Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 211/МА2023/00024

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                        211/МА2023/00024

 

                                        

                             

              ХААны

              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00721 дугаартай шийдвэртэй

ХАА-ны нэхэмжлэлтэй

С.Ц-т холбогдох

3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /онлайнаар/, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарын агуулга:

1.1. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1.750.000 төгрөг,

1.2. Алданги 1.250.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг гаргуулна.

  С.Ц нь бага оврын трактор авахдаа урьдчилгаа 2.500.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 500.000 төгрөгийн төлөлт хийж, 2013-2017 онд төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу алданги тооцсон. С.Цтай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээнд тамга, тэмдэг дарагдаагүй байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас С.Цтай 2012 онд байгуулсан 26/17 дугаар гэрээ нь одоо ХААны архивд эх хувиараа хадгалагдаж байгаа бөгөөд уг гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ юм. Хариуцагчаас 2.500.000 төгрөг төлөхийг шаардаж байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед хариуцаж байсан хүмүүс нь шаардаж байсан байх. С.Ц 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 750.000 төгрөг төлсөн. Иймд үндсэн төлбөр болох 2.500.000 төгрөгөөс С.Цын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 750.000 төгрөгийг хасаад 1.750.000 төгрөг, анз 1.250000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хариуцагч С.Цаас нэхэмжилж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

2. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбарын агуулга:

Би 2012 онд 2.500.000 төгрөг төлөөд трактороо хүлээж авсан. Надтай 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан АР/161 дүгээр гэрээндээ тракторын төлбөрт 2.500.000 төгрөг, тээврийн зардалд 300.000 төгрөг тушаах, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төрөөс хөнгөлж байгаа гэсэн байсан. Надад Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг л өгсөн. Би тракторын үлдэгдэл төлбөр болох 2.500.000 төгрөгийг 2013-2017 онд 500.000 төгрөгөөр төлөхөөр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч талд байгаа гэрээг гайхаж байна. Би 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг хуурамчаар үйлдээгүй. Уг гэрээнд өөрийн гарын үсгээ зурж, утасны дугаараа бичсэн. Би Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үр тариа зээлээр авах гэсэн боловч 750.000 төгрөг төлбөл өгнө гэхээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих санд 750.000 төгрөг төлж үрийн будаа авсан. Үүнээс өмнө намайг 2.500.000 төгрөг төл гэж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч С.Цаас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч ХААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Архангай аймгийн ... сумын иргэн С.Ц-т холбогдох, ХААны нэхэмжлэлтэй, 3.000.000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж 129/ШШ2022/00721 дугаартай шийдвэр гаргасан байдаг.

Миний бие Н.Б би ХААны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эрх зүйн байдлын талаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй байна. Мөн хариуцагч хөөн хэлэлцэх хугацаагаар маргаан гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасныг хариуцагч баталж, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлээс 750.000 төгрөг төлсөн байдлыг харгалзан үзэхгүйгээр уг хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байх бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж хуралдсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00721 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

                                                                      ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00721 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч ХАА нь хариуцагч С.Цт холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч С.Ц нь бага оврын тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авсан гэсэн үндэслэлээр 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч С.Цтай 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 26/17 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5.000.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2.500.000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500.000 төгрөг, 2014 онд 500.000 төгрөг, 2015 онд 500.000 төгрөг, 2016 онд 500.000 төгрөг, 2017 онд 500.000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар тохиролцсон, талуудын хооронд  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, хариуцагч С.Ц нь эд хөрөнгийг хүлээн авахдаа 5.000.000 төгрөгийн 50 хувь болох 2.500.000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, тракторыг хүлээн авсан болох нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр С.Цаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд 2.500.000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны орлогын баримтаар тогтоогддог, хариуцагч С.Ц гэрээнд заасны дагуу 2013-2017 онд жил бүр 500.000 төгрөг төлөөгүй гэсэн үйл баримттай маргаагүй гэж зөв дүгнэжээ.

 

Мөн хариуцагч С.Цаас 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 26/17 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх ХААнд 2017 оны 12 дугаар сарын 31-нд үүсэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эрх зүйн байдлын талаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг, мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй байна. Мөн хариуцагч хөөн хэлэлцэх хугацаагаар маргаан гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасныг хариуцагч баталж, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлээс 750.000 төгрөг төлсөн байдлыг харгалзан үзэхгүйгээр уг хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн байх ба Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч С.Цаас гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, ХААнд уг үүргийг шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд гуравдагч этгээдэд эд хөрөнгө, эрх шилжсэнээр хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах талаар зохицуулагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдсан ХАА нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

 

Мөн нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж гомдол гаргаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй байх ба энэ талаар ч анхан шатны шүүх зөв дүгнэсэн болно.

 

Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээр нэхэмжлэгч талд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байгаа тул шүүх Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзаж үзэх шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  гурван жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 81 дүгээр зүйлийн 81.1-т “Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж, 82 дугаар зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “Хөөн хэлэлцэх  хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасныг хариуцагч баталж, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлээс 750.000 төгрөг төлсөн байдлыг харгалзаж үзэхгүй...” гэжээ.

 

Энэхүү заалт нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хамаарах бөгөөд харин хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буюу 750.000 төгрөгийг буцааж шаардах эрхгүй.

 

Хэдийгээр хариуцагч С.Ц 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлээс 750.000 төгрөг төлсөн боловч энэ нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч ХАА нь төсвийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон

 

           ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00721 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

        ШҮҮГЧИД                                    Н.ЭНХМАА

                                                                      Л.АРИУНЦЭЦЭГ