Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00701

 

С.Баасансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00246 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 738 дугаар магадлалтай,

С.Баасансүхийн нэхэмжлэлтэй,

А.Болормаа, Ж.Өлзийсайхан нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 12.259.758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Болормаад 2013 оны 1 дүгээр сараас хойш дансаар болон бэлнээр 25.280.000 төгрөгийг зээлсэн боловч тохиролцсон хугацаандаа зээлээ барагдуулаагүй болно. Тэрээр 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн  хугацааг сунгахыг хүсэж, өөрийн гараар тодорхойлолт бичиж өгсөн. Иймд 25.280.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,  ХААН банкны 5058128701 дугаартай хугацаагүй хадгаламжийн данснаасаа А.Болормаад 14 сая төгрөг гаргаж өгсөн. Тус банк нь хугацаагүй хадгаламж эзэмшигчдэдээ жилийн 6%-ийн хүү бодож олгодог. А.Болормаа зээлсэн мөнгөө хугацаанд нь өгсөн бол С.Баасансүх уг мөнгөндөө жилийн 6%-ийн орлого олох байсан. Иймд А.Болормаагаас ХААН банкны хүү бодож олгох журмыг удирдлага болгон 2013.2.27-оос 2014.12.10 хүртэл  1.538.158 төгрөг, 2014.12.10-аас одоог хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 7.900.000 төгрөгний 6%-ийн хүү 841.600 төгрөг бүгд 2.379.758 төгрөг нэхэмжилж байна. Мөн С.Баасансүх сонсгол муутай,  бусадтай ярьж чаддаггүй болсон тул өмгөөлөгч хөлсөлж 1.980.000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагчаас зээлд 7.900.000 төгрөг,   үүргээ биелүүлээгүйгээс олох байсан орлого, өмгөөлөгчид төлсөн хөлс бүгд 4.359.758 төгрөг бүгд 12.259.758 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Баасансүхээс нийт 14.000.000 төгрөг зээлсэн бөгөөд 2015 оны З сар хүртэл нийт хүү нь 3.640.000 төгрөг, 2013 оны 11 сарын 27-нд 8.000.000 төгрөг  дансаар, 12 сарын 27-нд 560.000 төгрөг, 2014 оны 01 сарын 28-нд 560.000 төгрөг, 02 сарын 26-нд 560.000 төгрөг, 2014 оны 02 сарын 27-нд 4.000.000 төгрөг нэмж зээлсэн. 0З сарын 27-нд 840.000 төгрөг дансаар 04 сарын З0-нд 860.000 төгрөг, 2014 оны 05 сарын 27, 06 сарын 27, 07 сарын 09-нд нийт 2.220.000 төгрөг, 2014 оны 11 сарын 04-нд 500.000 төгрөг дансаар, 12 сарын 10-нд 280.000 төгрөг дансаар авсан. Надад байгаа баримтаар хүүнд нь гэхэд 9.960.000 төгрөг өгсөн. Би 2014-2015онд хүнд байдалд орж компаниа  түр зогсоож ажилгүй иргэний тоонд орсон бөгөөд улсад ямар нэг өр зээлгүй болно. Иймд С.Баасансүх гуайд удаа дараа уучлал хүсч хүү өгч чадахгүй үндсэн мөнгийг төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн болно.

Хариуцагч Ж.Өлзийсайханы итгэмжлэгдсэн  төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Баасансүх, хариуцагч А.Болормаа нар нь зээлийн гэрээ байгуулсан байдаг юмаа гэхэд энэ зээлийн гэрээнд Ж.Өлзийсайхан гарын үсэг зураагүй, оролцоогүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэнээс нь ч мөнгө авч зээлийн гэрээг бичгээр болон амаар байгуулж байгаагүй. Түүнчлэн Ж.Өлзийсайханыг хариуцагчаар татахдаа түүнд холбогдуулан ямар шаардлага гарсан болох нь тодорхойгүй байх тул хамтран хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00246 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг баримтлан А.Болормаагаас 10.314.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баасансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.945.258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 179.982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баасансүхэд олгож, нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Өлзийсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 738 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00246 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А.Болормаагаас 9.880.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Баасансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.379.258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын “179.982” гэснийг “173.030” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Өлзийсайханд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очирын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Болормаагийн төлсөн 53.600 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00246 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 738 дугаар магадлалтай, С.Баасансүхийн нэхэмжлэлтэй, А.Болормаад холбогдох иргэний хэргийн шийдвэр, магадлалын зарим заалт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Учир нь А.Болормаа нэхэмжлэгчээс 14.000.000 төгрөг зээлж авсан талаар маргадаггүй, эргүүлж 1-2 сарын хугацаанд төлөхөөр амаар тохирсон гэдгээ нэхэмжлэгч удаа дараа мэдүүлж байхад шаардах эрх нэхэмжлэл өгсөн өдрөөр тооцсон нь буруу. Хэргийн 26, 4, 59, 60 дугаар талд авагдсан А.Болормаагийн баталгаа гарган амлалт өгсөн явдал нь С.Баасансүх удаа дараа шаардаж байсан учраас дээрх баталгааг өгч байсан нь хэнд ч ойлгомжтой байхад зээлийн гэрээний хугацаа тодорхойгүй гэж дүгнэж байгаад харамсаж байна. С.Баасансүх нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А.Болормаад 8.000.000 төгрөг шилжүүлж өгсөн ба түүний депозит дансны хуулга 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр авч хэрэгт хавсаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр данс нээсэн мэтээр хугацаагүй хадгаламжийн жилийн 6 хувийн хүүг хасч шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй. Мөн хуулийн 219.2-т зааснаар хариуцагчаас 2.379.752 төгрөгийг нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т заасныг хэрэглэн 434.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгч хүү шаардаагүй. Хэргийн 86 дугаар талд А.Болормаагийн дансанд нэхэмжлэгч өөрийн дансанд байсан мөнгөнөөс шилжүүлсэн баримт байсаар байхад шүүх бүрэлдэхүүн уншиж үзэлгүй хийсвэр дүгнэлт хийж нотлох баримтыг буруу үнэлсэн. Хэрэв С.Баасансүх нь А.Болормаад данснаасаа мөнгө өгөөгүй байсан бол жил бүр банкнаас 6 хувийн хүү авах байсан. Шүүх нэхэмжлэгчийг хүү нэхээгүй гэжээ. Жил бүрийн 6 хувийн хүү нэхэмжилж байхад хүү нэхээгүй гэснийг ойлгохгүй байна. С.Баасансүх нь биеийн эрүүл мэнд муу, хэвтэр бусдын асрамжид байдаг, шүүхээр өөрөө явж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй учраас өмгөөлөгч хөлсөлж төлбөр төлсөн түүний хөлсийг 2 шатны шүүх хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд шүүхийн шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгосон 2.379.752 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 17-ны өдрийн 101 /ШШ2017/00246 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн 738 дугаартай магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэжлэгч С.Баасансүх, хариуцагч А.Болормаа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийг буцаан төлөх талаар хугацаа тохироогүй гэж үзэх тул хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх ба авсан зээлээс буцаан төлөөд үлдэх зээлийн дүн болох 7.900.000 төгрөг дээр маргаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг жилийн хугацаанд зээл эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хүү, өмгөөллийн үйлчилгээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн.Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцааны хөлс төлснийг хохирол гэж үзэн төлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж, хэтрүүлсэн хугацаанд ногдуулсан хүүг хэрэгсэхгүй болгосон.Гэвч анх шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал аль аль нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа үнэн зөв тодорхойлоод хуульд заасны дагуу шаардлага гаргасан бол маргаад байх зүйл байхгүй байсан ба хэрэв ингэж маргахгүйгээр шийдвэрлүүлсэн /эвлэрсэн/байсан бол өмгөөллийн үйлчилгээний зардал нэмж гаргахгүй байсан. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үнэн зөв тодорхойлоогүйгээс шүүхээр маргаж хугацаа алдсаны хариуцлагыг, мөн маргахгүйгээр шийдэх боломжтой зүйлд нэхэмжлэгч өөрийн сайн дураар гаргасан нэмэлт зардлыг хариуцагч А.Болормаад хариуцуулсан нь шүүхмаргааны үйл баримт, хууль зүйн үндэслэлд бодитой дүгнэлт хийж чадаагүй, буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.980.000 төгрөгийг хасч буюу хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Баасансүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Өлзийсайханд холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч А.Болормаагаас 12.259.758 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зээл 7.900.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.980.000 төгрөг, олох байсан орлого 2.379.752 төгрөг гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч А.Болормаа нь нэхэмжлэгч С.Баасансүхээс 2013, 2014 онуудад нийт 14.000.000 төгрөг зээлж, 6.100.000 төгрөг буцааж төлсөн, үлдэх 7.900.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нэхэмжлэлээс олох байсан орлого, өмгөөлөгчийн зардлыг эс зөвшөөрч, маргажээ.  

Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх талаар Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасан. Хариуцагч зээлсэн мөнгийг буцаан төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч сонсгол муутай тул өмгөөлөгч хөлсөлж 1.980.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, шүүх өмгөөлөгчийн зардлыг хохиролд тооцсон нь Иргэний хуулийн  219 дүгээр зүйлийн 219.1-т нийцжээ.  

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 7.900.000 төгрөгөөс банкны хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6 хувиар тооцож хохирол нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй” гэж үзсэн атлаа олох байсан орлогыг 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хязгаарласан нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, олох байсан орлогод нэхэмжилсэн 2.379.258 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч хүү шаардаагүйн зэрэгцээ, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаагүй хадгаламжийн гэрээ нь хариуцагчид зээл олгосон хугацаанд хамаарахгүй байна...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

Хэргийн 85-88 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид ХААН банк дах хугацаагүй хадгаламжийн өөрийн данснаас шилжүүлсэн байх ба тус банкны хугацаагүй хадгаламжийн хүү жилийн 6 хувь болохыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заажээ. Хариуцагч зээлийг хугацаанд нь төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн олох байсан орлогыг дээрх хадгаламжийн хүүгээр тооцож 2.379.752 төгрөгийг хохиролд тооцох нь хууль зөрчихгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 738 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч  А.Болормаагаас 12.259.758 /арван хоёр сая хоёр зуун тавин есөн мянга долоон зуун тавин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Баасансүхэд олгосугай” гэж, 2 дах заалтын “...179.982...” гэснийг “211.106” гэж, 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Өлзийсайханд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Баасансүхээс төлсөн 53.026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Б.Болормаагаас 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 46.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ