Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 87

 

Сэлэнгэ аймгийн Сайхан  сум дахь Сум дундын шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга                                       С.Цэнд-Аюуш

Улсын яллагч                                                     Н.Бадам

Шүүгдэгч                                                    ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ад холбогдох эрүүгийн 1833000950071 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, малчин, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сант сум, 2 дугаар баг, Хар гуя гэх газар оршин суух хаягтай, Боржигин овгийн ******* РД/ТК-/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт Хавцал гэх газарт Хюндай портер загварын 34-48 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа *******ийн жолоодож явсан Мустанг-5 загварын мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн *******ийн биед хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын  яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 1833000950071 дугаартай эрүүгийн хэргээс

Улсын яллагчийн хүсэлтээр:

1.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 5/,

2.Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 938 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 18/,

3.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэлтсийн замын цагдаагийн шинжээч Х.Мянганбаярын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,

4.Хохирогч *******ийн мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33/,

5.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

6.Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 36/,

7.Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан тодорхойлолт / хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт гаргаагүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт Хавцал гэх газарт Хюндай портер загварын 34-48 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа *******ийн жолоодож явсан Мустанг-5 загварын мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн *******ийн биед хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн болох нь:

 

Шүүхий хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *******ын өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дарханаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хавцал орох гээд явж байтал  4 цагийн алдад байсан байх урдаас мотоцикль гарч ирээд шүргэлцээд зогссон. Буугаад ирэхэд хохирогч унасан байсан. Утсаар яриад байсан. Авгайтайгаа ярьсан байх. Хохирогч хөл өвдөөд байна гээд босохгүй байсан. Тэнд хүлээж байтал хохирогчийн дүү нь ирээд эмнэлэг явсан.  Сэлэнгээс цагдаа нар очихоор нь би мотоциклийг нь ачаад эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би Хөтөлийн цагдаа дээр ирээд мэдүүлэг өгсөн. Хөдөөний шороон зам дээр төвийгөөд гараад ирсэн чинь зам өөдөөс гэнэт мотоцикль гараад ирсэн. Би ганцаараа явж байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт манай гэрийнхэн 800.000 гаран мянган төгрөг өгсөн байх. Би өөрөө  эм тариа авч өгч байсан. Хэрэгтэй гэхээр нь авч өгсөн. Миний буруугаас болж ийм хэрэг гарсан. Байрлалаа буруу эзэлж явснаас болсон. Одоо хохирогчтой утсаар ярьж уулзаж байгаа. Одоо ойлголцсон. Бие нь гайгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна... “ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

Хохирогч *******ийн өгсөн “2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо гэх газраас Дархан-Уул аймгаас сэлбэг авахаар өөрийн Мустанг 5 маркийн мотоцикльтойгоо ганцаараа замд гарсан. Тухайн үед цаг 16 цаг болж байсан. Намайг мотоциклио унаж явах үед өөдөөс эсрэг урсгалд цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл явж байсан ба яг тулаад ирэхэд би зөрөх болов уу гэж бодсон чинь миний урсгалд орж ирээд мотоциклийн зүүн талын урд амаржин хэсэг рүү мөргөөд би мотоцикльтойгоо шидэгдчихсэн. Би мотоцикльтой газарт унасны дараа босоод нэг алхах гээд гишгэсэн чинь хөл мэдээгүй буцаад газарт унаад өгсөн. Тэгээд эмнэлэг дуудсан. Би ямар нэгэн архи согтуурлах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрийн Мустанг 5 маркийн мотоциклийг жолоодоод ганцаараа явж байсан. Миний зүүн хөлийн хуруунд зовиур байна. Бусад тал дээр бол гайгүй байна. Намайг ямар ч байсан цэнхэр өнгийн Портер маркийн ачааны тээврийн хэрэгсэл мөргөсөн. Улсын дугаар нь 34-48 ДАХ байсан санагдаж байна. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний эмчилгээ, унаа, эмний зардал гээд бүгдийг нь даасан учраас надад гомдол санал байхгүй ”гэх мэдүүлэг/хх-ийн 31-33/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 938 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “*******ийн биед зүүн хөлийн хуруунуудын битүү хугарал, тархи доргилт, уруулын зулгаралт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Ш.Сайндэлгэрийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.“ гэх хэсэг /хх-18 ар тал/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн шинжээч Х.Мянганбаярын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 

“1.Хюндай  Портер маркийн 34-48 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2.эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээтэй зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...

4.Ослын шалтгаан нь Хюндай Портер маркийн 34-48 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээтэй зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн хэрэг гарсан байх үндэслэлтэй байна. ”гэх хэсэг/хх-ийн 27/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6/,

Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 814 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан/хх-ийн 22/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлэхүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч *******эд шүүгдэгч ******* нь Хаан банкны мөнгөн шилжүүлгээр 600.000 төгрөгийг 5326030508 дугаарын дансанд, данс эзэмшигч нэр *******эд гэж шилжүүлсэн ба шүүгдэгч шүүхийн хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Хохирогч хадлангаа аваад ажлаа хийж байсан. Гэнэт осол болоод эмнэлэгт хэвтсэн. Ажил нь зогсчихоод трактор барих хүн байхгүй болоод 600.000 төгрөгийг өгсөн юм” гэж мэдүүлж байна.

Мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал болон хохиролд нийт 747.650 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 36/ ба шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн болох нь:

Хохирогчийн прокурорын газарт гаргасан “Миний бие ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 10-нд Дархан орох замдаа машинд мөргүүлж биедээ гэмтэл авсан. Дарханд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардлыг Эрдэнэбат төлсөн. Бас  мотоциклийн хохирлыг өгсөн тул гомдолгүй байна” гэх хүсэлт/хх-ийн 67/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний эмчилгээ, унаа, эмний зардал гээд бүгдийг нь даасан учраас надад гомдол санал байхгүй... ”гэх мэдүүлэг/хх-ийн 31-33/ зэргийг дүгнээд  шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагийн талаар:

Шүүгдэгч ******* нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/-р тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөнийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хялбаржуулсан журмаар шийдвэрлэх хэрэг бөгөөд эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн 500000 төгрөгөөр торгох саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох /хх-ийн76/-д авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т  заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас прокурорын санал болгосноор Боржигин овогт *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт ******* РД/ТК71061311/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Боржигин овогт *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******эд төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус гардуулсугай.

5.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА