Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 211/МА2023/00020

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                        211/МА2023/00020

 

                                        

                             

              Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны

              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00703 дугаартай шийдвэртэй

ХАА/-ны нэхэмжлэлтэй

Б.А-д холбогдох

3.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарын агуулга:

1.1. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.500.000 төгрөг,

1.2. Алданги 1.250.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөг гаргуулна.

            Архангай аймгийн ... сумын харьяат иргэн Б.А нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бага оврын тракторыг 2.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 5 жилийн хугацаанд буюу 2017 оныг дуусах хүртэл хугацаанд бага багаар төлөхөөр тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Хөдөө аж ахуйг дэмжих сан нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Алдангийг гэрээ болон хуульд заасан журмын дагуу тооцож гаргасан. Иймд үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, анз 1.250.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөгийг Б.Ааас гаргуулж өгнө үү. Хариуцагч гэрээ байгуулсан учраас иргэний эрх зүйн харилцаанд оролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх ёстой. Гэрээний 6.1-д гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан учраас нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг  шаардах эрхээ алдаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан. Төрийн хөрөнгийг завших, үнэгүйдүүлэх шударга бус үйлдэл байж болохгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.

 

2. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь тухайн үед бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч байгаа, талыг нь төр хариуцна гэж ойлгуулж өгсөн. Гэтэл энэ олон жилийн дараа надаас төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тракторын үнэ төрөөс төлөгдсөн гэж ойлгож явсан. Иймд Б.А миний бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нээлттэй байсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргах, хариуцагчтай гэрээтэй холбоотой асуудлаар холбоо бариагүй бөгөөд уулзаагүй. Нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Төрийн өмч болон хувийн өмчид ялгаатай хандах хуулийн зохицуулалт байхгүй. Шаардах эрхийг хуулиар зохицуулсан. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Б.Ааас 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Архангай аймгийн ... сумын иргэн Б.А-д холбогдох, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй, 3.750.000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж 129/ШШ2022/00703 дугаартай шийдвэр гаргасан байдаг.

Миний бие Н.Б би Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эрх зүйн байдлын талаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байх бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж хуралдсан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00703 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т  “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т "Нэхэмжлэгдвэл зохигдох эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан. Энэ хуулийн заалтуудыг үндэслэл болгон хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд харин давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

                                                                     ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00703 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч ХААнь хариуцагч Б.Ад холбогдуулан 3.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б.А нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр 3.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Б.Атай 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 26/12 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5.000.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2.500.000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500.000 төгрөг, 2014 онд 500.000 төгрөг, 2015 онд 500.000 төгрөг, 2016 онд 500.000 төгрөг, 2017 онд 500.000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар тохиролцсон, талуудын хооронд  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, хариуцагч Б.А нь эд хөрөнгийг хүлээн авахдаа 5.000.000 төгрөгийн 50 хувь болох 2.500.000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, тракторыг хүлээн авсан болох нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Ааас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд 2.500.000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны орлогын баримтаар тогтоогддог, хариуцагч Б.А гэрээнд заасны дагуу 2013-2017 онд жил бүр 500.000 төгрөг төлөөгүй гэсэн үйл баримттай маргаагүй гэж зөв дүгнэжээ.

 

Мөн хариуцагч Б.Ааас 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 26/12 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд 2017 оны 12 дугаар сарын 31-нд үүсэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эрх зүйн байдлын талаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг, мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн байх ба Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч Б.Ааас гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд уг үүргийг шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд гуравдагч этгээдэд эд хөрөнгө, эрх шилжсэнээр хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах талаар зохицуулагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдсан ХААнь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

 

Мөн нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж гомдол гаргаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй байх ба энэ талаар ч анхан шатны шүүх зөв дүгнэсэн болно.

 

Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээр нэхэмжлэгч талд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байгаа тул шүүх Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзаж үзэх шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  гурван жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 81 дүгээр зүйлийн 81.1-т “Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж, 82 дугаар зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ХААнь төсвийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

           ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00703 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

        ШҮҮГЧИД                                    Н.ЭНХМАА

                                                                      Л.АРИУНЦЭЦЭГ