Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1820002420111 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анар төвд мах шулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 140 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл Б овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Өртөөний ... тоотод Х.Ж-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б овогт Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахындаа бөөнөөрөө нийлээд архидсан. Тухайн үед би ахындаа ороод тэнд архи ууж байсан хүмүүсийг та нар явцгаа гэж хөөсөн. Тэгээд дараа нь Х.Ж-тэй гудамжинд таарсан чинь Х.Ж намайг чи хүнийг айлаас хөөдөг хэн бэ гэж маргалдаад хоорондоо барилцаад би Х.Ж-г цохьсон юм. Би өөрийн гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийсэн. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хохирогч Х.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэгээд бид гурав Ч-д ороод дөрвүүлээ архиа хувааж уугаад юм яриад сууж байтал гаднаас Б орж ирээд Б гэх залуугийн хөл дээр нь гишигчихсэн. Б Б 2 үүнээс болоод бага зэрэг маргасан ба гар бариад салсан. Б.Б Ч-н дүү нь юм билээ. Б-н айлд архи уулаа, хүн уруу татан архи уулаа, явцгаа та нар гэж хөөсөн болохоор Б хамт явж байсан зүс таних залуугаа дагуулаад явсан. Тэгээд Б ч гараад явсан. Тэгээд би Ч-нд Ч-тэй хоёулаа хэсэг байж байгаад би явлаа гээд гарсан. Ч гэртээ үлдсэн. Гадаа гараад хашаанаас гартал Б таараад үгийн зөрүүгүй миний нүүр лүү 1 удаа гараараа цохиод унагасан. Би яаж байнаа пизда минь, хүн зодоод гээд босоод ирсэн чинь ахиж нүүр лүү гараараа цохиж унагаад толгой руу хэд хэд өшиглөөд, дэвссэн. Би толгой манараад нэг хэсэг сөхөө аваагүй. Тэгтэл Б би хүн андуурчихаж, уучлаарай гээд Ч хойд талын байшин руу орчихсон. Би хойноос нь ороод гараад ир, ус аваад ир, нүүр гараа угаая, цус гараад байна гэсэн. Миний амнаас цус гараад байсан юм. Б ус шанаганд хийж гарч ирээд миний нүүр гарыг угаалгасан. Би яах гэж намайг зодож байгаа юм бэ? гэхэд хүнтэй андуурчихжээ, уучлаарай гээд л байсан. Тэгээд л би яваад өгсөн.Б.Б-д гомдолтой байна. Уулзахаараа ч бие хаа чинь яаж байна гэж асуухгүй, өөдгүй залуу байна лээ. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулъя...” гэжээ. /хх-ийн 7-8/

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0344 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.Ж-н биед доод уруулын дотор салстын шарх, тархи доргилт, хамрын нурууны зулгаралт, доод уруул, зүүн алганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Х.Ж-н биед учирсан доод уруулын дотор салстын шарх, тархи доргилт, зүүн алганы зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нурууны зулгаралт, доод уруул гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15/

Яаралтай тусламжийн хуудас  /хх-ийн 12/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт / хх-ийн 14/

Гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10/

 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 26/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 29/

2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б овогт Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Өртөөний ... тоотод хохирогч Х.Ж-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстын шарх, тархи доргилт, зүүн алганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гадаа гараад хашаанаас гартал Б таараад үгийн зөрүүгүй миний нүүр лүү 1 удаа гараараа цохиод унагасан. Би яаж байнаа пизда минь, хүн зодоод гээд босоод ирсэн чинь ахиж нүүр лүү гараараа цохиж унагаад толгой руу хэд хэд өшиглөөд, дэвссэн. Би толгой манараад нэг хэсэг сөхөө аваагүй. Тэгтэл Б би хүн андуурчихаж, уучилаарай гээд Ч хойд талын байшин руу орчихсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 02/0344 дугаартай шинжээчийн “Х.Ж-н биед учирсан доод уруулын дотор салстын шарх, тархи  доргилт, зүүн алганы зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас  /хх-ийн 12/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт / хх-ийн 14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Х.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авахуулна гэж мэдүүлсэн боловч түүнийг шүүх хуралдаанд дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч Б.Б-д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч Б.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлж сард 500.000-600.000 төгрөгний орлоготой гэж мэдүүлж байгаа нь уг торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой гэж шүүх үзлээ

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Б нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Д.Ц