| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/03956/И |
| Дугаар | 210/МА2023/00234 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2023/00234
| 2023 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2023/00234 |
А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/04029 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А- /А-/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Б-, Д.В-, З.Г-, З.Д-, М.Е-, З.Ё- нарт тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 73,179,110 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е-, өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Э.Б-, Д.В-, З.Г-, З.Д-, М.Е-, З.Ё- нар нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ20/315 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай зээлсэн. Тухайн гэрээг төлөөлөгч Р.З-оор дамжуулан байгуулсан ба гэрээний үүргээ биелүүлсэн.
1.2. Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нар нь 34,531,000 төгрөг төлсөн ба гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 49,602,796 төгрөг, хүү 23,570,314 төгрөг, нийт 73,173,110 төгрөг төлөх үүрэгтэй байна.
1.3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.В-, З.Г-, З.Д-, М.Е-, З.Ё- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар хуульд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулсан.
Иймд уг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч Э.Б-ын татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн гэрээний үүрэгт 34,531,000 төгрөг төлөгдсөн байхад зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 49,602,796 төгрөг болон зээлийн хүүгийн тооцооллыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 35,469,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө.
3. Хариуцагч Д.В-, З.Г-, З.Д-, М.Е-, З.Ё- нарын татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Хариуцагч Э.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр зээл авахдаа “гаалиас авах машины төлбөрийг төлнө, машинаа нэг сарын хугацаанд зараад буцаагаад өгнө, иймд мөнгө зээлэхэд туслаач” гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед хэдэн төгрөг зээлж байгаагаа хэлээгүй, манай хүргэн байсан учраас итгэсэн. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд М.Е- нарын 5 хариуцагч гарын үсэг зурсан, тухайн гэрээгээр мөнгө хүлээж аваагүй, зээлийг огт ашиглаагүй.
3.2. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Япон улсын иргэн А-гаас Монгол Улсын иргэн Р.З-од зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7, 2.8-д заасан журмын дагуу гэрчлээгүй бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол тухайн үйлдлийг хүчингүйд тооцно. Мөн дээрх эрх олгосон итгэмжлэл /нотариатад хадгалагдаж буй эх хувь итгэмжлэл/-ээр тухайн эрхийг Р.З-од олгоогүй, Х.Төгсбилэгт олгосон байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А-гаас Р.З-од олгосон итгэмжлэл нь хүчингүй байх тул 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.
3.3. Зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлээгүй бөгөөд “Ж” ХХК-аас хариуцагч Э.Б-ын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчээс шилжүүлэх болохыг хуульд заасан байхад гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн данснаас шилжүүлсэн байна. Иймд зээлийн гэрээг “Ж” ХХК-тай байгуулаагүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч А- нь мөнгийг шилжүүлсэн “Ж” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
3.4. Хариуцагч Э.Б-ын дансанд 69,300,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон тул зээлийн гэрээгээр шилжүүлэх мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, шилжүүлээгүй хэсэгт хүү тооцогдох үндэслэлгүй.
3.5. “Ж” ХХК-ийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөн эсэх, ийм үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа авахыг хүссэн боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хуульд барьцаалан зээлдүүлэх газрыг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй болохыг заасан. Гэтэл зээлийн мөнгийг хуулийн этгээдээс шилжүүлсэн атлаа зээлийн гэрээг иргэнээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль бус байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-, Д.В-, М.Е-, З.Г-, З.Д-, З.Ё- нараас 48,895,324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс 24,277,785 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 15 дугаар хороо ** дүгээр байр ** тоот хаягт бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй ** м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БГ20/315 дугаартай барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,015 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Б-, Д.В-, М.Е-, З.Г-, З.Д-, З.Ё- нараас улсын тэмдэгтийн хураамжид 402,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Хариуцагч талаас зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.
Мөн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч талаас хэрэгт цугларсан баримтын хүрээнд мэтгэлцэж, А-гаас Р.З-од олгосон 2018 оны 07 сарын 06-ны өдрийн итгэмжлэл нь Нотариатын тухай хууль, Хууль зүйн сайдын 171 дугаар тушаалаар баталсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ыг зөрчсөн талаар тайлбарласан бөгөөд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр захирамж гарган итгэмжлэлийн эх хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм.
Мөн зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байгаа, хариуцагч Э.Б-од залилан мэхлүүлсэн талаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байгаа талаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн прокурорын тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгч, тус иргэний маргааныг түдгэлзүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй тул шүүгчийн дээрх үйлдэл нь тус хэрэгт хувийн сонирхолтой бөгөөд хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээтэй байна гэх үндэслэлээр шүүхэд 2 удаа “шүүгчээс татгалзах тухай” хүсэлт гаргасан боловч, хүсэлтийг хүлээн аваагүй нь хэргийн оролцогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-т “...маргааны зүйлтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотариатчийн итгэмжлэл гэрчлэх үйлдлийг бүртгэсэн дэвтэрт үзлэгийн ажиллагааг явуулсан...” гэжээ
Миний бие дээрх асуудлаар шүүхэд хүсэлт огт гаргаж байгаагүй бөгөөд шүүгч нь өөрийн санаачилгаар үзлэг хийх, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас итгэмжлэл гэрчлэх үйлдлийг хийхэд үндэслэл болгосон баримтуудыг архивын газар, нотариатчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт хувийн сонирхлоор оролцож байсан гэдгийг нотолж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “....Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана...” гэж заасан байтал шүүх хуралдаан завсарласны дараа миний бие шүүхийн гадаа шийдвэр гарахыг хүлээж байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо байлцуулаагүй, шийдвэрээ уншсаны дараа хурлын танхимд ороод шийдвэрийг тодруулан асуухад тайлбарлаж өгөөгүй зэрэг хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан.
5.2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Хариуцагч Д.В-, З.Г-, З.Д-, З.Ё-, М.Г- нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байр сууринаас шүүхэд тайлбар гарган, шүүх хуралд мэтгэлцэж оролцсон юм.
Нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээг үндэслэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гэрээнүүдийг Япон Улсын иргэн А-гаас Р.З-од 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн байгуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас итгэмжлэлийг гаргаж өгсөн бөгөөд уг итгэмжлэлийн хуулбар хувь дээр нотариатын тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7, 2.8-д заасан журмын дагуу гэрчлээгүй бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол тухайн үйлдэл хүчингүйд тооцогдох тул хүчин төгөлдөр бус байна.
Шүүхээс итгэмжлэлийн эх хувийг нотариатаас гаргуулсан боловч хариуцагч талаас маргаад байгаа нотариатын дөрвөлжин тамга нь нөхөж дарагдсан шинжтэй өөр өнгөтэй, хуулбар хувь дээрх дардас нь эх хувьтайгаа зөрүүтэй байрлалд байсан. Хариуцагч талаас уг тамга нөхөж дарагдсан эсэх нөгөө тамгатай нь харьцуулан тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагчийн гаргаж өгсөн итгэмжлэл нь 2 хуулбар хувь, 1 эх хувь нийт 3 өөр итгэмжлэл байна. Эдгээр итгэмжлэлүүд нь хоорондоо зөрүүтэй, хуулбар хувь дээр “Р.З-од олгосон”, харин эх хувь дээр нь “орчуулагч Х.Төгсбилэг” гэдэг хүний нэр бичигдсэн эргэлзээтэй баримтууд байхад шүүхээс уг баримтуудыг үнэн зөв, хуульд нийцсэн гэж үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... нараас 48,895,324 төгрөг гаргуулж... нэхэмжлэгчид ... олгож...” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон талуудын хооронд байгуулагдсан ЗГ/20/315 дугаартай зээлийн гэрээнд "... Иргэний хуулийн 451-453 зүйл, үндэслэн доорх зүйлээр харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулав...” гэжээ.
Тус хуулийн зохицуулалт нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохыг хуульчилсан байтал ЗГ/20/315 дугаартай “Зээлийн гэрээ”-нд зээлдэгч нь Япон Улсын иргэн А-г төлөөлж Раднаабазар овогтой З- гэж иргэнээр гэрээ байгуулсан явдал нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцээгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул ЗГ/20/315 дугаартай зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулга огт дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг баримтлан гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх талаар дүгнээгүй байж үндэслэх хэсэгт “... Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй байна...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хууль тогтоомжоор зээлийн харилцааг зохицуулсан заалтуудын ялгаатай байдалд дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэн зөв талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.
5.4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байна.
Нэхэмжлэгч Япон Улсын иргэн А-гаас Р.З-од олгосон 2018 оны 07 сарын 06-ны өдрийн итгэмжлэлд “... зээлийн гэрээ, барьцааны гэрээнд зээлдүүлэгч болон барьцаалуулагчийн нэрийн өмнөөс төлөөлөн гарын үсэг зурах, түүний эрх үүргийг эдлэх, зээл төлөлтийн мөнгийг хүлээн авах, барьцааг чөлөөлөх, зээл олгох...” гэж төлөөлөгчийн хийж гүйцэтгэх үйлдэл бүрийг тодорхой дурдсан байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасны дагуу А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З- нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээ болон итгэмжлэлийн дагуу мөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн талаар баримт хэрэгт огт авагдаагүй юм. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу “Ж” ХХК-ийн данснаас шилжүүлж, үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан гэхэд эргэлзээтэй байна. Учир нь зээлдүүлэгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З- нь мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдож байгаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний хэрэг үүсгэн, шийдвэрлэхээр хуульчилсан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу А-гаас болон төлөөлөгч Р.З- нараас зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй тул эрх, ашиг нь зөрчигдсөн гэж үзэн мөнгө гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Харин хэрэгт авагдсан баримтаар “Ж” ХХК-ийн 0000 тоот данснаас Э.Б-ын 00000 тоот дансанд мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд дээр дурдсан этгээдүүдийн хоорондох мөнгөний асуудал нь тусдаа иргэний эрх зүйн харилцаа болох талаар Иргэний хуулийн 8 дугаар зүйлд тодорхой заасан бөгөөд уг харилцаа нь тус хэрэгт хариуцагчаар татагдсан Д.В-, З.Г-, З.Д-, З.Ё-, М.Е- нарт огт хамааралгүй юм.
Гомдол дурдсан асуудлууд болон хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүхийн маргааныг дүгнэвэл Япон Улсын иргэн А-гаас Р.З-от 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 7.2-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болохыг ... нотариатч нь тэдгээрт тайлбарлана” гэж заасны дагуу хийгдээгүй бөгөөд зээл олгох болон шүүхэд хандах итгэмжлэлүүд нь тодорхой бус, хэнд хэдэн төгрөг олгох гэрээнд гарын үсэг зурах нь тодорхойгүй, ямар гэрээний үндсэн дээр үүссэн иргэний харилцаанд нэхэмжлэл гаргах нь тодорхойгүй тусгагдсан нь уг итгэмжлэлүүд хууль, журамд нийцсэн эсэх нь эргэлзээтэй юм. Мөн нотариатын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр зээл олгох итгэмжлэлийг 10 хувь хийсэн талаар тэмдэглэсэн нь Япон Улсын иргэн А- нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулан зээлийн үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөл авах хуулийг зөрчсөн, татвар нуун дарагдуулах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйл баримтууд тогтоогдож байгаа юм.
Мөн дээр дурдсан итгэмжлэл нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй тул тус итгэмжлэлийг үндэслэн хийгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу анхнаасаа хууль зөрчсөн, хууль бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох үндэслэлтэй.
Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд ... хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана...” гэж заасан байтал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэн хэдэн төгрөг төлөхийг тодорхой тусгаагүй нь хуульд нийцээгүй байна.
Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.В-, З.Г-, З.Д-, З.Ё-, М.Е- нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
6.1. Тухайн итгэмжлэл хугацаандаа хийгдсэн. А- гэдэг хүн Монгол Улсад байсан гэдгийг гадаад пасспортын дурдсанаар нотолсон. Шүүх бүрэлдэхүүн, хариуцагч талын өмгөөлөгч нар байлцаж байгаад нотариат дээр дэвтрийг нь шүүж, үзлэг хийсэн.
6.2. Би өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт харъяалалтай байсан учраас энэ гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Гэхдээ тэр хэрэг хэрэгсэхгүй болсон. Яг одоо явагдаж байгаа шүүхийн маргаан байхгүй.
6.3. Эрүүгийн хэргийн хувьд хэлэхэд би тэр хэрэгт огт оролцоогүй, миний нэр дурдагдаагүй, хэрэг үүссэн эсэхийг би өөрөө мэдэх боломжгүй. Тэр бол Э.Б- болон хариуцагч талын хооронд үүссэн хэрэг гэж ойлгож байна.
6.4. Итгэмжлэлийн үзлэгийн үед хариуцагчийн өмгөөлөгч өөрөө байсан. Тэр үед А-, түүний орчуулагч н.Төгсбилэг, бид гурав гурвуулаа байсан бөгөөд энэ нь шүүхийн үзлэгийн баримтад тусгагдсан байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 10 сар үргэлжилж, шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Тэр болгонд нь анхан шатны шүүх хүсэлтийг хангаж байсан.
6.5. Шүүх хуралдаан завсарласны дараа шүүх хуралдааны танхимд хариуцагч болон нэхэмжлэгч тал орж ирэх үед хариуцагчийн өмгөөлөгч байхгүй байсан тохиолдлыг санахгүй байна. Анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж байх үед өмнө нь танхимд байсан хүмүүс байгаагүй тохиолдол байхгүй.
6.6. Анхан шатны шүүх тухайн мөнгийг А- гэх хүнд шилжүүлээгүй, харин түүний 100 хувь эзэмшлийн “Ж “ ХХК-аас шилжүүлсэн гэж шийдвэрлэсэн. Учир нь тухайн хүний Монгол Улс дахь данс болон хөрөнгө нь компани дээр байдаг. Би итгэмжлэлтэй, тухайн компанийн гүйцэтгэх захирлын ажил хийж байгаа хүний хувьд компанийн данснаас тэр мөнгийг нь шилжүүлсэн юм.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Э.Б-, Д.В-, З.Г-, З.Д-, М.Е-, З.Ё- нарт тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,173,110 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2022/09971 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлж, уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт: “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх”-ээр заасан нь шүүх нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулах эрх хэмжээг олгоогүй байна. Харин энэ зохицуулалт нь шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид өмнө нь мэтгэлцээгүй шинэ баримтыг зааж тайлбар гаргаж буй тохиолдолд шүүх тэдгээрт уг баримтыг гаргаж өгөх боломжийг олгох агуулгатай буюу талуудыг мэтгэлцээнд оролцох тэгш эрх эдлэх боломжийг хангах учиртай юм.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШЗ2022/06466 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.З-оос “Япон улсын иргэн А-гаас зээлийн гэрээ байгуулах болон шүүхэд төлөөлөх эрхийг Р.З-од олгосон итгэмжлэлийг эх хувиар нь гаргуулах”-аар шийдвэрлэжээ. /1 хх 182-183 дахь тал/. Хэрэгт 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А-гаас Р.З-од олгосон итгэмжлэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хэлбэрээр /1 хх 225 дахь тал/ авагджээ.
2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс дүгнэвэл хариуцагч тал 102/ШЗ2022/06466 дугаар захирамжаар эх хувиар итгэмжлэл гаргуулах ажиллагаа хийгдээгүй байна гэж илэрхийлсэн нь маргаан бүхий уг итгэмжлэлийг, итгэмжлэл үйлдэхтэй холбоотой баримтуудыг Нийслэлийн архивын ерөнхий газар болон нотариатч П.Р-гаас гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг зөвтгөх үндэслэл болохгүй. /1 хх 242-248/
Улмаар Архивын газраас 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 04/431 тоот албан бичгээр “Тус архивт Чингэлтэй дүүргийн 340 тамганы дугаартай тойргийн нотариатч П.Р-гийн 2018 оны баримт байхгүй” гэсэн хариу, нотариатч П.Р-гаас анхан шатны шүүхэд “... итгэмжлэлийг гэрчлээгүй бөгөөд надад уг итгэмжлэлийн хувь байхгүй тул шүүхэд эх хувиар гарган өгөх боломжгүй байна. ... итгэмжлэлийг гэрчилсэн Нийслэлийн тойргийн ... нотариатч Б.И--аас захирамжид дурдагдсан итгэмжлэлийг эх хувиар гаргуулан авах боломжтой” гэсэн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх нотариатч Б.И-гаас уг итгэмжлэлийг эх хувиар гаргуулан авсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах ажиллагаа нь зохигчдын санаачилга болон хүсэлтийн үндсэн дээр явагдах учиртай.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтаар шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх бөгөөд зохигч аль нэг талаас шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлсэн нь талуудын зарчим, шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн байна.
Хуульд заасан журам зөрчиж бүрдүүлсэн баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/04029 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Е-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА