| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0100/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/109 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 13.5.2.2., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.О
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Н-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816002160106 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт С-ийн Н гэв.
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн нутаг Х гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Б-ы монгол гэрийн янданг ТОЗ-8 маркын калибрь буугаар буудаж, нүүхгүй бол буудаж ална гэж заналхийлсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Зэвсэг ашиглаж заналхийлэх” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч С.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Б ахтай утсаар ярьж муудалцаад уурласан уурандаа гэрийнх нь гадаа очоод яндан руу нэг удаа, нохой руу нь нэг удаа буудсан ... Нүүхгүй болохоор нь жаахан айлгая гэж бодсон ... Гэрээсээ 5 сумтай гарсан. 4-ийг нь буудсан. Нохойг нь буудаад, яндан руу нь буудаад дараа 2 сумыг нь хий буудсан ... Буруу зүйл хийсэн байна. Үүнийгээ ойлгож ухаарч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Б-ы “... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой би хонио услаад гэртээ ороод цай уугаад сууж байтал танихгүй дугаараас миний 99999999 утас руу залгаж орж ирээд танайх нүүхгүй бол буудаж ална гэж хэлэхээр нь би тэг тэг гэхэд утсаа салгасан юм. Удалгүй 10 орчим минутын дараа мотоцикльтой хүн ирж байхаар нь би эхнэр А-т хандаж нохойгоо хорь гэхэд А байж байтал буун дуун гарахад эхнэр А манай нохойг буудлаа гээд ороод ирэхэд нь зөрөөд гараад ирэхэд Н би чамайг буудаж ална гээд буу шагайхаар нь би буцаад гэртээ ороод байж байтал манай гэрийн яндан руу буудаад дахиад 2 удаа буун дуу гарахад А бид 2 гэртээ байж байтал гаднаас гараад ир гэж орилж байгаад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ13-14/,
Гэрч Г.Э-ийн “...миний 99999999 дугаарын утас руу А 88888888 дугаарын утаснаас Н манай гэрийн гадна ирээд нохой буудаад, гэрийн яндан буудаад явлаа гэхээр нь нөхөр Ба-д болсон явдлыг хэлэхэд Ба С-ийн гэр рүү явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ15/,
Гэрч Э.Ба-ын “ ... манай эхнэр Э энэ Н айлын нохой, гэр буудсан гэхээр нь би гэрт нь очиход Н гэртээ байхгүй байхаар нь би тэдний гэрт хүлээгээд байж байтал Н хүрээд ирэхээр нь би Н-ын гэр түшүүлээд тавьсан бууг аваад машиндаа тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ16/,
Гэрч Г.О-ын “ ... А-ээс мессеж ирсэн байхаар нь аваад үзэхэд танай хүү Н гэр рүү буудчихаад яваад өгсөн байна. Утсаа аваач гэсэн мессеж байхаар нь би эргээд А рүү залгаад утсаар ярихад А та утсаа авахгүй, танай хүү чинь гэр рүү буугаар буудсан гэхээр нь би яасан юм бол гээд утсаа салгасан. Тэгээд 23 цагийн орчимд Н гэртээ ирэхээр нь би Н-аас чи яагаад айлын гэр лүү буудсан юм бэ? гэхэд Н дуугарахгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ17/,
Гэрч Б.А-ийн “... Би нохой хорих гээд зогсож байтал гэнэт буун дуу гарахад манай халтар зүсмийн нохой гаслаад зугтаахад би айсандаа гэрлүүгээ ороод ирэхэд Б бас гэртээ ороод ирэхэд манай гэрийн янданг бууны сум оноод дахин хоёр удаа буун дуу гараад Б гэрийн тотгоор харахад Н буугаа шагайгаад зогсож байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,
Гэрч Ц.С-ийн “... манай эхнэр О А ярилаа, Н Бы гэр рүү буудсан гэнэ гэж хэлсэн юм. Тэгээд Н ирэлгүй байж байгаад 23 цагт гэртээ ирээд буугаа пронтер машинд оруулж тавиад гэртээ ороод ирэхэд би хаагуур яваад ирсэн юм бэ гэхэд дуугарахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ21/,
Галт зэвсгийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Хос-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5594 дугаартай “... 1. Шинжилгээнд 5.6 мм-ийн /хучнаар/ ЗХУ-д үйлдсэрлэсэн сангийн анги 15760, замаг 4370 гэсэн дугаартай, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага калибрийн минтов бууг ирүүлсэн байна. Буунд эвдрэл гэмтэл байхгүй буудлага үйлдэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь гох дараагүй байхад буюу /доргилт, цохилт/-оос буудагдана.
3. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг хонгио нь шинжилгээнд ирүүлсэн 4370 дагууртай замгаар буудагдсан байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 15760, замаг 4370 гэсэн дугаартай буу нь ШШҮХ-ийн галт зэвсгийн нэгдсэн сан болон галт зэвсгээр үйлдэгдээд одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж хураан авсан хошуу хонгионы санд бүртгэгдээгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ38-39/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ3-7/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н-ын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн нутаг Х гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Б-ы монгол гэрийн янданг ТОЗ-8 маркын калибрь буугаар буудаж, нүүхгүй бол буудаж ална гэж заналхийлсэн гэм буруутай үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Зэвсэг ашиглаж заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч С.Н нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн болох нь түүний нас тоолсон тэмдэглэл /ХХ78/, хэрэг хариуцах чадвартай болох нь Говь-Алтай аймгийн нэгдсэн Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн магадлал /ХХ45-46/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж, биеэр эдлэх ялыг 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Н-д оногдуулсан 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хойшлуулсан хугацаанд шүүгдэгч С.Н-д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан замгийн 4370 дугаартай, сангийн ангийн 15760 дугаартай ТОЗ-8 маркын галт зэвсгийг 1 ширхэг сумны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 4 ширхэг хонгиог сутгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүгдэгч буцаан олгож, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой С-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ыг 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж, биеэр эдлэх ялыг 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Н-д оногдуулсан 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хойшлуулсан хугацаанд шүүгдэгч С.Н-д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн эсвэл дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хойшлуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч С.Н-д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан замгийн 4370 дугаартай, сангийн ангийн 15760 дугаартай ТОЗ-8 маркын галт зэвсгийг 1 ширхэг сумны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 4 ширхэг хонгиог сутгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ДИ00000000 регистрийг дугаартай цахим үнэмлэхийг шүүгдэгч С.Н-д буцаан олгож, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА