээс балкон /тагт/ хүртэлх СӨХ-ны өмнө нь эзэмшиж байсан талбай /16 м.кв/, мөн балкон /тагт/-ыг чөлөөлж “10+11” СӨХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/000057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Номин реалтор” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн би Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-03-14-ний өдрийн 57 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх “Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргаж буй 5 дугаар хороололын 6 дугаар байрны 00 тоот өрөөний 5 өрөө бүхий 116 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Номин Реалтор ХХК болох нь тогтоогдсон ба харин нэхэмжлэгч “10+11” СӨХ нь маргаж буй 00 өрөөний 20 м.кв талбай, тагтны хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 00 өрөөний талбайг бууруулсан хэмжээгээр буюу 16 м.кв талбай болон байрны тагтыг чөлөөлүүлж, “10+11" СӨХ-нд олгож” шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. 5-6-00 тоот 5 өрөө байрны 116 м.кв хэмжээг улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан боловч өмчлөлийн нийт талбай зөрүүтэй.Тодруулбал:Н.Азхүү шинжээчийн дүгнэлтээр 131.7 м.кв, “Лэндс” ХХК-ний шинжээчдийн дүгнэлтээр: Орон сууцны конторын аж ахуйн зориулалттай, байрны баруун урд хэсэг болох 88 м.кв талбай гэж хэмжигдсэн талбайг, Номинролтер ХХК-нь 116 м.кв болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.СӨХ-ны эзэмшиж байсан гарц, балконоор орж, СӨХ-ны түрээслүүлж байсан 20м.кв хэсгийг чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй юм.Хэрэгт нотолсон баримтууд: Шинжээчийн дүгнэлт, Номинралтер ХХК-ний гаргасан план зураг, 5-6-00 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шинжээчийг шүүх хуралдаанд асуусан тэмдэглэл, гэрч Дуламсэндэнгийн мэдүүлэг, СӨХ-ны Түрээсийн гэрээ зэрэг баримт хэрэгт бий.Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, мөн хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууцөмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-т заасныг баримтлан 5-6-00 тоотын 116 м.кв талбайтай бүхий хэсгээс илүү байгаа, СӨХ-ны хэсгээс балкон буюу тагтыг хүртэлх СӨХ-ны өмнө нь эзэмшиж байсан 16 м.кв, мөн балкон\тагт\-ыг чөлөөлж “10+11" СӨХ-нд олгож шийдвэрлэсэн нь зөв юм.
2. СӨХ-ноос өөрийн эзэмшлийн талбай чөлөөлүүлэх тухай маргааныг СӨХ-ны зөрчигдсөн эрхийг сэргээх маргаан гэж шүүх дүгнэлт хийгээд “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-д зааснаар “... Хяналтын зөвлөл түүний эрх үүргийн 11.3.6 “холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах талаар шүүх болон холбогдох бусад байгууллагад хандах..." гэсэн зохицуулалтыг хэрэглэнэ гэсэн нь үндэслэлгүй болжээ.Учир нь: СӨХЭЗБНЗОСБДӨЭХ-ийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2- т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэсний дагуу СӨХ-ны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь СӨХ-ны гүйцэтгэх захиралд байгаа юм. Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т заасан үүргээ орон сууц өмчлөгч “Номинреалтор” ХХК биелүүлээгүй, энэ үүргээ биелүүлэхийг СӨХ- ноос удаа дараа шаардаж байсан. Хэрэгт албан бичиг бий. Шаардлагыг сууц өмчлөгч сайн дураар биелүүлээгүй тул Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар Билэгт захирал шүүхэд төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй. Сууц өмчлөгчдийн “10+11” холбооны дотоод дүрэм 2016-12-10 ны өдрийн Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр баталсан 1.6-д “Аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгч, СӨХ-ны хооронд үүссэн маргааныг холбоо эцэслэн шийдвэрлэж чадаагүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ...” гэсэн заалт бий.
Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 57 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 00057 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь маргаж буй 00 өрөөний 20 м.кв талбайн өмчлөгч болох нь тогтоогдоогүй, ...хуулиар СӨХ-ны нэхэмжлэл гаргах эрх хяналтын зөвлөлд олгогдсон байхад захирал Билэгт шүүхэд төлөөлөх эрхийг Б.Долгорсүрэнд олгосон нь буруу” гэх үндэслэлийг дурджээ.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулах ба сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-т “хяналтын зөвлөл нь холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах талаар шүүх болон холбогдох бусад байгууллагад хандах” талаар зохицуулжээ.
Нэхэмжлэгч “10+11” СӨХ нь хариуцагч “Номин реалтор” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байх тул СӨХ нь эдгээр хөрөнгийн өмчлөгч байх шаардлагагүй юм.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Номин реалтор” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 20 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Нэхэмжлэгч “10+11” СӨХ нь 1999 онд байгуулагдсан бөгөөд Орхон аймгийн Баян-өндөр сумын Бүрэнбүст багийн 6 дугаар байрыг хариуцан ажилладаг бөгөөд хариуцагч “Номин реалтор” ХХК нь тус байрны 00 тоотын 116 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
Харин хариуцагчийн өмчилж буй талбайд СӨХ-ны эзэмшлийн талбай хамаарч байгаа эсэх нь маргааны зүйл болжээ.
“Номин реалтор” ХХК нь 116 м.кв талбайн өмчлөгч боловч 132 м.кв талбай эзэмшиж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” хамаарна гэж зааснаас дүгнэхэд хариуцагчийн эзэмшилд буй 16 м.кв талбай болон тагт нь орон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйлд тухайн орон сууцны хэвийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байрлах ба эдгээрийг оршин суугчид дундаа ашигладаг тул дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болгоход бусад оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх болно.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийг ойлгомжгүй тодорхойлсон байх тул шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 6 дугаар байрны 00 тоотын “Номин реалтор” ХХК-ийн өмчлөлийн 116 м.кв талбайд хамаарахгүй 16 м.кв талбайг болон 4 м.кв талбай бүхий тагтыг хариуцагч “Номин реалтор” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч “10+11” СӨХ-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ