| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0118/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч Ё.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Б овогт Ё.Г-т холбогдох эрүүгийн 820002410120 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улс хооронд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Б овогт Ё.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.Г нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын 2 дугаар баг Үүдийн ... тоотод 02 цаг 20 минутын орчим П.Т-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар баруун чих болон зүүн гарын шуу тус газар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ё.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн оройн 20 цагийн үед гэртээ иртэл эхнэр маань байхгүй байсан. Тэгэхээр нь эхнэрийнхээ гар утас руу залгаад хаана байна гэсэн чинь найзындаа байна гэж хэлсэн. Би хүүгээсээ ээж нь хаана байгаа талаар асууж мэдээд П.Т-н эгчийн гэрт явж очтол манай эхнэр, П.Т 2 нэг оронд шалдан хэвтэж байсан. Ингээд уурандаа ийм хэрэг болсон. Би өөрийн гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийсэн дахин ийм байдал гаргахгүй гэв.
Хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед би Үүдийн ... тоотод байх эгчийндээ унтаж байхад Е.Г гаднаас согтуу орж ирсэн. Тэр үед надтай хамт Г-н эхнэр М байсан. Тэгээд сэрж амжаагүй орноосоо өндийтөл Е.Г баруун гараараа нүүр лүү чичсэн. Нүдний буланд хутга барьсан харагдсан. Би толгойгоо хажуу тийш нь болготол миний баруун чихний дээд хэсэгт Г баруун гартаа барьсан хутгаараа зүсчихсэн. Юу болоод байнаа, хэн бэ? гээд би орилтол өөдөөс Е.Г миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь Е.Г-г гэдсээр нь тэврээд орноос доошоо унасан. Тэгтэл Е.Г миний дээр гараад хутгаа зүүн гартаа бариад миний баруун гарын шууны доод хэсэгт 1 удаа хатгасан. Намайг ална гээд орилохоор нь би энэ хүн алах нь гэж бодоод хутгыг нь булааж аваад орон доогуураа шидчихээд гэрээсээ нүцгэн гараад зугтсан. Ойрхон байх хамаатны айлдаа гүйж очоод хувцас авч өмсөөд өөрийнхөө гэрт очоод утсаар цагдаа дуудсан. Ингээд ганцаараа Үүдийн гудамж руу буцаад очтол Е.Г эхнэр М-г чирчихсэн нуруу руу нь юмаар цохиод аваад явж байсан. Би эгчийндээ орчихоод буцаад гартал Г мод барьчихсан өөдөөс алхаж байсан ба энэ үед цагдаа ирээд аваад явсан. Г намайг хутгалах үед эгчийнд М бид 2 л байсан, өөр хүн байгаагүй. Г М-г дагуулж яваад хаачсаныг мэдээгүй. Г-н эхнэр М бид 2 найзууд, 6 сар орчим найзалж байгаа. М нөхөр нь зодоод байдаг гээд над дээр ирээд байдаг. Би зөндөө олон удаа М-г яв гэж гэрээсээ хөөж тууж байсан. Сүүлдээ надад хайртай гээд салахгүй байхаар би битгий солиороод бай гэдэг байсан. М нөхрөөсөө салах гэж байгаа, нэг, нэг хүүхдээ аваад салж байгаа гэдэг байсан. Г намайг хутгалдаг өдөр М над руу яриад түлхүүрээ үлдээчихээрэй, би ажлаасаа тарахаар нь хоол хийгээд байж байя гэхээр нь түлхүүрээ гадаа нууж үлдээгээд явсан. Орой 20 цаг өнгөрөөгөөд эгчийндээ очиход М ганцаараа байж байсан. Охиноо манай ээжийнд үлдээчихсэн, хүү нь аавтайгаа гэртээ байгаа гэж байсан. Ингээд бид 2 салж байгаа гэж М ярьж байсан. Г-г ирэхэд М бид 2 нэг оронд нүцгэн хамт унтаж байсан. Би М-тэй дотно харьцаанд ороод сар гаруй л болж байна. Г намайг эхнэртэйгээ хардаж л ийм зүйл хийсэн. Ингэхдээ Г согтуу байсан. М бид 2 эрүүл байсан. Гэр бүлтэй хүнтэй орооцолдсон нь миний буруу. Хэдий тийм боловч Г-т гомдолтой байна. Г-с ямар нэг зүйл нэхэмжлэхгүй. Хуулийн дагуу шийдүүлье гэсэн бодолтой байна. Хутгаар хатгуулсан газрууд гайгүй байгаа. Одоогоор цэвэрлүүлээд явж байгаа. Өвчин нь гайгүй болсон. Хэд хоногоос оёдолоо авахуулаарай гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Үүдийн ... тоотод байх Т-н эгчийнд Т-тэй хонож байсан. Өөр хүн байгаагүй. Тэгтэл шөнө 02 цаг өнгөрч гаднаас манай нөхөр Ё.Г согтуу орж ирсэн. Би орон дээр Т-н цаад талд унтаж байсан. Г нэг том мод барьсан байсан ба орж ирэнгүүтээ Т-г дараад авсан. Би босоод Г-г татсан боловч дийлээгүй, энэ үед Г хутгатай байсныг мэдсэн. Г Т-тэй барилцаж зууралдаж байхдаа баруун гартаа барьсан хутгаараа Т-н баруун чихний дээр зүсчихсэн, би Г-н хойноос татсан боловч намайг хойш нь түлхээд унагачихсан, ингэхдээ Т-н зүүн гарын шуунд хутгаараа ахиад зусчихсэн. Тэгтэл Т Г-с мултраад гараад зугтсан. Би хойноос нь гарах гэтэл Г баруун гараа саваад миний нүүрэнд цохиод унагасан. Намайг босоход Г гэрлээ асаа гэсэн. Би гэрэл асаатал Г юм хайгаад байхаар нь чи юу хайгаад байгаа юм бэ? гэтэл чамд хамаагүй гээд миний гэдэс рүү 3-4 удаа цохиод хувцасаа өмс гэсэн. Би хувцасаа өмссөний дараа миний ороолтоор намайг боогоод чирсэн. Би явахгүй гэсэн чинь нөгөө модоороо миний нуруу руу зөөлхөн цохиод чирээд аваад явсан. Гэрийн үүдэнд ирээд ор гэхээр нь би орохгүй гэтэл намайг өргөөд гэр лүү оруулаад намайг гал тогооны тавиурын хажууд толгой дээр гишгээд байсан. Гэрэл асаах гээд том өрөө рүү орохоор нь би гарч гүйгээд ээжийндээ очсон. Г намайг зодож байхад гэрт хүн байгаагүй. Г 6 жилийн өмнөөс намайг ингэж зодож дарамтлаад эхэлсэн. Шалтгаан нь архи уусантай нь холбоотой. Өмнө нь би ингэж хардахаар зүйл хийдэггүй байсан. Т-тэй найзлаад 6 сар болж байгаа. Үүнээс хойш намайг хардаж эхэлсэн. Эхлээд зүгээр найзууд байсан. Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байхаар нь Т-нд оччихдог байсан. Г их зэрлэг авир гаргадаг. Сар гарангийн өмнөөс Т-тэй дотно харьцаанд орсон. Ингээд би Г-т салъя, хүүхдүүдээ нэг нэгээр нь аваад салъя гэж хэлсэн. Чи ийм байдалтай байх юм бол би адаг сүүлд нь хохирч үлдэх юм байна гэхэд өөрөө салъя гэж зөвшөөрсөн. Гэхдээ албан ёсоор өргөдлөө шүүхэд өгөөгүй, сайн ярьж байгаад өгөхөөр шийдсэн. Хэрэг гардаг өдрийн урд өдөр би хамаг хувцасаа аваад Т-нд аваачсан байсан юм. Тэгээд хэрэг гардаг өдөр Т-нд очиж хоносон. Г-т гаргах гомдол санал байхгүй. Г-тай сайн ярилцаж байгаад гэр бүлийнхээ асуудлыг нэг тийш нь шийднэ гэж бодож байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 345 тоот дүгнэлт
1.П.Т-н биед баруун чих, баруун алга, зүүн шууны шарх, зүүн дал, баруун тохой, баруун шуу, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. П.Т-н биед учирсан баруун чих, баруун алга, зүүн шууны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дал, баруун тохой, баруун шуу, баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 06-07, 12-13/
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл / хх-ийн 10, 15/
Эд мөрийн баримтаар тооцох тухай / хх-ийн 11,16/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 45/
Шүүгдэгч Ё.Г-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б овогт Ё.Г нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчим Замын-Үүд сумын 2 дугаар баг Үүдийн ... тоотод хохирогч П.Т-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар баруун чих болон зүүн гарын шуу тус газарт зүсэж эрүүл мэндэд нь баруун чих, баруун алга, зүүн шууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд сэрж амьжаагүй орноосоо өндийтөл Е.Г баруун гараараа нүүр лүү чичсэн. Нүдний буланд хутга барьсан харагдсан. Би толгойгоо хажуу тийш нь болготол миний баруун чихний дээд хэсэгт Г баруун гартаа барьсан хутгаараа зүсчихсэн. Юу болоод байнаа, хэн бэ? гээд би орилтол өөдөөс Е.Г миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь Е.Г-г гэдсээр нь тэврээд орноос доошоо унасан. Тэгтэл Е.Г миний дээр гараад хутгаа зүүн гартаа бариад миний баруун гарын шууны доод хэсэгт 1 удаа хатгасан. Намайг ална гээд орилохоор нь би энэ хүн алах нь гэж бодоод хутгыг нь булааж аваад орон доогуураа шидчихээд гэрээсээ нүцгэн гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Үүдийн ... тоотод байх Т-н эгчийнд Т-тэй хонож байсан. Өөр хүн байгаагүй. Тэгтэл шөнө 02 цаг өнгөрч гаднаас манай нөхөр Ё.Г согтуу орж ирсэн. Г Т-тэй барилцаж зууралдаж байхдаа баруун гартаа барьсан хутгаараа Т-н баруун чихний дээр зүсчихсэн, би Г-н хойноос татсан боловч намайг хойш нь түлхээд унагачихсан, ингэхдээ Т-н зүүн гарын шуунд хутгаараа ахиад зусчихсэн. Тэгтэл Т Г-с мултраад гараад зугтсан” гэх мэдүүлэг/хх-ийн 20/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/0346 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-07, 12-13/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл / хх-ийн 10,15/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ё.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Г нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч П.Т нь хавтаст хэрэгт эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзвэл зохино.
Шүүгдэгч Ё.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 74.6 см урттай, 4 см өргөнтэй, 6,5 см өндөр будагггүй мод 1 ширхэг, 13 см урт иштэй, хүрэн өнгийн, stainless steel гэсэн бичигтэй, нийт 29.8 см урттай, цагаан металл хутга 1 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ё.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос шүүгдэгч Ё.Г-т 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч Ё.Г нь хил хооронд хувиараа тээвэр эрхэлдэг, тогтмол орлоготой байх тул уг торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой гэж шүүх үзлээ
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ё.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ё.Г-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ё.Г нь 460.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ё.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 74.6 см урттай, 4 см өргөнтэй, 6,5 см өндөр будагггүй мод 1 ширхэг, 13 см урт иштэй, хүрэн өнгийн, stainless steel гэсэн бичигтэй, нийт 29.8 см урттай, цагаан металл хутга 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц