Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 6

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Б.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Рэгзэдмаад холбогдох “Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                                        Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч Б.Сарантуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2014 оны 04 дүгээр сараас Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 328, 425, 426 дугаар тогтоолоор 2016 оны 01 дүгээр сард санхүүгийн алба байгуулахад төрийн сангийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. Санхүүгийн алба байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны 1/1086 албан бичигт Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтын дагуу бүтэц орон тооны өөрчлөлт хийхдээ хуучин хүмүүсийг нь шилжүүлэн ажиллахыг заасан байсан. Миний бие нь өөрийн ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж бус байгууллагын даргын буруу шийдвэр гаргаснаас шалтгаалж ажилгүй болоод байна. Тамгын газрын дарга нь дээд шатны шийдвэрээр бүтэц орон тооны өөрчлөлт хийгдэн санхүүгийн алба нь бүтэц бүрэлдэхүүний хувьд хэвийн ажиллаж байхад төрийн албаны зөвлөлд хууль бусаар сул орон тооны захиалга өгсөнд нь гомдолтой байна. Санхүүгийн алба байгуулахаас өмнө төсвийн байгууллага хариуцсан 3-н нягтлан бодогч ажиллаж байхад сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд томилгоо хийсэн нь өнөөдөр ганцхан миний эрх ашиг зөрчигдөөд байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтын дагуу Эрүүл мэндийн төвийн нягтлан  бодогч хийх эрхтэй гэж үзэж байна. Мөн ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгож НДШ, ХАОАТ-ыг төлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Иймд миний асуудлыг судлан үзэж гомдлыг маань шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Рэгзэдмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Санхүүгийн алба байгуулах тухай Засгийн газрын 2014 оны 326, 2015 оны 426 тоот тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2015 оны 1/1086 дугаар бүхий албан тоотыг тус тус хэрэгжүүлэн сумын Засаг даргын 2016 оны 02 тоот захирамжаар санхүүгийн алба байгуулж, хавсралтаар санхүү албаны дарга, төрийн сангийн мэргэжилтэн, ня-бо, татварын улсын байцаагч нарын ажлын чиг үүргийг баталсан. Шийдвэр гаргахдаа сумын Засаг даргын өрөөнд санхүүгийн албанд харьяалагдан ажиллах төрийн сангийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, ня-бо А.Оюунтөгс, Б.Сарантуяа нарыг байлцуулан хуралдаж санхүүгийн алба байгуулагдаж байгаа тухай, санхүүгийн албаны даргын томилгоо, төрийн сангийн мэргэжилтэн, ня-бо нарын хариуцан ажиллах ажлын чиг үүрэг, томилгооны талаарх ажлыг танилцуулж албан хаагчдын саналыг сонсон ил тод нээлттэй хуралдсан. Мөн тухайн үеийн төрийн сангийн төлөөлөгч одоогийн санхүү албаны дарга Б.Эрдэнэцэцэг цаашид ажиллах нягтлан бодогч нарын ажил үүргийн хуваарийн талаар саналаа хэлсэн.

Үүнд: Миний хувьд 3 байгууллага /сургууль, цэцэрлэг, соёлын төв/ ня-богоо хэвээр үлдээх санал гаргасан учир Эрүүл мэндийн төвийн ня-бо Б.Сарантуяа төрийн сангийн мэргэжилтнээр томилох саналтай байна. А.Оюунтөгс нь урд нь ЗДТГазар, ИТХурал, бас сангууд хариуцаж байсан тул хэвээр үлдээх саналтай байна гэж санал оруулахад Б.Сарантуяа болон бусад нягтлан бодогч нар татгалзаагүй. Мөн тухайн хурал дээр төрийн сангийн мэргэжилтэн ТЗ-3 т харьяалагдаж байгаа тул яваандаа төрийн албаны шалгалт өгч ажлын байраа баталгаажуулах хэрэгтэйг сануулж хэлж байсан. Б.Сарантуяаг ажилд томилох тушаалыг албажуулж танилцуулахад татгалзаж эсэргүүцээгүй.

Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 09 тоот ирсэний дагуу төрийн сангийн мэргэжилтэн, халамжийн байцаагч 2-ын захиалгыг хүргүүлсэн. Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу төрийн сангийн мэргэжилтэн, халамжийн байцаагч нарын орон тоонд албан хаагчдаас нөхөх боломжгүй, нөөцөд бүртгэгдсэн иргэн байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 17.3-д заасны дагуу сул орон тооны захиалгыг хүргүүлсэн. Гэхдээ миний бие нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс болон хууль зүйн хэлтсийн даргаас аймгийн Засаг даргын 2016 оны 1/1086 тоотод заасан агуулгын талаар тодруулга зөвлөгөөг авахад төрийн захиргааны ангилалд хамаарч байгаа бол хуулиараа мэргэшлийн сонгон шалгаруулалтыг өгнө. Албан тоотыг шууд утгаар ойлгож болохгүй. Санхүүгийн алба байгуулж байгаатай холбогдуулан төсвийн шууд захирагч нар томилгоо хийхдээ ажиллаж байгаа албан хаагчдыг ямар нэг шалтгаанаар чөлөөлж сольж болохгүй гэдгийг анхааруулсан байн гэсэн.

Б.Сарантуяа нь өөрөө сонгон шалгаруулалт хэзээ нэгэн цагт болно гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Мөн зарласан шалгалтын талаар мэдэж байсан төдийгүй намайг хэр бэлдэж байна гэхэд уншиж л байгаа гэж байсан. Ямар нэг байдлаар шалгаруулалттай холбоотой гомдол саналыг  тухайн үед хэлээгүй 5 дугаар сарын 12-нд болсон төрийн албаны шалгалтанд орсон боловч тэнцээгүй байсан.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 40 тоотод тогтоол хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг, Монгол улсын Төрийн албаны салбар зөвлөлийн 63 дугаар тогтоол, тогтоолын 16 дугаар хавсралтын хамт ирүүлсэн. Мөн шалгалтанд тэнцсэн Ө.Ариунгоо дээрх тогтоолыг авчирч ажилд орохыг хүссэн. Би манай тавигдах шаардлагад нийцэхгүй байна гэж буцаасан. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 50 тоот миний нэр дээр ирсэн. Энэ нь Б.Сарантуяа аймгийн төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу хариу бичиг ирсэн нь хуулийн дагуу нэр дэвшигдсэн иргэн томилогдох учиртай. Иргэдэд зөв ойлгуулж, хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг надад мэдэгдсэн байсан. Миний бие нь Б.Сарантуяаг ажилд нь үргэлжлүүлсэн ажиллуулахын тулд аймгийн төрийн албаны салбар зөвлөлд тэнцсэн иргэн манай тавигдах шаардлагад нийцэхгүй байна гэсэн тоотыг хүргүүлэхэд хөдөө орон нутагт ажлын байрны тавигдах шаардлага тавихаа больсон журмаа үз гэсэн.

Шалгалтанд тэнцсэн Э.Ариунгоо болон түүний эцэг эх удаа дараа ирж уулзсан боловч би томилох боломжгүй гэж буцаж байсан боловч Монгол улсын Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 847 тоотоор Э.Ариунгоог ажлын байранд томилж, хариу мэдэгдэнэ үү гэсэн байсан. Мөн тоотын хувийг Э.Ариунгоо өөрийн биеэр авчрахад миний бие нь Төрийн сангийн мэргэжилтэн Б.Сарантуяа нь хууль ёсны ээлжийн амаралтаа эдлэх эрхтэй шалтгаанаар хойшлуулсан. Улс, Аймгийн төрийн албаны зөвлөлөөс албан тоотын хариуг яаралатай ирүүл гэж утсаар удаа дараа мэдэгдсэн учир авсан байна.  Иймд миний бие Монгол улсын хуулийг хэрэгжүүлэн, хууль дээдлэх, ил тод нээлттэй ажиллах төрийн албаны зарчмын хүрээнд ажилласан гэж үзэж нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Ц.Рэгзэдмаа миний нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг судлан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                    

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Сарантуяа, хариуцагч Ц.Рэгзэдмаа нар харилцан буулт хийж нэхэмжлэлийн шаардлагаа хоорондоо харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Эвлэрлийн гэрээ:

Нэхэмжлэгч Б.Сарантуяа, хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Рэгзэдмаа бид нар хоорондоо харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох “Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв.

1.Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр буюу буцааж ажилд нь буцааж томилохоор,

2. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзахаар,

3. Тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтыг ажиллах нөхцөл, шалгалтанд бэлтгэх бололцоог олгож намар төрийн албаны шалгалтанд орохоор тус тус харилцан тохиролцож  байна.

Иймд дээрх байдлыг үндэслэж эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тус шүүхэд байгаа асуудлыг эвлэрлийн журмаар хааж дуусгаж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

           Б.Сарантуяа нь Сэлэнгэ аймаг Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Сарантуяа, хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Рэгзэдмаа нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор  гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4  дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Рэгзэдмаад холбогдох “Жавхлант сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                Ц.БАЙГАЛМАА