Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 86

 

Сэлэнгэ аймгийн Сайхан  сум дахь Сум дундын шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга                                      С.Цэнд-Аюуш

Улсын яллагч                                                    Т.Дэлгэрсайхан

Хохирогч                                                            *******

Иргэний нэхэмжлэгч                                         А.Гал-Эрдэнэ

Шүүгдэгч                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есөн чоно овогт *******ид  холбогдох эрүүгийн 1833000630069 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 02  дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 5 дугаар баг, 2 дугаар гудамж, 03 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Есөн чоно овогт ******* РД/РК-/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 94-95 дугаартай тэмдэгт бүхий газарт 84-77 УНБ улсын дугаартай Вранглер Жип маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын  яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах, өмгөөлөх талын хүсэлтээр 1833000630069 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт уншиж сонсгон шинжлэн судлуулав. Үүнд

Улсын яллагчийн хүсэлтээр:

1.Хэрэг учралын газар үзлэг хийсмэн тэмдэглэл /хх-ийн 13-17/,

2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/,

3.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 535 дугаартай хохирогч *******ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт/хх-ийн 37/,

 4.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мянганбаярын гаргасан зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт/ хх-ийн 59/,

5.Хохирогч *******ын мэдүүлэг/хх-ийн 71-75/,

6.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109/,

7.Иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэний мэдүүлэг/хх-ийн 92-93/ зэргийг шинжлэн судлав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт гаргаагүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07  дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 94-95 дугаартай тэмдэгт бүхий газарт 84-77 УНБ улсын дугаартай Вранглер жип маркийн тээврийн хэсэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас  хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн  дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн өгсөн “Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Тосонцэнгэлээс Улаанбаатар руу гарсан. Жаст ойл колонк дээрээс бензин авчихаад колонкийн ахтай буу халаад сууж байгаад хот явах хүн байхгүй юу гэхэд манай хүү маргааш явна гэхээр нь би ашгүй замын хань болгож явъя гээд үнэгүй авч явъя гэж хэлсэн. Тэгээд энэ хоёрыг суулгаж аваад 23 цагийн үед гараад явсан. Вранглер маркийн машин замдаа гэрэлгүй болж унтарч байсан. Гэхдээ явах эд ангид ямар нэгэн гэмтэл байгаагүй байх. Цахилгааны бага зэрэг сааталтай байсан юм. 7 дугаар сарын 13-ны үүрийн 4 цаг 30 минутанд Орхоны пост өнгөрч гарсан. Тэндээс цааш нэг цаг яваад Их Хөшөөтийн даваан дээр унтаж амраад цааш хөдөлсөн. Тухайн газраас 06 цаг 40 минут болж байхад хөдөлсөн. Баруунбүрэн сум өнгөрч яваад осол гарсан. Осол гарахад 7 өнгөрч байсан байх. Миний санамсар болгоомжгүй байдлаас болж осол гарсан. Цуг явсан Гал-Эрдэнэ, Лхагва-Очир нартаа хүнд хөнгөн гэмтэл учруулсандаа харамсч байна. Би 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Осол гарсан 07 дугаар сарын 13-ны орой манай гэрийнхэн Эрдэнэт хотод очсон. Лхагвадоржийн эгч Саранчимэгт эмчилгээний зардал 500.000 төгрөг болсон гэж хэлээд авсан гэсэн. Манай хүргэн ах шилжүүлж өгсөн хавтаст хэргийн 112-р хуудсанд байгаа.  Хохирогчийн ээж Нарангэрэлийн данс руу нь 7 дугаар сарын 14-ний өдөр 315.000 төгрөг шилжүүлсэн. Өөр бэлэн мөнгө төгрөг авсныг мэдэхгүй байна. Шилжүүлсэн баримттай нь энэ байгаа. Гал-Эрдэнэ рүү эмчилгээний баримттай гээд 385.000 төгрөг эгчийнх нь данс руу шилжүүлж өгсөн. Нааш, цааш явсан унааны зардал 80.000 төгрөг Нямдаваа гээд эгчид нь өгсөн гэсэн.  Тэр нь баримтгүй байгаа. Хохирогчид 815.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 385.000 өгсөн. Би хохирлыг ямар нэгэн аргаар заавал барагдуулна. Гэхдээ баримттай зуун хувь нотлогдож байгаа хохирлыг барагдуулна ...Би хохирогчид баримттай төлбөрүүдийг төлөөд дээрээс нь нэмж 300.000 төгрөг өгье гэж хэлсэн. Цаашид төлөх хохиролын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй *******ын үзүүлж чадаагүй тархи нурууны MRI-г 14 хоногийн дотор эгчийнхээ эмнэлэгт зургийг авахуулж өгнө. А.Гал-Эрдэнийн Мөнх тулгуур эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардлыг баримтын дагуу төлнө. Хамт явсан хоёр дүүгээ гэмтээсэндээ маш их гэмшиж харамсч байна...”гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Лхагва-очирын өгсөн “23 цагийн үед Хөвсгөлийн Мөрөнгөөс сумандаа ирж байтал аав залгаад машин олчихлоо. Та хоёрыг нэг хүний зардлаар аваад явъя гэж байна гээд залгахаар нь явахаар болсон. 12 цагийн үед машинд суугаад явж байтал гэрэл нь унтраад байсан. Асуусан чинь цахилгааны асуудалтай байгаад байгаа юм. Буцааж хүнд нь аваачиж өгөх гээд явж байгаа гэж хэлсэн. Би унтаад явж байсан. Нэг мэдэхэд амарна гээд зогсч байсан. Тэрнээс цаашаа унтаад явж байсан болохоор юу болсныг мэдээгүй. Нэг сэрэхэд л тийм юм болсон байсан. Би эмнэлэгт хэвтэж байсан болохоор хохирол төлбөрт мөнгө авсан талаар сайн мэдэхгүй байна. Би Эрдэнэтийн гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтээд эмнэлгээс гараад сумынхаа эмнэлэгт очиж 8 хоног хэвтсэн. Би Мэдипас эмнэлэгт нуруу, хүзүү толгойны зураг авахуулсан. Дараа нь гэмтлийн эмчид үзүүлсэн чинь хүзүүний бүх талаас нь авахуулсан зураг авахуул гээд авахуулсан. Эмнэлгээс гарсны дараа мэдрэлийн эмч гэмтлийн эмчид үзүүлэхэд хүзүү толгойны бүх талаас нь харуулсан нарийвчилсан зураг авахуул гэж хэлсэн. Тэр зургийн авахуулах гэсэн чинь мөнгөгүй байсан юм. Тэрийг хийлгэж чадаагүй болохоор хэдэн төгрөг болох талаар нь тамгагүй бичиг нотлох баримтаар оруулсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна гэж гарсаныг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо удаан суухаар хүзүү чилж өвдөх зэрэг зовиур илэрч байгаа.  Би хотод Нүүдэлчин гээд зоогийн газар зөөгч хийж байсан. Ажлаа хийх гээд явж байсан юм. Хоёр сар хэвтрийн дэглэм сахисан. Одоо цалингаа нэхэмжлэхээ больсон. Тархи, нурууны МRI зураг авахуулмаар”  гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнийн өгсөн “Шүүгдэгч гурван зуун наян хэдэн мянган төгрөг өгсөн гээд байгаа. Тэр нь рентгений, эм тарианы мөнгө, замын зардлын мөнгө орж ирсэн байгаа. Би өөрөө Эрдэнэтэд эмнэлэгт хэвтээгүй. Эрдэнэтэд эмнэлэгт хэвтэхээр манай ах эгч нар ажилтай болохоор намайг эргэж тойрох хүн байхгүй болчихоод би сумынхаа эмнэлэгт очиж хэвтсэн юм. 380.000 төгрөг нь Мэдипас эмнэлэгт оношлогоо хийлгэсэн мөнгө юм. Одоо нэхэмжлээд байгаа мөнгө нь Мөнхтулгуур эмнэлэгт 10 хоног хэвтсэн гаднаас тариа авч байсан 587.000 төгрөг байгаа. Мөнхтулгуур нь хувийн эмнэлэг байсан. Эм тариа нь тухайн эмнэлэгт байхгүй байсан тул эмийн сангаас авсан. Тэр эмийн сан нь баримт өгөх боломжгүй байна гэж хэлээд өгөөгүй юм. Би Мөнхтулгуур гэдэг эмнэлэгт хэвтсэн. Би одоо 2.100.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд хоёр сарын ажлын цалин, эмчилгээний зардал болох 587.000 төгрөгний зардал багтсан байгаа. Миний нэхэмжилж байгаа мөнгөний 1.600.000 төгрөг нь цалин, 587.000 төгрөг нь эмчилгээний зардал байгаа юм. Бас миний замын зардал байгаа. Гэхдээ Хөтөлд тендер гэж байдаггүй болохоор хувийн такси нь баримт өгдөггүй юм байна лээ. Би 800.000 төгрөгний цалин авдаг. Хоёр сарын цалин нийлээд 1.600.000 төгрөг болж байгаа. Би Улаанбаатар хотод хүнд блокны үйлдвэрт ажилладаг. Миний хүзүү суулттай, нурууны ахар сүүл хугарсан, зүүн эгэм цуурсан, толгой хавантай байсан. Намайг хоёр сар хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн. Би 8 дугаар сарын 15-нд дадлагатай байсан. Явахгүй бол болохгүй байсан. Яалт ч үгүй явж үзэгч маягаар явж байгаад ирсэн. Энэ 385.000 төгрөгийг Мэдипастад оношлогоо хийлгэсэн мөнгө байгаа юм. Энэ мөнгийг шүүгдэгчээс авчихсан. Би одоо 2.100.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би өөрөө сурдаг болохоор төлбөрийнхөө мөнгийг олох гэж ажил хийж байсан. Би аймагт хэвтсэн болохоор тухайн үед шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж чадаагүй. 9  дүгээр сарын дундуур Баттулга ахыг ярихаар Хөтөлд ирж дүгнэлт хийлгэх бичиг хийлгэж авч яваад хоёр сарын дараа дүгнэлт хийлгүүлсэн. Хоёр сарын дараа дүгнэлт гаргахдаа бие үзэж өвчний түүхийг давхар харсан. 587.000 төгрөг нь эмчилгээний мөнгө байгаа юм.  380.000 төгрөг нь  Мэдипас эмнэлэгт оношлогоо хийлгэсэн төлбөр юм.  195.000 төгрөгний хоёр баримт нь хоёр удаа томографийн зураг авахуулсан мөнгө байгаа юм. Энэ мөнгөө авсан болохоор нэхэмжлэхгүй байгаа. 587.000 төгрөг нь Мөнхтулгуур эмнэлэгт хэвтэхэд гарсан эмнэлгийн төлбөр, эм тарианы төлбөр юм. Ажлын газраа гэрээ хийсэн байгаа. Тэр гэрээгээ авчирч амжаагүй байгаа. Ажилладаг газраа нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Ажлын газрын гэрээ байгаа учир цалингаа иргэний журмаар гаргуулж авмаар байна.“ гэх мэдүүлэг болон

 

Мөрдөн байцаалтад

 

 Гэрч Ц.Лхагвадоржийн өгсөн “...Би найз Баасанжаргалаас эхнэрийнх нь      84-77 УНБ улсын дугаартай Вранглер маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцоод аюсан юм. Тэгээд би Өмнөговь аймаг руу ажилдаа явах гэж байсан болохоор тухайн машинаа эхнэр хүүхэд рүүгээ нутгийн үхн болох Баасандорж гэх хүнээр өгч явуулахаар болоод машинаа аваачиж өгчихөөд Өмнөговь аймаг руу ажилдаа явсан. ...Тэгээд тэр машиныг манай хадам дүү Мягмардорж хүлээж авсан байсан. Тэгсэнээ машиныг үзээд тааруу машин байна наймаагаа буцаа гээд байсан тэгэхлээр нь би угаасаа наймаагаа буцаахаар болсон байгаа харин буцаахаар бол яаралтай буцааж 84-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч ирж өг гэж байна лээ гээд Мягмардоржид хэлчихсэн юм. Тэгсэн чинь Мягмардорж надад хэлэлгүйгээр Вранглер маркийн тээврийн хэрэгслийг эзэнд нь хүргэж өгөх гээд 2018 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас гараад явсан байсан. Би тэр талаар огт мэдээгүй байсан юм. Маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 13-ны өглөө ажлаасаа буугаад 06 цаг 30 минутын орчимд Мягмардорж руу залгаад болохгүй бол Мягмардоржоор Улаанбаатар хот руу машиныг нь хүргүүлчихдэг юм билүү гэж бодоод гар утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхлээр нь би дахиж залгалгүй ядраад амралтын байрандаа ороод амарч байтал манай эхнэр утсаар залгаад Мягмардорж осолд орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад юу болсон талаар асуусан чинь Мягмардорж Улаанбаатар хот руу 84-77 УНБ Вранглер машиныг эзэнд нь хүргэж өгнө эртхэн зам дөхөж байя гээд орой гараад явсан юм. Тэгсэн замдаа осолд орсон байна гэж хэлсэн... ...Би Мягмардоржийг аваачаад өгөөч гэж хэлээгүй юм гэтэл намайг яг ажилтай байхад миний утас сүлжээгүй болчихдог юм тэр хойгуур 84-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Улаанбаатар хот руу явчихсан байсан. Би тэр талаар бол мэдээгүй осол болсны дараа эхнэрээсээ энэ талаар мэдсэн. Би өөрөөс нь асуусан чинь танд хэлэх гэсэн чинь утас чинь холбогдохгүй байхаар нь эртхэн газар дөхөж байя замд таны гар утас холбогдох юм бол хэлнэ гэж бодоод явж байсан юм тэгтэл ийм зүйл болчихлоо гэж надад хэлсэн. Би 84-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз Баасанжаргалаас худалдаж авсан юм. Тэгээд машин нь тааруу, машины гэрэл нь гэнэт унтраад цахилгааны масс гарсан болохоор нь би наймаагаа буцаахаар болчихсон байсан юм. ...Би тухайн машиныг эзэнд нь буцааж өгөх гэж байсан болохоор машиныг яг хуучин байсан хэвэнд нь оруулж хохирлыг нь барагдуулж өгөх болно...“ гэх мэдүүлэг /хх-106-107/,

 Иргэний нэхэмжлэгч Б.Оюуны өгсөн “...84-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Батбаярын Оюун гэсэн миний нэр байгаа. Миний машин байгаа юм. 84-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр хамт ажилладаг Лхагвадорж гэх хүнд зарсан юм. Тэгээд хэн хаашаа авч явсан талаар мэдэх зүйл алга байна. Би тээврийн хэрэгслийн үнэлгээтэй танилцсан. Ямар нэгэн асуудал бол байхгүй. Би машиныхаа хохирлыг барагдуулаад авчихсан байгаа. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна. Би хохирлоо барагдуулаад авчихсан байгаа...“ гэх мэдүүлэг /хх-102/,

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.*******ын биед хүзүүний 5-6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, нуруунд зулгаралт, цус хуралт үүсчээ. 2.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. 3.Хүзүүний 5-6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал нь ГЗЗ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.“ гэх хэсэг /хх-37-38/,

Иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.А.Гал-Эрдэнийн биед S1 нугалам урагш үл ялиг 3,5 см гулссан.      L5-S1 нугалам хоорондын жийргэвч арагш бага зэрэг ивэрсэн. Зүүн гарын 1-р хуруунд шарх, зүүн гарын эрхий хурууны 1-р үе, баруун гарын тохойн үенд сорви, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй“ гэх хэсэг/хх-51-52/,

 Хохирогч *******ын 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгт хэвтсэн өвчний түүх /хх-43-47/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Х.Мянганбаярын 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1.Вранглер маркийн 84-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2.Вранглер маркийн 84-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5.Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино. 9.Тээврийн хэрэгслийн хурд 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна...“ гэх хэсэг/хх-59/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох материалууд /хх-77-84/,

Иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох материалууд /хх-94-100/,

 Иргэний нэхэмжлэгч Б.Оюуны 2018 оны 10 дугаар сары 22-ны өдрийн “Миний бие Батбаяр овогтой Оюун УНБ 84-77 улсын дугаартай жип Вранглер улаан хүрэн өнгөтэй машиныг Дашдондог овогтой Мягмардорж нь худалдаж аваад унаж явсан. Түүний ах Дашдондог Лхагвадорж эзэмшигч уг машиныг унагаж хохирол учруулсан. Одоо бол машиныг засварт оруулж сэлбэг хэрэгслийг нь захиалсан байгаа. Тийм учраас гомдолтой нэхэмжлэх зүйл байхгүй.“ гэх хүсэлт /хх-105/,

 

 Гэрч Ц.Лхагвадоржийн эзэмшлийн ХААН банкин дахь 5275103692 дугаарын данснаас 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *******т 815.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнэд 385.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга/хх-ийн 112/  зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

 Эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Дээрх байдлыг дүгнээд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан ”Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг байна.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт шүүгдэгч нь энэ хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар “ яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж заасан байдаг. Шүүгдэгчийн зүгээс энэ талын нотлох баримтыг хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй болно.

Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохиролд 2.500.000 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын үед 815.000 төгрөгийг шүүгдэгч өгсөн болох нь ГОЛОМТ банкны дансны хуулга /хх-112/-р тогтоогдож  байна.

 

Хохирогч *******ын зүгээс ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 1.200.000 төгрөг нэхэмжилсэн боловч хаана ямар газар ажилдаг, хэдэн төгрөгний цалин авч байсан, тухайн байгууллагад ажиллаж байсан үеийн цалингийн цэс зэрэг нотлох баримтгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөгөөсөө татгалзаж  тархины MRI хийлгэх 792.000 төгрөг нэхэмжилж байна.

Иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнэ нийт 2.572.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа бөгөөд  шүүгдэгч 385.000 төгрөгийг төлсөн болох нь ГОЛОМТ банкны хуулга/хх-112/-р тогтоогдож байна. Шүүх хуралдаан дээр А.Гал-Эрдэнэ  шүүгдэгчийн өгсөн 385.000 төгрөг миний “Мөнх тулгуур” эмнэлэгт хэвтсэн зардалд хамаарахгүй. Энэ хүний өгсөн мөнгөөр “Мэдипас” эмнэлэгт  толгойн томографик 195.000 төгрөг /хх-96/, нуруу нугасны томографик 195.000 төгрөг /хх-97/ авахуулсан.

Иймд Хөвсгөл аймгийн төвд байдаг ”Мөнхтулгуур” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 587.000 төгрөг нэхэмжилж байна”гэв. Шүүгдэгч *******     А.Гал-Эрдэнийг “Мөнх тулгуур” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдвол төлж барагдуулна гэж тайлбарлаж байна. 

            Иргэний нэхэмжлэгч нь  хаана ямар ажил хийдэг талаар нотлох баримтгүй бөгөөд хэдэн төгрөгний цалин авдаг нь тодорхойгүй байна.

Шүүх хуралдаанд энэ талаараа миний ажил хийдэг талаарх нотлох баримтууд надад байгаа. Би цагдаагийн байгууллагад өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй байна. Би техникийн их сургуульд сурдаг зуны амралтаараа ажил хийж төлбөрөө олдог байсан. Би энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж тусдаа гаргуулж авмаар байна гэж тайлбарлаж байна.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч  нар 20 минутын завсарлага авч хохирлын талаар дараах байдлаар тохиролцсон байна. Үүнд: “Хохирогч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Д.Лхагва-Очирын нурууны бүрэн зураг/MRI/, толгойн судастай зургийг /MRI/ 14 хоногийн дотор авахуулахаар, иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнийн нэхэмжилсэн 587.000 төгрөгийг “Мөнх тулгуур” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримтын дагуу 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон.

Хохирогч ******* нь цалин 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ  татгалзсан.

Иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнэ нь цалин 1.600.000 иргэний журмаар нэхэмжлэхээр тохиролцсон” болно гэжээ./хх-ийн 149/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Оюун нь нэхэмжлэх зүйлгүй  машиныхаа хохирлыг барагдуулж авсан” гэх мэдүүлгийг /хх-102/-т өгсөн байх тул нэхэмжлэх зүйлгүй байна.

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-123 /-р тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс улсын яллагчтай тохиролцсон 500 нэгж буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн  ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоолоо. Энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ид  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Есөн чоно  овогт *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийг торгох ялыг 04/дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч Г.Лхагва-очирт 815.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнэд 385.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Оюун нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Мягмардорж нь хохирогч *******ын нурууны бүрэн зураг/ MRI/, толгойн судастай зураг /MRI/-г 14 хоногийн дотор авахуулахаар, иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнийн нэхэмжилсэн 587.000 төгрөгийг “Мөнх тулгуур” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримтын дагуу 2 сарын хугацаанд төлөхөөр, хохирогч ******* нь цалин 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ  татгалзсан, иргэний нэхэмжлэгч А.Гал-Эрдэнэ нь цалин 1.600.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэхээр тохиролцсон болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус тус гардуулсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч нар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               А.НАРАНТУЯА