Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Д-ийн Ч-д холбогдох 1716001020100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогтой Д-ийн Ч.

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн төвд байрлах Шинэ-Алтай худалдааны захын 00 тоот дэлгүүрийн эзэн З.Ц-г хуурч мэхлэн Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркын мотоцикль залилан авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн төвд байрлах Шинэ-Алтай худалдааны захын 00 тоот дэлгүүрийн эзэн З.Ц-г хуурч мэхлэн Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркын мотоцикль залилан авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ч гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Д.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 28-нд Ц гэдэг хүнээс мотоцикль лизингээр аваад сумандаа очиж лизингийн гэрээг хийх ёстой байсан. Лизингийнхээ гэрээг хийж чадахгүй Улаанбаатар хот руу яваад хотод ажил хийж байгаад хотоос ирээд хохирогчийн хохирлыг барагдуулсан. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү? би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 Хохирогч З.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...  2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Ч нь Говь-Алтай аймгийн Шинэ-Алтай захын №00 тоот дэлгүүрээс мотоцикль ликингээр худалдан авна гэж хэлээд Говь-Алтай аймгийн Цогт сумын Хаан банкны эдийн засагчтай яриулаад авч яваад сураггүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ23/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би Говь-Алтай аймгийн Шинэ Алтай захын №00 тоот Алтайн нуруу дэлгүүр дээр байж байтал Д.Ч гэх залуу хүрч ирээд мотоцикль лизингээр авах гэсэн юм гээд Цогт сумын Хаан банкны үл таних эмэгтэй хүнтэй яриулахад тэр эмэгтэй хүн лизин нь гарна өгөөд явуулчих гэхээр нь би Д.Ч-ын регистер, утасны дугаарыг нь бичээд мотоцикль өгөөд явуулсан юм... Мустанг-5 маркын 150 мотортой яагаан өнгийн мотоцикль авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ28/,

Гэрч Ж.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт би байна. Мотоцикль лизингээр авах гэсэн юм би очоод найдвартай лизиндээ хамрагдана гэхээр нь би эргээд эрхлэгчээсээ асуугаад хариу өгье гээд гар утсаа таслаад эрхлэгч Б.М-аас Д.Ч-ыг таних уу, энэ хүнд зээлийг нь олгож болох уу гэхэд боломжтой хүн зээлийг олгож болно гэсэн. 1 цаг орчмын дараа Д.Ч нь дахиад залгаад зээл авах боломжтой байна уу гэж Шинэ Алтай захын мотоцикль зарж байгаа худалдагчтай яриулахаар нь би бараа өгч явуулахад боломжтой хүнтэй юм байна гэж хэлэхэд надтай утсаар ярьсан худалдагч за би өгөөд явуулчихья гээд утсаа тасалсан... Д.Ч нь хүрч ирж уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ30/,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын үнэлгээний комиссын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ43/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт  гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Ч-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.Ч-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д  450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ч-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт  шүүгдэгч цагдан хоригдоогүй,хохирогч Ц-д хохирлыг бүрэн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ч-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА